Уншиж байна...
 
Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмживНийслэлийнхэн хямд гурил худалдан авах боломжтой болох ньТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдЭЗБХ: Танхимын тухай шинэчилсэн хуулийн төслийг хэлэлцэнэХот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сурганаЗасгийн газрын хуралдаанаар 30 асуудал хэлэлцэнэ“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээAESPA- SupernovaО.Амартүвшин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаЗасгийн газар: 7 хоногийн тоймТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвШУУД: Сонгуулийн өмнөх 230.000 ба 70.000 иргэний шилжилтийг царцаа байx магадлалтай гэж үзэн шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүллээ
Бусдын цэнэглэгч хэрэглэх нь гудамжнаас олсон сойзоор шүдээ угаахтай адил

“Ном бол ертөнцийг харах цонх” гэдэг үгийг одоо цагт “Ухаалаг утас бол ертөнцийг харах цонх” гэж өөрчилж болохоор болж. Ухаалаг утаснаас хийхгүй юм гэж үгүй болсон гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй байх. Ухаалаг утасны чаддаг зүйлсийг тоочвол олон нийтийн сүлжээгээр аялна, бизнесээ сурталчилна, худалдан авалт хийнэ, хүүхдээ хаана явааг харна, банкны гүйлгээ хийнэ, сугалаанд оролцоно, ном уншина, тв үзнэ, тоглоом тоглоно, салгана нийлүүлнэ, хайж олно гээд “Говийн зэрэглээ”-ийн Арслангаас хол давсан олон чадвар мэргэжилтэй. Зарим хүний хувьд дээрх үгийг өөрчлөөд “Ертөнц бол ухаалаг утас юм” гэж хэлэх дээр тулсан.


Ухаалаг утас ийм олон ид шидтэй болно гэдэг нэг талаас тун амар. Ухаалаг утсыг ашиглаж сурахад тусгай мэргэжил шаардлагагүй ашиглахад хялбар, асар их хугацаа хэмнэдэг. Гэхдээ юм болгон хоёр талтай. Ертөнцийг тэр чигээр нь орлох шахсан энэ чадвар нь их эрсдэл дагуулж явдаг. Сая хол давсан үнэтэй утас авчхаад сархад хүртэхдээ гээж, автобусаар явахдаа алдаж, таксинд суухдаа халаасныхаа гадуур хийгээд мартаж явсан хүмүүс үүнийг сайн мэднэ. Гэхдээ ухаалаг утсанд агуулагдаж байгаа эзэн хүнийг ертөнцтэй холбож, өөрөө ертөнц нь болж байдаг асар их мэдээлэл, өгөгдлүүд алдагддаг нь хамгийн таагүй. Ухаалаг утсанд хэнээс нь мэдэгдэхгүй бичвэр зурвас ирж, нээгээд үзэх төдийд л вирус халдварлаад Facebook, Twiiter гэх мэт бүртгэлийнх нь нууц үгийг хулгайлаад өмнөөс нь нэвтэрч, хүмүүсээс олон сая төгрөг залилан авсан хэрэг ямар их гарлаа даа. Интернэт банкныхаа хэрэглэгчийн бүртгэл, нууц үгийг алдвал за тэгээд “Тамирын голын мөсийг долоох шахаж олж авсан” хөрөнгөө луйвардуулж, “хэдэн сайхан шараа хоёрхон муу вируст алдчихлаа гэж үү?” гээд суухаас өөр аргагүй.


