Уншиж байна...
 
Импортын гурил орж ирснээр үнэ буурч, инфляци дагаад буурнаТаван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг зургаадугаар сард нээнэЦагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан тохиолдол 15.3 хувиар буурчээШар өвс шатсан 36 дуудлага бүртгэгджээДээрэлхэл дэлгэрэх ёсгүй аяны дуу- Та намайг мэднэ ээжээМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Өнөр бүл" хүүхдийн төвийн 50 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томилжээБНСУ-ын Гёнсанбүг аймгийн Засаг даргатай хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээНийслэлийн ИТХ-ын ээлжит XXII хуралдаан эхэллээШУУД: Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан болж байнаЛ.Оюун-Эрдэнэ: Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэхгүй, тэд олигархиудынхаа нам руу явж болноСагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжлөн батламж гардууллааТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдУгаарын хийн хордлогоос сэргийльеЭмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилж байна
Л.Галтбаатар: Иргэд төрийн байгууллагаас мэдээлэл хүссэн хариугаа 14 хоногт авах ёстой

Иргэн бүрт Үндсэн хуулиар заасан төр түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамааралгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй байдаг. Гэсэн хэдий ч бодит байдал дээр энэ эрх нь зөрчигдсөөр л байгаа. Тиймээс Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар Хуульч, Судлаач Л.Галбаатартай ярилцлаа.

 

-Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хүрээнд иргэд төрийн байгууллагуудаас мэдээлэл авч чадаж байна уу?
-Монгол Улсын Үндсэн хуульд төрийн нууцад зааснаас бусад бүх мэдээллийг Монгол Улсын иргэд чөлөөтэй авч болох талаар заасан байдаг. Мөн Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийг 2011 онд баталсан.

Иргэд мэдээлэл авах эрхтэйгээс гадна иргэдэд ямар мэдээлэл өгөх вэ гэдэг асуудал хөндөгдөж байна. Хамгийн сүүлийн үеийн зохицуулалтаар иргэдэд өгч болохгүй мэдээллийн жагсаалтыг Засгийн газраас батласан. Энэ жагсаалтад багтсанаас бусад мэдээллийг нээлттэй өгч байгаа. Одоогоор Засгийн газрын батласан тогтоолоор 565 мэдээллийг төрийн нууцад хамааруулсан байгаа. Эдгээр жагсаалтад орсон мэдээллийг иргэд авах боломжгүй. Мөн Засгийн газрын тогтоолоор төрийн онц чухал нууц, маш нууц мэдээллийн жагсаалтыг батласан. Нууцын зэрэглэлтэй буюу ердийн нууцын мэдээллийг албаны нууц хэмээн нэрлэж, түүнийг нь төрийн байгууллагууд өөрсдөө баталдаг байхаар заасан. Түүний нэгдсэн жагсаалттай одоогоор танилцаж амжаагүй байна. Төрийн байгууллагуудад Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хэрэгжилт ямар байгаа талаар судалгаа хийхэд албан нууцын жагсаалтыг байгууллагууд өгөхөөс татгалзсан хэд хэдэн тохиолдол гарсан. Учир нь “Албан нууцын жагсаалт нь төрийн нууц учраас бид энэ жагсаалтыг өгөх боломжгүй байна” гэсэн ерөнхий тайлбар өгөх, зарим байгууллагууд “Удирдлага зөвшөөрсөн тохиолдолд өгөх боломжтой” гэж хариулж байсан. Тиймээс нэгдсэн байдлаар албан нууцад хичнээн мэдээлэл байгаа гэдгийг хэлэх боломжгүй байна. Ямартай ч 565-аас их гэсэн таамаг дэвшүүлээд байгаа.

