АН-ын ҮБХ-ны гишүүн Д.Эрдэнсувдтай ярилцлаа. Тэрбээр хүний их эмч мэргэжилтэй. Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасаг, ЭНЭШТ-д эх баригч эмч, Австралийн Мелбурн хотын Мерси эмнэлэг, Ниймийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд мэргэжилтнээр ажилласан туршлагатай.
-Та хүмүүсийг өвдөхөөс өмнө урьдчилан сэргийлэх талаар ярьж, бичдэг хүн. Эмч Д.Эрдэнэсувд гэж фэйсбүүк хуудсаараа хүртэл хүмүүст мэдээлэл түгээдэг юм билээ. Манайхан өвдөхөөсөө өмнө эмчид хандахыг зөвлөдөг ч яг ийм зорилготой хандсан хүмүүстээ цаг гаргаж, зөвлөх эмч ховор. Бүгд ачаалалдаа дарагдсан байдаг шүү дээ. Урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилладаг эмч нар нь тусдаа байх ёстой юм уу, яах ёстой вэ?
-Энэ хэдэн шалтгаантай. Манайд анагаах ухааны салбар, эрүүлийг хамгаалах гэж хоёр үндсэн салбар байдаг. Анагаах нь өвчилсөн үед нь эмчилдэг салбар, эрүүлийг хамгаалах нь урьдчилан сэргийлдэг буюу нийгмийн эрүүл мэндийн салбар. Зарим хөгжсөн орнуудад энэ хоёр салбар тусдаа байдаг.
Энэ хоёр салбарын асуудлыг хариуцдаг яам нь хүртэл тусдаа. Чиг үүргийн хувьд урьдчилан сэргийлэх тогтолцоо тусдаа байвал бүтээмж нь илүү сайжирна. Манайд энэ тогтолцоо хамт байдаг. Жишээлбэл Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд Нийгмийн эрүүл мэндийн сургалт маш бага цагаар ордог. Яаж сэргийлэх вэ гэдэг нь бага ордог, яаж эмчлэх вэ гэдэг нь их ордог гэсэн үг. Энэ бол тогтолцооны нэг гажуудал. Хоёр дахь асуудал нь өнөөдөр монголчууд үнэхээр их өвдөж байна. Зонхилон тохиолддог таван өвчин гэхэд зүрх судас, уушги, ходоод, хавдар гэх зэрэг багтана. Давтагдсан тоогоор нь авч үзэхэд жилд 10,000 хүн тутмын 6000 нь өвдөж байна гэсэн тоо бий. Ийм тохиолдолд эмнэлэгт өвчтэй хүмүүс рүүгээ түлхүү хандах хэрэгтэй болно. Гуравдугаарт, эмч нарын маань ачаалал үнэхээр их байдаг. Хөгжилтэй орнуудад нэг эмчид гурван сувилагч ногддог. Суурь шинжилгээнүүдийг сувилагч хийдэг. Биеийн жинг нь үзээд индексийг нь тодорхойлчихно, сахар, цусны бүлэг, даралт үзнэ. Манайд бол нэг эмчид нэг сувилагч ногддог. Тийм учраас эмчийн хийх үйлдэл дээр цаг бага зарцуулах болж байна. Эмч 20 минутын хугацаанд оношоо тавих уу, эмчилгээгээ бичих үү, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах уу? Ачаалал ихтэй учраас эмч зөвлөгөө өгөх боломж нь ч бага, цаг нь ч хомс. Өрхийн эмнэлгийн үйлчилгээний 70 хувь нь эрүүлийг хамгаалах чиглэлд байх учиртай. Гэсэн ч манайхан өрхийн эмнэлэгт хандахаасаа хоёр, гурав дахь шатлалын эмнэлэгт хандах сонирхол илүү байдаг. Өөрөөр хэлбэл эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төвлөрөл үүсчихсэн юм. Дүүрэг, нэгдсэн эмнэлгүүд асар их ачаалалтай, бараг сар, хоёр сарын хүлээлэгтэй байна. Зохих түвшинд нь тусламж үйлчилгээг чанартай үзүүлдэг болчихвол үйлчилгээний төвлөрөл саарах ёстой юм.
-Өрхийн эмчдээ итгэдэг болохын тулд яах ёстой вэ, ахиад л тогтолцоо руугаа “чихэх” үү?
