Уншиж байна...
 
AESPA- SupernovaО.Амартүвшин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаЗасгийн газар: 7 хоногийн тоймТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвШУУД: Сонгуулийн өмнөх 230.000 ба 70.000 иргэний шилжилтийг царцаа байx магадлалтай гэж үзэн шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүллээИЗНН Увс аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээВИДЕО: Trishna - ХООСОННийслэлийн шилдэг татвар төлөгчдийг шалгарууллааБ.Лхагвасүрэн: 10 гаруй мянган өрх ипотекийн зээлд хамрагдах боломж бүрдлээШУУД: Үндэсний Баялгийн сангийн Хуримтлалын сангийн дансыг өнөөдөр Монгол банканд нээлээЛ.Оюун-Эрдэнэ: Дунджаар 25.000 өрхөд ипотекийн зээл олгох боломж бүрдлээПрокурор 259 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэвВИДЕО: ОУ-ын Хятад хэлний уран уншлагын тэмцээнийг Монгол Улсад анх удаагаа зохион байгуулж, ялагчид тодорлоо
Д.Ганпүрэв: Монголд хэрэглээний урлаг л газар авч, жинхэнэ урлаг соёлын хөгжил үрслэх хөрс бүрдээгүй байгаа

Монгол Улсын консерваторийн Үндэсний хөгжмийн мэргэжлийн сургуулийн Язгуур урлагийн тэнхмийн эрхлэгч Д.Ганпүрэвтэй ярилцлаа.

-Алтай ятгандаа дурласаар байна гэсэн утгатай пост бичсэн байсан. Àрхеологийн олдворыг сэргээн монгол хөгжмийн зэмсгээ таниулж яваа таны үйлсээр их бахархдаг. Өдий хүртэл алтай ятга хэдэн хувь хийгдсэн бэ. Энэ хөгжмийн зэмсгээр хэн хэн тоглож байна вэ?
-Эртний нүүдэлчдийн дуу хөгжмийг 1500 жилээр урагшлуулсан Алтай ятгыг дахин сэргээсэн анхны гурван хөгжимдүүрийг би өөртөө дурсгал болгож үлдээсэн. Судалгааны хүрээнд 60 гаруй Алтай ятга үйлдвэрлэгдэж, бас багагүй хөгжимдүүрийг түмний хүртээл болгож түгээн таниулах зорилгоор музейнүүдэд байршуулсан. Алтай ятгыг анхлан бүтээгчийн хувьд эхнэр, бид хоёр одоохондоо хөг хөглөгөө, тоглох аргачлал дээр илүүтэй судалгаа хийж урын санг баяжуулж байна. Туршилтын байдлаар 30 гаруй хүнд өвлүүлэн заасан.
Халимаг, Өвөр Монгол, Буриад, Япон, Герман шавь нартай. Ховд аймгийн Манхан, Дуут сумын ЕБС-ийн хүүхдүүдэд заасан. Тэр нь сургалтын хувьд хангалттай биш ч суурь ойлголтыг хүртэх хэмжээнд Алтай ятгыг бага зэрэг ойлгодог гэсэн үг.

2019 онд Монгол Улсын Консерваторийн дэргэд Язгуур урлагийн тэнхим шинээр байгуулагдаж тэнхмийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтаа зарласан. Шалгаруулалтад тэнцэж язгуур урлагийг дээд боловсролын хөтөлбөрт оруулахын тулд 45 хөтөлбөр бичсэний дөрөв нь алтай ятгыг тоглох аргачлал, мэргэшүүлэх хүрээнд хамрагдана. Язгуур урлагийн хөтөлбөрүүд маань Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн гурван шатны шалгуурыг амжилттай давж 2020 оны дөрөвдүгээр сарын 20-нд шинэ хөтөлбөрөөр үйл ажиллагаа явуулах сайдын зөвшөөрөл ирсэн. 2020-2021 оны хичээлийн жилээс эхэлж үйл ажиллагаагаа явуулах тул элсэлтийн шалгалтаа удахгүй зарлана. 1500 жилийн түүхтэй энэ хөгжмийн хөг аясыг нь нээх тусам улам татагдаж дурлаад байгаа.
-Энэ хөгжмийн зэмсгийг эрэгтэй хүн тоглож байсан байх магадлалтай гэдэг. Таны хувьд энэ хөгжмийн юунд нь илүү сэтгэл татагддаг вэ?
