Уншиж байна...
 
Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмживНийслэлийнхэн хямд гурил худалдан авах боломжтой болох ньТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдЭЗБХ: Танхимын тухай шинэчилсэн хуулийн төслийг хэлэлцэнэХот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сурганаЗасгийн газрын хуралдаанаар 30 асуудал хэлэлцэнэ“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээAESPA- SupernovaО.Амартүвшин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаЗасгийн газар: 7 хоногийн тоймТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвШУУД: Сонгуулийн өмнөх 230.000 ба 70.000 иргэний шилжилтийг царцаа байx магадлалтай гэж үзэн шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүллээ
А.Чингүн: Драмын театр уран бүтээлчийн жигүүрээ дэлгэх далавчийг нь бэлддэг газар биш

Хүмүүсийн амьд харилцаа хумигдсан энэ цаг үед хайр сэтгэлийн эрх чөлөөгөө олж авч буй залуугийн тэмцлийг өгүүлэх “Надтай үлдээч” жүжгийг УДЭТ-ын тайзнаа дахин тавьж буй. Тус жүжгийг найруулсан УДЭТ-ын найруулагч А.Чингүнтэй ярилцлаа.

-“Надтай үлдээч” жүжгийн гол хэлэх гэсэн санаа юу вэ?

-“Надтай үлдээч” жүжгийг өнгөрсөн есдүгээр сард нээснээс хойш нийт 21 удаа тоглосон бөгөөд тоглолт бүрт үзэгчид дүүрэн байлаа. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хүсэлтээр УДЭТ хамтарч өнөөгийн нийгмийн бодит байдлыг гаргах, нөгөөтээгүүр залуу уран бүтээлчдээ дэмжихээр уг уран бүтээлийг туурвисан. Уран бүтээлчдийн багийг би ахалж, ерөнхий найруулагчаар ажилласан. Өнөөгийн нийгэмд эцэг эх, залуучуудад сошиал ертөнц, гэр бүлийн үнэ цэн, хайр сэтгэлийн тухай ойлгуулах зорилготой. Түүнээс биш Чингүн халааснаасаа эсвэл гадаадын нэг зохиолыг авчраад тайзан дээр тавиагүй. УДЭТ-ын эрхэм зорилго бол нийгмийг соён гэгээрүүлэх. XXI зуун буюу техник технологийн эрин үед хүний дотоод мөн чанар, хүмүүсийн хайр сэтгэл хэрхэн өөрчлөгдөж буй тухай л залуучуудад өөрсдийнх нь өнгө төрх, соёлоор дамжуулан хүргэж, ойлгуулахын төлөө энэ уран бүтээлийг хийсэн.

-Жүжиг амилах болсон шалтгаан юу вэ?

-Энэ жүжиг бол эрх чөлөөний тухай. Амьдралын утга учир бол хайрлах, хайрлуулах. Хүн энэхүү мөн чанараа улам алдаж байгаа ба хэрхэн эргүүлэн олж авах тухай учраас хайрын эрх чөлөөний сэдэвтэй гээд байгаа юм. Ямар нэг уран бүтээл төрөх цаг үе гэж бий. Тиймээс ч Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас манай театрт энэ захиалгыг өгч, залуу үеийн төлөөллөөр уран бүтээлчдийн баг бүрдүүлсэн. Театрын удирдлага ийм жүжиг найруулах цаг нь болсон учраас надад эрхийг нь өгсөн гэж ойлгож байгаа. Миний хувьд 10-аад жүжигт туслах найруулагчаар ажилласан. Манай театрын шинэ жүжиг анх тавигдахдаа багадаа л нэг сар тайзнаа “өнждөг”. Үзэгчдийн эрэлт хэрэгцээ, хүсэлтээс шалтгаалж хэдий хугацааны дараа дахин тоглохоо шийддэг. Найруулагчид, уран бүтээлчид нэг зохиол, сэдвийг тайзнаа амилуулах гэж 10 жил “хадгалах” тохиолдол ч бий. “Надтай үлдээч” жүжгийн хувьд яг үнэнийг хэлэхэд тухайн үед зохиол хайгаад л явж байсан. Тэр ч утгаараа бодит амьдралаас босч ирсэн.

-Залуучуудад зориулсан бүтээлийн ихэнх нь хайр сэтгэлийн сэдэвтэй. “Надтай үлдээч” ч ялгаагүй ижилхэн. Гэхдээ залуучууд үүнийг яагаад үзэх ёстой вэ?