Гэмт хэрэгтнүүд ч ухаалаг утас руу нэвтэрч, хэрэглэгчийн мэдээллийг хулгайлдаг, мэдээллийг нь нууцалдаг вирус халдаах аргаа улам нарийн болгож байна.
Ухаалаг утсаараа болж бүтэхгүй контент бүхий сайтуудаар хэсээд, баталгаагүй тоглоом суулгаад байвал ухаалаг утас удалгүй ажиллагаагүй болдог гэдгийг бүгд мэддэг болсон тул ийм төрлийн алдаа тэр бүр гаргахгүй болсон. Дээр дурдагдсан “мессеж” илгээж луйварддаг тухай анхааруулга явсан тул хүмүүс танихгүй дугаар, хүнээс ирсэн мессежийг нээж уншихаа больсон.
Гэтэл сүүлийн үед луйварчид цэнэглэгч ашиглан ухаалаг утсанд вирус халдаах явдал газар аваад байна.
Энэхүү луйврыг тун саяхан нэвтрүүлсэн. 2019 оны наймдугаар сард Лас-Вегаст жил бүр явагддаг компьютерийн зөвлөгөөн дээр “MG” гэсэн нэртэй хакер цугласан мэргэжилтнүүдэд өөрийн зохиосон аргыг бодитоор харуулсан. Тэрээр iPhone-ийн цэнэглэгч утас ашиглан iPod-ийг нөүтбүктэй холбож, бүрэн удирдлагадаа оруулж харуулсан. Тэрээр цэнэглэгч залгуурт тусгай вирус суулган өөрчилж чадсан байна. Ингээд энэ цэнэглэгчийг ашиглан iPod, iPhone зэргийг цэнэглэх явцад вирус нь халдварлан сууж амждаг. Үүний дараа вирус нь хэрэглэгчийн бүх мэдээллийг бага багаар хулгайлсаар ухаалаг утас дээрх бүх мэдээллийг авч эсвэл эрхийг нь гэнэт хааж орхидог. Харин эзэн нь яаж яваад хаанаас вирус авснаа бодоод бодоод олдоггүй гэнэ.

“MG” нэртэй хакер нэг хэсэг ийм аргаар муугүй хөлжсөн гэдгээ ч нуулгүй ярьсан аж. Тэрээр өөрчилсөн цэнэглэгчээ шуудангийн хаягаар компанийн гарын бэлэг гэж хүмүүст явуулдаг байж. Юу ч мэдэхгүй хүмүүс баярлан аваад утсаа цэнэглэх зуур мань эр утсыг нь бүрэн мэдэлдээ аваад мөнгө нэхсэн захидал явуулдаг. Алдсан цаг бус минут секундээр хэмждэг, дээр нь бүх мэдээллээ ухаалаг утсандаа суулгасан өрнөдийн хүний хувьд ухаалаг утсаа удирдаж чадахгүй болно гэдэг асар их цаг хугацаа алдсан хэрэг болно. Халдвар авсан гээд хаяад шинээр авч болох ч банкны бүртгэлийн нууц дугаараас эхлээд олон нийтийн сүлжээний бүртгэлээ сэргээх гэдэг нь их цаг шаардсан, залхуутай ажил. Ийм учраас тэд “MG” гээг хакерт 200 доллар төлөөд вирусийн эсрэг программыг худалдан авч, утсаа ашиглах эрхээ сэргээдэг байжээ.


Ингэж хакердсан цэнэглэгчийн дотор тусгай тоног суулгадаг тул жирийн нэг “цэнэглэгч”-ээр халхавч хийсэн бичил компьютер болж хувирдаг хэрэг. Ийм ч учраас цэнэглэгч худалдаж авахдаа туйлын анхааралтай байхыг сануулдаг болсон. Тэр тусам нисэх буудал, төмөр замын буудал зэрэгт байдаг нийтийн цэнэглэгчийг ашиглахаас зайлсхийх хэрэгтэй гэх болсон. Хакерууд ийм цэнэглэгч төвүүдийг ашиглан бусдын утсан дээрх мэдээлэл хулгайлах нь огцом өссөн болохоор тэр. Оны өмнө гаргасан статистик мэдээнд дурдсанаар нийтийн цэнэглэгч ашиглах бусдын утсан дээрх мэдээллийг хулгайлсан тохиолдол 556 саяыг бүртгэсэн байх юм.
Иймд баталгаагүй газраас хямд цэнэглэгч худалдаж авах, энд тэнд явж байгаа хүний цэнэглэгч ашиглан утсаа “уях” эсвэл нийтийн цэнэглэгчээр утсаа цэнэглэх нь туйлын аюултай, эрсдэлтэй зүйл болж хувираад байна. Зарим шинжээч ийм алхам хийхийг гудамжнаас олсон сойзоор шүдээ угаахтай адилтгаж байгааг хэлэх хэрэгтэй.