-Нийгмийн эрүүл мэнд, урьдчилан сэргийлэх тогтолцоо ямар чухлыг бид цар тахлын үеэр илүүтэй мэдэрч байна. Урьдчилан сэргийлж чадахгүй бол эрүүл мэндийн үйлчилгээ асар их өртөгтэйг бид харж байна. Урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг, ойлгодог хүмүүсийнхээ тоог нэмэгдүүлэх ёстой. Тухайлбал Боловсролын их сургуульд эрүүл мэндийн боловсрол олгодог багш нарыг бэлтгэх учиртай. Цэцэрлэг, сургуульд нь эрүүл мэндийн боловсрол олгох ёстой. Ажлын байран дээр нь заах хэрэгтэй. Эрүүл мэндийн боловсрол гэдэг насан туршийн боловсрол байдаг. АШУҮИС-д нийгмийн эрүүл мэндийн хичээлийн цагийг нэмэгдүүлмээр байна. Нийгмийн эрүүл мэнд, урьдчилан сэргийлэх тогтолцоо нь нэг саванд нэг байшинд байсан ч энэ үйлчилгээг тусад нь чанартай үзүүлэх хамгийн чухал. Саяхан Америкт хийсэн судалгаагаар урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зарцуулж байгаа нэг доллар, хожмын өдөр 16 долларын эрсдэлээс сэргийлнэ гэсэн байна лээ. Үүнийг вакцинтай холбож хэлсэн л дээ. Урьдчилан сэргийлэх гэдэг вакцинжуулалт, эрүүл мэндийн боловсрол багтдаг. Зарим шаардлагатай вакциныг Монголд хийж чадахгүй байгаа. Тухайлбал эмэгтэйчүүдийн хорт хавдраас сэргийлдэг вакцин бий. Энэ вакциныг хөгжсөн орнууд ялангуяа Австралид 11-12 настай охидод хийдэг. Эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэж байгаа үндсэн шалтгаан паппилома вирус. Энэ вирусийн эсрэг дархлааг охидод өсвөр насанд нь суулгавал хавдар тусахгүй. Харин манайхан эргэлзсээр байтал эмэгтэйчүүдийн хавдар, хавдраар нас баралтын дөрөвдүгээр шалтгаан болоод байна.
Бид нийгмийн эрүүл мэндэд зарцуулдаг мөнгөө нэмэгдүүлэх ёстой.
-Цар тахалтай холбоотойгоор урдчилан сэргийлэхэд мөнгө зарцуулах ёстойг шийдвэр гаргагчид төдийгүй иргэд ойлгож эхэлж байна. Коронавирусийг давж гарсан ч хүн төрөлхтөнд цаашдаа ч хүнд сорилт тулгарна. Монгол цаашдаа энэ бүх сорилтод яаж байнга бэлэн байх вэ?
-Ковид хурц тахал байдлаар тохиолдсон учраас гэнэтийн асуудал боллоо. Гэвч бодит байдалд 2019 оны сүүлийн дөрвөн сард 200 гаруй хүүхэд уушгины үрэвсэл, хатгаагаар нас барсан шүү дээ. Жилдээ 483 хүүхэд хатгаагаар нас барсан. Энэ бол Монгол Улсад уушгины үрэвсэлт өвчин өндөр байгааг илтгэж байна. Ийм байдлыг өөрчлөх эхний алхам эрүүл мэндийн санхүүжилтэд өөрчлөлт хийх юм. Монгол Улсын төсөв нийтдээ 11 их наяд юм байна. 