-Үнэндээ ихэнх жүжигт эмэгтэй хүнийг өмөөрдөг. Харин “Надтай үлдээч”-ийн хувьд эрэгтэй хүнийг эмэгтэй хүн ойлгохыг, энэ нийгэмд эрчүүд ч бас байгаа юм шүү гэсэн өнгө аясыг харуулна. Эмэгтэйчүүд үзээд эрэгтэй хүн бидэнтэй л адил хайрлаж дурлаад, сэтгэл нь дотроо эмтэрч явдаг юм байна гэж бодно. Мөн эрх чөлөөнийхөө тухай тэмцэж байгаа нь гол санаа.

-Залуу найруулагчийн нүдээр сошиал харилцаа давамгайлсан энэ цаг үед залуучуудын хандлагыг хэрхэн хардаг вэ?

-Нэгнээ хаана явааг мэдэх их амархан болж. Тиймээс бид бүгд айдас дунд амьдарч буй мэт. Ялангуяа, мэдээллийн урсгалын айдас дунд. Чойр, Чойбалсан, хаа холын АНУ-д болсон үйл явдал өнөөдөр бидэнд шууд ирж, хүмүүс тэр дор нь хүлээж авдаг тул асар их айдастай, стресстэй болсон байна. Үүнээс болж аливааг кино шиг төсөөлж, ээж, аав нарын хүүхдүүддээ тавих хараа хяналт дэндүү их болчихсон. Өөрөөр хэлбэл, бид мэдээллийн урсгалыг шүүж чадахгүй байгаа учраас сайн дураар өөртөө болон бусдад драм үүсгээд байх юм. Үдшийн 23.00 цаг болонгуут л хүүхдээ чи ямар хүнтэй хаагуур явж байна, ингэж ч болохгүй, тэгэж ч болохгүй гэсээр айдсаасаа драм үүсгэж, бүх зүйлийг зохиож бодох болж.

-Хүмүүст хүрсэн уран бүтээл туурвихыг найруулагч бүр хүсдэг байх. Ер нь найруулагчид ямар өгөгдлүүд байх ёстой вэ?

-Нэгдүгээрт, хүний амьдрах чадвар өөр. Би өөрийгөө Монгол Улсын Ардын Жүжигчин Бирваагийн Мөнхтөр багшийн хамгийн хайртай шавь нь гэж боддог. Найруулагчийн хамгийн гол харах хараа нь интернэтээр дүүрэн байгаа зүйл биш. Найруулагчид ерөөсөө л нийгмээс мэдэрч буй зүйлээрээ уран бүтээл туурвидаг. Би УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулагчийг 10 жил дагалдаж, УГЗ Б.Баатар агсан болон УГЗ Ч.Найдандорж найруулагчаас мөн маш их зүйл сурсан. Тиймээс залуу хүний хувьд бодлоо хуваалцахад сайн уран бүтээлийн нэг хэсгийг найруулагчийн мэдрэмж буюу эмзэглэл төрүүлдэг. Эмзэглэл гэдэг зүйл байж гэмээнэ ямар нэг уран бүтээл насан туршдаа амьдарч, он цагийг элээдэг. Зөвхөн нэг талыг нь барихаар бид жаахан хүүхдүүдийг татах л уран бүтээл хийнэ шүү дээ. Нэг ёсондоо, гэрэл гэгээнд хууртана гэсэн үг. Гэтэл хамгийн гол зүйл агуулгаас үүсдэг. Өнөөдөр нэг уран бүтээл туурвиж дуусаад дараагийн уран бүтээлээс дахин өөр нэг эмзэглэлийг олж хардаг байх хэрэгтэй. Энэ бүхэн л хүнийг соён гэгээрүүлэх, тархинд нь ирээд байгаа “вирус”-ийг устгах зорилготой. Найруулагчдыг сэтгэхүйн эмч гэдэг. Харин жүжигчин хүн бол тэр бүхнийг ойлгуулах эм нь юм. Эмийн жорыг найруулагч найруулдаг. Тиймээс сошиал ертөнц, асар их мэдээллээр бүх зүйл амархан ил болдог энэ ертөнцөд бид далд ухамсарт нь нөлөөлөх уран бүтээл л хийх ёстой. Гол нь энэ. Түүнээс биш барууны алаан хядаантай кино шиг хийсвэр зүйл өгөөд байж болохгүй.

-Ярианы эхэнд жүжгийн зохиол хайгаад явж байснаа хэлсэн. Зохиол сүүлд нь бий болж, тийм үү?