Хакерууд “juice jacking” гэж нэрлэсэн аргыг хамгийн түгээмэл ашигладаг. “Juice jacking” гэдгийг үгчилбэл “шүүс шахах” гэсэн утгатай. Хакердсан цэнэглэгч ашиглан таны ухаалаг утсан дээрх бүх мэдээллийг шинэхэн жимсний шүүс шахаж байгаа мэт шалчийтал нь шахаж авахад хэдхэн минут л хангалттай. Туршлагатай хакер ердөө гурван минутын дотор л таны утсан дээрх бүх мэдээллийг хуулж аваад, утсыг тань бүрэн мэдэлдээ авах боломжтой гэж мэргэжилтнүүд анхааруулж байна. USB оролт ашиглан цэнэглэхдээ өгөгдөл дамжуулалгүй, зөвхөн цэнэглэж байхаар тохиргоо хийхийг сонгож авах хэрэгтэй.
Ийм мэргэжилтнүүд байнга “power bank” авч явахыг зөвлөж байгаа. Утасны цэнэг дуусах болоход нийтийн цэнэглэгчээс бус “power bank”-аас цэнэглэх. Нийтийн цэнэглэгч ашиглахаар бол утсаа холболгүй “power bank”-аа цэнэглээд, дараа нь түүнээсээ утсаа цэнэглэж байхыг мэргэжилтнүүд зөвлөж байгааг тогтоож авахад илүүдэхгүй байх.

 

2019 оны хамгийн олон татагдсан аппликейшн

Ухаалаг утасны аппликейшн боловсруулах борлуулах бизнес нь дэлхийн эдийн засгийн хамгийн чухал салбарын нэг болж хувираад байна. Цаашдаа энэ салбар улам л өргөжнө. Та төсөөлөөд үзээрэй, 2021 он эхэд энэ салбарт эргэлддэг хөрөнгийн их хэмжээ 6,3 их наяд ам.доллар болно. Эрчимтэй хувьсан өөрчлөгдөж байгаа орчин үеийн зах зээлд аль чиглэлд түлхүү анхаарах ёстой талаар элдэв маргаан явагдаж байгаа энэ үед энэ тоонд, энэ зах зээлд онцгой анхаарал тавьдаг баймаар. Энэ бол зөвхөн залуучууд мэдлэг ухаан, тууштай зан, аз эзээ үзэх ёстой гол салбар.
Эдийн засгийн энэ салбарын тусгайлан судалдаг “Sensor Tower” аналитик компани нь 2019 онд ухаалаг утсанд хамгийн их суулгагдсан 20 аппликейшныг тодруулахад тун сонирхолтой дүр зураг гарсан байх юм. Тухайлбал, энэ жагсаалтыг эхний тавд орсон аппликейшны дөрөв нь Facebook компанийн өмч байна. Энэ дөрөв нь Facebook, Messenger, WhatsApp, Instagram. Ингээд зогсохгүй Facebook компани нь дэлхийн хамгийн үнэтэй брэндүүдийн жагсаалтад долдугаар байрт орж байна.