-Жаргалант Хайрханы хадны булшнаас илэрсэн хөгжмийн олдворын суурь судалгааг “Хөгжмийн археологи” судлалын хүрээнд өөрийн биеэр хийж дуусгалаа. Түүний өнөө цагийн сэрэг дүр нь алтай ятга мөн боловч гарвал үүслийн хувьд эртний туульсын нуман хүзүүтэй, өнцөгт ятгын ангилалд хамаардаг, эртний нүүдэлчдийн “Андура”-гийн бүл хөгжимдүүрийн одоогоор олдоод байгаа нэг хувилбар нь юм. Сурвалжийг мөшгивөөс 3000 жилийн түүхийг өгүүлнэ. Тал хээрийн нүүдэлчдийн зан үйлийн хөгжимдүүр тул цуурайн хайрцагны арын цүлхэн дээр ангийн олз, хишиг дуудсан сийлмэл зурагтай. Андура гэдэг нь “Алтан ундарга” тууль, “Хөх бодон” туульд бадаг холбон “...Аяс намуун цаг ирэхэд-Андураан дуун күнгэнэв” хэмээн хайлагддаг хүнгэнээн ихт туульсын хөгжимдүүр гэж ойлгож болно.
-“Алтай” гэдэг үгээр ярилцлагаа эхэлснийх таны үүсгэн байгуулж, удирдан чиглүүлдэг “Алтай” хамтлагийн тухай сонирхъё. “Авьяаслаг монголчууд” шоунд оролцож массд нэлээд хүчтэй танигдаад, тэр цагаас хойш арай нам жимхэн байна уу даа?
-Алтай ятгыг дахин сэргээх төслийн хүрээнд байгуулагдсан “Алтай” хамтлагийн уран бүтээлүүдийг гадаадад илүүтэй сонсч, хамтран ажиллах боломжууд үүсч, харилцан ойлголцлын хэмжээнд явж байгаа. Бүтээлүүд нь Азийн шилдэг ТОП 40 бүтээлээс дөрөвдүгээрт бичигдээд цахим ертөнцөд тэдний бүтээл эгшиглэж л байна. Ковид19-ийн тархалттай холбоотойгоор бидний үйл ажиллагаа зогсонги байдалд орсноос гадна Алтай хамтлагийн уран бүтээлчид гэр гэртээ, хөдөө гадаагүй хөл хорионд байгаа.
-Өв соёл тээгчийн үнэ цэнийг та илүү сайн мэддэг хүн. Монголын үндэсний хөгжмийн урлагтай гэр бүлээрээ холбогддог айлын хувьд хүүхдүүдээ энэ зам руугаа мөн хөтөлж байгаа юу?
-Манай охин Монгол Улсын консерваторийн Мэргэжлийн төгөлдөр хуурын наймдугаар анги. Төгөлдөр хуураараа олон улс болон үндэсний мэргэжлийн уралдаануудаас хоёр болон гуравдугаар байрын шагнал авч байсан. Мэдээж хөгжмийн суурь мэдлэгээр нь дамжуулаад үндэсний хөгжмийн давуу боломжуудыг өөрийн хэмжээнд эзэмшиж, ээжийнхээ удирдлаган доор хөгжиж байгаа. Таван наснаасаа ятга тоглож эхэлсэн ч бид хөгжмийн боловсролын суурь мэдлэгийг нь өндөр хэмжээнд өгөхийн тулд сонгодог хөгжмөөр хөгжүүлж байгаа. Өв соёлдоо хайртай ч өрнөдийн соёлыг хүндэлдэг, аль алиар нь хөгжиж хүн төрөлхтний соёлд эх орноо төлөөлөх чадвартай ирээдүйн сайн хөгжимчин болоосой гэж ээж аавынх нь хувьд маш их хүсч байгаа. Хүү маань намар ЕБС-ийн долдугаар ангид орно. Авьяас байгаа ч өөрийгөө нээхгүй байгаа тул цаг хугацааг хүлээх хэрэгтэй байгаа.
