Уншиж байна...
 
Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмживНийслэлийнхэн хямд гурил худалдан авах боломжтой болох ньТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдЭЗБХ: Танхимын тухай шинэчилсэн хуулийн төслийг хэлэлцэнэХот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сурганаЗасгийн газрын хуралдаанаар 30 асуудал хэлэлцэнэ“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээAESPA- SupernovaО.Амартүвшин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаЗасгийн газар: 7 хоногийн тоймТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвШУУД: Сонгуулийн өмнөх 230.000 ба 70.000 иргэний шилжилтийг царцаа байx магадлалтай гэж үзэн шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүллээ
Ж.Еркин: Азийн аваргад түрүүлэх зорилготой очсон

Арабын нэгдсэн Эмирт улсын Фужайра хотод болсон боксын өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс манай тамирчид нэг алт, хоёр хүрэл медаль хүртлээ. “Хилчин” клубын тамирчин Төгсжаргалын Номин-Эрдэнэ охидын 57 кг-ын жинд түрүүлж, хөвгүүдийн 63 кг-д Чулуунтогтохын Элбэг, охидын 48 кг-д Даваазоригийн Номин-Эрдэнэ нар хүрэл медаль хүртлээ. Т.Номин-Эрдэнэ Монголын боксын спортын түүхэнд шинэ хуудас нээж өсвөрийн Азийн аварга болж буй Монголын анхны эмэгтэй боксчин боллоо. “Хилчин” клубын дасгалжуулагч Ж.Еркинтэй ярилцлаа. Т.Номин-Эрдэнэ түүний гарын шавь аж.

-Шавь нь Азийн аварга болсонд баяр хүргэе. Эмират улсад болсон тэмцээнд хэрхэн оролцов?

-Арабын нэгдсэн Эмирт улсын Фужайра хотноо болсон өсвөр үеийн боксын Азийн аварга шалгаруулах тэмцээнд 26 орны 239 өсвөрийн тамирчид оролцлоо. Манай улсаас охидын төрөлд дөрөв, хөвгүүдийн төрөлд долоон тамирчин хүч сорилоо. Тамирчдын хамт дасгалжуулагчид болох Г.Ганхуяг, С.Дашбурмаа, Д.Баасандорж, Э.Ундрам болон миний бие оролцлоо. Боксчид маань нэг алт, хоёр хүрэл медаль хүртлээ. Энэ удаагийн өсвөрийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд миний унаган гарын шавь болох Т.Номин-Эрдэнэтэйгээ оролцлоо. Бид Арабт түрүүлнэ гэсэн зорилготой очсон. Зорилгоо ч биелүүлж чадлаа. Тэмцээний охидын 57 кг-ын жинд Т.Номин-Эрдэнэ хагас шигшээд Казахстаны Анар Турсунбекийг 5:0-ээр ялсан. Аваргын төлөө Хятадын тамирчин Лиянг Шинийг 4:1-ийн харьцаагаар хожлоо. Энэ жинд Ази тивээс эмэгтэй бокс өндөр хөгжсөн БНХАУ, Казахстан, Энэтхэг, Тайваний сайн тамирчид бий.

-Азийн аварга болсон шавийнхаа талаар ярина уу?

