Уншиж байна...
 
Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмживНийслэлийнхэн хямд гурил худалдан авах боломжтой болох ньТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдЭЗБХ: Танхимын тухай шинэчилсэн хуулийн төслийг хэлэлцэнэХот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сурганаЗасгийн газрын хуралдаанаар 30 асуудал хэлэлцэнэ“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээAESPA- SupernovaО.Амартүвшин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаЗасгийн газар: 7 хоногийн тоймТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвШУУД: Сонгуулийн өмнөх 230.000 ба 70.000 иргэний шилжилтийг царцаа байx магадлалтай гэж үзэн шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүллээ
ТӨВ БАНКНЫ ТӨӨРСӨН БОДЛОГО

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2019.06.12 өдрийн хуралдаанаар Монголбанкны 2018 оны үйл ажиллагааны тайланг сонсов. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан чихэнд чимэгтэй сайхан дүгнэлт уншиж өгөв. Харин Төв банкнаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа туйлын хангалтгүй байгаа. Тиймээс тус тайлантай холбоотой бодит байдлыг цэгнэж үзье.
Н.Баяртсайханы уншсан тайланд банк, санхүүгийн салбарын эрх зүйн шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлэх хэд хэдэн хуулиуд батлуулсан, одоо зарим хуулиуд дээр ажиллаж байгаа талаар дурджээ. Харамсалтай нь энэ салбарын эрх зүйн шинэчлэлийг Монголбанкны хийх ёстой хүлээгдэж байсан ажил. Энэ бүхнийг өөртөө наах нь тийм ч оновчтой сайрхал биш. Ний нуугүй хэлэхэд батлагдсан хуулиудыг нь сөхөж үзвэл шүүмжлэх зүйл маш их бий.

 

БИ ҮХЭХЭЭР ЧИ ҮХ

Хөгжлийн банк, Засгийн газрын бондуудыг амжилттай дахин санхүүжүүлж, 2017 оны VIII сарын 21-нд хугацаа дуусахаар хүлээгдэж байсан Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн хугацааг гурван жилээр сунгахаар болж богино хугацааны өрийн дарамтыг бууруулсан талаар онцолжээ. Энэ нь үнэн хэрэгтээ Сү. Батболдын Засгийн газрын босгосон 580 сая ам.долларын Евро бондыг Хуралдай бондоор сольсон, Ж.Эрдэнэбат сангийн сайд байхдаа авсан Димсан бонд(160 сая ам.доллар) болон Чингис бондын 500 сая ам.доллар, дүрээ хувиргаж Гэрэгэ бонд болсноос өөр гавьтай ажил хийгдээгүй. Шинэ шошготой бондууд 2020-24 онуудад төлөгдөхөөр хүлээгдэж байна. Хугацаагаа хойшлуулсан болохоос өр төлөгдөөгүй. Энэ үйлдлийг “Би үхэхээр чи үх” гэдэг монгол ардын зүйр үгээр илэрхийлэхэд хангалттай. Монгол Улс 2020-2024 оны хооронд төр болон хувийн хэвшлийн томоохон дүнтэй гадаад өр, төлбөрийг барагдуулахад нийт 13.3 тэрбум ам.доллар шаардагдах ба Засгийн газар, Монголбанкны төлөх дүн нь 7.1 тэрбум ам.доллар байна.

 