-Урлагийн хүмүүсийг түүчээлэгчид гэж боддог. Оюун сэтгэлгээ, уран бүтээлийн хувьд нийт хүмүүсээс нэг алхам, түүнээс ч олон алхмаар түрүүлдэг. Гэхдээ Монголын зах зээл тийм ч өргөн биш учраас урлагийн хүмүүс үзэл баримтлалтай, түүчээлэгч гэхээсээ илүүтэй реклам сурталчилгааны дүр төрхийн үүрэг гүйцэтгэх юм аа. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Урлагийн хөгжил нь улс үндэстнийхээ гоо сайхны хэмжүүр байдаг. Гоо сайхны хэмжүүр нь тухайн улсын хөгжил, ард иргэдийн боловсролоор хэмжигддэг зүйл. 2000 оныг бодвол өнөөгийн нийгэм өнгөн талдаа хөгжсөн болохоос өв соёлынхоо үнэт зүйлийг бүрэн ухамсарлаж төлжөөгүй бүхэл бүтэн үе бүрэлдэж бий боллоо. Эдгээр иргэдэд тохируулж энтертаймент болон хэрэглээний урлаг хөгжиж байгаа тул нийтээрээ, улс орноороо соёл урлаг хөгжиж байна гэж андуурч байгаа. Энэ урлаг нь ард түмний сонирхолд тохируулж хөгжиж байгаа учраас үзэгчид сайтай, хөрөнгө мөнгө ч сайн олдог. Тэр давуу талыг нь улстөрчид ашиглаж ард түмнийхээ тархийг угаахад ашиглаж байгаа нь Монголын оюуны дархлааг санаатай устгаж байгаатай агаар нэг ойлголт. Архангайн зарим сумдаар 2017 онд тоглосон. 20.00 цагаас эхлэх тоглолтод 22:30 гэж ганц хоёроороо цуглаж байсан. Ховдын Алтай суманд 2019 онд Алтай ятгыг сурталчлах тоглолт 19:00 цагаас эхлэх байсан ч 23:00 цагт хоёр гуравхан хүн ирж байсан. Учир шалтгаан нь тархи угаалт, гарын бэлэг, хонжворт сугалаа байхгүйтэй холбоотой.
Тийм учраас соёлын түүчээ болох боломж Монголд байхгүй. Монголын зах зээл тийм ч өргөн биш учраас урлагийн хүмүүс үзэл баримтлалтай, түүчээлэгч гэхээсээ илүүтэй реклам сурталчилгааны дүр төрхийн үүрэг гүйцэтгэх төдийхнөөр амьдрах гээд зүтгэхээс өөр аргагүй. Монголын төрийн бодлого нь өөрөө энэ бүхнийг бий болгоод байгаа учраас улстөрчдийг ёс зүйтэй, ухамсартай байхыг хүсмээр байна.
-Эдийн засаг хямарвал соёл урлагийн салбараасаа танадаг, өвчин зовлон тохиовол энтертайментыг юун түрүүнд хорьдог. Гэтэл түүний цаана олон хүн бор зүрхээрээ ажиллаж амьдарч байгаа. Тэгэхээр энэ Төрийн бодлогод соёлын салбарын асуудлыг үнэхээр хайхрахгүй байх шиг санагддаг. Та юу гэж боддог вэ. Аль ч засгийн үед л ийм байлаа.
