Уншиж байна...
 
Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмживНийслэлийнхэн хямд гурил худалдан авах боломжтой болох ньТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдЭЗБХ: Танхимын тухай шинэчилсэн хуулийн төслийг хэлэлцэнэХот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сурганаЗасгийн газрын хуралдаанаар 30 асуудал хэлэлцэнэ“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээAESPA- SupernovaО.Амартүвшин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаЗасгийн газар: 7 хоногийн тоймТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвШУУД: Сонгуулийн өмнөх 230.000 ба 70.000 иргэний шилжилтийг царцаа байx магадлалтай гэж үзэн шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүллээ
Улаанбаатарт орон сууцанд орох шаардлагатай 290 мянган айл байна

Нийслэл хотын сэтгэл түгшээсэн асуудлууд болох агаарын болон хөрсний бохирдлыг нэг дор өргөс авах мэт арилгах боломжгүй ч орон сууцжуулах ажлыг эрчимтэй явуулж байж шийдлийн ард гарах учиртай.

Нийслэлийн 380 жилийн ойн хүрээнд Азийн хотуудын төрөөс баримталж буй орон сууцны бодлого, хөгжүүлэлтэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, гарцыг тодорхойлох, иргэдийн оролцоог нэмэгдүүлэн, харилцан туршлага солилцох, азийн бусад орнуудтай хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх зорилгоор “Азийн хотуудын орон сууцны IV форум”-ыг зохион байгуулж байна. Форумд орон сууцны талаар баримталж буй бодлого, санхүүжилтийн механизм, түрээсийн орон сууцыг хөгжүүлэх боломж ба хэрэгцээ шаардлага, төр, иргэн, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлж, саналаа хуваалцлаа.

Улаанбаатар хотын анхны орчин үеийн хороолол 1958 онд дөчин мянган метр квадрат, 1961 онд тавин мянган метр квадрат талбайтай орон сууц барьснаар дөч, тавин мянгат гэж нэрлэх болсон. Ийнхүү хэд хэдэн орон сууцны хорооллуудыг барьж, тухайн нутаг дэвсгэрийг сургууль, цэцэрлэг, соёл, ахуйн үйлчилгээний хамт бүтээн байгуулсан.

Орон сууцны корпорацаас гаргасан судалгаагаар Улаанбаатар хотын нийт өрхийн 44 хувь нь нийтийн орон сууцанд, 28 хувь нь гэр хорооллын байшинд, 27 хувь нь Монгол гэрт, нэг хувь нь амины орон сууцанд амьдарч байгаа бол үлдсэн хувийг орон гэргүй өрх эзэлж байна. Харин орон сууц худалдан авах хэрэгцээтэй 290 мянган айл байгаагаас 15 хувь нь буюу 43 орчин мянган айл нь л худалдан авах чадвартай. Мөн нийслэл хотын нийт өрхийн есөн хувь нь буюу 35 гаруй мянган өрх одоогийн амьдарч буй тухайн сууцаа хөлслөн амьдардаг.

2019-2021 он хүртэл гурван жилийн хугацаанд Улаанбаатар хотод 201 төслийн 31 мянга гаруй айлын орон сууцын төсөл хэрэгжихээр төлөвлөгджээ. Үүний 30 мянга гаруй нь нийтийн орон сууцны төсөл байгаа бол 847 нь таун хаусны төсөл байгаа юм. Ашиглалтад оруулах хугацаагаар харвал энэ онд 52 хувь буюу арван зургаан мянга, 2020 онд найм орчим мянга, 2021 онд долоон мянган айлыг ашиглалтад оруулахаар барилгын компаниуд төлөвлөж байна. Энэ онд ашиглалтад орох 70 болон түүнээс дээш хувийн гүйцэтгэлтэй нийт таван мянга орчим айлын орон сууц төслүүдийг худалдахад бэлэн аж.

Түүнчлэн хот, суурин газрын хэт төвлөрлийг сааруулах, суурьшлын оновчтой тогтолцоог бүрдүүлэх хүрээнд дагуул, хаяа хот, дүүрэг тосгодыг жигд тэнцвэртэйгээр хөгжүүлж иргэдийн орон сууцны хангамж, хүртээмжийг сайжруулах бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор “150 айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тухайлбал, ханын материал, баянголын ам, яармаг, цайзад урт хугацаанд хөнгөлттэй зээлээр болон зорилтод бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах төслүүд хэрэгжиж байна.