ОУВС ХӨТӨЛБӨРТ ОРОХЫН ТУЛД ЭДИЙН ЗАСГАА БУСНИУЛЖ, ИРГЭДДЭЭ АЧААНЫ ХҮНДИЙГ ҮҮРҮҮЛСЭН НЬ

2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр Засгийн эрхийг атгасан МАН тухайн үеийн улс орны эдийн засагт зохих үнэлгээ дүгнэлт өгч, хэрэгжүүлэх тодорхой бодлогогүй байжээ. Тиймээс ОУВС хандах ганц гарцыг сонгохоос өөр арга зам байсангүй. Ингээд тухайн үеийн Сангийн сайд болон Монголбанкны ерөнхийлөгч нар “улс орны эдийн засаг элгээрээ хэвтжээ” гэх үлгэрийг удаа дараа мэдэгдэж эхэллээ. Энэ нь валютын ханшид шууд нөлөөлөв. Ямар нэгэн банкны захирал “манай банк дампуурч байна” гэж мэдэгдвэл маргааш нь хадгаламж эзэмшигчид мөнгөө татаж, банк дампуурах нь тодорхой. Яг ийм дампуу үйлдлийг манай эрх баригчид хийсэн юм.
Төгрөгийн ам.доллартой харьцах ханш огцом нэмэгдэж их хэмжээний валютын нөөцөө интервенц хийж гөвсөн билээ. Ийнхүү ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдахын тулд иргэдийн нуруунд их хэмжээний ачаа үүрүүлсэн юм. Ханш шууд 500 төгрөгөөр (График 1.) өсч, өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ огцом нэмэгдлээ. 2016 оны сүүлийн хагаст ханш тогтоон барих зорилгоор хийсэн интервенцэд 884 сая ам.доллар(График 2.) хийсгэж улс орныхоо эдийн засагт ноцтой хохирол учруулсан түүх нэг иймэрхүү.


Хэрэглээний Үнийн Индексийн сагсан дахь 344 нэр төрлийн бараа, үйлчилгээний үнээс инфляцад хамгийн их нөлөө үзүүлж буй 50 нэр төрлийн бараа, үйлчилгээний үнийг судалж үзэхэд ихэнх нь буюу 72 хувь нь импортын бараа эзэлж байна. Энэ нь манай улсын инфляцын түвшин нь импортын барааны үнээс ихээхэн хамааралтайг харуулж байгаа бөгөөд эдгээр барааны нийлүүлэлт болон манай улсын төгрөгийн гадаад валюттай харьцах ханш, ялангуяа АНУ-ын доллартой харьцах ханш чухал нөлөөтэй гэдгийг энд нотлох шаардлага байхгүй

 

УУЛ УУРХАЙН ЭРДЭСИЙН ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНИЙН ӨСӨЛТИЙГ ӨӨРТӨӨ НААХЫГ МЭРИЙГЧ

2011 онд уул уурхайн бүтээгдэхүүн, ялангуяа зэс нүүрсний дэлхийн зах зээлийн үнэ ханш өндөр байсан нь манай эдийн засагт нөлөөлж 17.3 хувийн өсөлт авчирсан. Энэ өсөлтийг үе үеийн МАН-ын эрх баригчид өөртөө наахыг мэрийсээр иржээ. Учрыг нь тунгаавал, тэр жил Хятадын нүүрсний импортын дийлэнхийг нийлүүлдэг Австралид хүчтэй үер бууж нүүрсний уурхайнууд хаагдсан бол Индонезийн уурхайчдын цалин хөлсөө нэмүүлэх ажил хаялт, хөдөлгөөн ид өрнөж байсан үе. Хятадад нүүрс нийлүүлэгч хоёр улсын хувьд ийнхүү уурхайнуудынх нь үйл ажиллагаа зогссон нь нүүрсний үнэ ханшийг хөөрөгдөж, манай нүүрсний нийлүүлэлт ч нэмэгджээ. Ийн Монгол улсын ДНБ-ний хувь хэмжээ өссөн билээ. 2011 оны арван нэгдүгээр сард Хятадын Чинхуангдао боомтод нүүрс тонн нь133-134.5 ам.долларт хүрч байсан бол 2012-2016 онуудад 30 ам.доллароос доош нь орсон байдаг. 2005 онд нүүрсний борлуулалтын орлогогүй байсан Монгол улс 2011 онд 2 тэрбум гаруй ам.долларыг нүүрсний борлуулалтаас олжээ.
Уул уурхайн мөчлөг 2016 оны сүүлчээс сэргэж 2017,2018 онуудад үргэлжлэн өсч байна. Эрх баригчид энэ бүхнийг мөн л өөртөө хамаатуулан бурж явна. Ганцхан жишээ дурдахад: 2012 онд зэсийн баяжмалын борлуулалтын орлого 838,5 сая ам.доллар байсан бол 2018 онд 2 тэрбум ам.доллар давж хоёр дахин, 2015 онд нүүрсний борлуулалт 555.9 сая ам.доллартой тэнцэж байсан бол 2018 онд 2.8 тэрбум ам.долларт хүрч зургаа дахин нэмэгдсэнээр манай эдийн засаг сэргэж эхэлсэн. Экспортын орлогын 90 хувь уул уурхайгаас ордог, тэр дундаа зэс, нүүрсний борлуулалт нь 70-80 хувь эзэлдэг эдийн засагтай Монгол улсын хувьд эдийн засаг өсөх болсон шалтгаан эндээс маш тодорхой харагдана. Харин энэ өсөлтийг Монголбанкны ерөнхийлөгч өөртөө наахыг оролдсон нь дэндүү гэнэн мэдэгдэл байлаа.

