Уншиж байна...
 
Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмживНийслэлийнхэн хямд гурил худалдан авах боломжтой болох ньТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдЭЗБХ: Танхимын тухай шинэчилсэн хуулийн төслийг хэлэлцэнэХот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сурганаЗасгийн газрын хуралдаанаар 30 асуудал хэлэлцэнэ“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээAESPA- SupernovaО.Амартүвшин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаЗасгийн газар: 7 хоногийн тоймТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвШУУД: Сонгуулийн өмнөх 230.000 ба 70.000 иргэний шилжилтийг царцаа байx магадлалтай гэж үзэн шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүллээ
Хар тамхины наймаачин дипломатчдын нууц эзэд нь хэн бэ

Олон жилийн өмнө, социализмын үед Гадаад харилцааны яамыг “цус ойртсон” гэдэг байлаа. Хаалттай түгжигдмэл улс орноосоо гарч, харь улсад байнга сууна гэдэг тэр цагт ховор байсан үе. Юм үзэж нүд тайлсан улс үр хүүхдэдээ мэргэжлээ өвлүүлдэг, гадаадад олон жил сууснаар үр хүүхэд нь ч гадны соёл, хэл устай байсан нь нөлөөлж хүүхдүүдээ диполмат албанд шургуулдаг нь нууц биш. Харин дипломат алба ажлаа хэр хийж байсныг хэн мэдлээ... Амьдралаа өөд нь татаад авсан байх нь мэдээж. Харин гэмт хэрэгт холбогдож улсынхаа нэр нүүрийг хөөдөж байгаагүй л болов уу энэ үед. Гэтэл өнөөдрийн дипломат алба цус ойртож түүн дээрээ гэмт хэргийн үүр уурхай, хулгайч луйварчдын цуглуулга болсон газар болж хувирч. Дипломат алба гэдэг хар ухаанаар бодоход харь улсад улс орноо төлөөлж нэр нүүр болдог, нөгөө талд нь тухайн улс оронд ажиллаж амьдарч байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалдаг, улс орноо сурталчлах үүрэгтэй байх ёстой. Харамсалтай нь өнөөдрийн дипломатууд хууль бус үйлдэл хийж “амьдралаа өөд” татдаг болсон нь ил цагаан боллоо. 

 

Өнгөрсөн тавдугаар сарын 3-ны өдөр манай улсын хоёр дипломатч машиндаа 70 кг хар тамхи тээвэрлэж яваад Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Дрезден хот орчмын хурдны зам дээр баригдсан талаар тус улсын хэвлэлүүд мэдээлсэн. Тэр дипломат ажилтан нь Туркийн Станбул хот дахь Ерөнхий консулын газрын дэд консул Бат-Эрдэнийн Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нар байсныг Гадаад харилцааны яам мэдээлсэн. Бат-Эрдэнийн Баттүшиг нь Турк улсын Станбул дахь Монголын консулын газарт дэд консулын албан тушаалд 2018 оны долдугаар сарын 1-ний өдөр томилогдож очжээ. Түүний аав нь Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүн, Улсын Дээд Шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад 2016 онд тэтгэвэртээ гарсан Батбуянгийн Бат-Эрдэнэ шүүгч юм байна. Энэ бол Гадаад харилцааны яам, дипломат ажилтнуудын хууль бус үйлдэл, гэмт хэргийн бүлэглэлтэй холбоотой ажилладгийн жишээ. Хэвлэлүүдийн, Гадаад харилцааны яамны өгч байгаа мэдээллээр бол энэ санамсаргүй тохиолдол ч биш, ийм хууль бус үйлдэл, хар тамхины наймаанд хэдийнээс оролцдог болсныг нь Германы хууль сахиулагчид хэдийнээс мэдэж, тандаж байгаад эд мөрийн баримттай нь илрүүлсэн нь энэ бололтой.