-“Надтай үлдээч”-ийн тухайд бол тийм. СУИС-д заадаг хамгийн эхний зүйл бол урлагийн хүнд таалагдах гэж нэг юм бий. Бүтэн ном уншаад таалагдахгүй бол яах вэ. Магадгүй ганц өгүүлбэр таалагдсан байж болно. Гэтэл тэр өгүүлбэрийг таалах болсон шалтгаан чухам эмзэглэлээс үүсдэг. Өөрөөр хэлбэл, эмзэглэл гэдэг нь драм. Үүнийг олж харах нь хамгийн чухал. “Надтай үлдээч” жүжгийн драм нь сошиал ертөнц, хайрын эрх чөлөөний тухай гэсэн дээ. Энэ драмаа түшиглээд жүжгийн үйл явдлын дараалал гаргаж, зохиолчтойгоо уулзсан. н.Элбэгтөгс зохиолчийн хувьд анхны жүжгийн зохиол нь “Надтай үлдээч” болсон. Ер нь манай жүжиг олон уран бүтээлчийн хувьд анхных нь. Тайзны зураач, хөгжмийн зохиолч, миний хувьд бие даан найруулж байгаа гээд.

-Хэдийгээр олон хүний хувьд анхны бие даасан бүтээл боловч та бүхэн хангалттай дадлага туршлагатай учраас хуучин мэт л ажилласан болов уу?

-Нэг талаар тийм. Гэхдээ хүн бүрийн арга туршлага өөр. Үнэхээр өөр. Зарим нэг хүн аливааг интернэтээс гаргаж ирж байхад нэг хэсэг нь аливааг зүрх сэтгэлээсээ шинээр бүтээдэг. Үүнд л ялгаа бий. Эмзэглэлээ олж авсны дараа Монголын хөрсөнд буулгах нь бас чухал. Хөрсжихгүй нь ч бий. Эмзэглэл гэхдээ хуучирдаггүй. Угаас хуучин зүйл гэж байхгүй шүү дээ. Хуучин мэт санагдаж буй зүйл дараагийн цаг үедээ шинэ болдог. Гэхдээ хүрээг нь аваад, зургийг нь соль гэж үг бий. Ойлгож байна уу, “коопий пээст” чинь урлаг болчихлоо. 10-15 жилийн өмнө бид хуулбар хийдэггүй байсан. Гэтэл одоо хэсэг бүлэг хүмүүс “коопий”-г урлаг болтол нь хөгжүүлж байна. Харин дэлгэцийн урлагаас ялгаатай нь театрын урлагт үүнийг хийх боломжгүй. Хийвэл тэгээд л баяртай.

-Дэлгэцийн урлагийг сонирхож байна уу. Бие даан кино найруулах тухай бодсон уу?

-Манайд жүжигчид гадуур ажиллаж болдог. Харин найруулагчид кино найруулаад, бие даагаад явбал театраас гарахаас аргагүй болно. Улсын соёл урлагийн бодлого хэрэгжиж буй энэ театрт 30 гаруй жүжигчин л бий. Үнэнийг хэлэхэд, энд өглөө 10.00 цагаас ирээд л үдшийн 11.00 цагт тардаг. Оройн үзвэр 19.00 цагаас эхэлдэг. Залуучууд маань маш шаргуу ажилладаг учраас гадуур уран бүтээл туурвих эрх чөлөө хомс. Гэсэн ч өөрсдийгөө байнга хөгжүүлэх ёстой.

-Улсын бодлогыг хэрэгжүүлэгч байгууллагад ажиллаж буйн хувьд уран бүтээлийн цензур хэр зэрэг байдаг вэ?

-Тийм цензур байхгүй. Ийм хандлага одоогоос 10 жилийн өмнө төгсгөл болсон. Тэр үед би дөнгөж театрт ажиллаж эхэлж байсан үе. Зарим нэг зүйл болохгүй юм байна гэсэн хандлагыг мэдэрч байсан. Одоо бол эрх чөлөөтэй. Энд тавигдаж буй ямар нэг уран бүтээл бол тухайн хувь найруулагчийн л үзэл бодол. Үүнийг хүмүүс сайн ойлгоосой гэж хүсч байна. Театрт уншсан зохиолоо үзэх гэж ирдэг хүмүүс бий. Гэтэл тэрхүү зохиолын бодит амьдралыг үлгэр болгох ч тохиолдол байна шүү дээ. Ер нь театрын уран бүтээл найруулагчийн өөрийнх нь үзэл бодол, харах өнцгөөс шалтгаална.

-Театрынхан гадуур халтуур их хийдэг үү?

-Нэг зүйлийг чи ойлго. Урлагт хайртай, дөнгөж урлагийн хүн болох тухай ярьж эхэлсэн цагаас эхлээд л драмын театрыг магтсан үзэл бодлоор сурсан миний хувьд хоёргүй сэтгэлээр 11 жил ажилласан ч урвахгүй. Цагаан цаасан дээр Бирваагийн Мөнхдорж гэдэг хүн өдөр, шөнөгүй театрын тухай ярьсан учраас тархинд өөр сигнал орж ирэхгүй байна, одоогийн байдлаар. Тэгэхээр юу ч болсон театртаа үнэнч байх нь чухал. Урлагийн хүний хамгийн чухал зүйл бол үнэнч байх. Бид цалин мөнгийг нь голоод орхиж гараад байвал Монголын театрын урлаг, найруулагчийн чадвар тэгээд л дуусна.

