Уншиж байна...
 
Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмживНийслэлийнхэн хямд гурил худалдан авах боломжтой болох ньТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдЭЗБХ: Танхимын тухай шинэчилсэн хуулийн төслийг хэлэлцэнэХот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сурганаЗасгийн газрын хуралдаанаар 30 асуудал хэлэлцэнэ“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээAESPA- SupernovaО.Амартүвшин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаЗасгийн газар: 7 хоногийн тоймТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвШУУД: Сонгуулийн өмнөх 230.000 ба 70.000 иргэний шилжилтийг царцаа байx магадлалтай гэж үзэн шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүллээ
АРДЧИЛАЛ ЭДИЙН ЗАСАГТ ЮУ ӨГӨВ?

1990 оноос “социалист лагерь” тарж, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих амаргүй үе эхэлсэн бөгөөд энэхүү шилжилт Монгол Улсыг ч тойрсонгүй. 1991 онд СЭВ буюу Эдийн Засгийн Харилцан Туслалцах Зөвлөл хэмээх хуучин социалист орнуудын хамтын ажиллагааны гол байгууллага үйл ажиллагаагаа зогсоов. Монгол Улсын ДНБ-ний 30 гаруй хувийг бүрдүүлж байсан Зѳвлѳлтийн тусламж  бүрмөсөн тасрав. Ийнхүү биднийг “угжиж” ирсэн бүх “крант”-ууд хаагджээ. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний дийлэнхийг импортоор авдаг улс орны зовлон ямар их байдгийг тэр үеийнхэн сайн мэдэрсэн юм. Манай хатуу валютын эх үүсвэр болсон экспорт тасалдаж, эдийн засгийн хүнд цохилтууд шил шилээ даран ирлээ. Монгол Улсын экспорт 1989 онд 721,5 сая ам.доллар байсан бол 1991 онд 348.0 сая ам.доллар болж, хоёр дахин буурчээ. Эдийн засаг 1991 онд - 8.7 хувь, 1992 онд - 9.5 хувиар уначихсан  хүнд үед “үнэ чөлөөлсөн”-өөр гипер-инфляц (инфляц 300 хувь давж, жилийн дотор үнэ гурав дахин өсөв) гаарч иргэдийн өчүүхэн орлогыг хуу сорох нь тэр.
Татаасгүй болсон улсын үйлдвэрүүд шил шилээ даран хаагдаж, олон мянган ажилчид ажилгүйчүүдийн эгнээг өргөтгөв. Хүнсний дэлгүүрийн лангуу хоосорч, зөвхөн давс үлджээ. Мах сүү, гурил будаа, элсэн чихэр, талх зэрэг зайлшгүй шаардлагатай хүнсний бүтээгдэхүүнүүд картад орж, хүрэлцээ туйлын хангалтгүй боллоо. Нийгэмд архидалт хавтгайрч, гуйлгачин хүүхэд багачуудаар гудамж дүүрэв. Ирээдүй туйлын бүрхэг болж, иргэдийн итгэл алдарсан үе ийн эхлэв. 


Тэр үед энэ бүхний учир шалтгааныг олигтойхон тайлбарлачих дуу хоолой илт дутагдаж байв. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэхээр зүйл бараг байсангүй. “Өнөө маргаашаа хэрхэн өнгөрөөх вэ” гэх асуудалдаа бухимдсан иргэдэд “ардчилал”-ыг мушгин гуйвуулах шиг хялбар зүйл үгүй. Хуучны үзэл суртал нэвт ханхалсан цөөн тооны сонин, алдаг оног гарах ганц нэг зурагтын сувгаар ийм мэдээлэл тасралтгүй хөвөрнө. Ард түмнийхээ тархийг угааж, дуулгаваргүй нэгнийг нь шоронгоор айлгаж гаршсан МАХН (одоогийн МАН) төрийн бүх шатанд эрх атгаж байсан бөгөөд бусад улс төрийн хүчнийг хүлээн зөвшөөрөх тал дээр туйлын хойрго хөшүүн байсан юм. “Дарин дээр нь давс нэмэрлэв” гэгчээр эдийн засгийн гамшиг болж байсан тэр үеийн эрх баригчид нийгэмд үүссэн сөрөг бүхнийг зөвхөн ардчилсан хүчинд тохож, буруушаахдаа туйлын гаргууд байж.

