Уншиж байна...
 
Төв цэнгэлдэхийн өмчийн маргааны асуудлыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалааЕрөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Засгийн газрын хүмүүнлэгийн тусламжид талархал илэрхийллээХүүхдээ асран хамгаалах үүргээс зайлсхийсэн иргэний хэргийг шүүхэд шилжүүллээМалайзын Ерөнхий сайд асны шүүх хурлын хэрэгт Монголын улстөрч С.Батболд огт хамааралгүйАНУ-ын шигшээ баг КОНКАКАФ-ийн цомыг гуравдахь удаагаа дараалан хүртлээЭнхийг сахиулагчид хуягтын дурсгалын загварыг бүтээжээШУУД: Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан үргэлжилж байнаЧингэлтэй дүүргийн зарим хорооны хилийн заагт өөрчлөлт оруулжээОрон нутгийн авто зам хариуцагч байгууллагууд шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байнаХүүхдийн хоолны шим тэжээлийг нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлж байнаВИДЕО: Rokit Bay - BLAAVGAIАрдчилсан намын мөрийн хөтөлбөр ''Aмлалт биш, ажлын төлөвлөгөө'' юмХөлийн голын орчимд суваг, шуудуу татаж, урсцыг нэмэгдүүллээВИДЕО: FLA- Sh**ltsiiҮерийн эрсдэлтэй бүс дэх айлуудыг нүүлгэн шилжүүлж байна
Зөрүүд тэмцэгч

“Зөрүүд занг зөв залж чадвал тийм муу чанар биш юм” гэсэн бодол Б.Баярмаа гэх бүсгүйтэй ярилцаж суухад төрлөө. “Бямбасүрэнгийн амины ганц” гэгддэг энэ бүсгүй гурван хүүгийн дараа төрсөн болохоор ийн хайрлагдах болжээ. Эцэг Б.Бямбасүрэн нь Сүхбаатар хөлөг онгоцны капитан бөгөөд намар оройхон Хөвсгөл далайн мөсийг зүссээр айсуй ирэх нь нэн сүртэй. Үе үе “амины ганцаа” дагуулж далайн давалгаа сөрж, моторт завьтай аялах нь бяцхан охинд хатуу хэцүүгээс халширч айхааргүй зориг, тэвчээрийг өгсөн гэлтэй.

Дуудах нэрийг эцэг эх, дуурсах алдрыг өөрөө гэдэг сэн. “Б.Бямбасүрэнгийн амины ганц” өдгөө “Хөвсгөл далайн эзэд” ТББ-аар овоглох болсон. Түүний хорь шахам жилийн тэмцэл амар байгаагүй нь ойлгомжтой. Бүр сайн яривал тэмцлийн оч Б.Баярмаагийн зүрх сэтгэлд дунд сургууль төгсөх үед нь бий болжээ. Юу гэвэл, түүнийг аравдугаар анги төгсөх жил хоёр гадаад хуваарь ирсэн байна. Хуулийн сургуулийн хуваарь дээр өрсөлдөөд нэгт жагссан ч Б.Баярмаад хүртсэнгүй. Наймт жагссан Төв хороон даргын хүүхэд авчихав. Түүнтэй хамт явсан хамаатны ах нь “Нэгд жагссан хүүхдэд яагаад хоёрын хоёр гадаад хуваариас нэгийг нь ч өгсөнгүй вэ” хэмээн заргалдахад ахыг нь цагдаа бариад явчихав. Хуульч болох хүсэлтэй, ЗХУ-д сурах зорилготой, онц сурлагатан Б.Баярмаа амьдралын алтан босгыг алхах мөчдөө шударга бустай ийн нүүр тулжээ.  Тухайн үед дарга нар түүнийг “Ховдын багшийн сургуулийн гурван хуваариас сонгоод ав” гэхэд авахгүй зөрүүдэлж зогссоор гарчээ. Харин өнөөх дарга  нараас “Улсаас өгсөн хуваарийг авахгүй гэдэг яасан том толгойтой хүүхэд вэ” гэсэн зэмлэл хүртсэн байна.

Зөрүүд зан гэдэг нэг талаас өөртөө, үзэл бодолдоо үнэнч хүнээс гардаг эр зориг гэлтэй. Б.Баярмаа бүсгүйд зөрүүд зангаасаа болж даргадаа донгодуулж, ажлаасаа халагдаж явсан  удаа ч бий. Гэхдээ оносон нь алдсанаасаа илүү жин дарах биз ээ. Тэрбээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын боловсрол төвд аргазүйчээр ажиллаж байхдаа, өөрийн зөв гэж бодсоноо даргадаа айж хулчийлгүй хэлсээр байгаад халагдсан гэнэ. Ингээд шавь нартайгаа цуг конкурсдэж, МУИС-ийн Хуулийн сургуульд элсэн оржээ. Гэсэн ч анхны хүүхдээ өлгийдөн авах болж сургуулиасаа чөлөө авч явснаар хуульч болох  түүний хоёр дахь оролдлого талаар болсон байна. Харин хожим 43 насандаа гурав дахь оролдлогоо хийж, шалгалт өгч тэнцээд, дөрвөн жил их сургуульд сурч эрхзүйч мэргэжлийг эзэмшжээ.