-Өнгөрсөн 30 жилд Төрөөс соёлын талаар баримтлах бодлогыг гаргаж, Үндэсний цогц хөгжлийн бодлогодоо соёл урлагийн талаар авч хэрэгжүүлэх олон зүйл заалтуудыг тусгаж үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх гэж оролдож байгааг бид мэднэ. Энэ бүх төсөл хөтөлбөрт би оролцох хүсэл байвч эзэнтэй болчихдог, мөнгөгүй болчихдог, бодлогогүй хэдэн зуун жижиг төслүүдийн эхийг эцээхгүйн тулд тав, арван саяар нь тараадаг. Түүнийг төрийн бодлого гэж ойлгоход хаашаа ч юм. Муухай зүйл ил тод яригддаг хагарах дөхсөн хатиг шиг нийгэмд итгэх гэхээсээ илүүтэй өөртөө итгэж бүтээж амьдрах цаг доор чөлөөт уран бүтээлчид чимээгүйхэн зүтгэж л байна. Соёлын салбар луу би түлхүү ажиллаж байгаа болоод ч тэр үү, олон улсад Монголыг таниулах монгол угсаатны дуу хөгжмийн асар том орон зай хоосон хаягдсан байна. Өнөөдөр монгол угсаатны хөгжим судлаач, хөгжмийн археологи, архео хөгжмийн судалгааны нэн чухал салбарууд хөгжих нь байтугай хөгжих суурь ч бүрэлдээгүй байна. Олон улсад Монголын хөгжим судлалаар голдуу гадны эрдэмтэд судалгаа хийж байгаа нь Монгол Улсын сул тал. Соёл урлаг ярья гэвэл цогцоор нь ярьж хөгжүүлэх хэрэгтэй. Тиймгүй бол хэдэн байгууллагын асуудал, орон нутаг дахь театр, соёлын төвүүдийн хэмжээнд хөрөнгө мөнгөө харамлаж улс орны тусгаар тогтнолыг үнэгүйдүүлэх эрх хэнд ч байх ёсгүй. Соёл урлаг бол оюуны дархлаа. Үүнийг энтертаймент болон хэрэглээний урлагаар төлөөлүүлж ард түмнээ хуурч мэхлэж болохгүй. Хэрэглээний урлагт ард түмний хамгийн хайртай хошин шог, нийтийн дууны урлаг хамаарна. Үүний цаана ард түмнийг хүчээр соён гэгээрүүлэх увидастай мэргэжлийн хөгжим, язгуур урлаг, сонгодог урлаг, цирк, драм, дуурийн маш чухал салбаруудаас гадна шинжлэх ухааны салбар хүрээлэнгийн үйл ажиллагаанууд байгааг мартаж болохгүй.

-Өндөр хөгжилтэй барууны улс оронд ажиллаж амьдарч байсан хүний хувьд тэр дэвшлийг ажиглаж, дүгнэж, анализ хийж бодож үзсэн л байх. Бид хэзээ соёлтой, урлагаа хүндэлж мэдэрч ойлгодог үзэгчтэй, төлөвшсөн иргэдтэй болох бол?
-XVIII зуун бол Европын алтан сонгодгийн үе байлаа. Тэр үед Монголын тал нутагт алтан ургийн хэлхээсийн сүүлчийн амийг таслах гэж харийн бодлого хөвөрч байсан байх. Нүүдэлчдийн олон мянган жилийн түүх туулиндаа шингэж, цуур хөгжим хаданд хадгалагдаж, Монгол гэрт уртын дуу, морин хуур, бий биелгээнээс өөр соёл үгүй болж, нийтийг хамарсан тойрон бүжиг зуун зууны хөл хорионд суларч ёохортойгоо л үлдсэн үе. XIX зууны эхээр Монгол Улсын нийт хүн амын хэдэн хувь нь дээд боловсролтой байсан бэ? Харамсалтай нь ханиад томуу, халдварт өвчиндөө баригдсан ядуу буурай ард түмнийг Орос ах нар эрүүлжүүлсэн гэх боловч сод болсон соён гэгээрүүлэгчдийг нь цаазын тавцанд тушаасан. Тэр үед өрнөдийн улс орнуудад ардчилал хөгжиж байсан юм. Газрын хөрснөөс арчигдах хэмжээнд очсон цөөн монголчууд өнөөдөр гурван сая гарсандаа баярлах хэрэгтэй. Монгол Улс маш эмзэг эдийн засагтай, том газар нутагтай, угсаатны олон бүлэгтэй, нүүдэлчдийн өв соёлын голомт нь тул хэн хүн тоглоод байж болохгүй, түүхийн өмнө алдаа гаргах эрхгүйгээр улс орноо удирдах ёстой. Төрийн бодлогоо 250 жилээр тооцож байж цөөхөн ард иргэдээ эрүүл саруул, өндөр боловсролтой байлгаж чадсан тохиол­долд төлөвшсөн иргэдийн тухай ярих боломжтой. Одоохондоо өрнөдийн улс оронтой зүйрлээд байх хөгжлийн туршлага, хүн ардын амьдралын сайн сайхны талаарх ойлголт Монгол Улсад маш бага байна.
-Нөгөөтээгүүр тэр хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэхийн зэрэгцээ бидний ялгарч, тэнцвэржүүлж авч үлдэх ёстой баялаг нь юу юм бол оо?