 

Тэдний “ардчилал”-ыг өөлж, буруутгасан ойлголт манай нийгэмд өнөөг хүртэл амь бөхтэй оршсоор байна. Тухайлбал, “Ардчилал үндэсний үйлдвэрүүдийг сөнөөсөн” гэх яриа өнөөгийн улс төрчдийн амнаас салсангүй. Тэд социализмын үед байгуулсан олон арван үйлдвэрүүд яагаад дампуурсан учрыг өөрсдөө ч ойлгоогүй, ойлгохыг ч эс хүснэ.
Тухайн үед социализмын бүтээн байгуулалт бүрийг санхүүжүүлж байсан ЗХУ хэдэн хэсэг хуваагдаад зогсохгүй эдийн засгийн гүн шоконд орчихсон байв. Тэд бусдыг бүү хэл, өөрийгөө яая даа гэж байсан хүнд үе. Харин манай улс 1990 онд ЗХУ-д /хуучин нэрээр/ 11,7 тэрбум шилжих рублийн өртэй үлджээ. Шилжих рубль гэдэг нь тухайн үеийн ЗХУ-д хэрэглэж байсан рублиэс өөр хэмжүүртэй валют юм. Энэ мөнгөн тэмдэгтийн автор нь Иосиф Сталин. Тэртээ 1951 онд социалист орнуудын төрийн тэргүүнүүдийн нэгэн хүлээн авалтын үеэр,” агуу удирдагч”, “Бид гадаад худалдааны төлбөр тооцоогоо шижир алтанд суурилсан шинэ валютаар хийх ёстой. Ийм мөнгөн тэмдэгтийг судлах олон улсын тусгай комисс байгуулна ...” хэмээн ярьж байжээ. Шилжих рубль 1963 оноос Эдийн Засгийн Харилцан Туслалцах Зөвлөлийн орнуудын гадаад худалдааны төлбөр тооцоо хийдэг үндсэн валют болсон бөгөөд албан ёсоор 0.987412 грамм цэвэр алтаар баталгаажиж байжээ. 1980-аад оны үед дэлхийн гадаад худалдааны тав орчим хувийг энэ валютаар хийж байсан юм. Энэ нь 4.5 их наяд шилжих рубль буюу ойролцоогоор зургаан их наяд ам.доллартой тэнцэнэ. Хэрэв Монгол Улсын “Их өр”-ийг ам.долларт шилжүүлж тооцсон бол нэг хүнд ногдох өрийн хэмжээ “Аюулын харанга” дэлдэх хэмжээг хэд дахин нугалахаар байв. Гэвч ийм мэдээллийг нийтээс тас нуудаг байсан юм. Тийм болохоор зардал ихтэй, алдагдалтай ажилладаг нүсэр үйлдвэрүүдийн санхүүжилтийн талаар мэддэг хүн хуруу дарам цөөн байсан биз.  Ийм үйлдвэрүүдийг ажиллуулах нь эдийн засгийн хувьд ямар ч утгагүй байсныг социалист орнуудын туулж өнгөрүүлсэн түүхэн жишээ илтгэн харуулдаг.


