Уншиж байна...
 
Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмживНийслэлийнхэн хямд гурил худалдан авах боломжтой болох ньТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдЭЗБХ: Танхимын тухай шинэчилсэн хуулийн төслийг хэлэлцэнэХот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сурганаЗасгийн газрын хуралдаанаар 30 асуудал хэлэлцэнэ“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээAESPA- SupernovaО.Амартүвшин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаЗасгийн газар: 7 хоногийн тоймТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвШУУД: Сонгуулийн өмнөх 230.000 ба 70.000 иргэний шилжилтийг царцаа байx магадлалтай гэж үзэн шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүллээ
Т.Батбаяр: Өвөг дээдсээ мэдэхгүй гээд ургийн бичиг хөтлөхгүй байх нь буруу

Цус ойртолт үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд хүрээд байгаа энэ цаг үед өвөг дээдэс, удам судраа мэдэх, ургийн бичгээ хөтлөх зайлшгүй шаардлага гарч ирж байна. Энэ талаар “Ургийн бичгийн программ” зохиогч Т.Батбаяртай ярилцлаа.

-Ургийн бичгээ хөтлөх гэхээр өвөг дээдсээ мэдэхгүй байх асуудалтай тулгардаг болжээ. Тэдгээр хүмүүс энэ талаарх мэдээллийг хаанаас авч болох вэ?

-Үүнийг олж мэдэхийн тулд хувь хүн бүр маш их эрэл хайгуул хийх хэрэгтэй. Өвөг дээдсийнхээ тухай мэдээлэл олж авах гурван арга байна. Нэгд, үндэсний төв архивт тайж, ноёдын угсаатны холбогдолтой бичиг баримтууд, хүн амын тооллогын баримтууд хадгалагдаж байдаг. Тайж нарын угийн бичгээс хаадын угсааныхан мэдээлэл авч болно. Харин энгийн иргэд бол 1918, 1921-1929, 1933, 1944, 1947, 1956, 2000 оны тооллогын баримтаас өвөг дээдсийнхээ амьдарч байсан газар ус, тооллогын үед ямар ямар хүмүүс тоолуулж байсныг мэдэж болно. Хоёрт, үндэсний төв архивт мэдээлэл байхгүй бол МАХН-ын архиваас мэдээлэл хайх боломжтой. Яагаад гэвэл өвөг дээдсийн чинь хэн нэг нь хувьсгалт намд ажилладаг байсан бол тэр хүний гурван үеийн намтар хадгалагдаж байх магадлалтай. Гуравт, тухайн өвөг дээдсийнхээ төрж, өссөн нутаг усанд нь очоод хамгийн настай хүнээс аман хэлбэрээр мэдээлэл авч болох юм. Эдгээрээс гадна сүүлийн жилүүдэд хүмүүс өөрийн удмын бөөгөөс өвөг дээдсийнхээ талаар асууж мэдэх хүмүүс хааяагүй таарах болжээ. Ингэлээ ч баримт олдохгүй бол өвөг дээдсээ мэдэхгүй гээд ургийн бичиг хөтлөлгүй үлдээх нь буруу. Хойч үеийнхэн, үр ач тань таныг мэдэж байх учиртай тул өөрийнхөө намтрыг ч болтугай бичиж үлдээх ёстой гэж би хувьдаа боддог.

-Ургийн бичиг, угийн бичиг, удмын бичиг гээд янз бүрээр ярих болжээ. Энэ ямар учиртай юм бол?

-Монголчууд ургийн бичгийг маш эртнээс хөтөлж ирсэн түүхтэй. Наймдугаар зууныг хүртэл аман хэлбэрээр уламжилж ирсэн бол түүнээс хойш бичиг үсэгтэй болоод гэрийн үеийн бичиг, удмын бичиг, удмын судар гэх мэт олон нэрээр үе дамжиж өнөөгийн бидэнд ирсэн. Нэршлийн хувьд ялгаагүй. Монгол уламжлалаар бол зөвхөн эрчүүдийн нэрийг бичиж ирсэн. Харин орчин үеийн шинжлэх ухаанд хүний төрмөл шинж эцэг, эхээсээ 50/50 хувь, өвөг эцэг, эмэг эхээс 25 хувь, элэнц өвөг, элэнц эмээгээс 12.5 хувь өвлөгддөг гэсэн судалгаа, нотолсон байдгийг харгалзан эхийн талын мэдээллийг дэлгэрэнгүй оруулан ургийн бичиг хөтлөхийг эрдэмтэд зөвлөсөөр байгаа. Түүнчлэн ургийн бичиг, удмын түүхэнд харгалзах нэг чухал зүйл бол дагалдах мэдээллүүд юм. Тодруулбал, дагавар, өргөмөл хүүхэд, хүж барилцсан төрөл садан, эцэг нь тодорхойгүй бутач хүүхдүүд, албан ёсоор гэрлээгүй үед өвөөгийнхөө гал дээр гарсан ач, зээ гээд бүхий л мэдээллийг тусгах ёстой. Тэр бүү хэл өвөг дээдэс нь ямар өвчнөөр өвдсөн, яагаад өөд болсон шалтгааныг хүртэл бичиж үлдээх нь чухал байдаг. Өргөмөл хүүхэд байлаа гэхэд төрсөн эцэг эх, өргөж авсан аав ээж бүгдийг багтаан бичих хэрэгтэй.