964 тэрбум нь эрүүл мэндийн зардалд зарцуулагдаж байна. Нийт зарцуулж байгаа мөнгөний 8,8 хувь нь эрүүл мэндийн салбарт ногдож байна. ДНБ-тэй харьцуулбал нийт ДНБ-ний 3,8 хувийг л манайхан эрүүл мэндийн салбартаа зарцуулдаг юм байна. Энэ хувийг олон улсын хэмжээнд авч үзвэл 186 орныг жагсаахад манайх 163-т нь байна. Эрүүл мэндийн салбартаа хамгийн бага мөнгө зарцуулдаг улсын нэг гэсэн үг. Дэлхийн хамгийн бага зарцуулдаг улс хоёр хувийг зарцуулдаг юм байна. Хамгийн их нь 23,3 хувийг эрүүл мэндийн салбартаа зарцуулж байна. Нийт зардлынхаа таван хуваасны нэгийг эрүүл мэндийн салбартаа зарцуулж байна гэсэн үг. Эрүүл мэндийн салбарт зарцуулж байгаа мөнгөний 830 тэрбум нь урсгал зардалд явдаг. Урсгал зардал гэдэг маань эрүүл мэндийн байгууллагын ажилтны цалин, байр, дулаан, цахилгаан гэх мэт тогтмол зардал шүү дээ. Тэгэхээр бид үндсэндээ гал унтраах зардал төсөвлөж байгаа юм. Бүр нарийвчилбал 2020 оны төсөвт гэхэд нийт 73 байшин санхүүжүүлэхээр төсөвт суусан байна. Байшинд 188 тэрбум зарцуулдаг юм байна. Эмчилгээ оношилгоонд зарцуулдаг зардал маань бага. Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэхэд зарцуулдаг мөнгө нь бүр бага гэсэн үг. Байшин барьж болно. Гэхдээ бид 1995 оноос хойш хавдрын өвчлөлөөр дэлхийд тэргүүлж байгаа улс. Тэгсэн хэрнээ л хавдрын эмнэлэг барих зардлаа батлаагүй. Төлөвлөлт нь оновчгүй учраас асуудал бас байна.
-Тэгэхээр урьдчилан сэргийлэх зардлыг нэмэгдүүлж чадвал эрүүл мэндийн салбарт бараг хувьсгал болох юм биш үү?
-Төсвийн зохистой зарцуулалт байх ёстой. Эрүүл мэндийн салбартаа мөнгө зарцуулахгүй хэвээр байвал ковид шиг гэнэтийн нөхцөл тулгарахад давахад хүндрэлтэй. Цар тахлын үед байдгаа эрүүл мэндийн салбартаа зарцуулж байна шүү дээ.
-Манай Эрүүл мэндийн даатгал хүнээ бодсон биш аль болохоор шалтаг гаргаад мөнгө хэмнэх гэсэн хандлагатай юм шиг санагддаг. Жилд нэг удаа урьдчилан сэргийлэх багц шинжилгээнд хамрагдах боломжтой гээд сурталчилдаг. Хамрагдах гэхээр та тэдэн жилийн өмнө даатгалаа тасалдуулсан учраас хамрагдах боломжгүй гэсэн хариу өгөх юм. Жирэмсэн байх үед төрөөс даадаг мөртлөө бичилт нь хийгдээгүй байх жишээтэй. Яагаад ийм юм бэ?
-Хандлага гэж та ярилаа. Би 2005-2012 он хүртэл Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд Эрүүл мэндийн даатгалын асуудал хариуцсан мэргэжилтэн байлаа. 2015 оны Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын ажлын хэсэгт хамтарч ажиллаж байсан. 2008 - 2015 онд долоон жилийн хугацаанд энэ хууль цаг үетэйгээ нийцэж өөрчлөгдөөгүй. 2015 онд оруулсан өөрчлөлт 2019 он хүртэл хэрэгжээгүй бол яах вэ?
