Уншиж байна...
 
AESPA- SupernovaО.Амартүвшин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаЗасгийн газар: 7 хоногийн тоймТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвШУУД: Сонгуулийн өмнөх 230.000 ба 70.000 иргэний шилжилтийг царцаа байx магадлалтай гэж үзэн шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүллээИЗНН Увс аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээВИДЕО: Trishna - ХООСОННийслэлийн шилдэг татвар төлөгчдийг шалгарууллааБ.Лхагвасүрэн: 10 гаруй мянган өрх ипотекийн зээлд хамрагдах боломж бүрдлээШУУД: Үндэсний Баялгийн сангийн Хуримтлалын сангийн дансыг өнөөдөр Монгол банканд нээлээЛ.Оюун-Эрдэнэ: Дунджаар 25.000 өрхөд ипотекийн зээл олгох боломж бүрдлээПрокурор 259 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэвВИДЕО: ОУ-ын Хятад хэлний уран уншлагын тэмцээнийг Монгол Улсад анх удаагаа зохион байгуулж, ялагчид тодорлоо
Д.ТУНГАЛАГ : НӨХӨР МААНЬ НАМАЙГ ДЭМЖЭЭД, ЦОЛ БУУРЧ БИЛЭЭ

МоАХ-ны анхны гишүүдийн нэг Дамдинсүрэнгийн Тунгалагтай ярилцлаа.

-Ерээд онд та хаана юу хийж явсан бэ?

-Ерээд онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын II арван жилийн сургуульд багшаар ажиллаж байлаа. 1989  оны өвөл Улаанбаатарт Залуу уран бүтээлчдийн улсын  зөвлөгөөн болсон. Манай Н.Даваасамбуу гэдэг залуу тэр зөвлөгөөнд сууж ирээд “Хотод нэг ийм юм болж байгаа юм байна” гээд ярьсан. Тэгж байтал гуравдугаар сарын дундуур юм даа мартын найман өнгөрөөд Сэлэнгийн Партизаны талбайд явж байтал гурван залуутай таарлаа. Нэг нь манай Сэлэнгийн нэлээд сахилгагүй Паанай гээд залуу, нэг тахир хамартай залуу байна. Бас нэг бор залуу микрофон зоож байна. “Паанай юу болж байгаа юм бэ” гэсэн чинь “Өө Тунгаа багш аа та нааш ир, цуглаанд оролц” гэж байна. “Юун цуглаан юм бэ” гэсэн чинь “Та наанаа байж бай удахгүй эхлэх гэж байна” гэсэн. Д.Нинж манай Сэлэнгийн Баруунбүрэнгийн хүн юм билээ. “Монгол оронд өөрчлөн байгуулалт хийж, шударга ёсыг бий болгох гэж МоАХ байгуулагдаж байна” гэх мэтээр ярьсан. Хүмүүс үг хэлэхэд нь би бас  үг хэллээ. “Монголын Ардчилсан холбоо гэдгийн сургийг сонссон. Хотод ийм үйл ажиллагаа болж байгаа талаар сониноос уншсан. Гэхдээ миний амьдарч байгаа нийгэмд нялх хүүхдийн сүүн тэжээл...” гээд ярьж байсан. Тухайн үедээ би хүүхдийн тэжээлийн тухай ярьж байсан юм. Яагаад ч тэгсэн юм бүү мэд.

-Нялх хүүхэдтэй байсан юм уу?

-Би тэр үед гурван настай хүүхэдтэй байсан. Таван хүүхдийн хамгийн бага нь. Том нь долдугаар ангид байв. Хүүхдийн сүүн тэжээл ховор хомс байна. Нялхас хөхөө хөхөж байгаа ч нэмэлт тэжээлийн  олдоц асуудалтай тухай яагаад ч юм хэлсэн байгаа юм. Тэгэхэд хүүхдийн сүүн тэжээл гээд лаазтай сүү байдаг. Тэр нь тухайн үедээ ерөөсөө олдохгүй. Тэр сүүг нь хоёр, гурван сар болж байж ганц олж авна. Хүүхдэд ийм сүү уулгах бас зүгээр юм байна гэсэн утгатай юм ярьсан санагдана.

-Нөхөр тань юу хийдэг байв?