-Нууц гэх ойлголтод ямар шалгуур хангасан мэдээллийг багтаах талаар олон улсад мөрддөг дүрэм журам бий юу. Эсвэл төрийн байгууллагууд өөрсдийн нууцлахыг хүссэн мэдээллээ нууц гэсэн томъёоллоор халхавчилах боломжтой юу?
-НҮБ-ын Хүний эрхийн хороонд нэгдсэн улс орнуудын иргэн бүр мэдээлэлтэй байх эрхтэй. Тухайн эрхийг нь ямар, ямар тохиолдолд хязгаарлаж болох талаар 19 дүгээр зүйлийн гуравдугаар хэсэгт тайлбарласан байдаг. Энэ тайлбарт дараах гурван нөхцөлийг зэрэг хангасан мэдээллийг нууцлаж болох талаар агуулга бий. Нэгдүгээрт, Тухайн мэдээлэл ил байснаараа хэн нэгэн иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахаар бол нууцлаж болохоор заасан. Мөн хууль ёсны ашиг сонирхолыг нь хамгаалах зорилгоор мэдээллийг нууцалж болно хэмээн заасан байдаг. Хоёрдугаарт, тухайн мэдээлэл ил байснаар Үндэсний аюулгүй байдал, хүний эрх чөлөөнд ноцтой хохирол учруулна гэдэг нь хохирлын үнэлгээгээр тогтоогдсон нөхцөлд нууцлаж болдог. Энэ нь хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах нэрийн дор бүгдийг нууцлаад байж болохгүй. Тиймээс л ямар хохирол учрах талаар бодитой үнэлгээгээр тогтоосон байх шаардлага тавьдаг. Гуравдугаарт, үнэлгээгээр хохирол учруулах талаар дүнэлт гарсан байсан ч олон нийтийн мэдэх эрх, ашиг сонирхол түрүүнд байх ёстой. Олон нийтийн эрх ашгаас өндөрт байж гэмээнэ сая мэдээллээ нууцлаж болдог. Энэ гурван нөхцөл зэрэг хангагдсан тохиолдолд мэдээллийг нууцлах ёстой байдаг. Мөн тухайн байгууллага албан тушаалтаны хууль бус үйл ажиллагааг халхавчлах зорилгоор мэдээллийг нууцлаж болохгүй гэсэн байдаг.

-Одоогоор нууцын жагсаалтад хамааруулсан мэдээлэлүүдэд нууцлахаас өөр аргагүй мэдээлүүдийг багтаасан гэж үзэж байгаа юу. Нууцлах шаардлагагүй мэдээллийг нууцад хамааруулсан байх тохиолдол бий юу?
-Энэ асуудал эргэлзээтэй байгаа. Засгийн газраас батлаж нууцад хамааруулсан жагсаалт дахь зарим мэдээллийг аваад үзэхээр нууцлах ёсгүй мэдээллийг нууцласан тохиолдол бий. Дээр дурьдсан гурван шалгуураар аваад үзэхээр Засгийн газрын жагсаалтаас хасагдах зүйл олон байгаа нь ажиглагдсан. Тухайлбал нэг жишээ дурьдхад, Өнгөрсөн тавдугаар сарын 17-ны Засгийн газрын хуралдаанаар Төрийн нууцын жагсаалтад нэмэлт оруулахаар тогтоол гарсан. Тус тогтоолтой холбоотой төмөр зам дээр ажиллаж байгаа цэргийн тоог нууцлана гэсэн агуулга бий. Гэтэл тавдугаар сарын 24-нд Ерөнхийлөгчийн Тамгын газрын цахим хуудас дээр энэ мэдээллийг ил тавьсан байсан. Төмөр зам дээр ажиллаж байгаа цэргүүдийн тоо ил байснаар Үндэсний аюулгүй байдалд яг ямар хохирол учруулсан нь эргэлзээтэй. Мөн Аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газрууд нууцын жагсаалтаа батладаг. Гэтэл судалгааны явцад зарим аймгууд нууцлах ёсгүй зүйлийг нууцласан байсан. Тухайлбал, байгууллагын тамга тэмдэг, хурлын тэмдэглэлийн зарим хэсгийг нууцласан байсан. Хурлын тэмдэглэлийг нууцлахдаа зарим хэсгийг гэж хэт ерөнхий байдлаар томъёолсон ньтухайн байгууллага юу ч гэж тайлбарлаад хэрэглэх боломж олгож байгаа юм. Энэ мэтчилэн өргөн цар хүрээг хамарсан заалт орох тусам иргэд эрсдэлд орж байна. Тиймээс маш тодорхой жагсаалт батлах ёстой. Ингээд бодохоор төрийн нууцын цагсаалтыг Засгийн газар баталж байгаа нь оновчтой шийдэл биш гэдгийг илтгэж байна. УИХ-бол нийт ард түмний төлөөлөл, хууль тогтоох эрх мэдэл бүхий байгууллага гэж авч үздэг. Харин Засгийн газар нийт ард иргэдийн төлөөлөл бол биш гүйцэтгэх эрх мэдлийн төв байгууллага. Тиймээс Засгийн газар төрийн болон албаны нууцыг батладаг зохицуулалт оновчгүй байгаа учраас УИХ-аар хуульчилж батлах нь зүйтэй гэж харж байгаа.

