Уншиж байна...
 
AESPA- SupernovaО.Амартүвшин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаЗасгийн газар: 7 хоногийн тоймТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвШУУД: Сонгуулийн өмнөх 230.000 ба 70.000 иргэний шилжилтийг царцаа байx магадлалтай гэж үзэн шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүллээИЗНН Увс аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээВИДЕО: Trishna - ХООСОННийслэлийн шилдэг татвар төлөгчдийг шалгарууллааБ.Лхагвасүрэн: 10 гаруй мянган өрх ипотекийн зээлд хамрагдах боломж бүрдлээШУУД: Үндэсний Баялгийн сангийн Хуримтлалын сангийн дансыг өнөөдөр Монгол банканд нээлээЛ.Оюун-Эрдэнэ: Дунджаар 25.000 өрхөд ипотекийн зээл олгох боломж бүрдлээПрокурор 259 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэвВИДЕО: ОУ-ын Хятад хэлний уран уншлагын тэмцээнийг Монгол Улсад анх удаагаа зохион байгуулж, ялагчид тодорлоо
М.Бямбаа: Завгүй байж л аз жаргалтай амьдардаг юм шиг ээ

 Монголын үндэсний урлагийн их театрын бүжигчин М.Бямбаатай ярилцлаа.

-Хэдэн жил бүжиглэчихэв ээ?
-15.
-Бүжиглэхийн зэрэгцээ уран сайхны хэд хэдэн кинонд тоглосон. Бас “Ромео Жульетта”-г УДЭТ-д тоглох гээд шалгаруулалт хийж байхад тэнцэж байсан санагдаж байна. Жүжиглэх авьяасаа хэдийнээс нээв ээ?
-Пара ахыг анх “Ромео Жульетта” тавих гээд шалгаруулахад өөрийгөө сорьж оролцоод тэнцсэн. Харамсалтай нь тухайн жилээ тавигдаагүй. Дараа нь “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” уран сайхны кинонд Гавьяат жүжигчин У.Уранчимэг эгч “Орох уу” гэхээр нь бас л өөртөө бяцхан нээлт хийж тоглосон. Дараа нь хэд хэдэн киноны санал ирэнгүүт нь амжуулсан.
-Ихэвчлэн “Хувьсал” продакшны кинонд тоглож байсан уу?
-Тийм ээ. Намайг голохгүй кинондоо уривал аль болох оролцохыг л бодсон. Улсын ажилтай болохоор цаг зав бага ч гэсэн зохицуулаад л орчихдог байсан.

-Энэ жилийн хувьд МҮУИТ тоглохгүй удлаа даа.
-Хорио цээрийн байдлаас болоод амарч л байна. Дасгал сургуулиа манайхан хийж л байгаа. Одоо наадмын бэлтгэлдээ орчихсон байгаа.
-Бямбаа бас хүүхдүүдэд зориулсан сургалт хийдэг байх аа?
-Тийм ээ, бүжгийн студитэй. Одоо бас л карантинтай байна. Бүжиг хийхээр олуулаа нэг дор амьсгална. Тэгээд ч бага насны хүүхдүүдтэй ажилладаг учраас хорио цээр дууссаны дараа л нээнэ дээ.
-Хоёр дахь охиноо төрүүлээд удаагүй байгаа шүү дээ. Том охиноо төрүүлснээс хойш олон жилийн дараа дахин амаржсан болохоор шинэхэн ээж шиг л байна уу?
-Хэрэглэдэг живхнээс эхлээд бүх зүйл өөр болчихсон, төсөөрчихжээ. Хүүхдийг өлгийдөхөө ч байж.
-Завгүй хэмнэлээс амар тайванд шилжсэн энэ өдрүүд чамд ямар мэдрэмж төрүүлж байна вэ?
-Маш их зүйл бодогдож байна. Өмнө нь ямар ч их ажилтай, завгүй, түүнийгээ амжуулж чаддаг байсан юм бэ. Амьдралын хамгийн нандин зүйл нь гэр бүл, үр хүүхэд шүү дээ. Энэ сайхан цаг хугацааг аз жаргалтайгаар мэдрээд, түүний зэрэгцээ толгойгоо цэнэглэчих юм сан гээд хичээж л байна. Өмнө нь хэтэрхий шаргуу ажил, ажил гэж гүйгээд нэг талаараа өөрийгөө орхичхож. Эрүүл мэндээ ч анхаарч байна. Яг одоогийн байдлаар сайн эзэгтэй, сайн ээж байх гээд хичээж байна даа.