-Нөхөр маань цэргийн хүн байсан. Тэгээд цуглаан болоод өнгөрсөн. Нэг залуу хүрч ирээд “Баяр хүргэе, сайхан үг хэллээ” гэсэн.  “Өөрөө юу хийдэг вэ” гэж асуухаар нь багш гэсэн чинь “Бид МоАХ-нд гишүүн элсүүлэх гэж байгаа юм. Та 17 цаг гэхэд Сэлэнгийн Долгио чуулгын бага зааланд хүрээд ир” гэсэн. “Өө тэгье тэгье” гээд очоод суулаа. Паанай, Д.Нинж суучхаж. Бор залуу нь Дарханых, н.Батбаатар гэдэг юм билээ. Ардчилал, шударга ёс гээд баахан юм яриад, яриа нь сэтгэлд ойрхон байсан болохоор “Элсье” гэсэн. Бараг жар, далаад хүн гишүүнээр  элсэв. Тэгж байтал Сэлэнгэд зохион байгуулах хүн хэрэгтэй гэдэг юм. Чуулгад зураач байсан Г.Нороврагчааг хэдүүлээ сонгож байгаа юм. Уг нь тэнд өөр сонгочихоор хүмүүс байсан. Тухайн үед ямар процесс болсон юм, бүү мэд. Дэд тэргүүн бас сонгоод бичиг хэргийн ажилтан хэрэгтэй. Архив бүрдүүлэх ёстой гэсэн чинь “Хоёрдугаар арван жилийн сургуулийн багш Д.Тунгалагийг тавья” гэлээ.

Нэг өдөр сургууль дээр худалдаа хангамжийн ажилтан байсан н.Дэмбэрэлдорж гэж залуу ирлээ. “Өнөөдөр бид хоёрыг сум руу яв гэсэн.  Сумдад очиж МоАХны салбар зөвлөл байгуулж, гишүүн элсүүлнэ” гэв. Баянхараат, Хүдэр, Шаамар явах болсон. Хичээлээ  тараад шөнө гараад явсан чинь цагдаагийнхан УАЗ 469 машинтай элдэж хөөгөөд болдоггүй.  “Яана аа, гүйцлээ” гээд буугаад, хоёр, гурванмашин дамжиж байж Баянхараа орж байгаа юм. Очоод харин шинэ юм болохоор хүмүүс сонирхоод дороо цуглардаг байсан. “МоАХ байгуулагдсан. Шударга нийгэм байгуулна” гээд ярьдаг. Тэр үед ямар интернэт  байсан биш. Нэг ном л олж авсан юм. 

  Хот орж ирээд Д.Дорлигжав, Ц.Элбэгдорж,  сахал Б.Билэгт, Д.Нинж,  С.Зориг нартай уулзлаа. “Сэлэнгээс явж байна. Хүнд ярих юм байдаггүй ээ” гэсэн. Нэг жижигхэн ном өгсөн. Бодвол гарын авлага хийх гэж энд тэндээс түүвэрлэсэн бололтой, жижигхэн боршуур байв. Түүн дээр нь “Ардчилал бол засаглалын муу хэлбэр, гэхдээ хүн төрөлхтний байгуулж үзсэн бусад бүх загвараас хамгийн дээр нь”  гэсэн өгүүлбэр байна. Түүнийг нь цээжилсэн. Дөрөвдүгээр сар гэхэд 17 сумандаа бүгдэд нь салбар зөвлөл байгуулаад, зохицуулагчтай болгосон. Тэгээд л тавдугаар сард манайхан Сэлэнгэд өлсгөлөн зарлав.

-Өмнө нь Улаанбаатарт өлсгөлөн зарлачихсан байсан уу?

-1990 оны гуравдугаар сарын 7-нд өлсгөлөн зарлачихсан байв. Түүнийг дэмжээд анхны хуралд 15 төлөөлөгч явуулсан юм. Тэднийгээ юм сонсч ир гээд. Сайн сонсч ирээд түүнийгээ тал талаас нь боловсруулаад ард иргэдэд ярина гэсэн юм.

-Сэлэнгэд хэдэн хүн өлсгөлөн зарласан бэ?

-Долоон хүн өлсгөлөн зарласан. Төмөр замын н.Арилдий, ТМС-ийн н.Лхамсүрэн, Г.Нороврагчаагийн эхнэр н.Цэенханд ганцаараа эмэгтэй байсан. Намайг оролцох гэсэн чинь “Та хэрэггүй, арын ажлаа зохицуул. Баригдаад явбал та хүмүүстэй холбоо барих ёстой” гэсэн. Бид Хөвсгөлийн өлсгөлөнг дэмжиж  өлсгөлөн зарласан юм. Дархантай манайхан холбоотой байсан.  Тэр үед С.Зориг, Ц.Энхтүвшин  нар очиж, “Бидний намын төв хороонд тавьсан шаардлагууд биеллээ. Та нар сайн дэмжлээ. Одоо өлсгөлөнгөө буулгах хэрэгтэй” гэсэн. Дөрөв тав хоног үргэлжилсэн өлсгөлөнгөө ингэж зогсоосон.