-Одоо цаг үед амьдарч байгаа найруулагчдаас та хэнийг хүндэлдэг вэ?

-Монголын театрын урлагийг 200 жил урагшлуулсан манай багш байна. Данзангийн Равжаа хутагтаас хойш манай театрын хөгжлийг “бөмбөгөр ногоон”-оор л төсөөлдөг байсан. Бидний тархинд маш том үр суулгасан нь багшийн маань гавьяа. Зах зээлд шилжсэнээс хойш Б.Баатар найруулагч уран бүтээлдээ мөн чанар, далд санааг маш гайхамшигтай шингээдэг байсан. Ч.Найдандорж найруулагч гээд ер нь драмын театрын тогоонд чанагдсан найруулагч, уран бүтээлч бүгд лидерүүд. Гэхдээ драмын театр бол уран бүтээлчийг жигүүрээ дэлгэхэд нь далавчийг нь бэлддэг газар биш. Одоо л иймэрхүү болчих гээд байгаа юм. Ер нь зах зээлээс хойш уран бүтээлчийн карьер нь сайжирч, танигдаад ирэнгүүтээ орхих тохиолдол олон болсон.

-“Надад үлдээч”-ийн дүрүүдийг та өөрөө сонгосон уу?

-Бодит хүнд тохиолдсон явдал учраас аль дүрд хэн тохирохыг зохиолчтойгоо яриад шийдсэн. Драмын жүжгийн гол дүрийн сонголт их онцлогтой. Хэлбэр талаас нь сонголт хийх учир дутагдалтай. Бүхэл бүтэн 1 цаг 30 минут тайзан дээр өөр нэг хүнийг амилуулах учраас цаад зүрх сэтгэл, араншин, сэтгэл санаа, амьдралын түүх гээд бүх зүйлийг харж байж сонгодог. Манай хоёр гол дүрд энэ бүхэн байгаа.

-Энэ удаагийн тоглолт анх тавигдсанаасаа өөрчлөгдөх үү?

-Тийм зүйл байж болохгүй. Найруулагчид анхны хувилбараа өөрчлөх тохиолдол байдаг. Харин “Надтай үлдээч”-ийн хувьд тийм зүйл байхгүй. Найруулагч анх юу харсан нь чухал шүү дээ. Драмын театрын бүтээгдэхүүн маш олон шат дамжлага дамжиж, уран бүтээлчид нь гадаад, дотоод гэсэн давхар давхар хяналтыг даван туулж байж бий болдог. Түүнээс биш дутуу хийж орхичхоод дараа нь янзалдаг газар драмын театр биш. Тиймээс бид таван сарын өмнө ямар байдлаар тоглосон яг л тэр хэвээрээ тоглоно. Академик театрын гол зүйл яг энэ. Бүх л зүйл мэргэжлийн байх ёстой. Яаж ч болохгүй өөрчлөгддөг зүйл бол гол дүрийн жүжигчин, түүнийг дагасан мэдрэмж л юм.

-Таны дараагийн “эмзэглэл” юу вэ?

-Бодоод л явж байна. Монголын хамгийн мундаг найруулагчдын дор ажиллаж, суралцах зүйлээ суралцаад л явж байгаа. Ямар ч байсан Монголын хөрснөөс төрсөн мэдрэмжээсээ л дараагийн уран бүтээлээ амилуулна. Гадаадад сургууль соёлд суралцаагүй учраас тэндээс том зүйл авчрахгүй. Зөвлөлтийн зохиолч Михайл Булгаковын “Мастер, Маргарита хоёр” романыг Монголд туурвиж байгаагүй учраас үүнийг жүжиг болговол хүмүүс үзнэ гэж ярьж чадахгүй ээ. Харин Монголын үзэгчдийн тархи, сэтгэхүйд хэрэгтэй байгаа зүйлийг л хийнэ. Магадгүй нэг өдөр “Мастер, Маргарита хоёр” уншиж байгаад тавихыг үгүйсгэхгүй. Магадгүй У.Шекспирын “Гамлет”-аас төрсөн мэдрэмжээрээ дахин найруулах ч юм бил үү. Энэ бүхэн мэдрэмжээс л гарна. Хэзээ урсч орж ирэхийг мэдэхгүй.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
AESPA- Supernova
7 өдрийн өмнө
ВИДЕО: Trishna - ХООСОН
10 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]