Уншиж байна...
 
Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмживНийслэлийнхэн хямд гурил худалдан авах боломжтой болох ньТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдЭЗБХ: Танхимын тухай шинэчилсэн хуулийн төслийг хэлэлцэнэХот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сурганаЗасгийн газрын хуралдаанаар 30 асуудал хэлэлцэнэ“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээAESPA- SupernovaО.Амартүвшин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаЗасгийн газар: 7 хоногийн тоймТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвШУУД: Сонгуулийн өмнөх 230.000 ба 70.000 иргэний шилжилтийг царцаа байx магадлалтай гэж үзэн шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүллээ
М.Цэвэлмаа: Эмч миний мөрөөдлийн ажил, тиймээс мэргэжлээ орхихгүй

2019 оны “Miss World Mongolia” тэмцээний ялагч Мандахын Цэвэлмаатай ярилцлаа. Тэрбээр АШУҮИС-ийг хүний их эмч мэргэжлээр төгссөн. Одоо сургуульдаа мэдрэлийн резидент эмчээр сурч байгаа.

-Та хаана төрсөн бэ. Аав, ээж тань аль нутгийн хүмүүс вэ?

-Би Улаанбаатар хотод төрж, бага насаа Өвөрхангай аймагт өнгөрүүлсэн. Учир нь аав, ээж маань Өвөрхангай аймгийн уугуул хүмүүс. Одоо ч гэсэн зун бүр Өвөрхангай аймагт очиж амардаг. Хөдөө нутагтай их ойр өссөн.

-Аав, ээж нь ямар мэргэжлийн хүмүүс байдаг вэ. Гарал угсааг нь сонирхож болох уу?

-Манай аав улсын начин цолтой бөх хүн. Аавын тал бөхийн удамтай, улс аймгийн цолтой хүмүүс байдаг. Ээж хуульч мэргэжилтэй, УЕПГ-т ажилладаг. Ээжийн талын ургийн хүмүүс эрдэм номын мөр хөөсөн хүмүүс гэх үү дээ.

-Их хүмүүжилтэй хүүхэд шиг харагдаж байна. Аав, ээж нь юу гэж сургаж, өсгөсөн бэ?

-Манай аав, ээж даруухан хүмүүс байдаг. Хоёулаа айлын бага хүү, бага охин болохоор ээж, аавыгаа асарч, ах, дүү нартаа тусалдаг. Ер нь их тусч хүмүүс. Гэхдээ хүнд тусласныхаа хариуд буцаагаад юу ч нэхдэггүй. Энэ зан чанарыг би бага ч болов өвлөж авсан байх. Тэр ч утгаараа эмч гэх хүмүүнлэг мэргэжлийг сонгож, эзэмшсэн. Мөн аав, ээж хоёр маань “чи ийм хүн болох хэрэгтэй”, “чи тэгэх хэрэгтэй” зэргээр заадаггүй. Тиймээс багаасаа аав, ээжийгээ хараад “ хүн даруухан байх хэрэгтэй юм байна”, “жаахан юм мэдлээ гээд онгироо, сагсуу байж болохгүй” гэдгийг ойлгож, хүмүүжсэн. Ер нь үгээрээ биш, үйлдлээрээ үлгэрлэн харуулж, өсгөсөн.

-Эмчийн мэргэжлээрээ ажилласан уу. Цаашдаа эмчээрээ ажиллах уу?