-ҮУИТ-ын “Монгол бүжгийн гайхамшиг” тоглолтыг үзэж огшдог хүний хувьд “Салхит шувуу”, “Адуучин залуус”, “Ээрүүлт”-д дуртай. Та ямар бүжигтээ илүү хайртай вэ?
-Ардын жүжигчин, Төрийн шагналт Ц.Сэвжид багшийн маань дэглэсэн олон сайхан бүжиг өнөө ч үзэгчдийн сэтгэлийг татаж, биднийг ч гэсэн сорьж, догдлуулсаар байдаг даа. “Ээрүүлт”, “Саальчин бүсгүй”-гээс эхлээд энэ олон сайхан бүжгийг дандаа хийдэг хэрнээ л тайзан дээр гарахдаа айдастай, хяналттай, догдлолтой байдаг. “Ээрүүлт” бол хамгийн төгс эмэгтэйг үзүүлсэн бүжиг юм шиг санагддаг.
-Багын мөрөөдлийн биелэлт хэдэн хувьтай явна вэ?
-Бүжигчин болно л гэж их боддог байсан. Бас амгалан тайван гэр бүлтэй, дөлгөөн сайхан амьдрах юм сан гэж хүсч байлаа. Одоо бодох нь ээ, өөрийнхөө мөрөөдсөнөөр амьдарч байгаа юм байна. Би бодлын хүчинд үнэхээр их итгэдэг. Хүн бүр өөрийн гэсэн агуу хүчтэй. Хүсэл мөрөөдлөө чин сэтгэлдээ хадгалж, тэмүүлж зүтгэвэл биелдэг юм шиг ээ. Янз бүрийн шашин гэхээс илүү бодлынхоо хүчинд итгэдэг.
-Тэр бодлууд нь гэгээлэг байх хэрэгтэй байх...
-Мэдээж, сайн сайхан зүйлд л тэмүүлнэ.
-Муу бодол, айдсаа яаж үргээх үү?
-Байгальд гарах, аялах, модон дунд алхахаар сайхан тайвшраад сөрөг бодлууд үгүй болчихдог. Усны чимээ, шувуудын жиргээ гээд байгалийн сайханд очихоор тайтгарчихна.

-Энэ зун хаагуур аялах гэж байна вэ?
-Ийм сайхан байгальтай эх орноороо аялаад л байхаас яах вэ. Би сүүлийн арав гаруй жил зун огт амарч байгаагүй юм билээ. Театрын тоглолт, Төрийн концерт, наадмын нээлт гээд л маш завгүй бэлтгэл хийдэг байлаа. Наадмын өглөө 05:00 цагт л Төв цэнгэлдэхэд очно шүү дээ. Энэ жил амарч байгаа учраас сайхан аялна аа. Манай охин “Ээж гэртээ байсан чинь ямар сонин юм бэ” гээд байгаа юм. Охиноо зургаан сартайд нь ажилдаа ороод л завгүй явдаг байлаа.
-Том охин нь бүжиглэдэг үү?
-Бүжиглэнэ ээ. Бүжигчдийн дунд, манай ажил дээр өссөн болохоор тэр биз ээ. Дасгал хийж байхад толины өмнө л сууж байдаг байлаа. Урлагийн хүн болох хэмжээнд бүжиглэх дуртай охин. Гэхдээ эрдэм, мэдлэгтэй хүн болгохыг зорьж байгаа. Өөрийнх нь сонирхол мэдээж дийлнэ л дээ.
-Завгүй бүжиглэж явахдаа сурч амжаагүй, хийж үзээгүй зүйлдээ харамсдаг уу. Амсхийх зуураа өөрийгөө их ажигласан болов уу?
-Зууны манлай бүжиг дэглээч, Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Сэвжид багшийн маань нэрэмжит бүжиг ангид маш олон шилдэг бүжигчин бий. Олон жилийн туршлагатай авьяастнуудаас, дөнгөж төгссөн гоё охид ч бий. Байнгын бэлтгэлтэй байж л бүжигчид мундаг байдаг. Би олон зүйл рүү зэрэг гүйдэг байсан болохоор айхтар мундаг байгаагүй ээ. Олон жилийн туршлага бий л дээ.
Бага байхаасаа олон нарийн трюк сурсан бол гэж боддог юм. Бүжигчин болох гээд шийдээд эхэлж байгаа бол багаасаа сунгалт болон трюкээ сайжруулаарай. Томрох тусам яс бэхжээд илүү хэцүү байх болов уу. Жаахандаа гимнастикийн дугуйланд явсан бол гоё доо гэж боддог.