Монголын орон сууцны бодлого төлөвлөлтийн өнөөгийн байдлын талаар Нийслэлийн орон сууцны корпорацын гүйцэтгэх захирал ба НИХ төлөөлөгч Б.Сүхбаатараас тодруулахад:

“Өнгөрсөн хугацаанд бид орон сууцныхаа бодлогыг алдчихсан байсан. Харин одооноос зөв голдирол руугаа явж байна. Тухайлбал, гэр хороололд дэд төвүүд баригдаж эхэллээ. Дэд төвүүдийг хороолол, хотхон, бичил хотоор нь төлөвлөж явах ёстой. Гэтэл өмнө нь орон сууцыг зөвхөн орон сууц л гэж хардаг байсан. Чанар болон ашиглалтын зардал бууруулах талаар, ногоон байгууламж, дагаж бий болох ажлын байр зэрэг цогц төлөвлөлтийг хийдэггүй байсан. Тус форумыг анх зохион байгуулагдаж байхад бидэнд босгосон хөрөнгө, төлөвлөсөн зураг байдаггүй байлаа. Түрээсийн орон сууц гэхээр түрээс л ярьдаг байсан. Харин өнөөдөр түрээслээд өмчлөх олон төрлийн боломж, орон сууцаар газар солих боломжуудыг бий болгосон” гэв.

Цэргийн ангийн хуучин барилгыг халамжийн орон сууц болгон ашиглах боломжтой

Инженерийн дэд бүтэцгүй суурьшлын бүс буюу гэр хороололд орон сууц, бүтээн байгуулалтын шинэ бодлогыг нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэх юм. Ингэснээр газар чөлөөлсөн иргэдийн газар дахин гэр хорооллын суурьшил үүсгэн утаа гаргах асуудлыг зогсоох боломжтой юм.

Гэр хороолол бий болох үндсэн шалтгаан нь ган зуд болон хөдөөний амьдралын хүнд нөхцөлөөс үүдэлтэй шилжилт хөдөлгөөн юм. Үүнээс болж стандартад үл нийцэх нөхцөл бий болно. Тухайлбал, нүхэн жорлон нь хөрсний ноцтой бохирдлын шалтгаан болдог. Мөн усны хангамж муу, ус зайлуулах, суваг шуудуу ногоон байгууламж байхгүй, хог шороотой зам нь үер болон өвчлөлийн шалтгаан болдог. Түүнчлэн халаалтын шугам сүлжээгүй, чанар муутай нүүрсэн галлагаатай зуухнууд, эрчим хүчний үр ашиг муутай орон байрны улмаас хүйтнээс иргэд зутрах ба хүлэмжийн хийн ялгарал өндөр, өвлийн улиралд агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрдэг хэмээн Азийн хөгжлийн банкны хот байгуулалтын ахлах мэргэжилтэн Арну Хэкманн өөрийн илтгэлдээ дурджээ.

Азийн орнуудын орон сууцны өнөөгийн байдал

Дэлхийн томоохон хотуудын, тэр дундаа уур амьсгалын хувьд ижил төстэй азийн хотуудын орон сууцжуулах туршлагыг судалж хамтын ажиллагааг эхлүүлж буй.

Тус форумд халамжийн болон түрээсийн орон сууцны чиглэлээр 100 гаруй жилийн туршлагатай зочин орноор оролцож буй Франц улсын Парис хотын орон сууцны “Paris Habitat” байгууллагын төлөөлөгчид айлчлан, туршлага хуваалцсан юм.