-Төгсжаргалын Номин-Эрдэнэ миний найз, манай шилдэг боксчдын нэг, олон улсын хэмжээний мастер Б.Түвшинбатын төрсөн ахын охин. Төгсжаргал ах 2014 онд надад “Чи хэзээ дасгалжуулагч болох гэж байна. Охиноо чамд шавь оруулна” гэсэн. Тэгээд би 2016 онд Цагаан сарын дараа боксын дугуйлангаа ажиллуулж эхлэхэд 13 настайдаа миний анхны шавь болсон. Түүнээс хойш “Олимпын гараа” тэмцээнээс хоёр алтан медаль авч, өсвөрийн УАШТ-д хоёр удаа түрүүлж, “Шилдэг боксчин”-оор шалгарч, залуучуудын улсын аваргаас хоёр хүрэл, Монголын Хүүхдийн тавдугаар наадмын алтан медаль аваад буй. Түүнээс гадна Олон улсын хүүхдийн наадамд түрүүлж, Казахстанд болсон олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнээс хоёр алт, нэг мөнгө, ОХУ-д болсон олон улсын тэмцээний хүрэл, БНХАУ-д болсон олон улсын тэмцээнээс мөнгөн медаль, бусад нэрэмжит тэмцээнүүдээс алт, мөнгөн медаль хүртэж байв. Тэгвэл энэ удаа өсвөрийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн анхны Монголын эмэгтэй тамирчин боллоо. Миний шавь Т.Номин-Эрдэнэ боксын спортод маш сонирхолтой, хичээнгүй хөдөлмөрч, дасгалжуулагчийн хэлснийг үг дуугүй биелүүлдэг дайчин охин. Шавь маань олимп, дэлхийн дэвжээнд Монголынхоо нэрийг гаргасан сайн боксчин болно гэдэгт итгэж явдаг.

2018 онд Дорноговь аймагт болсон өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээний алтан медалийн төлөө тоглох өдрийн өглөө эрт Б.Түвшинбат найз над руу залгаад “Төгсөө ах маань өнгөрчихлөө” гэв. Аавынх нь өнгөрснийг тэр өдөр шавьдаа хэлсэнгүй. Т.Номин-Эрдэнэ алтын төлөөх тоглолтод ялалт байгуулж, тэмцээний “Шилдэг тамирчин”-аар шалгарсан. Тэмцээнд явахад аав нь хоёр хүүхдээ дагуулан биднийг галт тэргэнд суулгаж өгсөн. Бид галт тэргэндээ суугаад цонхноос харсан чинь Төгсөө ах явахгүй зогссоор байв. Өмнө нь биднийг тэмцээнд гаргаж өгөхдөө суулгаж өгчхөөд шууд явчихдаг байсан болохоор би гайхаад галт тэрэгнээс буугаад яваад очсон. Надад нэг сонин мэдрэмж төрж “Та яагаад явахгүй байна. Бага охин тань даарлаа шүү дээ. Та хэд явж байгаарай” гэв. Тэгэхэд “Миний охинд сайн харж хандаж яваарай. Сайн тамирчин болгоорой. Чамд баярлаж явдаг шүү” гэв. Би “Танаас ч илүү харж хандаж явдаг шүү” хэмээгээд Төгсөө ахын мөрөнд алгадаад баяртай гээд салцгааж билээ. Төгсөө ахын тэнд охиноо надад захиж хэлж байсан үг одоо ч гэсэн миний сэтгэлээс гардаггүй. Тиймээс ч шавь нартаа өөрийн хүүхэд шигээ ханддаг. Тэдний бэлтгэлийг сайн хийлгэж, шавь нар маань дэлхийд нэрээ дуурсгасан тамирчин болно гэдэгт итгэдэг. 

-Өөрийнхөө тамирчин, дасгалжуулагчийн замналынхаа талаар?

-Би хүүхэд байхдаа л боксчин, цэргийн хүн болохыг мөрөөддөг байв. 2008 онд 22 настайдаа тамирчны замналаа эхлүүлсэн. Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс дөрвөн хүрэл медаль хүртсэн. Олон улсын тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байлаа. Хамгийн том амжилт гэвэл Германд болдог олон улсын нэр хүндтэй “Химийн цом” тэмцээнээс хүрэл медаль авч байв. 2011-2014 онд улсын шигшээ багт тамирчин явлаа. Миний өдий зэрэгтэй явж байгаа нь Э.Сайнбилэг багшийн минь ач. Багшдаа их баярлаж явдаг. Тамирчны замналаа өндөрлөөд дасгалжуулагч болсон. Шавь нар маань миний чадаагүй амжилтад хүрнэ гэдэгт итгэдэг. Одоо би хилийн цэргийн 0208 дугаар тусгай салбар, “Хилчин” спорт хорооны боксын дасгалжуулагчаар ажиллаж байна. Манай “Хилчин” спорт хорооны боксын насанд хүрэгчдийн баг 2017 онд улсын аваргад багаараа нэгдүгээр байр, 2018 онд гуравдугаар байрт шалгарсан. Өсвөрийн баг өнгөрсөн онд УАШТ-д багаараа гуравт орсон. Нэрэмжит тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцдог. Шавь нар маань улсын аварга шалгаруулах тэмцээнээс давхардсан тоогоор 15 гаруй алт, 10 гаруй мөнгө, 20 гаруй хүрэл медаль аваад байна.