Мөн өмч хувьчлалыг буруу явуулж улсын ѳмчит үйлдвэр, барилга төдийгүй орд газруудыг цөөн хэдэн “ардчилагч” завшсан гэх ташаа ойлголт манай нийгэмд хүчтэй тархсан байдаг. Хувьчлал хийхэд алдаа оноо байсан нь үнэн. Гэвч өмч хувьчлалаар  “Халаасаа түнтийлгэсэн” хүмүүс тухайн үеийн төр, засаг барьж байсан МАХН-ынх байдаг юм билээ. Ийм байдлаа нуух зорилгоор  ардчилсан хүчний лидерүүдийн талаар элдэв худал цуурхал тарааж байсныг үгүйсгэх аргагүй. Гэвч ардчиллыг сонгосон жанжин шугам зөв байсныг өнөөдөр хэнбугай ч үгүйсгэж чадахгүй биз ээ.
Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу шилжих хоёр загвар байдаг.  1990-ээд оны үед Дэлхийн банк, ОУВС болон АНУ-ын зарим эдийн засагчид “shock therapy” буюу “цочир эмчилгээ” гэх загвар нь социалист гэгдэж байсан орнууд зах зээлийн харилцаанд хурдан шилжихэд тохирох хувилбар гэж зааж зөвлөсөн байдаг.  Дэлхийн хоёрдугаар дайны дараах үеийн баруун Германы эдийн засгийн огцом сэргэлтийг энэ загварын ач тус гэж үздэг. Энэ арга нь макро эдийн засгийг тогтворжуулахын тулд эдийн засаг болон гадаадын хөрөнгө оруулалтыг нээлттэй болгох, гадаад худалдааг хөнгөвчлөх, инфляцыг бага түвшинд барих, төрийн өмчийг хувьчлах, төрийн оролцоог багасгах, татварын шинэчлэл явуулах зэрэг цогц асуудлыг маш богино хугацаанд шийдвэрлэх зорилготой. Гэвч энэ загвар өндөр эрсдэлтэй, олон сөрөг үр дагавар дагуулдгийг тухайн үеийн Монгол, ОХУ зэрэг улсын туулж өнгөрүүлсэн туршлага бэлхнээ харуулна. Гэхдээ Польш энэхүү загварыг хамгийн үр дүнтэй ашиглаж чадсан орны нэгд тооцогддог юм билээ. Харин нөгөө загвар нь  “градуализм (gradualism)” буюу “үе шатлалт” загвар гэж орчуулж болох юм. Энэ арга нь эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэлийг аажмаар, үе шаттайгаар хэрэгжүүлдэг онцлогтой. БНХАУ, Вьетнам зэрэг улсууд энэ загварыг амжилттай хэрэгжүүлсэн орны тоонд багтдаг. Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжихийн тулд бусад социалист орнуудын нэгэн адил дээрх хоёр загварын аль нэгийг сонгохоос өөр зам байгаагүй юм.


Ийнхүү зах зээлийн нийгэмд шилжих явц үргэлжилж 1991 онд Төв банк болон арилжааны банк гэсэн хоёр шатлалтай тогтолцоонд шилжив. 1993 онд шинэ мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд оруулснаар өнөөгийн санхүүгийн тогтолцооны суурийг тавьжээ. Хөрөнгийн зах зээл үйл ажиллагаагаа эхлүүллээ. Дэлхийн Банкны “ядуу буурай орны” ангиллаас, өндөр-дунд орлоготой орны тоонд  багтсан гээд дурдвал эерэг жишээ олон. Гэвч хамгийн чухал нь түүхэн богино хугацаанд Монгол Улсын эдийн засаг, социализмын үеийн зогсонги байдал, шилжилтийн үеийн гүн хямрал, уналтаас бүрэн гарч чаджээ. Хэдийгээр хэд хэдэн удаа томоохон хямралтай нүүр тулсан боловч манай улсын эдийн засаг ойрын ирээдүйд аажимдаа  тэлж, өснө гэсэн ерөнхий дүгнэлт хийж болохоор байна. Зах зээлийн нийгэмд шилжсэнээр ямар эерэг өөрчлөлт гарав? гэсэн асуулт зүй ёсоор тавигдаж таарна. Нийслэлийн гудамжинд багтахаа байсан машин тэрэг, тохилог орон байр, лангуу дүүрэн супермаркетууд, эдэлж хэрэглэж дадсан чамин тансаг хэрэглээ зэргийг дурдаж болох ч, энэ нь учир дутагдалтай. Харин дэлхийн улс орнууд ДНБ хэмжээ, гадаад худалдаа, нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ зэрэг макро эдийн засгийн үзүүлэлтүүд хэрхэн өөрчлөгдөж байгаагаар харьцуулж дүгнэлт хийдэг. 