Парис хот нь 2.3 сая оршин суугчтай, 150 км квадрат бүхий хүн амын нягтаршил өндөр хот юм. Парис хотын захиргаанаас хотын бүхий л хэсэгт холимог давхаргын суурьшил үүсгэх замаар дүүрэг хоорондын ялгааг арилгах, өгөршиж муудсан газруудыг сэргээн засварлан, шаардлага хангахгүй орон сууцыг нураах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж, үйлчилгээний чанарыг сайжруулах үндсэн зорилгууд тавьжээ. Тэд хүмүүсийн ялгаатай хэрэгцээ шаардлагад тохируулан шинэ барилгын нийлүүлэлтийн төрлийг нэмэгдүүлэх аж. Тухайлбал, хотын оршин суугчдад зориулан хүүхэд асрах газар, сургууль, спорт цогцолбор, эрүүл мэндийн тусламжийн төв зэргийг байгуулах юм. Мөн зорилтот бүлгүүдэд зориулсан үйлчилгээний төрлийг залуу ажилтан болон оюутан залууст, өндөр настан ба хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан, нийгмийн тусламж үйлчилгээний, түр байршуулах орон сууц гэж төрөлжүүлсэн. Харин манай улсад цэргийн ангийн хуучин барилга байгууламжийг халамжийн орон сууц болгон ашиглах боломжтойг онцолсон юм.

БНХАУ дахин төлөвлөлтөөр 80 сая гаруй барилга орон сууц барьж 200 сая гаруй иргэд орон сууцтай болсон

Бээжин хотын оршин суугчдын сонирхол, засгийн газрын үндсэн чиглэл болон нийгмийн олон давхаргын иргэдийн хэрэгцээг хангах зах зээлд үндэслэн, олон талт нийлүүлэлтийн сувгаар дамжуулан түрээсийн орон сууцны тогтолцоог хөгжүүлсээр. Урт хугацааны үр дүнд БНХАУ нь 1.4 тэрбум хүн амтай том улсын нийслэл болон хөдөө орон нутгийн иргэдийн орон сууцны асуудлыг оновчтой тодорхойлоод байна.

Хот суурин газрын нэг хүнд ногдох орон сууцны хэмжээ 1949 онд 8.3 метр квадрат байснаас 2018 онд 39 метр квадрат болж, хөдөө орон нутгийн нэг хүнд ногдох орон сууцны тогтолцоог сайжруулж орон сууцны төслүүдийг хэрэгжүүлжээ. Нийт орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд дахин төлөвлөлтөөр 80 сая гаруй барилга орон сууц барьж 200 сая гаруй иргэд орон сууцтай болсон. Ингэснээр дэлхийн хамгийн том орон сууцжуулах хөтөлбөрийн тогтолцоог бий болгосон юм.

“Сөүлийн орон сууцны корпорац”-ын ахлах мэргэжилтэн Ким Жи Юн:

“Солонгос улсын хувьд сүүлийн гучин жилийн хугацаанд бага, дунд орлоготой иргэд болон залуу гэр бүлүүдийг түрээсийн орон сууцаар хангах бодлогуудыг хэрэгжүүлсэн ба Сөүл хотын нийт хүн амын найман хувь нь түрээсийн орон сууцанд амьдардаг. Солонгос улсад мөн адил орон сууцны үнэ нь иргэдийн төлбөрийн чадвараас давах хандлагатай байгааг. Тиймээс 2018-2022 оны хооронд 240 мянган халамжийн түрээсийн орон сууц нийлүүлэхээр ажиллаж байна. Гол нь орлогод нийцсэн, хүртээмжтэй Сөүл хотыг бүтээх нь чухал” хэмээв.

Хот бүрээс онцлох зүйлүүд байдаг. Тайваны Тайпей хот гэхэд ногоон орон сууцыг сайн төлөвлөдөг, Сөүл хот бол орлогод нийцсэн түрээсийн орон сууцын бодлогыг эрчимтэй явуулсан. Хогны менежментийг сайжруулж, саарал усыг ашиглаж, эрчим хүчний хэмнэлийг бий болгож чадаж байна. Эдгээр нь эргээд орон сууцанд амьдарч буй иргэдийг ашиглалтын зардлыг урт хугацаанд бууруулж байна. Ингэснээр тухайн иргэн түрээсийн зардлыг төлөх, худалдаж авах боломж нь нэмэгддэг. Мөн хотууд орон сууцны хороолол барихдаа ажлын байрыг нэмэгдүүлэх арга хэмжээ авдаг. Тухайн орон сууцанд амьдарч байгаа иргэн хүүхдээ цэцэрлэг, сургуульд сургах, наад захын эмнэлгийн үйлчилгээ авах бололцоог нь хангахуйц цогц шийдэж байгаа нь энэ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
AESPA- Supernova
7 өдрийн өмнө
ВИДЕО: Trishna - ХООСОН
10 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]