Энэ чиглэлээр ажиллаж байгаа хүмүүс, компанид ямар их боломж байгааг харуулна. 2019 онд хэрэглэгчид App Store-ээс 115 тэрбум аппликейшн татаж суулгасан бол Google Play-ээс 84 тэрбум апп татаж суулгажээ. Дэлхийн хүн ам хэд билээ? Тэднээс хэд нь ухаалаг утас байнга ашиглаж, интернэтэд ордог билээ? Тэд ийм олон удаа янз бүрийн аппликейшн татаж суулгасан байна. Шинэ технологи, боломжийг сонирхох, судлах хүний сонирхолд хязгаар үгүй, бидэнд маш их ирээдүй байгаа нь эндээс харагдаж байна.
Таталт нь хамгийн хурдан нэмэгдэж байгаа хоёр апп гарч ирсэн. Богино хэмжээний видео бичлэг хийх апп болох TikTok-ийг хэрэглэгчид 740 сая удаа татсан бол Likee-ийг 330 сая удаа татсан байна. 2016-2019 онуудад татагдсан байдлыг харуулсан дараах зургаас үүнийг харж болно.
Ухаалаг утсан дээр суурилан тоглоом мөн л эрчимтэй хөгжиж байна. Тодруулбал, 2019 онд ухаалаг утсаа ашиглан онлайн тулаан хийсэн хүний тоо 2,4 тэрбумд хүрчээ. Онлайн тоглоомын дундаас хамгийн олон татагдсан нь Call of Duty болсон. Түүнийг 170 сая удаа татсан ч нийт татагдсан тоогоороо 300 сая удаа татагдсан Pokemon GO хол тасархай байна. Онлайн тоглоомын салбарт Энэхэг, АНУ, Бразил, ОХУ хамгийн идэвхтэй байж.
Аппликейшн ашиглан ашиг олсон сонирхолтой жишээ олон байдаг. Жишээлбэл, бясалгал. Бясалгалын дамжаа нэгэн үе Монголд борооны дараах мөөг шиг л олон байсан. Тэгвэл сүүлийн жилүүдэд бясалгал хийж сурахад туслах зориулалттай аппликейшнууд маш их эрэлттэй байгаа аж.
“Sensor Tower”-ийн мэдээлж байгаагаар 2019 оны байдлаар бясалгал хийхэд зориулагдсан хамгийн түгээмэл аппликейшнуудын орлого 50 хувиар өссөн. Бүр тодруулбал, ухаалаг утсанд зориулагдсан бясалгалын шилдэг арван аппликейшн 195 сая долларын ашгийг эзэддээ авчирчээ. Тэгвэл 2018 онд үүний олсон ашиг нь 128 сая байсан, 2015 онд бол бүр 8 сая доллар л байж.
Йог, ухамсрын хүрээгээ тэлэх гэх мэт чиглэлийн аппликейшнууд ийм өндөр ашигтай ажиллаж чадахгүй байгааг мэргэжилтнүүд онцолж.
Өнгөрсөн жил ухаалаг утсан дээрээ бясалгалын шилдэг арван аппликейшнаас ядаж нэгийг нь татаж суулгасан хүний тоо 52 сая болсон байна. Ингэснээр ухаалаг утсаа ашиглан бясалгал хийх сонирхолтой хүний тоо 2018 оныхоос даруй 15,6 хувиар өссөн байх юм.


Үүний шалтгаан нь миллениал залуусын сонирхол гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна. “Миллениал” гэдгийг “2000-аад оныхон” гэж болно. Википедиа дээр бичсэнээр бол 1994-2004 оны хооронд төрсөн, интернэт ба тоон технологи амьдралд эрчимтэй нэвтэрч эхлэх үед төлөвшсөн залуучууд юм. Энэ үеийн залуус их хожуу гэр бүл болж, хүүхэдтэй болдог, өөртөө анхаарал халамж илүү сайн тавьдаг онцлогтой байдаг юм байна. Өөрөөр хэлбэл бизнес хийх, албан тушаал ахих, тав тухтай амьдрахыг эрхэмлэдэг. Үүний тулд бясалгал хийх нь хамгийн тохиромжтой гэж үздэг бололтой. Тэгээд юун төлөө “миллениал” гэсэн сүржин нэртэй, интернэтийн үеийн “бүтээгдэхүүн” билээ, дамжаанд явах, сургалтад суухын оронд ухаалаг утсаа ашиглан интернэтэд холбогдож, шаардлагатай аппликейшныг нь татаж суулгачхаад түүгээр бүдүүвч загвар хийж байгаа энэ аж.
Сэтгэл санааны түгшүүрийг арилгах, өдөр тутмын урсгал зорилтууд дээр сатааралгүй төвлөрөхийн тул өдөрт 10 минут бясалгал хийгээд байхад хангалттай гэдгийг 2017 онд эрдэмтэд баталсан байдаг.