-Дэлхийн өндөр хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэхийн тулд монгол хүний үнэ цэнийг ойлгодог байх хэрэгтэй. Тэр хүн угсаатныхаа аялгаараа ярьдаг байх хэрэгтэй, мянга мянган жилээр өвлөж, уламжилсан өвийг хэл соёлоор нь хадгалж үлдээдэг байх ёстой. Тэр соёлоосоо үүссэн сэтгэлгээний онцлогоороо орчин үед хөгжих ёстой. Тэгэхгүй бол Монголын солонго мэт олон сайхан угсаатны бүлгүүд соёлоороо нэгдээд, адаг сүүлдээ газар нутаг, уул усны онцлогоосоо хэлбийгээд их хотын суурин соёлд уусч үгүй болж магадгүй байгаа. Бид эртний хятадтай энэ тэнцэхүйц урт хугацааны нүүдэлчдийн соёлтой. Тэр маань биднийг дэлхийн дайд Монгол гэж таниулдаг юм. Тэр онцлогоо гээж хөгжихийг мөхөл гэнэ. Тэр байх аваас бидний бусдаас ялгарч, тэнцвэржүүлж авч үлдэх баялаг нь юм.
-Та шүүмжлэлийг шуудхан хэлчихдэг зантай. Энэ зан тань таны ажил үйлсэд саад төвөг учруулдаг уу?
-Би өөрийн гэсэн ертөнцтэй, бүтээсэн үнэт зүйлтэй. 21 настайгаасаа хилийн дээс даваад 38 настайдаа эх орондоо ирсэн. Хүний нутагт 10 жилээс дээш болоход тухайн улсын соёлын тодорхой нөлөөнд ордог. Тэр нь Герман улсын нийгмийн харилцаагаар дамжсан хувь хүний харилцааны болон үзэл бодлын өөрчлөлт юм.
Нийгэм журмыг байгуулсан өндөр хөгжилтэй улсад бүх зүйл тодорхой, цаг хугацаатай, эзэнтэй, зорилготой, нийтийн төлөө, ил тод байх ёстой. Зөв зүйлийг бодлогоор дэмжих ёстой. Хяналтын систем маш шударга ажилладаг тул ард иргэд нь үүрэг хариуцлагаа үнэт зүйл гэж ойлгодог. Энэ бүх зүйл Монгол Улсад эсрэгээрээ оршдог. Тодорхой зүйл хугацааны дараа тодорхой бус болж, эзэн холбогдогч нь өөрчлөгдөж, зорилго нь бүдгэрч, нууц байдалд оршдог. Тийм учраас би шүүмжлэлийг шуудхан хэлдэг. Бас зарим нөхдийн барьцаанд орохыг хүсдэггүй. Тэд гэдэг нь энэ нийгмийг удирдах гээд мунгинаж байгаа бүх шатны шалгуурт өөрийн дүрээ шингээж өдөр хоногийг аргацаадаг хүмүүсийг хэлнэ. Би мэдэх нэгнийгээ мэднэ. Ийм нийгэмд шударга байх нь маш хохиролтой. Над шиг өөрөө бүтээдэг, хийдэг, зүтгэдэг хүмүүст цаг хугацааны сайхан тохироонууд хэзээ нэгэн цагт үүсдэг тул харамсах зүйл байдаггүй. Тиймдээ ч шүүмжлэлийг эх орныхоо сайн сайхны төлөө л хэлдэг. Үзэн ядалт, хов живийг өөрөөрөө цэг тавьдаг.
-Та уран бүтээлч хүн. Гэргий тань ч манай гарамгай хөгжимчдийн нэг. Тэгэхээр та хоёр өөрсдийнхөө амьдралаар жишээд бодоход монгол гэдэг улс орон урлаг гэдэг ургамлыг тарьж ургуулж, торниулахад хэр зэрэг шим тэжээлтэй хөрс вэ?