Түүнээс хойш  үйл ажиллагаагаа явуулсаар Монголын Ардчилсан нам байгуулагдахад МоАХ-нд байсан хүмүүс бүрэлдэхүүнээрээ элссэн. Сэлэнгэ аймгийн  Ардчилсан намын анхдугаар их хурлаа хийгээд, анхны нарийн бичгийн даргаар нь би,  анхны дарга нь Д.Ганбат эмч болсон. Ингээд л үйл ажиллагаа жигдэрч эхэлсэн дээ.

-Ардчилсан хүчнийг дэмжиж, МоАХ-ны гишүүн болоход гэрийнхэн тань яаж хүлээж авсан бэ. Ардчиллыг шууд дэмжин хүлээж авах сэдэл танд байжээ?

-Сургуульд багшилж байхад удирдлагын харьцаа таалагддаггүй байсан.  Адилхан багш нарыг нэгийг нь хэт дэмждэг байлаа.  Миний ангид их мундаг хүүхдүүд байсан, шавь нар маань одоо ч том ажилтай. Шударга ёс гэдэг үг надад их таалагдсан.  Нөхөр маань МАХН-ын гишүүн, цэргийн хүн байв. Гэхдээ намайг их дэмжсэн дээ.

-Эхнэр, нөхөр хоёр өөр намынх болчихоор хэцүү юү?

-Хэцүү. Гэхдээ манай хүн намайг дэмжээд МоАХ-ны анхдугаар зөвлөгөөн гэж бид дөрөвдүгээр сарын 10-нд хийхэд шүхэрчдээ авч очоод, намын хурлаар орж байсан.

-Шүхрээр буусан юм уу?

-Нөхөр маань түймрийн үед шүхрээр хүн буулгадаг албаны дарга байсан. Хошууч цолтой. Эхнэр нь ардчилсан холбооных гээд  цолыг нь бууруулсан.

  “Манай хурлыг дэмжээд, хэдэн шүхэрчид буулгаач” гэсэн юм. Хашир өөрөө “Найзуудтайгаа тавуулаа буучихъя” гэсэн л дээ. Тавууланг нь Партизаны талбайд буулгаад, баярын бичиг гардуулж өгсөн чинь нөхрийгөө том арга хэмжээ авхуулсан. (инээв) Гэхдээ шүхрийн албаны дарга эрх мэдэлтэй, аймагт хамааралгүй байсан л даа. Мэргэжлийн хүн байхгүй учраас шууд халалгүй цолыг нь хураасан юм.

  Өлсгөлөн зарлахын өмнөх өдөр утас дуугараад нөхөр маань аваад “Аан за” гээд байсан. “Баларсаан. Маргааш баривчилгаа болох юм шиг байна”  гэсэн. “Одоо яах вэ, дулаан хувцсаа өмсөөрэй дөө” гэсэн. 18 цаг өнгөрч байхад нөхрийг маань дуудаад аваад явсан юм. Өглөө болтол ирээгүй. “Хөөрхий амьтныг баривчилж дээ” гэж бодсон. Өглөө хүүхдүүдийнхээ хувцсыг өмсүүлээд, том хүүдээ  мөнгө өгөөд “Миний хүү, ээж аав хоёр нь орой ирэхгүй бол вагонд суугаад, дүү нараа аваад хот руу яваарай. Эмээ, өвөө дээрээ очоорой” гэж захисан. Гараад явж байсан чинь дүү маань “Эгч ээ” гээд дуудаад гүйж ирлээ. Дүү хилийн цэрэгт байсан юм. “Эгч ээ, биднийг хамгаалалтад гаргасан. Та нарыг барих гэж байгаа гэж байна. Та битгий яв” гэж хэлээд эргээд гүйсэн. Ангийн захирагч нь миний найз байсан. “Эгчдээ очиж хэл. Барих тушаал өгсөн” гэж л дээ.

  Тэгэхэд өлсгөлөн зарлах гээд майхан бариад, ард түмэн ирчихсэн. Урд орой нь Сэлэнгийн атаман гэгддэг хүүхдүүдийг цуглуулсан. “Та нар бидний аюулгүй байдлыг хангана. Бид та нарт хоол л өгнө” гэсэн. Мөнгө цаасыг бид мэдэхгүй шүү дээ. Р.Төмөрбаатар гээд багш та нарыг хариуцаж ингэ тэг гэнэ. “Өлсгөлөн зарлаж байгаа хүмүүс рүү нэг ч хүн оруулж болохгүй” гэж захисан юм. Тэднээс Сэлэнгийнхэн айдаг юм чинь. Хилийн цэргийнхнийг   машинд суулгачхаж. Ямар нэг юм болвол цэргүүд бүслээд авна гэсэн үг. Аймгийн дарга дуудаж байна гэхээр нь бид хэд очсон. “Ямар шаадлага тавьж байгаа юм. Өлсгөлөн зарлаж болохгүй” гэсэн. “Намын төв хороог огцрохоос нааш өлсгөлөнгөө зогсоохгүй” гэсэн.