-Иргэд төрийн байгууллагаас мэдээллийг авах хүсэлтээ ямар ямар хэлбэрээр өгөх боломжтой вэ. Иргэдийн хүсэлтэд хуулийн дагуу хэдэн хоногийн дотор хариу өгөх ёстой вэ?
-Мэдээллийг цахимаар, утсаар, албан бичгээр гэх мэт бүх төрлийн арга хэлбэрээр хандаж авах боломжтой. Иргэдийн хүссэн мэдээллийн хариуг ажлын долоо хоногийн хугацаанд багтаан өгөх ёстой. Үнэхээр энэ хугацаанд амжихгүй бол нэг удаа долоо хоногоор сунгах боломжтой. Үндсэндээ ажлын 14 хоногийн дотор иргэд хүссэн мэдээллийнхээ хариуг авах боломжтой. Бичгээр мэдээлэл авах хүсэлтийг хүлээн авахдаа оршин суугаа хаягаа бичих, гарын үсгээ зурах, эргэж холбоо барих утасны дугаараа бичих ёстой гэсэн шаардлага бий. Эдгээр шаардлагыг хангаагүй бол мэдээлэл өгөхөөс татгалзах нөхцөл бий. Төрийн байгууллагаас авахыг хүссэн мэдээллийн хариуг өгөхдөө ямар зорилгоор юунд ашиглах гэх мэт мэдээлэл хүссэн зорилгыг асуух эрх байхгүй. Та мэдээлэл хүсч байгаа зорилгоо тайлбарлах шаардлагагүй. Тиймээс ийм зорилгоор мэдээлэл авах гэхээр өгөхгүй байхвий гэсэн эргэлзээ тээх шаардлаггүй.

-Мэдээлэл авахдаа төлөх хөлсний хувьд ямар байдаг вэ. Зарим тохиолдолд хэт өндөр төлбөр ногдуулах эрсдэл байх боломжтой юу?
-Төрийн байгууллагаас мэдээлэл өгөх нь төрийн үйл ажиллагааны нэг хэсэг гэж үздэг. Тэр утгаараа иргэдэд өгч байгаа мэдээллийг үнэлэх явдал байж болохгүй. Гол нь тэр мэдээллийг боловсруулахтай холбоотой зардлыг иргэнээс авч болно. Тухайлбал, мэдээллийг хэвлэх, хувилах гэх мэт. Энэ нь мэдээллийг үнэлж байгаа биш мэдээллийг өгөхөд гарч байгаа зардлыг таниар төлүүлэхийг хуулиар зохицуулсан байгаа.

-Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийхэд хэрэгжилт хангалтгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн байна лээ. Үүний шалтгааныг юу гэж харж байгаа вэ?
-Хэвлэл мэдээллийн байгууллагууд 12 асуудлаар, 15 байгууллага, төрийн албан тушаалтанаас мэдээлэл хүссэн. Гурван тохиолдол нь бүрэн мэдээлэл авч чадсан бол үлдсэн тохиолдолд нь хагас дутуу мэдээлэл авсан, аль эсвэл мэдээлэл өгөхөөс татгалзсан хариу хүлээж авсан байгаа юм. Тиймээс энэ хуулийн хэрэгжилт бодит байдал дээр хангалтгүй хэрэгжиж байна гэсэн дүгнэлтэнд хүрч байгаа юм. Энэ нь хэд хэдэн шалтгаантай. Төрийн албаныхан Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийг мэдэхгүй байна. Мэдэж байсан ч зориудаар мэдээлэл өгөхөөс зайлсхийх асуудал байна. Өөр нэг шалтгаан нь энэ хуулийг мэдэхгүй, мөрдөхгүй байхад тэдэнд хүлээлгэх хариуцлага үндсэндээ байхгүй гэж хэлж болно. Төрийн албаны хуульд зааснаар сахилгын шийтгэл хүлээлгэнэ гэж байгаа. Энэ хариуцлагыг тухайн байгууллага өөрөө хүлээлгэнэ. Нэг ёсондоо өөрөө өөртөө хяналт тавьж, хариуцлага тооцох энэ систем үр дүнгүй байна. Энэ хуулийн үр дүн, хэрэгжилтийн хойноос хөөцөлддөг, хяналт тавьдаг, үнэлгээ хийдэг бие даасан байгууллага байхгүй байгаатай холбоотой.