-Хоёрдугаар курст байхаасаа дадлага хийсэн. Анагаахын оюутнуудын хичээл нэг эмнэлгээс нөгөө эмнэлгийн хооронд гүйж, хүн үзэхээс л эхэлнэ шүү дээ. Цаашдаа эмчээрээ ажиллана. Тэмцээн уралдаан гэж төдийлэн явахгүй. Би өмнө нь хоёр удаа тэмцээнд оролцож байхад, нэг нь өвлийн амралтаар, нөгөө нь зуны амралтаар таарч байсан. Хичээл номноосоо завсарласан зүйл байгаагүй. Харин одоогоор “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох учир ихээхэн ач холбогдол өгч, бэлтгэл ажлаа эхэлж, сургуулиасаа түр чөлөө авсан байгаа. Энэ нь сургуулиасаа чөлөө авч буй анхны тохиолдол минь болж байна. (Инээв) Цаашдаа мэргэжлийнхээ дагуу олон хүнийг эмчилсэн, сайн эмч болохын тулд илүү гүнзгийрүүлэн суралцана. Эмч бол миний мөрөөдлийн мэргэжил. Би мэргэжлээ орхихгүй. Харин жирийн нэг эмчийн үгийг хэдэн хүн сонсох билээ. Хэрэв бусдад танигдаад ирвэл хэдэн хүн сонсох вэ гэдэг ойлголтын зөрүүтэй асуудал. Миний гол зам бол эмчийн мэргэжил. Харин “мисс” бол гол замын маань туслах, мэргэжилд маань хүч нэмэх зүйл гэж ойлгож байна. Өөрөөр хэлбэл, эмч хүнийхээ хувьд, хүний эрүүл мэндийн төлөө өдөр бүр ажиллана. Миссийн хувьд, дэлхийд Монголоо төлөөлөн, эрүүл мэндийн салбарын дуу хоолой болж, өөрийнхөө хүрч чадах газар хүртэл явна.

-Удам дамжсан эмч үү. Ямар чиглэлээр эмчийн мэргэжлээ дээшлүүлэх вэ?

-Манай удамд нарийн мэргэжлийн эмч байхгүй. Удмаасаа гарч ирж байгаа анхны эмч. Одоо мэдрэлийн резидент эмчээр суралцаж байна. Цаашдаа, нуруу нугас, мэдрэлийн эмч болно.

-Өвдсөн хүнтэй тааралдвал яах вэ?

-Тухайн хүн сэтгэл санааны хувьд гуньсан, гутарсан байдалтай байвал би шууд тусалж, чадах бүхнээ хийнэ. Харин биеийн өвдөлтийг тэр хүн өөрөө надад хэлэхгүй бол мэдэхгүй. Хэрэв хэлбэл, чадах чинээгээрээ тусална.

-“Дэлхийн мисс”-ийн тэмцээнд хүмүүнлэгийн ажил их чухал байх. Энэ ажлынхаа хүрээнд хүний эрүүл мэнд рүү чиглэсэн ямар ажил хийж байна вэ?

-Хүмүүнлэгийн ажилдаа ихээхэн ач холбогдол өгч, өөрийн мэргэжлийн онцлогт тулгуурлан элэгний хавдрын чиглэлээр тодорхой ажлуудыг үе шаттайгаар өрнүүлж эхлээд байна. Тухайлбал, би эмээгээ хавдраар алдахаасаа өмнө “хавдар” гэх өвчин миний гэр бүлээс их хол юм шиг боддог байлаа. Тухайн үед хавдрын эмнэлэг дээр дадлага хийдэг, хавдартай хүмүүсийг үздэг байсан хэдий ч тэдгээр өвчтөнийг өрөвдөөд л өнгөрдөг байв. Одоо бодоход, хэзээ ч чин сэтгэлээсээ ойлгож байгаагүй юм шиг. Эмээг минь хавдраар өвдөхөд, гэр бүлийнхэн, хамаатан, садан бүгд сэтгэлийн хавдраар давхар өвдсөн. Энэ бүхнийг харж, мэдрэх надад үнэхээр хэцүү байсан. Миний мэргэжлийн түвшинд бол өрхийн, сумын эмнэлэгт эсвэл түргэний эмч хийх боломжтой. Эдгээр ажлыг хийгээд хэр олон хүнд дуу хоолойгоо хүргэж, хэр олон хүнийг эмчилж чадах билээ. Тиймээс “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд элэгний хавдраас урьдчилан сэргийлэх, тэр дундаа элэгний В вирустэй эхээс төрсөн нярайг вакцинжуулах, элэг шилжүүлэн суулгах нэн шаардлагатай хүнийг хагалгаанд оруулах зэрэг ажлыг хийж эхлүүлээд байна.

-Хүмүүнлэгийн ажил тань их сонирхол татлаа. Элэгний хавдраар манай улс дэлхийд тэргүүлдэг. Энэ ажилд тань олон нийтийн зүгээс оролцох боломжтой юу?