Манай улсын нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ 1990 оноос хойш 1993 он хүртэл буурчээ. 1994-2002 оны хооронд бага зэргийн өсөлт бууралт ээлжилж, харин 2003 оноос хойш тасралтгүй өсч иржээ. Манай улс ДНБ-ний нэг хүнд ногдох 1990 оны түвшиндээ 2003 онд буюу 13 жилийн дараа хүрсэн хэдий боловч 2004 оноос эдийн засгийн тууштай өсөлт рүүгээ эргэлт буцалтгүй оржээ. Энэ үзүүлэлт манай орны хувьд 2018 онд 10 сая төгрөг даваад байгааг Үндэсний статистикийн хорооноос гаргадаг статистик үзүүлэлтээс харж болно.
Эдийн засгийн өсөлтийн бас нэг хэмжүүр нь ДНБ-ний хэмжээ байдаг. Монгол Улс ДНБ-нийхээ 1990 оны хэмжээнд найман жилийн дараа буюу 1998 онд эргэн хүрчээ. Шилжилтийн үеийн хүндрэл бэрхшээлээс үүдэлтэй эдийн засгийн уналт гурван жилийн дараа буюу 1993 онд зогсож, 1994 оноос хойш аажмаар, харин 2004 оноос хойш эрчимтэй өсч байна. Гэхдээ бид хэн нэгэн хүчирхэг гүрний нөмөр нөөлөгт хавчуулагдаж биш харин өөрсдөө бие даан эдийн засгаа удирдаж эхэлснийг тэмдэглэхгүй өнгөрч болохгүй.
2018 оны статистикаар Монгол Улсын  ДНБ-ний хэмжээ  33 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь 1990 онтой харьцуулшгүй өндөр үзүүлэлт. Гадаад худалдааны эргэлт 1990 онд 1.6 тэрбум ам.доллар байсан бол 2018 онд 18.8 тэрбум болж 10 дахин өсчээ. Төсвийн орлого 6.5 тэрбум төгрөг байсан бол өнөөдөр 10 их наяд төгрөгөөр яригдаж байна. Эдийн засгийг тодорхойлох макро үзүүлэлтүүд ийнхүү суга өссөн ажээ. Гэхдээ энэ бүхэн манай орны хувьд өөрийн бүх боломж, дотоод нөөц баялгаа бүрэн ашиглаж чадсан гэсэн үг огт биш. Иргэдийн асар их хүлээлт, итгэл найдварт бүрэн гүйцэд хариулт өгч чадаагүй  байна.


Туулж өнгөрүүлсэн богино хугацааны түүхээс харахад, эдийн засгийн хязгаарлагдмал эх үүсвэртэй, манай орны хөгжил дэвшил шулуун шугам, өндөр хурдаар явсангүй.  Монголын эдийн засагт цаашид ч өөдлөх-уруудах, тэлэх-хямрах мөчлөгүүд тулгарах нь гарцаагүй. Өмнө нь хэд хэдэн удаа тохиож байсан эдийн засаг, санхүүгийн гүн хямралд гадаад хүчин зүйл хүчтэй нөлөөлж байсан нь үнэн. Харамсалтай нь, биднээс шалтгаалах дотоод хүчин зүйл чамгүй их байжээ. Хоёр том гүрний дунд “хавчуулагдсан” Монгол Улс ардчиллын үнэт зүйлсийг хайрлан хамгаалж, хөгжүүлж чадсан тохиолдолд дэлхийн улс орнуудтай мөр зэрэгцэн хөгжиж, эдийн засгаа тэлж, иргэдийн хүсэн хүлээсэн амьдралд хүрч чадна.  Ямар байсан ч бид хөгжлийн зөв зам дээр гарч ирлээ. Хийж бүтээх, хэрэгжүүлэх ажил даан чиг их ажээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
AESPA- Supernova
7 өдрийн өмнө
ВИДЕО: Trishna - ХООСОН
10 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]