Жишээлбэл 2015 онд хуульд хийсэн нэг том өөрчлөлт бол урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндэд Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт олгох тухай байсан. Үүний нэг нь Эрүүл мэндийн даатгалын сангаас зардал гаргаагүй даатгуулагчийг урамшуулах байдлаар урьдчилан сэргийлэх цогц бүрэн шинжилгээнд хамруулж байя. Залуу хүмүүс өвдөхгүй бол эмнэлэгт ирж зардал гаргадаггүй. Зардал гаргахгүй байгаа хүмүүсээ эрүүл мэндийн үзлэгт цогцоор нь хамруулъя гэсэн юм. Одоо бол насны бүлгээс хамаарсан урьдчилан сэргийлэх үзлэгийн багц гарсан. 40-өөс дээш насны эмэгтэй хүн эмэгтэйчүүдийн хавдраар өвдөх эрсдэлтэй учраас гурван жил тутам нэг удаа эсийн шинжилгээ өгнө гээд дөрөв, таван шинжилгээ багцалсан. Зорилтот бүлэгтээ л чиглээд байгаа юм. Гэтэл өнөөдөр өвчлөл залуужиж байна. 35 насанд нь шинжилгээнд хамруулснаар тухайн хүнийг хавдраас сэргийлж байгаа гэсэн үг биш. Урьдчилан сэргийлэх үзлэгээр оношлогдож байгаа хүмүүсийн гуравны хоёр нь хожуу үедээ оношлогдож байгаа юм. Яалт ч үгүй эрт илрүүлэлт хэрэгтэй. Ингэхийн тулд бүх насны хүмүүсээ хамруулах ёстой. 2015 онд оруулсан урьдчилан сэргийлэх үзлэгийг багцаар нь хийнэ гэдэг бодлого өнөөдөр хэсэгчилсэн байдлаар хэрэгжиж байна. Эрүүл мэндийн сангаас зардал гаргаагүй хүмүүсийг чийрэгжүүлэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд хамруулна. Эхний ээлжинд фитнест хамруулна гэсэн. Гэтэл өнөөдрийн байдлаар 2015 онд баталсан энэ хуулийн заалт хэрэгжиж эхлээгүй байна.
-Хууль яагаад хэрэгждэггүй юм бол?
-Миний авсан хамгийн сүүлийн мэдээгээр фитнесээр үйлчлэх газруудыг магадлан итгэмжлэлд оруулж, жагсаалт гаргасан юм билээ. Тодорхой тариф тогтоожээ. Гэхдээ л маш удаан байна. Шинэчлэлийн үйл явц ийм удаан явахаар хэрэгцээ шаардлага нь түрүүлж, хэрэгжилт зохицуулалт нь хоцорч байгаа учраас эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудлууд үүсээд байна.
Нөгөө талаар та түрүүн хэлсэн. Урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамрагдах гэхээр дөрөв, таван жилийн өмнө даатгал тасалдсан тухай яагаад ярьдаг юм бэ гэж асуусан. Ер нь Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалд Монгол Улсын иргэн заавал хамрагдах ёстой. Жирэмсэн амаржсан үед нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч юм уу төр хариуцдаг. Шимтгэлийн төлөлтөд ямар нэг алдаа гарсан байж болно. Магадгүй даатгал төлөөгүй байсан хүмүүс эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахаар бол өмнө төлөөгүй байснаа заавал нөхөж төлдөг. 2020 онд Эрүүл мэндийн даатгалын сангаас нэг хүн жилд хоёр сая төгрөгийн тусламж авах эрх нь бий. Гэхдээ ямар шимтгэл төлөгч гэдгээсээ хамаараад, зарим шимтгэл төлөгч 4400-г төлж байна, сайн дураар бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэйгээ уялдуулж төлж байгаа юм. Энэ бол манай мэдээллийн системийн хөгжлийн асуудалтай ч холбоотой байж болно. Нөгөө талаар хүмүүс маань эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөхийн үр шимийг мэдрэхгүй байгаа тохиолдолд шимтгэл төлөлтөд нөлөөлөх талтай.
-Иргэд ажил хийж, ЭМД төлдөг ч өвдвөл эрүүл мэндийн зардалдаа хувиасаа маш их мөнгө зарцуулах хэрэгтэй болдог. Эмчлүүлэхэд туслаач гэсэн хандив тусламж гуйсан хүмүүс хаа сайгүй. Хэзээ Эрүүл мэндийн даатгал даатгуулагчдаа бодитой нэмэр тус болох вэ?
-Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн асуудал хүнд. Ийм тохиолдолд гадагшаа эмчлүүлэхээр явж байгаа хүмүүс асар олон байна. Солонгосын Анам эмнэлэгт гэхэд л өдөрт 30-35 монгол үзүүлдэг юм билээ. Тэд хэчнээн зуун саяар нь тэр улсад тушааж байгаа. Солонгосчууд энэ асуудлыг олоод харчихсан, эрүүл мэндийн бизнес эрхэлж байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг экспортолж байна. Солонгосчууд өнөөдөр уул уурхайгаа ухаж баялаг олборлоогүй, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нь эдийн засгаа хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж чадаж байна. Гэтэл манайд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өрсөлдөөн байдаггүй. Улсын эмнэлэг сайн үйлчилгээ үзүүлээгүй ч байсан даатгал авч л байна. Хувийн эмнэлэг сайн үйлчилгээ үзүүлсэн ч улсын эмнэлгээс хэд дахин бага санхүүжилт авдаг.