-Мэдээж хэрэглээний урлагаасаа ангижраагүй тул мэргэжлийн хөгжимчдийн хувьд шим муутай хөрс гэж сайхан эх орныг минь удирдаж байгаа улстөрчдөд зориулж хэлмээр байна. Тийм учраас үндэсний мэргэжлийн хөгжимчид давхар биет бус соёлын өвүүдээс суралцаж, давуу боломжоороо хамтлаг байгуулж магтаж, хөөмийлдэж, хуурдаж дуулж байж хэрэглээний урлагийн зах зээл дээр өөрсдийн бүтээлээрээ оролцох боломжийг эрэлхийлдэг. Уул нь мэргэжлийн урлагаараа хөгжвөл эх оронд минь хэрэгтэй. Мэргэжлийн хөгжимчний гурван сарын хөдөлмөр гурван бадаг дуунаас хямд үнэлэгддэг тийм л шим муутай хөрс тул Монгол Улсад мэргэжлийн хөгжмийн зах зээл хөгжих болоогүй. Хошин шогийн урлагаас нийтийн дууны урлагт шилжсэн нь соёл урлагийн хөгжил биш юм. Үүнийг сонгодог хөгжмийн урлаг, мэргэжлийн хөгжмийн урлагаас тусад нь хэрэглээний урлагийнх нь зах зээлийн хүрээнд авч үзэх ёстой. Тэгээд та нар яагаад амьдарч чадахгүй байгаа юм бэ?... гэж урлаг үл ойлгогч нь надаас асуудаг. Бид монголчуудын соён гэгээрлийн төлөө өөрсдийгөө зольж амьдарч байгаа хэсэг бүлэг хүмүүс юм. Бидний гурван сарын хөдөлмөрт шингэсэн 30 минутын том хэлбэрийн бүтээлийг ард түмэнд зориулж гурван минутанд багтааж сонсгохыг өнөөдрийн нийгэм, соёл урлагийн хөгжил шаардаж байгаа. Хөгжилтэй улсад бол урлагаа дагаад хүн ард нь хөгждөг бол манай улсад ард түмнийхээ хэрэглээнд зориулж соёл урлагийн салбарыг төлөөлж хэрэглээний урлаг нь хөгжиж байгаа. Төгсөөд удаагүй оюутны ард хорин жил сурсан дээд боловсролтой мэргэжлийн хөгжимчид найрал хөгжимд тоглож байна. Тэдний цалин маш бага, хамгийн их ачааллаар ажиллаж байгаа нь докторын зэрэгтэй багшийгаа хуушууранд гүйлгэчхээд залуу багш нартай улс орны хөгжлийн тухай ярьж байгаа улстөрчтэй адил ойлголт юм. Шимгүй газар хогийн ургамал ургадаг шиг Монголд хэрэглээний урлаг л газар авч, жинхэнэ урлаг соёлын хөгжил үрслэх хөрс бүрдээгүй байгааг хүн бүр зориглон хэлж чадахгүй байна.
-Уучлаарай, таны гэр бүлийн хувьд хүнд цаг үе байсныг мэдэх ч энэ тухай яриулахгүй өнгөрч боломгүй байна. Ханийгаа хүнд өвчин туссаныг анх сонсоод танд ямар байсан бэ. Гэхдээ та хоёр маань давсан. Бүр дараа нь хүнд байдалд орсон уран бүтээлч нөхрөө хүртэл дэмжээд, манлайлаад явсан. Энэ их хүч, тэнхээг юу бий болгосон бэ?
-Аливаа зүйл хоёр талтай байдаг шиг сайн сайханд хүрэх харгуйд бэрхшээл нь том саад мэт боловч хүний далд чанарыг шалгадгаараа давуу талтай. Би амьдралын давуу боломжийг хүлээж авахын тулд бэрхшээлээс зугтдаггүй. Тэр өдөр ханиасаа энэ муу мэдээг сонсоод даваад гарах ёстой. Гэхдээ яаж? гэдэг асуултад хариу олж чадаагүй зүүрмэглэсэн. Чихэнд гяхтанах хоолойн саадтай дуу надад муу совинг төрүүлсэн. Тийм учраас ханийхаа төлөө би юуг ч золиход бэлэн болсон. Үүнээс хүнд асуудлуудыг туулж байсан тул бэрхшээлээс давуу талыг гарч иртэл сэтгэл санаагаараа ямар ч зүйлийг тэвчиж хүлээдэг. Манай гэр бүлийн найз төгөлдөр хуурч Б.Чинбатын хувьд яалт ч үгүй хүнд байдалд ороод надтай холбогдсон тул тэд нарынхаа төлөө би зүтгэх ёстой. Б.Чинбаа, Сарнай маань энэ хүнд асуудлуудаа шийдээд эх орондоо ирсэн байгаа. Бие нь эрүүлжиж өдөр өдрөөр тэнхээ авч байгаад маш баяртай байна.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
AESPA- Supernova
1 минут өмнө
ВИДЕО: Trishna - ХООСОН
3 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]