Б.Баярмаа бүсгүйн зөрүүд зангаас хамгийн их ашиг хүртсэн хүмүүс бол эрх нь зөрчигдсөн иргэд. Одоогоос яг 13 жилийн өмнө Хөвсгөл аймгийн Ханх сумын усан зогсоолын гүүрэнд тавигдсан Оросын “Дыбовский” усан онгоц Хөвсгөл нууранд живж, дизелийн түлш нь далайн мандал дээгүүр  50 метр талбайд бүрхүүл үүсгэн тархаж, агаарт ууршин нуурын ус болон орчны агаарыг бохирдуулсан хэрэг гарчээ. Тухайн үед нутгийн иргэд Б.Баярмаад мэргэжлийн хяналтын акт, дүгнэлт, ус уух эрх нь зөрчигдөж байгаа талаар захидал явуулаад байдаг. Гэтэл шадар сайд их хурлын индэр дээрээс “Хөвсгөл далайн уснаас хүн уудаггүй” хэмээн мэдэгдэж, сумын засаг дарга нь “Энэ эмэгтэй нэр хүнд олох гэж ийм зүйл яриад яваа”, “Манай нууранд онгоц унасан зүйл байхгүй. Загас жараахай нь доогуураа гүйлдэж байгаа. Бохирдсон хордсон зүйл алга” хэмээн хэвлэлд ярьж эхлэсэн байна. Б.Баярмаа үүнд бууж өгсөнгүй. Яриад л, хэвлэлд мэдээлээд л байв. Дайралтууд улам бүр нэмэгдээд ирэхээр нутгийн сэтгүүлч Б.Отгоны хамт пургонд суугаад нутгийн зүг явжээ. Ингээд TV9 телевизийн камераар Хөвсгөл далайд асгарсан салярка нарны туяанд солонгороод буйг олон нийтэд харуулсан байна. Энэ хэрэг шүүх дээр хоёр жил шахам үргэлжилж, эцэст нь Байгаль орчин аялал жуулчлалын яам Хөвсгөл далайгаас “Дыбовский” хөлөг онгоцыг татан гаргах, нуурыг цэвэрлэх мөнгийг гаргаж өгчээ.      

Адгийн зарга арав хоногтой гэж үг бий. Монголчууд энэ үгнээс болоод ч тэр үү шүүх, цагдаагаар явахаас залхаж, халшраад алдсан бүхнээ зөнд нь орхидог талтай. Тэгвэл Б.Баярмаа эсрэгээрээ, эрх нь зөрчигдсөн иргэдийн өмнөөс шүүхдэж явахаас залхдаггүй,  ард нь гарч байж салдаг зөрүүд зантай хүн. Түүний талаар зарим дарга нар “Наадах чинь ёстой нойтон хамуу. Хурдан шаардаад байгаа зүйлийг нь өгөх хэрэгтэй” гэлцдэг аж. Б.Баярмаа нэг хэргийн араас гурваас дөрвөн жил шүүхдэж явна. Гэр бүлийн хүн нь түүний өмнөөс залхахдаа “Наад хэрэг чинь хэзээ шийдэгдэх юм бэ. Хаана ч байсан, хэзээ ч хамаагүй шүүхээс дуудах юм. Өөрөө гэмт хэрэг хийчихсэн юм шиг ямар хэцүү юм бэ” гэнэ. Хэрэв Б.Баярмаа ингэж тууштай тэмцэж чадаагүй бол Бүрэнхааны фосфоритын ордын хууль бус найман лицензийг цуцлуулж, Хятадын төрийн өмчит “Петро Чайна Дачин Тамсаг” компаниас 1.3 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлэх шийдвэр гаргуулж чадахааргүй байжээ.