-Мэдээлэл өгөөгүйн төлөө дараагийн шат шатанд гомдол гаргах эрх нь байгаа гэж ойлгосон?
-Тийм л дээ. Тэгэхдээ, Нэгдүгээрт, тухайн байгууллага дээр гомдол гаргах нь үр дүнгүй зохицуулалт байна. Мөн Хүний эрхийн үндэсний комисст өргөдөл гаргаж болдог. Гэсэн хэдий ч ХЭҮК-оос тухайн байгууллагад зөвлөмж, шаардлага хүргүүлэх төдий эрх нь хязгаарлагддаг. Өөрөөр хэлбэл албадлагын арга хэмжээ авах боломжгүй буюу зөөлөн хүчтэй. Тиймээс ХЭҮК-т гомдол гаргах систем мөн л оновчгүй байна. ХЭЗК-т гомдол гаргасан тохиолдолд л тус байгууллага ажиллагаа явуулна. Түүнээс бусад тохиолдолд хуулийн хэрэгжилтийг хэн хариуцах вэ гэдэг нь орхигдсон. Мэдээлэл өгөхөөс зайлсхийж байгаа төрийн байгууллагууд өөрсддөө хяналт тавьж хуулийг хэрэгжүүлнэ гэдэг мөн л оновчтой шийдэл биш байна. Тиймээс цаад учир шалтгаан нь хуулийн хэрэгжилтэд хяналт тавих механизм хангалтгүй байгаатай холбоотой гэж харж байгаа.

-Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулиар иргэнд олдсон эрх болон төрийн байгууллагууд мэдээллээ нууцлахтай холбоотой зөрчилдөөн нилээд байна гэж харлаа. Нууцлах шаардлагад нийцэхгүй олон зүйлийг нуух хүсэл төрд байх нь ямар эрсдэлтэй вэ?
-Нуух ёстой зүйл тэдэнд байгаа учраас нууцлаад байна. Мэдээллийг ил болгохоос зайлсхийх нь түүний цаана хууль бус үйл ажиллагаа байж болох юм гэсэн хардлагийг бий болгож байгаа. Иргэдээсээ нууцлах мэдээлэл их болох тусам, иргэдийн олж авах мэдээллийн тоо цөөрч, мэдээлэлгүй иргэд оновчтой шийдвэр гаргахад төвөгтэй болж эхлэнэ. Мэдээлэлтэй иргэн бол хүчирхэг байдаг. Мэдээлэлтэй байж, төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих, албан тушаалтнуудыг шахаж шаардах учраас мэдээлэлтэй байх эрх нь хүний үндсэн язгуур чухал эрх юм хэмээн НҮБ-аас тодотгосон зүйл ч бий. Ер нь бол төрийн байгууллагын албан тушаалтаны үйл ажиллгаа дээд зэргээр ил тод байх ёстой гэсэн зарчим бий. Тиймээс мэдээллийг нууцлана гэдэг бол онцгой шалгуур, өндөр босгийг давж байж нууцлагдах ёстой. Төрийн байгууллага гэдэг бол эцсийн дүндээ иргэдэд үйлчилж, тэдний аж амьдралыг сайжруулахын төлөө ажилладаг. Тиймээс зорилтот бүлгээсээ мэдээлэлээ нууцлах биш, аль болох нээлттэй ил тод ажиллах нь төр, иргэн хоёр харилцан бие биедээ итгэж, хамтарч ажиллах боломжийг бүрдүүлдэг. Гэтэл мэдээллийг нууцын жагсаалтад оруулахдаа дээр дурьдсан нууцлах мэдээллийн шалгуурт нийцсэн мэдээллийг оруулахгүй байгаа нь төрийн байгууллагууд иргэдэд аль болох мэдээлэл өгөхгүй нууцлах, далд байлгах сонирхол байна гэж харагдаж байгаа.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]