Манай тагнуулын байгууллага ч үүнийг хэлж байсан. Үүний өмнө Болгар улсад суугаа ЭСЯ-ны зөвлөхөөр ажиллаж байсан Д.Шатарбал 2005 оны гуравдугаар сард 23 сая ам.доллароор үнэлэгдэх хэмжээний тамхи тээвэрлэж яваад тусгай албаныханд баригдаж байсан гашуун түүх бий. Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр нарын 70 кг хар тамхийг ч гэсэн зүгээр нэг явдлын далимаар хаа нэгтэйгээс худалдаж аваад “халаасалчихсан” явдаг чихэр, шоколад, ус ундаа төдий зүйл биш. Тэгэхээр ийм хэмжээний хар тамхийг колумбын Пабло Эскабор, Мексикийн хар тамхины наймаачин Атигар хочтой Хоакин Гусман биш юм гэхэд нэлээд том сүлжээ эргэлдүүлж байгаа. Д.Шатарбалыг олон улсын хууль сахиулах байгууллагынхны хараа хяналтад байдаг гэмт хэргийн “Блэк Морган” гэх бүлэгтэй холбоотой байсан хэмээн бичиж байсан. Хэргийн учир нь Б.Баттүшигийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ердөө өнгөрсөн жил томилсон нь жилийнхээ ойнд ч хүрээгүй байхдаа ийм хэрэгт холбогдож. Энэ нь ганц удаагийн тохиолдол биш гэдгийг Тагнуулын ерөнхий газар ч, Германы тал ч хэлж байна.


2016 оны зургадугаар сард Украйн, Румын улсын хилийн Дьяково боомтоор Будапешт дахь Монгол Улсын ЭСЯ-ны нарийн бичгийн дарга, зөвлөхөөр ажиллаж байсан Д.Дөхөмбаяр “дипломат шуудан” гэх наалт ашиглан их хэмжээний тамхи нэвтрүүлэхийг завдсан хэрэг бас л гарч байсан. Өнөөдөр Гадаад харилцааны яамны өндөр албан тушаалтнууд гадаадад суух дипломат төлөөлөгчдийн газарт өөрийн нь өмнө бөхөлзөж, цүнхийг нь барьж гүйж байсан туслахуудаа томилж, “аяганы хариуг өдөрт нь, агтны хариуг жилд” нь барьдаг жишиг тогтож. Туслахууд гэдэг дарга нарын цүнхийг нь барьж гүйж, архийг аягалж өгч, хэвлэл мэдээлэл, олон нийтийг магтаж, хамаг булай муухайг нь хаацайлж хамгаалдаг хамгийн үнэнч хамтрагч байдаг болохоор “иймэрхүү” томоохон “ажил” эрхлэх албанд томилоход найдвартай, үнэнч гүйцэтгэгчид болдог биз. Ийм томилгооны жагсаалт уртаас урт үргэлжилнэ. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар туслахаараа ажиллаж байсан Б.Мөнхтүшигийг Английн Лондон дахь ЭСЯ-нд атташегаар, дэд сайд Б.Батцэцэг туслахаараа ажиллаж байсан Ц.Даваасүрэнг Италийн Ром дахь ЭСЯ-нд атташегаар, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн туслахаараа ажиллаж байсан Н.Жавхланг Канадын Оттава дахь ЭСЯ-нд атташегаар тус тус томилсон байх жишээтэй. Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболд гэхэд өөрийнхөө хувийн жолооч байсан Ц.Сумъяадоржийг БНХАУ-ын Шанхай хотын консулын газарт, аж ахуйн эрхлэгч жолооч гэсэн албан тушаалд томилсон байдаг. Энэ хүмүүс нь хэзээ хаанахын хил дээрээс юу тээж яваад хэл ам удахыг таашгүй. Өмнө нь бол манай дипломатчид улс орнуудын хооронд жирийн тамхи зөөдөг жижиг гарууд байсан.