Ялаа, сайд хоёрыг хэвлэлээр намнадагийн үлгэрээр Б.Баярмаа уул уурхайн эзэд, дарга нартай мэдээллийн хэрэгслээр дайтдаг нэгэн. Ганцхан түүнийг ч гэлтгүй, байгаль орчны төлөө дуугардаг иргэний нийгмийнхнийг шантааж хийдэг, ардаа захиалагчтай гэж хардах нь олонтаа. Бүрэнхааны фосфоритын ордын хууль бус лицензийн асуудлаар зарга үүсгэж явахад нь УИХ-ын гишүүн нэр хүндтэй сонинд нэгэн ярилцлага өгч байжээ. Тэрбээр, “Тэмцэгч Б.Баярмаа хятадуудтай сууж байсан. Орд газраа хятадуудад өг гэсэн. Тэгэхэд нь би өгөөгүй” гэсэн байна. Тэр ч бүү хэл, нийтлэлч Б.Баабар болон шилдэг нийтлэлчдийн клубын сэтгүүлчид түүний эсрэг янз бүрээр бичих болжээ. Энэ талаар Б.Баярмаа ярихдаа “Хэрэв би хэн нэгнээс мөнгө авах зорилготой байсан бол хорь гаруй жил ингэж тэмцэж чадахгүй байсан. Хаа нэг газар нь амаа үдүүлээд чимээгүй болох эсвэл шоронд орох байлаа. Бидний ард захиалагч байгаа гэж хардаж байгаа бол тэр нь усаа, бэлчээрээ алдсан малчид л болж таарах нь” хэмээн ам бардам ярьсан юм.

Түүний эсрэг хэвлэлээр хэдий чинээ дайрна. Б.Баярмаа төдий чинээ сэтгүүлч, сурвалжлагч нартай нөхөд болж, тэмцлээ үргэлжлүүлсээр иржээ. Түүнтэй олон жил хамтран ажилласан “Өнөөдөр” сонины сэтгүүлч Д.Оюун-Эрдэнэ ярихдаа “Б.Баярмаа бол зүгээр нэг тэмцэгч биш. Эрх нь зөрчигдсөн иргэдэд загас барих аргыг нь зааж, тэднийг хуулиар зэвсэглэж өгдөг. Ингэснээр өөртэйгээ адил олон арван хууль хэрэглэгч, бүтээгч нарыг бэлтгэн гаргасаар байна” хэмээн ярьсан юм.   

Он цаг өнгөрөх тусам Б.Баярмаа бүсгүйн тэмцлийн үнэ цэнэ, үнэн мөн нь улам тодорсоор. Түүний тэмцлийн талаар “Хатан Ерөө гол” хөдөлгөөний тэргүүн Г.Нямхүү ярихдаа “Хориод жилийн өмнө монголын байгаль орчныг хамгаалах хөдөлгөөнийхөн эвсэж, тэмцэж эхэлсэн. Тухайн үед монгол орны газар нутаг дээр уул уурхайн олборлолтын маш олон лиценз олгогдсон байлаа. Ганцхан Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гэхэд газар нутгийн 70 хувь нь 260 гаруй лицензэд хамрагдсан. Зуу гаруй мянган га газар олборлолтод өртсөн, 33 голд алт угааж байв. Компаниуд албан ёсоор нэг ч нөхөн сэргээлт хийдэггүй, орон нутагт нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийдэггүй байсан юм. Ингээд бид нэгдэж, тэмцэх гэсэн боловч хууль эрхзүйн талаасаа яаж үүний цаана гарах вэ гэдэг асуудалтай тулгарч, мухардсан. Энэ үед манай Б.Баярмаа хууль бий болгох гарцыг олж харсан. Ингээд бид экологийн хохирол тооцдог аргачлалыг мэргэжлийн хүмүүсээр гаргуулж, урт нэртэй хуулийг УИХ-ын гишүүнээр дамжуулан батлуулж, ус бохирдуулсны хууль хэрэгжих эрхзүйн орчныг бүрдүүлж, 29 сав газрын захиргаа бий болгоход хувь нэмрээ оруулсан. Бидний тэмцлийн ачаар өнөөдөр Ерөө сумын лицензийн тоо 54 болж буурсан. Ардчиллын механизм зөв ажиллаж байгаа эсэхэд хяналт тавих үүрэгтэй төрийн бус байгууллага, иргэний нийгмийнхэн хууль санаачлах эрхгүй байдаг нь бидний сэтгэлийг эмзэглүүлж байсан. Одоо ч хэвээрээ байна” гэсэн юм.

Б.Баярмаа болон түүний нөхөд ардчилсан нийгмийг амьтай байлгахын төлөө дуу хоолойгоо өргөж ирсэн. Тэдний энэ тэмцлийн ачаар өнөөдөр Монгол Улс байгалийн баялгаа тавиад туучихгүй, хариуцлагатай уул уурхайг шаардаж суухтай байна. Баян улсын иргэн баян байх ёстой. Энэ бол тэдний бас бидний хүсдэг сайхан ирээдүй.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ВИДЕО: Rokit Bay - BLAAVGAI
3 өдрийн өмнө
ВИДЕО: FLA- Sh**ltsii
3 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]