 

ХЭДИЙ БОЛТОЛ ХҮҮ БУУРЧ БАЙНА ГЭЖ ИРГЭДЭЭ МОЛИГДОХ ВЭ

Зээлийн жигнэсэн дундаж хүү 2018 оны эцэст 16.9 хувь болж, сүүлийн зургаан жилийн хамгийн бага түвшинд хүргэсэн “том гавьяа”-ны асуудал мөн дурдагдав. Харамсалтай нь олон улсын санхүүгийн байгууллага, донор орнууд, ипотекийн найман хувийн хүүг дундчилж харвал ийм үзүүлэлт гарна. Ямар ч аж ахуй нэгж, хувь хүнээс асуухад арилжааны банкны хүү огт буураагүй гэдгийг ам бардам хэлнэ. Хас банк бусдаа бодвол хамгийн бага хүү санал болгож байгаа нь жилийн 24 хувь. Тэгэхээр “бизнес эрхлэгчдийн дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, ажлын байр, үйлдвэрлэл өсөхөд чухал түлхэц болсон” гэх дүгнэлт бодит амьдралд огт нийцэхгүй. Ажилгүйдлийн түвшин буурч байгаа гэх статистик мэдээлэл байгаа хэдий ч, ажилгүйдэл нэмэгдэж, ядуурал газар авсаар байгаа. Үүний бодит жишээ нь хамгийн бага орлоготой өрхийн хүнс тэжээлийн дэмжлэг 2017 онд 26 мянган өрхийн 138 мянган иргэн хамрагдахаар төсөвлөсөн хөрөнгө хүрэлцэхгүй учраас 2017 оны 11,12 дугаар сараас хоёр дахин нэмэгдүүлж, нийт 52.3 мянган өрхийн 288.6 мянган иргэн хамрагдах тооцоо гарч байснаас харж болно.

 

ВАЛЮТЫН НӨӨЦӨӨ НЭМЭГДҮҮЛСЭН ҮҮ, ХИЙСГЭСЭН ҮҮ?

Валютын албан нөөцийг сүүлийн хоёр жилд дөрөв дахин өсгөн 3.8 тэрбум ам.долларт буюу импортын ес орчим сарын хэрэгцээг хангах түвшинд хүргэн нэмэгдүүлсэн гэж сайрхжээ. Бодит байдал дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш нэмэгдсэнээр 2016 оны дүнгээр төсвийн орлого таван их наяд 852 тэрбум байсан бол 2018 онд 9.2 их наяд төгрөгт хүрч даруй 3.4 их наяд төгрөгөөр нэмэгдсэн. 2016 онд эрдэс бүтээгдэхүүний экспортоос 3.4 тэрбум ам.доллар, 2018 онд зургаан тэрбум ам.долларын орлого олж 2.6 тэрбум ам.доллароор нэмэгдсэн. Мөн ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрөөс 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт хийгдэхээс 2017 онд 728 сая, 2018 онд 836 сая ам.доллар орж ирсэн. Олон улсын хөрөнгийн захад “Хуралдай” болон “Гэрэгэ” бондыг гаргасан, Хөгжлийн банк 500 сая ам.доллар, Монголын Ипотекийн Корпорац 300 сая ам.долларын бонд босгосон, Монголбанк 2016 онд 18.6 тонн, 2017 онд 20 тонн, 2018 онд 22 тонн алт цэвэршүүлсэн зэргийг тооцож үзвэл харин ч чамлахаар валютын нөөцтэй байгаа юм. Учир нь валютын ханшаа барих зорилгоор интервенц хийж 2018 онд 1.2 тэрбум ам.доллар, он гараад 800 сая ам.долларыг салхинд хийсгэж орхиж. Өөрөөр хэлбэл, 2016, 2017, 2018 онуудад газар хөрсөө сэндийлэн байгалиа сүйтгэн байж олборлосон алтнаас олсон валютаа үр дүнгүй интервенц хийгээд үгүй хийчхэж. Хариуцлага ярьж хашхирдаг эрх баригчид ч таг чиг. 2016 оны зургаан сарын ам.долларын төгрөгтэй харьцах ханш өдгөө бараг 700 орчим төгрөгөөр нэмэгджээ.