-Бас циркийн тоглолтод орж байсныг нь мэдэх юм байна. Элдэвтэй бүсгүй шүү.
-Циркийн тоглолтын нэг хэсэгт оролцдог ч голдуу бүжгийн чиглэлээрээ байсан. Тэнд тоглож байхдаа зургаан сар уран нугараач охидтой бэлтгэл хийж сунгалт, трюкээ сайжруулж авсан шүү. Бүжгийн урлагт хөдөлмөр л чухал шүү дээ.
-Тайзаа санаж байна уу?
-Энэ жил театрын маань 80 жилийн ой тохиож байгаа болохоор есдүгээр сард ажилдаа орох сон гэж хүсч л байна. Гэхдээ охиноо эрүүл торниулах нь чухал учраас харна даа.
-Завгүй явж байгаад нам гүм байдалд шилжээд удахаар хааяа уйтгартай санагддаг. Янз бүрийн синдром, стресс гэж үүнийг тодорхойлдог л доо. Тийм зүйлтэй тулгарч байна уу?
-Хүний сэтгэл зүй л дээ. Муухай бүдүүн байна, сошиалд байгаа бүсгүйчүүд гоё байна гэж өөрийгөө хямраагаад байвал л тэгэх байх. Мэдээж яг хэвийн байх үеэс жаахан өөр. Хүн бүрийн амьдрал онцлогтой шүү дээ. Тэгэхээр өөртэйгээ ярилцаж, өөртөө цаг зориулаад байвал зүгээр л дээ. Мэдээж таг суухаар сонин мэдрэмж төрнө шүү. Саяхнаас дасгалын клубт явж, өөртөө цаг гаргаж байгаа.
-Шинэ зүйл турших хоббитой юу?
-Өөрийгөө завгүй байлгах дуртай. Өдөртөө ямар нэг хэрэгтэй зүйл хийчих юм сан, шинэ зүйл сурах сан гэж боддог. Завгүй байж л аз жаргалтай амьдардаг байх аа. Том зүйл төлөвлөхгүй ч гэсэн, хүүхдээ харангаа өөртөө зорилго тавиад биелүүлнэ.
-Гоё сайхан байхаас гадна сэтгэлээ тордохгүй бол нийгэм биднийг янз бүрийн сорилтоор эвдэлчих гээд л байдаг. Гоо сайханд ордог шигээ сэтгэлээ бас массажилж байх хэрэгтэй юм болов уу?
-Тийм шүү. Гадаад өнгө төрх бол элэгдэнэ. Залуу насыг бид дайраад л өнгөрнө. Хүний мөн чанар л үлдэнэ шүү дээ. Тэгэхээр хичээж л явна даа.
-Өөрөөсөө гаргамааргүй зан авир гаргачихсан тохиолдол байдаг уу. Түүнийгээ өөрчлөх юм сан гэж хичээдэг үү?
-Жаахан ууртай талдаа... Сүүлийн үед хурдан уурладаг зангаа засахыг бодож байгаа. Гэртээ л тэр уур нь гарна л даа. Гадаад ертөнц, нийгэм дунд тэгэхгүй л дээ. Хүнд эвгүй сэтгэгдэл төрүүлчихээрээ өөрөө шаналаад, заавал уулзаж ярьж, цайруулж байж санаа амардаг.
-Олон найзтай юу?
-Олон найзтай, нөхөрлөл минь их үнэ цэнтэй. Төрөөд уулзахгүй байгаа ч гэсэн хааяа утсаар ярина, дүрстэй дуудлага хийчихдэг болохоор сэтгэл дүүрэн л байна. Манай найзууд намайг төрсний дараа том том шаар барьчихсан, гүзээтэй, махтай төрөл бүрийн бууз банш чимхээд ирчхээд гэнэтийн бэлэг барьсан. Гам барих хугацаандаа найзуудынхаа халамжийг мэдэрсэн шүү. Манайхан их сэтгэлтэй шүү дээ. Одоо өглөө клубт явахдаа зарим найзтайгаа уулзчихаж байгаа болохоор гоё байгаа.


-Нөхөр нь юу хийдэг, ямар ажил алба эрхэлдэг билээ?
-Төрийн албанд хүчин зүтгэдэг.
-Нийгмийнхээ өөрчлөлтөд залуу хүний хувьд ямар хувь нэмэр оруулна гэж боддог вэ?
-Сэтгэл эмзэглүүлэм олон үйл явдлыг ажиглаж, эмтэрч байна аа. Энэ талаар ажил төлөвлөж байгаа. Өмнө нь ажилтай, завгүй гээд анзаардаггүй байсан олон зүйлээ гэртээ байхдаа мэдлээ. Бүжгийнхнээ төлөөлөөд нийслэлийн соёлын элч болсон. Тэгэхээр нөлөөллийн ажил хийх ёстой. Эерэг өөрчлөлтөд нэг ч гэсэн хүнийг хөтөлж байх ёстой юм байна. Хүн гэдэг мөн чанараа алдахгүй, эрх мэдэл, мөнгө төгрөгний төлөө үнэ цэнтэй зүйлээ золихгүй зөв амьдрах гэдэг энэ хүслээ олон хүнд хүргэмээр байна.
Мэдээж, нэг үеэ бодоход сайхан зүйл их болж байна шүү дээ. Хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт, утаа униар гээд эерэг өөрчлөлтүүд байна аа. Нэг үеэ бодоход хүмүүс хотын иргэн болж төлөвшөөд байх шиг ээ.
-Охиддоо юу өвлүүлэхийг зорьдог ээж вэ?
-Зөв хандлагатай, аливаад тууштай, тэвчээртэй эмэгтэйчүүд болгохын төлөө хэлж ярина аа. Тэвчээр гэдэг бол сэтгэл зүйн гимнастик юм уу даа.
-Баярлалаа.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
AESPA- Supernova
40 минут өмнө
ВИДЕО: Trishna - ХООСОН
3 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]