  Тэгээд талбай дээр эргэж очоод цагаан хоолойгоор баахан ярилаа. Нөгөө хүүхдүүд чинь хүн оруулахгүй. Гэтэл нэг хүн дайрч ороод Арилдийг чангааж гаргаад “Чи юу хүссэндээ эцэг, эхийн минь нэрийг гаргаж, энд өлсч цангаж суудаг юм” гэсэн. Нөгөөдөх нь “Та боль доо би өөрийгөө мэдэж байна” гэлээ. Боль гэсэн чинь “Би дүүгээ аваад явна, та нарт  хонь гаргаж чанаж  авчирна” гээд чирээд бөөн юм болов. Хамгаалалтын хүүхдүүд  нөгөөхийг чинь холдуулаад, Арилдий буцаж очиж суусан. Тийм хөгжилтэй юм болж байлаа. Тэгж бид хэд ардчиллыг дэмжиж байлаа. 1990-1998 он хүртэл Сэлэнгийн  намын нарийн бичгийн дарга хийсэн. 1998 онд залуу хүн хийг гээд ажлаа өгсөн. Аймагт олон төрийн бус байгууллага  байгуулсан.   1992 оноос сумын хурлын депутат байлаа.  1996 оны сонгуульд штаб удирдаж орсон. Ардчилсан холбоо эвсэл тэгэхэд  ялалт байгуулсан шүү дээ. Либериал эмэгтэйчүүдийн оюуны сангийн анхны даргаар Сэлэнгэд ажиллаж байгаад, эмч эмэгтэйд ажлаа өгсөн. Сумын иргэдийн хурлын нарийн бичгийн дарга байхдаа ХАС-ийн Ганхуягийн ХАС санг дэмжиж, иргэдийн хурлаар оруулж тогтоол гаргаад, хүмүүс бичил зээл авч эхэлсэн гэх мэтээр олон ажил хийж явлаа.

-Өнгөрсөн түүхээ эргээд харахад сэтгэл хангалуун байдаг уу?

-Ард түмэн гадаадад чөлөөтэй зорчдог болсон. Үгээ чөлөөтэй хэлдэг боллоо. Хувийн өмчтэй, газартай боллоо. Энэ бүхнийг өнгөрсөн нийгэмд мөрөөдөж ч чаддаггүй байсан. Харин  жирийн гишүүд бид дэмжиж лидер болгосон тэр хүмүүс эхлээд бидний  хөлөн дээр гишгэж, дараа нь өвдөг,  гаран дээр гарч, мөрөн дээр, толгой дээр маань гишгэж төрд очсон ч  сэтгэлд хүртэл ажиллаагүй л дээ.

 Ардчилсан нийгмийг хамгийн боломжтой нийгэм гэж дэмжсэн.

 “Та амбаар ч үгүй үлдчихээд яагаад ардчилал, шударга ёс яриад явдаг юм бэ. Тэр шударга ёс чинь хаана байгаа юм бэ” гэж надаас миний хүүхэд асуудаг.  Ардчилсан хувьсгалын 22 жилийн ойгоор гэнэт утас дуугарсан. Г.Баасан утасдаж “Маргааш хуралд заавал ирээрэй” гэсэн. Хүмүүсийн нэр дуудаад шагнал  гардуулаад л байна. Онцгой шагнал гээд 22 хүний нэр дуудсан. Миний нэр гарч байна. Улсууд хашхиралдаад сүйд болов. Хажуугийн хүнээс “Энэ ямар шагнал вэ”  гэсэн чинь “Нэг өрөө байр” гэнэ. Би ч бөөн баяр боллоо. “Баярлалаа, Женко дарга аа”  гэсэн.  Тэр батламжийг аваад долоон жил боллоо. Одоохондоо байраа авч чадаагүй л байна. Ардчилалд зүтгээд хамгийн их баярлаж хөөрсөн мөч тэр байсан даа.       Ингэхэд ардчилал хамгийн боломжтой нийгэм гэдгийг хэн хэлснийг би саяхан олж мэдсэн. Черчиль хэлсэн юм билээ  (инээв).  

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
AESPA- Supernova
17 цаг 53 минут өмнө
ВИДЕО: Trishna - ХООСОН
4 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]