-Дасгалжуулагчийн ажилд шантарч байсан үе бий юү?

-Анх боксын дугуйлангаа ажиллуулж байхад 5-6 хүүхэд цуглуулж аваад дотроо “Би дасгалжуулагч хийж чадах болов уу” гээд өөртөө эргэлздэг, шантардаг үе байсан. Удалгүй дасгалжуулагчийн ажилд шимтдэг болж маргаашийн бэлтгэл хурдан болоосой гэж боддог болсон. Бэлтгэлээс өөр юм бодох ч завгүй болж, заримдаа ар гэрээ ч мартдаг. Гэр бүлийнхэн маань намайг ойлгож, дэмждэг. Тэмцээнд явахад миний шавь нарыг дэмжиж суудаг. Миний ажлын амжилтад эхнэрийн маань ч нөлөө их. Амралтын өдрүүдэд манай шавь нар заримдаа “Багш аа танайд очъё” гэхээр гэртээ дагуулж явна. Гэртээ ирсэн тэднийг манай хүн гарынхаа амттай хоолоор дайлж, цайлдаг. Миний арын албыг найдвартай авч явдаг эхнэртээ их баярлаж явдаг.

Шавь нарын ололт амжилт надад урам зориг өгдөг. Монголын боксын спортын түүхэнд анх удаа миний шавь Т.Номин-Эрдэнэ өсвөрийн Ази тивийн аваргаас алтан медаль хүртлээ. Цаашдаа улам их амжилт гаргана гэсэн зорилготой. Үүний тулд маш их хөдөлмөрлөх хэрэгтэй. Надад суралцах зүйл маш их байгаа.

Гадаадад тэмцээнд явахдаа заримдаа хувиасаа мөнгө төгрөг гаргах нь энүүхэнд. Унаж байгаа автомашинаа барьцаанд тавьж зээл авах тохиолдол олон. Одоо ч гэсэн зээлээ төлөөд дуусаагүй явна. Ингэж явж байгаа дасгалжуулагч ганц би биш. Спортын дасгалжуулагчдын бүгдэд нь тохиолддог.

Өчигдөр өглөө тэмцээнээс ирээд гэртээ орчхоод л шууд бэлтгэлийн танхим руугаа явсан. Өнөөдөр багачуудын улсын аварга “Олимпын гараа” тэмцээн эхэлнэ. Тэднийхээ бэлтгэлийг хангуулна.

-Энэ жилийн хувьд бэлтгэл сургуулилтаа хэрхэн хийж байна?

-Дотоодын бэлтгэл, уралдаан тэмцээнүүдээс гадна өнгөрсөн зун гадагшаа бэлтгэлд явсан. “Тоёота Алфард” автомашинаар шавь нарыгаа дагуулаад, өөрөө жолоогоо бариад Казахстан улсын Алматы хотод очиж тус улсын охидын өсвөрийн шигшээ багтай 14 хоногийн хамтарсан бэлтгэл хийсэн. Мөн тэндээ олон улсын тэмцээнд оролцож ирсэн нь маш их өгөөжөө өгсөн. Дашрамд дурдахад намайг үргэлж дэмжиж тусалж байдаг удирдлага, хамт олондоо баярлаж явдаг гэдгийг хэлмээр байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
AESPA- Supernova
7 өдрийн өмнө
ВИДЕО: Trishna - ХООСОН
10 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]