 

Коронавирус 2019-nCoV Хятад утасны борлуулалтад нөлөөлж эхэлжээ

Хятадаас эхэлсэн коронавирус 2019-nCoV-ийн тархалт дэлхий нийтийн анхаарлын төвд байсаар. Ялангуяа ДЭМБ-аас 2019-nCoV вирусийн тархалтыг дэлхийн хэмжээнд онц байдал зарлан анхаарах ёстой гэж үзсэний дараа бүр ч ихээр анхаарах болсон. Зарим улс орон аюултай вирусийг нутаг руугаа оруулахгүй гэсэндээ Хятад брэндийн ухаалаг утаснуудыг 14 хоногийн хугацаатайгаар оруулж ирэхийг хориглоод байна. Жишээлбэл, ОХУ нь Huawei, Honor, Xiaomi, Vivo, Realme, ZTE, Lenovo ухаалан утаснуудыг 14 хоногийн хугацаатай оруулахыг зогсоож. Ингээд зогсохгүй үйлдвэрийнх нь шугам Хятадад байдаг Apple-ийг ч хоёр долоо хоногтой “тусгаарлахаар” болжээ.

 

6G холболт ашиглан 4К шийдэлтэй 50 киног нэг секундийн дотор татаж авна

Дэлхий даяар 5G холболтыг өргөнөөр ашиглахаар бэлдэж байна. Гэтэл энэ салбартаа тэргүүлэгчдийн нэг болох БНХАУ-ын мэргэжилтнүүд дараагийн үеийн буюу 6G холболтыг бүтээх ажлыг эхлүүлээд байгаа юм.
5G холболтыг ашиглах үеийн өгөгдөл дамжуулах хурд нь ойролцоогоор 35 Гбит/с. Туршилтын журмаар ажиллаж эхлээд байгаа сүлжээн дэх хурд нь үүнээс ч бага. Тэгвэл 6G холболт нэвтэрснээр өгөгдөл дамжуулах хурд нь 5G-ээс 8000 дахин хурдан байх аж.
Сидней их сургуулийн доктор Махьяр Ширванимогаддам нь 6G холболтын хурдыг өмнөх үеийнхээ 8000 дахин хурдан болох тухай мэдэгдсэн байна. Энэ бол ойролцоогоор 8000 Гбит/c буюу 1 ТБ/с гэсэн хурд юм. Ингэснээр интернэт ашиглалт нь чанарын өөр түвшинд шилжих нөхцөл бүрдэнэ. Ийм хурдыг харьцуулахгүйгээр төсөөлөхөд бэрх.
Тэгвэл 1 ТБ/с буюу 8000 Гбит/c хурд ашиглаад эхэлбэл хамгийн өндөр буюу 4К шийдэлтэй 50 ширхэг кино эсвэл 142 цагийн бичлэгийг нэг секундийн дотор татаж авах боломж бүрэлдэх юм. /4К шийдэл гэдэг нь Full HD гэдэг хэн бүхний шийдлээс дөрөв дахин илүү тод ялгарал, нарийвчлалтай гэсэн үг./
Гэхдээ 6G нэвтэртэл багагүй хугацаа өнгөрнө гэж мэргэжилтнүүд үзэж байгаа аж. Салбартаа тэргүүлэгчдийн нэг болох Хятадын HUAWEI компанийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар 6G холболт хамгийн хурдандаа 10 жилийн дараа нэвтэрч эхэлнэ. Хятад нь тооцож байснаасаа эрт буюу 2020 он гарахаас өмнө 5G холболтод албан ёсоор шилжиж эхэлсэн. Ингэснээрээ БНХАУ нь 5G холболтыг нэвтрүүлсэн дэлхийн хоёр дахь улс болсон. Өмнөд Солонгос нь 5G-ийг өргөнөөр ашиглаж эхэлсэн дэлхийн анхны улс болсон.
Хятад нь салбартаа тэргүүлэгчдийн нэг хэвээр байхыг хүсч байгаа нь ойлгомжтой. Иймд 2019 оны арваннэгдүгээр сарын эхээр 6G сүлжээг боловсруулах судалгааны баг байгуулан ажиллаад эхэлсэн. Энэ зорилгоор ажлын хоёр ч хэсэг байгуулсан тухайгаа Хятадын Шинжлэх ухаан ба технологийн яам мэдээлж байсан. Эхний бүлэгт нь 6G –д шаардлагатай судалгааны аргачлалыг хөгжүүлэх төрийн мэдлийн албад орно. Нөгөө бүлэгт нь 6G холболтын техникийн асуудлыг шийдэх 37 их сургууль, судалгааны хүрээлэн, үйлдвэрийн төлөөллөөс бүрдэх аж.
Харин электроник, интернэтийн салбарын тэргүүлэгч улс байсан Япон 5G холболтыг нэвтрүүлэхэд нэлээд удаж, манлайлагчийн байр сууриа алдсан. Наран улс 2021 оны хавраас улс даяараа 5G холболт руу шилжиж эхэлнэ. Иймд тэд дараагийн үеийн холболт дээр манлайлагч болохоор бэлтгэл ажлаа эхлүүлсэн байна.