Улс оронд нь төрийн эрх баригчид улсаасаа, ард түмнээсээ хулгай хийх ажил гаршаад бүр улаандаа гараад ирэхэд дипломатуудын “мэргэшил” дээшилж хар тамхины наймаа хийдэг болтлоо ахисан нь энэ хэдхэн тохиолдлоос ил болж байна. Д.Шатарбалын тээвэрлэж явсан гэдэг тамхины үнэ 23 сая ам.доллар Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр нарын саяны тээвэрлэж явсан 70 кг хар тамхины үнэ 10 орчим тэрбум төгрөг хаанаас гараад байна вэ. Нэг бол энэ хүмүүс хар тамхины наймаагаар бүр олон жил гаршиж, өдий хэмжээний орлого олчихсон байж таарна. Эсвэл ард түмнээс, төрийн сангаас эрх баригчдын хулгайлж авсан мөнгө ийм зориулалтаар ашиглагдаж байна гэсэн үг. Хэрэв ингэж үзэх юм бол хар тамхины наймааны нууц эзэд манай төрд, өөрөөр хэлбэл Төрийн шар ордон, Гадаад харилцааны яаманд, бүр тодруулбал МАН-д байгаа болж таарна.


Туркийн Станбул хотод Ерөнхий консулаар ажиллаж байсан Э.Мөнх-Очир “Миний тэргүүлж байсан дипломат төлөөлөгчийн газарт ийм явдал болсонд харамсч, монголын ард түмнээс уучлал гуйж байна” гэсэн бол Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Б.Баттүшиг өмнө манайхаас Бангкокт сууж байсан. Дараа нь Станбулд дэд консулаар томилогдсон. Өмнө нь биечлэн уулзаж байгаагүй учраас танихгүй гэж хэлж болно хэмээн хээв нэг ярьсан. Мөн жолооч гэгдээд буй С.Эрдэнэбаяр өмнө нь манай яаманд 20 гаруй жил жолоочоор ажилласан. Надаас гадна олон сайд, дарга, Элчин сайд нарын жолоочоор ажилласан манай яамны гараашийн жолооч” хэмээн хар тамхиныхаа наймаачдыг бараг магтах гээд сууж байна. Гэтэл өнөөх жолооч С.Эрдэнэбаяр нь Д.Цогтбаатарын жолоочоор АНУ, Европын улсуудад ажиллаж байсан гэсэн мэдээлэл бас бий.


Сайд гээд байгаа энэ хүнд ичих нүүр, улс төрийн соёл, ёс суртахуун гэж бүр огт үгүй болсон бололтой. Ердөө өнгөрсөн гуравдугаар сард шүү дээ Финляндын Ерөнхий сайд Юха Сипиля эрүүл мэндийн салбарт хийх шинэчлэл нь бүтэлгүйтсэний улмаас танхимтайгаа огцорч байв. Улс орныхоо дотоодод хийхээр төлөвлөсөн ажлаа амжуулж чадаагүйнхээ төлөө шүү дээ. Улс төрийн соёлтой, хариуцлагаа хүлээж чаддаг улс орон, албан тушаалтан гэдэг ийм байдаг юм санж.


Монгол Улсын нэр хүндийг олон улсын тавцанд шавартай хутгаад, дэлхий дахины хамгийн их сэтгэл түгшээж байгаа хар тамхины наймаанд дипломатууд нь холбогдчихсон байхад У.Хүрэлсүхийн Засгийн газар, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нар ер юу ч болоогүй юм шиг гэмгүй царайлан “сайн ажиллаж” байгаагаа зарлан тунхаглаад сууж байх шив дээ. Сонгуулийн мөрийн хөтөлбөрийн тухайд бол бүр ярих ч юм байхгүй, зүгээр орхисон нь дээр. Хар тамхи наймаалж эргэлдүүлдэг тэр их мөнгө хаанаас гараад, олон улсын гэмт хэргийн бүлэглэлд нэгдэх хэмжээний хүмүүсийг томилж явуулан ашгаас нь хүртдэг нууц эзэд нь хэн бэ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
AESPA- Supernova
7 өдрийн өмнө
ВИДЕО: Trishna - ХООСОН
10 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]