Төв банкны үндсэн үүрэг бол үндэсний мөнгөн тэмдэгтийн худалдан авах чадварыг хамгаалах буюу үнийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн зуучлалыг тогтвортой үргэлжлүүлэх буюу санхүүгийн тогтвортой байдлыг хангах явдал. Аливаа улсын Төв банкны хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнг инфляцаар хэмждэг. Ардчилсан нам ажлаа өгөхөд Монгол улсын инфляц хоёр хувь буюу түүхэн хамгийн сайн тэнцвэр дээр байсан. Харин сүүлийн гурван жилд найман хувиас дээш гарчээ. Энэ бүхний үр дүн нь гурван жилийн хугацаанд ард иргэдийн орлогоос 20 орчим хувийг хумсалсан гэдэг ганц үзүүлэлтээр хэмжих учиртай.
Бодит байдал ийм л байна.

 

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС АСУУХ АСУУЛТ

Улс төрч хүн Монголбанкийг удирдах нь ямар их алдаа дагуулдгийг дараах асуултуудаас тодорхой харж болно. Үүнд:


1. Арилжааны банкуудаас өдөр бүр баланс, тайланг нь оройн 17 цагт авдаг. Энэ ажлыг хянадаг ойролцоогоор 200 орчим улсын хяналт шалгалтын байцаагч бий. Гэтэл Капитал банкны зээлийн 80 хувь муу/чанаргүй болж, алдагдал 200-300 тэрбум төгрөгт хүрснийг мэдээгүй байж таарах уу? Энэ бол Монголбанкны хуулийг ноцтой зөрчсөн Н.Баяртсайхан шууд огцрох шалтгаан мөн.
2. Монголбанкнаас гаргасан М2 мөнгөний 25 хувийг банкуудаас өндөр хүүтэй зээлж авч хав дарчхаад жилд 500 тэрбум төгрөгний зардал гаргаж арилжааны банкуудад төлж байгаагаа яаж тайлбарлах вэ?(График 4.) ТБҮЦ-нийт мөнгөний ¼-ийг арилжааны банкуудад зээлээд 10 хувь хүү төлж байгаа нь гажуудал хямралд хүргэнэ гэдэгтээ та санал нийлэх үү?

3. Хэрэглээний зээлийн тоонд орох тэтгэврийн зээлд хязгаарлалт хийж өндөр хүүтэй банк бус санхүүгийн байгууллага, ломбард руу хүчээр хөөсөн учир шалтгаан нь юу вэ?
4. Экспорт болон ГШХО-аас 6-7 тэрбум ам.доллар орж ирж байгаа ийм эдийн засгийн таатай үед жилд тэрбум тэрбум ам.доллараар интервенц хийж байгааг тайлбарлах арга чарга байна уу?
5. Инфляц нэрээр иргэд болон бизнесээс жилд 8 хувь, 3 жилд 20 хувь татвар авдаг мөнгөний ямар бодлого байдаг талаараа дэлгэрэнгүй ярина уу?
6. Үе үеийн Монголбанкны Ерөнхийлөгч нарын үйл ажиллагаатай өөрийгөө харьцуулж нэг хараарай. Бусад ерөнхийлөгчид нь тантай харьцуулахад хямралын хүнд жилүүдэд мөнгөний бодлого хэрэгжүүлж байсан байсан гэдгийг анхаараарай.

Дээр дурдсан бүхнээс дүгнэж үзвэл Монголбанк тайлант хугацаанд улс орны эдийн засгийг сэргээх, улсын өрийн дефолтоос зайлсхийх, эдийн засгийн эмзэг байдлыг бууруулах, дархлааг сэргээх, банк санхүүгийн салбарыг эрүүл болгох, Монголбанкийг орчин үеийн төв банкны жишигт хүргэн чадавхжуулахад чиглэсэн бодлого, арга хэмжээг авч хэрэгжүүлж, тодорхой үр дүнд хүрсэн гэх Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханы дүгнэлт хий хоосон цуурай байжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
AESPA- Supernova
7 өдрийн өмнө
ВИДЕО: Trishna - ХООСОН
10 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]