 

Том бизнес эрхлэгчид “сошиал” сүлжээнээс зугтаж эхэлжээ

Ямарваа нэг бизнес эрхэлнэ гэдэг ямагт олон төрлийн эрсдэл дагуулдаг. Тэр тусам том бизнес эрхлэгчид нь өдөр тутам асар их эрсдэлтэй тулгарч байдаг. Тиймээс ч учраас том бизнесийн удирдлагууд аюулгүй байдалдаа юу юунаас илүү анхаардаг. Гэтэл сүүлийн үед бушуу шагайсан хөлсний алуурчид бус харин ухаалаг утас, интернэт, олон нийтийн сүлжээ ашигласан кибер дайралтууд том бизнест хамгийн ихээр заналхийлэх болжээ.
Ийм шалтгаанаар томоохон компанийн удирдах шатны ажилтнууд олон нийтийн сүлжээ, чат, мессенжерүүд дэх бүртгэлээ устган зугтах болсон гэдгийг судалгаа харуулжээ. “PricewaterhouseCoopers” нь дэлхийн олон орны 1600 компанийн удирдлагыг хамруулсан судалгаа тун анхаарал татсан дүр зургийг харуулсан байна. Тухайлбал, асуулгад оролцсон боссуудын 48 хувь нь кибер гэмт хэргээс сэргийлэх хамгийн шилдэг арга нь удирдах шатны ажилтнуудын нэрийг нууцлах явдал гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл олон нийтийн сүлжээн дэх өөрсдийнхөө бүртгэлийг устгаж, компанийн болон хувийн амьдралаа бүрэн нууцлах ёстой гэж үзсэн. Түүнээ ч хэрэгжүүлээд олон нийтийн сүлжээнээс гарцгаасан аж. Зайлшгүй шаардлагаар олон нийтийн сүлжээг ашиглах тохиолдолд нэрээ өөрчилдөг, зураг хөргөө байршуулдаггүй гэх мэт арга хэмжээ авдаг аж.


Мөн асуулгад оролцсон боссуудын 80 хувь нь бизнест нь заналхийлж байгаа хамгийн том аюулыг кибер халдлага гэж нэрлэсэн байна.
Харин том компанийн боссууд гэдэг бол туйлын хашир, болгоомжтой, дийлэнх нь алсын хараатай хүмүүс байдаг гэдэгтэй маргах хүн гарахгүй биз. Тэгэхээр энэ хандлага нэгийг сануулж байна.
Аюулгүй байдал хариуцсан шинжээчид үүнтэй холбогдуулан “Дэлхийн хэмжээнд кибер гэмт хэрэг нь бизнесийн удирдлагын гол асуудал, брэндийн нэр хүндийн үндсэн аюул болж хувираад байна” гэсэн тайлбар өгч байна.
Кибер гэмт хэрэгтнүүд өдөр ирэх тусам улам нарийн арга бодож олсоор. Үүнийг дагаад янз бүрийн илчлэхээр сүрдүүлэн мөнгө нэхэгчдийн тоо асар их олширч байна. Түүнчлэн интернэт туслах, янз бүрийн программ хангамж, аппликейшнгүйгээр бизнес төсөөлөхөд бэрх болсон гэдгийг дагаад эдгээрийг ашиглан компанийн боссуудыг нууцаар тагнах, мөрдөх, яриаг нь чагнах боломж нэмэгдэж байгаа нь том асуудал болж хувирчээ.
Иймд ойрын жилүүдэд том компанийн удирдлагууд кибер аюулгүй байдлын асуудалд эрс шинэчлэл хийж, чанарын өөр түвшинд гаргах шаардлагатай болно гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Хэдхэн хоногийн өмнө хакерууд дэлхийн хамгийн баян хүн гэгддэг Amazon компанийн үүсгэн байгуулагч Жефф Безосын ухаалаг утсанд сэм нэвтэрч ихээхэн хэмжээний мэдээлэл хулгайлсан явдал том компанийн боссууд ямаршуу асуудалтай тулгараад байгааг тод харуулсан хэрэг болсон.

 

Ухаалаг зурагт хов зөөдөг үү?

АНУ-д саяхан явуулсан нэгэн судалгаа нь ихээхэн моодонд ороод буй ухаалаг зурагтууд маркетингийн компаниудад хов зөөдөг болохыг харуулжээ. “Samsung”, “LG”, “Vizio”, “TCL” гэсэн дөрвөн дэлхийд алдартай брэндийн ухаалаг зурагтууд дэлгэцэн дээрх зургийг хуулбарлан авч сервер лүү явуулдаг болохыг нотолжээ. Ухаалаг зурагт буюу smart tv-ийн интернэт холболтуудыг Америкийн Принстоны их сургуульд бүтээсэн IoT Inspector программ ашиглан судалжээ.
Ер нь статистик мэдээгээр дундаж америк хүн өдөрт 3,5 цагийн турш ТВ үздэг гэж гардаг. Харин интернэт холболт ашигладаг ухаалаг зурагтууд нь хэрэглэгчийн тухай үед үзэж байгаа зүйлийн зургийг аваад өөрийн сервер лүү явуулдаг байна. Ингэснээр тухайн хүний талаарх хувийн мэдээллийг цуглуулахгүй ч гэлээ хэрэглэгч гэсэн талаас нь ямар нэвтрүүлэг, ямар реклам, ямар кино хэдийд үздэг гэх мэт маркетингт маш чухал мэдээллийг цуглуулан сервер лүү явуулж, харин түүнийг нь цуглуулж боловсруулаад маркетингийн компаниудад худалддаг байж болох аж.
Ухаалаг ТВ ашиглан интернэтээр бичлэг үзэж байна уу эсвэл шууд ТВ нэвтрүүлэг үзэж байна уу хамаагүй, тодорхой хугацааны зайтайгаар дэлгэцэн дээрх зургийг хуулбарлан аваад сервер лүүгээ явуулдаг. “Vizio” компанийн ухаалаг ТВ гэхэд секунд тутамд дэлгэцийн зургийг сервер лүү явуулж, дараа нь тухайн хэрэглэгчийн хувийн сонирхлын талаарх мэдээллийг 30 орчим янз бүрийн компанид зардаг болохыг тогтоосон юм байна.
Хууль зүйн хувьд тухайн хүний хувийн амьдралтай холбоотой мэдээлэл цуглуулаагүй, зөвхөн өөрийн төхөөрөмжийн үйл ажиллагааны талаарх бодит мэдээлэл цуглуулсан гэж тайлбарлах боломжтой тул шүүхээр заргалдаад ялалт байгуулах бараг боломжгүй байдаг онцлогтой аж.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
AESPA- Supernova
7 өдрийн өмнө
ВИДЕО: Trishna - ХООСОН
10 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]