-Та ургийн бичиг хөтлөх программ зохион бүтээгээд багагүй хугацаа өнгөрчээ. Таны программыг өнөөдөр хэчнээн хүн хэрэглэж байна?

-Ургийн бичиг хөтлөх талаар олон эрдэмтэн докторууд аргачлал гаргаад байна. Нэг талаар энэ нь ард иргэдийг төөрөгдүүлэх болжээ. Ургийн бичиг хөтлөх гэж буй хүн юун түрүүнд бүх мэдээллээ цуглуулчхаад яаж хөтлөхөө өөрөө шийдэх хэрэгтэй. Манай программ хангамж бол ямар нэгэн аргачлалд баригдахгүй, мэдээллээ оруулахад өөрөө модоо зураад явчихдаг юм. Өнөөдөр энэ программыг 100 гаруй овог удам хэрэглэж байна. Манай программыг гарахаас өмнөхөн Өмнөговь аймгийн нэг иргэн 200 өрхийнхөө мэдээллийг цуглуулсан боловч хэрхэн хөтлөх учраа олохгүй байсан гэдэг. Энэ мэт асуудалтай тулгарсан хүмүүс манай программыг ашиглах боломжтой. Хүний тоо хязгааргүйн дээр хэдэн ч үеэ хөтлөх, аав ээжийнхээ талыг зэрэг хөтлөх боломжтой.

-Компьютерийн мэдлэг муутай эсвэл урьд нь ургийн бичиг хөтөлж байгаагүй хүн танай программыг ашиглахад хүндрэлтэй зүйл бий юү?

-Ямар нэг хүндрэл байхгүй, тун энгийн программ. Ургийн бичиг, удмын түүхээ хөтлөх нь өөрсдийн өвөг дээдэс, садан төрөл, тэдний ажил үйлс, амьдралын замналыг нь олж мэдэх давуу талтай. Өнөөгийн залуус битгий хэл Улаанбаатарт төрж, өссөн ахимаг насныхан хүртэл ураг удмаа мэдэхгүй байх нь бий. Өвөг дээдсээ аль нутагт төрж өссөнийг мэдэхгүй, бүр нэр алдрыг нь ч танихгүй үе хойч өсч торниж байгаа нь гашуун боловч үнэн. Тиймээс сар шинийн өдрүүдэд ураг төрлөөрөө уулзан золгохдоо ургийн бичгээ хөтөлж, настан буурлаасаа удам судрынхаа талаар сонсч, бичиж тэмдэглэхэд манай программ их дөхөм байх болно. Зөвхөн ургийн бичгээ хөтлөөд зогсохгүй хүн бүрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл үлдээх, зургийн цомгийг нь хадгалах, дурсамж бичлэгийг авах, дурсгалт эд өлгийг баримтжуулах зэргээр овог удмын мэдээллийн сантай болох боломжтой. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг urgiinbichig.mn сайтаас авч болох юм.

-Ураг удмын бичиг сонирхож, программ хүртэл зохиосон хүний хувьд танд энэ талаар өөр сонирхолтой мэдээлэл бий юү?

-Байлгүй яах вэ. Тухайлбал, 1970 онд Оросын нэрт удирдагч В.И Лениний мэндэлсний 100 жилийн ой болоход Ленин багшийн эхийн тухай ном, гарын авлага их элбэг, харин эцэг Ульяновын тухай гарын доор ашиглах материал цөөхөн байж. Энэ нь ямар учиртай вэ гэхээр тэр үеийн зөвлөлтийн зарим судлаач, мэргэжилтнүүд Лениний эцэг нь халимаг угсаатай, Монгол гаралтай хүн байсан учраас зөвлөлтийн төр засаг өөрийнхөө удирдагчийг Монгол гаралтай хүн байхыг сайшаахгүй байсантай холбоотой хэмээн хариулсан тохиолдол бий. Мөн Сүхбаатар аймгийн Дарьгангачуудын удам гарлыг сонирхон судалсан хүмүүс Дарьганга бол бие даасан ястан биш гэж үздэг юм билээ. Дарьгангын хошуунд дархад, баяд, урианхай гэх мэт Монголын олон овог, аймгаас ирж суурьшсан байдаг. Яагаад гэхээр Манжийн хаан өөрийн хоньчин, адуучин гэх мэт сүрэгчинг бий болгохдоо Монголын олон овог, удмын хүмүүсийг авчирч суурьшуулжээ. Үүнээс харахад Дарьганга хошуу бол Монголын олон овог, ястны цус холилдсон нутаг юм. Дарьгангачуудаас сэргэлэн, ухаалаг шилийн сайн эрс, олон эрдэмтэн, яруу найрагч, зохиолч төрдөг нь бас үүнтэй холбоотой байж мэднэ. Мөн Манжийн төр Дарьгангачуудын ажлын хөлсийг цалин цагаан мөнгөөр бодож үнэлдэг байсныг дагаад мөнгөн урлал эрчимтэй хөгжсөн байдаг. Энэ мэт зүйлийг ч хүмүүс ургийн бичиг, удмын түүхэндээ багтаан бичих ёстой.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
AESPA- Supernova
7 өдрийн өмнө
ВИДЕО: Trishna - ХООСОН
10 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]