-Тэгэлгүй яах вэ. Олон нийтийн зүгээс оролцоход нээлттэй. Би 2018 онд хүмүүнлэгийн “Маа” санг үүсгэн байгуулсан. Тус сангаараа дамжуулан, хүмүүнлэгийн ажлаа зохион байгуулж байна. Иймээс хувь хүмүүс болон байгууллагуудтай хамтран ажиллахад нээлттэй.

-МАА сангийнхаа тухай дэлгэрүүлж ярина уу?

-Би хоёрдугаар курст байхдаа буюу 2014 оноос хүмүүнлэгийн ажлыг өөрийнхөө хэмжээнд хийж эхэлсэн. Тухайлбал, арван жилийн сургуулиудад очин, сурагчдад сургалт, зөвлөгөө өгөх, ариун цэврийн булан байгуулах, өрхийн эмнэлгүүд дээр иргэдэд зориулсан мэдээллийн самбар хийх зэргээр оюутны хэмжээнд л хийж болох зүйлсийг санаачлан хэрэгжүүлдэг байсан. 2018 оноос ашгийн бус хүмүүнлэгийн “Маа” санг үүсгэн байгуулж, орон нутгийн эмнэлгүүдэд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хандивлах, их нийтийн цэвэрлэгээнд хамрагдах, хөдөө орон нутгийн дотуур байрны сурагчдад шаардлагатай эд зүйлсээр дэмжлэг үзүүлэх зэрэг олныг хамарсан ажлуудыг зохион байгуулсаар байна.

-Үндэсний ялагч болоход таны ямар чанар танд тус болсон гэж бодож байна. Ялагч болохын тулд олон жилийн өмнөөс бэлтгэсэн байх?

-Үндэсний ялагч болоход өмнө нь хийж байсан хүмүүнлэгийн ажлууд болон цаашдын зорилгоо тодорхойлсон байдал нөлөөлсөн. Мөн зорьсон зорилгодоо тууштай зан чанар маань бас нэг давуу тал болсон байх.

-Мисс болох нь охид болгоны багадаа мөрөөддөг мөрөөдөл шүү дээ. Та ч бас тэгж мөрөөддөг байсан байх. Мисс болчхоод титэм, туузаа харах ямар байдаг вэ?

-Би өөрийн мөрөөдлөө дотроо их төсөөлж боддог. Тэр төсөөллийн маань нэг хэсэг бодит болоход үнэхээр сайхан байсан. Тухайн цаг мөчид улам их хичээх ёстой гэдгээ илүү ойлгосон.

-Миссүүд гадаад хэлний мэдлэгтэй байх шаардлагатай байдаг. Таны хэлний мэдлэг ямар түвшнийх вэ?

-Би аравдугаар анги хүртлээ гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 23-р сургуулийн орос хэлний ангид суралцсан. Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй.

-Уран зохиол хэр зэрэг уншдаг вэ. Хамгийн сүүлд ямар ном уншсан бэ. Мөн ширээний номыг нь сонирхож болох уу?

-Уран зохиолын ном унших их дуртай. Учир нь хувь хүний хөгжлийн номноос хүнийг хайрлах, уучлах зэрэг хүний сэтгэлийн олон торгон мэдрэмжийг мэдэрч чаддаггүй. Харин уран зохиолын номноос баярлах, гуниглах, уйлах инээх, хайрлах зэрэг бүхий л мэдрэх боломжтой. Сүүлийн жил гаруйн хугацаанд, “Агнистын гэгээ” цувралыг уншиж байна. Хамгийн сүүлд “Өвс өөрөө ургадаг” гэдэг цувралыг нь уншсан. Харин ширээн дээр болон цүнхэнд байнга авч явдаг ном гэвэл Эрдэнэзуу хийдийн лам н.Баасансүрэнгийн “Зүрхийг тань дайлъя” гэх ном байна. Энэ номыг байнга авч явдаг учир нь амьдралд ойрхон зүйлсийг багцалсан байдаг юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
AESPA- Supernova
7 өдрийн өмнө
ВИДЕО: Trishna - ХООСОН
10 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]