-Гэхдээ саяхан өөрчлөлт оруулаад байсан уу?
-Саяхан өөрчлөлт оруулсан. Гэхдээ энэ өөрчлөлт чинь үндсэндээ 2015 онд оруулсан өөрчлөлт байхгүй юу. Улсын болон хувийн эмнэлэг адилхан тусламж үйлчилгээ үзүүлбэл адилхан зардал гаргаж байгаа учраас даатгалаас очдог мөнгийг нь ойртуулъя. Хувийн эмнэлэгт хүмүүс очиж байвал тэр байгууллагад санхүүжилт өгье. Улсын эмнэлэг сайн байвал санхүүжилт өгье. Ингэж байж эрүүл мэндийн салбарт өрсөлдөөн бий болно. Энэ бол даатгуулагчаа хамгаалж байгаа систем. Улс хариуцаж чадахгүй байгаа өндөр өртөгтэй олон тусламж үйлчилгээг хувийн эмнэлгүүд үзүүлж байгаа. Өнөөдөр хувийн эмнэлгүүдэд эрүүл мэндийн даатгалаас жаахан мөнгө дусаадаг. Ихэнхи зардал нь хувь хүний халааснаас гарч байгаа юм. Хувь хүний халааснаас гарч байгаа зардал эрүүл мэндээс үүдэлтэй ядуурлыг бий болгож байна. Айлд эрүүл мэндийн асуудалтай нэг хүнтэй байхад л тэр айл ядууралд ороод байгаа юм. Эрүүл мэндээ хамгаалж чадахгүйгээс болоод ийм байдалд хүрээд байна. Зөвхөн яриад байхаар юу ч өөрчлөгдөхгүй байна. Гэтэл хөгжсөн орнуудад хүүхдийг төрсөн цагаас нь эрүүл мэндийн боловсрол олгож байна. Тэд эрүүл мэнд ямар үнэтэйг ойлгодог. Эрүүл мэнд үнэтэй учраас тэр хүмүүс урьдчилан сэргийлж байна. Өсвөр насанд нь эрүүл мэндийн хичээл орохоор тэр хүний төлөвшил, хандлагыг өөрчилж чадахгүй. Социалист дэглэмийн үеийн тогтолцоогоор манай эрүүл мэндийн салбар явж ирсэн. Эмнэлгийн орыг санхүүжүүлдэг. Бид өнөөдөр гал унтраагаад л байна. Гал гарахаас сэргийлдэг тогтолцоо хөгжихгүй байна. Эрүүл мэндийн суурь хөгжил нь ийм байгаа учраас улсын хөгжил ярихад хэцүү. Одоо яах вэ гэхээр эрүүл мэндийн салбартаа ахиу мөнгө зарцуул. Мөнгөө оновчтой зарцуул. Өвчин эмчлэхэд л хамаг мөнгөө зарцуулбал энэ зардал хэзээ ч буурахгүй. Би Төв аймгийн хүн. Төв аймагт эмнэлэгт ажиллаж байсан хүн. Сумдаар явж үзлээ. Сайхан байшингууд байна. Эмч нар нь байна. Оношилдог аппарат нь байна. Урвалж нь алга. Сум болгонд сайхан ЭХО-ны аппарат байна. Хэрэглэж чаддаг сумын эмч цөөн байна. Сум болгонд цусны ерөнхий шинжилгээ авах багаж нь байна. Урвалж авах санхүүжилт хүрдэггүй учраас авч чаддаггүй. Тэгэхээр иргэд суманд цусны шинжилгээ өгч чадахгүй аймаг юм уу, хот руу орж ирэх болдог. Аппарат тоног төхөөрөмжид мөнгө зарцуулжээ. Гэтэл эмч нараа сургадаг мөнгө нь хаана байна. Урвалжаа авдаг зардал нь хаана байна, оношилгооны тоног төхөөрөмжөө ашиглаж чаддаг эмч нь хаана байна. Урьдчилан сэргийлэх тал руугаа анхаарахгүй амьгүй тоног төхөөрөмж рүүгээ илүү зардал гаргаад байна шүү дээ.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН