Уншиж байна...
 
Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмживНийслэлийнхэн хямд гурил худалдан авах боломжтой болох ньТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдЭЗБХ: Танхимын тухай шинэчилсэн хуулийн төслийг хэлэлцэнэХот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сурганаЗасгийн газрын хуралдаанаар 30 асуудал хэлэлцэнэ“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээAESPA- SupernovaО.Амартүвшин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаЗасгийн газар: 7 хоногийн тоймТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвШУУД: Сонгуулийн өмнөх 230.000 ба 70.000 иргэний шилжилтийг царцаа байx магадлалтай гэж үзэн шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүллээ
Үндсэн хууль ба “шахааны барьц”

Танилцуулга биш суртал ухуулга

Монгол бөхөд шахааны барьц гэж нэг онцгүй дүрэм бий. Хоёр бөх үндсэн цагтаа барилдаж хаялцахгүй бол шууд шахааны барьц авхуулна. Ингээд барилдааны хувь заяа тодорхой болдог. Түүн шиг улс төрд мөн шахааны барьц гэдэг дүрэмгүй тоглолт бий болоод уджээ. Аливаа хуулийг олон нийтийн анхаарлаас холдуулж байгаад цаг хугацааны шахаанд оруулж баталдаг, эсвэл олон нийтийн нэрийг барьж, иргэд сонгогчид дэмжиж байгаа гэх сайхан үгээр халхавчлан шахаанд оруулан УИХ-ын босго давуулдаг. Эрх баригчид өршөөлийн, татварын, сонгуулийн гэх мэт олон хуулийг иймэрхүү заль мэх ашиглан баталж гаршсан. Энэ арга технологио эдүгээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт дээр мөн хэрэгжүүлж байна. Энэ нь МАН-ынхан амташсан хэрээ 13 дахина гэдгийн үлгэрийг давтаж байгаагийнх юм. Парламентад 64 суудалтай үнэмлэхүй олонх, засгийн эрх барьж буй нам тул тэд ийнхүү хүч түрэн “Эцэг хууль”-д гар хүрэхээр зэхэж байна.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байгаа нь буруу биш. Харин ямар нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байна вэ гэдэг нь чухал.

 

Энэ өнцгөөс нь харж олон нийтэд танилцуулга хийсэн бол яах вэ болж байна гэх сэн. Харамсалтай нь, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн танилцуулга тун хангалтгүй, бараг л хаалттай гэмээр байсаар өнөөг хүрэв. Танилцуулж байгаа нь энэ гээд цахим орчинд, олон нийтийн сүлжээгээр магтсан, ятгасан шинжтэй суртал ухуулгын ярилцлага, мэдээллүүд л цацагдаж байна.
Тиймээс Ардчилсан намын зүгээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд эхнээс нь болгоомжтой хандаж, эрх баригчдын хэт хүч түрэмгийлж, яаран шавдуулсан хандлагад шүүмжлэлтэй хандаж ирсэн юм. Тухайлбал, өнгөрсөн зургадугаар сарын 17-нд Ардчилсан намаас мэдээлэл хийж, эрх баригчид Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн барихдаа хууль зөрчсөн гэдгийг олон нийтэд мэдээлсэн. Тиймээс хууль зөрчсөн төслөө татаж авахыг УИХ дахь МАН-ын бүлгээс шаардсан билээ. Гэвч энэ шаардлагыг үл тоон эрх баригч нам хүний олноор түрээ барин Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэн юм. Тиймээс УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн гишүүд өнгөрсөн долдугаар сарын 4-ний өдрийн хурлаараа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хойшлуулах нь зүйтэй гэсэн санал гаргаж, УИХ-ын чуулганы хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Иргэд, олон нийт Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар мэдээлэл, ойлголтгүй байгаа учир олон нийтэд бүрэн мэдээлэл өгсний дараа төслийг хэлэлцэх ёстой гэдэг хатуу байр сууриа Ардчилсан намын зөвлөлийн гишүүд илэрхийлсэн юм.

 

Хугацаа сунгасан хэлэлцүүлэг

Улсын баяр наадмын дараахан буюу долдугаар сарын 16-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналаа УИХ-д өргөн барьснаар шинэ нөхцөл байдал үүсэв. МАН-ынхан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг 62 гишүүний гарын үсэгтэйгээр өргөн барихдаа хууль зөрчсөний нэг илрэл нь төрийн тэргүүнээс санал аваагүй явдал. Тиймээс Ерөнхийлөгч наадмын дараа өөрийн саналын төслийг ийн өргөн барьснаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлэг тодорхой хугацаагаар сунгагдсан юм. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хугацаа тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хугацааг наймдугаар сарын 9-ний өдөр хүртэл сунгахаар болсон билээ. Энэхүү хугацаа 10 хоногийн дараа буюу ирэх долоо хоногийн баасан гарагт дуусна. Өнгөрсөн хоёр долоо хоногт Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар таван удаагийн цуврал хэлэлцүүлэг болж өндөрлөв. Энэ бол ололт. Парламент дахь хэт олонхдоо дулдуйдсан ганц намын хүч түрсэн бодлогоор Үндсэн хуулийг өөрчлөхөөр зүтгүүлж байсан нь ямар ч байсан тодорхой хэмжээгээр олон нийтийн санаа бодлыг сонсох хандлага руу шилжсэн нь энэ. Түүнээс биш МАН-ынхан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барьмагцаа эхний хэлэлцэж эхэлсэн бөгөөд хоёр дахь хэлэлцүүлгийн шатанд зарчмын зөрүүтэй 69 санал гарсны 60-д нь санал хураалт явуулчхаад байсан юм. Нэг үгээр хэлбэл, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг ийнхүү хаалттайгаар, хэлбэр төдий бөгөөд олон нийтийн санал, дүгнэлт, оролцоогүйгээр батлахаар яарч байсан гэсэн үг.

 

17 нам эсэргүүцэв, 17 нам дэмжив

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн барьсны дараа парламентад суудалтай болон суудалгүй улс төрийн намууд өөрсдийн байр сууриа илэрхийлсэн. Тэдний байр суурь үндсэндээ эрх баригчдын эсрэг, өөрөөр хэлбэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжихгүй гэдэгт нэгдэж байлаа. Өнгөрсөн зургадугаар сарын 13-нд МАХН, МҮАН, ИЗНН зэрэг улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд энэ талаараа мэдээлэл хийсэн юм.
Тэд мэдэгдэхдээ улс төрийн 17 нам нэгдэж, эрх баригч намыг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эрхгүй бөгөөд одоо нэмэлт, өөрчлөлт оруулах цаг үе нь биш, тохиромжгүй үе гэж үзэж байгаагаа илэрхийлсэн нь хэвлэлийн хуудаснаа бэх нь хатаагүй байгаа. Мөн тэд УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барихдаа хэд хэдэн хууль зөрчсөн учраас энэ талаар Үндсэн хуулийн Цэцэд хандана гэдгээ мэдэгдсэн билээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг эсэргүүцэж байгаа үндэслэлээ тэдгээр 17 нам “Монголчуудын шийдвэрлээсэй гэж хүсч байгаа олон зүйлийг энэ УИХ хийгээгүй. Жишээлбэл, Оюу толгойг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг өнөөдрийг хүртэл мэдээлэхгүй байна. Өнөөдрийн УИХ Монголын ард түмний шийдвэрлээсэй гэж хүсч байгаа хурц асуудлыг хэлэлцэхгүй, зориуд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх гэж байна гэж үзэж байна. Ерөнхийлөгч энэ УИХ-ыг хоёр ч удаа тарах шаардлагыг тавьсан, 50 гаруй гишүүд нь гэмт хэрэгт холбогдсон, ёс зүйн зөрчилтэй учраас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ёс зүйгүй гэж үзэж байна" хэмээн тайлбарлаж байв.


Тэгвэл сар хагасын дараа улс төрийн намуудын байр суурь 180 градус эргэжээ. Долдугаар сарын 29-нд улс төрийн намуудын удирдлагуудтай УИХ-ын дарга Г.Занданшатар уулзсан аж. Энэ уулзалтаар тэд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж байгаагаа ам уралдан ярьсан байх юм.
Уулзалтад Монгол үндэсний ардчилсан нам, Иргэний Зориг-Ногоон нам, Эх орон нам, Монголын либериал нам, Бүгд найрамдах нам, Иргэний хөдөлгөөн нам, Монголын ардчилсан хөдөлгөөний нам, Хөдөлмөрийн үндэсний нам, Монгол консерватив нам, Ард түмнээ хайрлая нам, Монголын хүний төлөө нам, Үнэн ба зөв нам, Дэлхийн монголчууд нам, Хамуг монгол хөдөлмөрийн нам, Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нэгдсэн намын удирдлагууд болон МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, УИХ-ын гишүүн асан Д.Очирбат нар оролцсон байна.


Намуудын дарга нар УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаар өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан цуврал хэлэлцүүлгүүд нь УИХ, Ерөнхийлөгч, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид, иргэд олон нийтийн төлөөллийг оролцуулан өргөн хүрээнд зохиогдож, санал бодол, байр сууриа чөлөөтэй илэрхийлэн аль болох зөвшилцөл, ойлголцолд хүрэх, төслийн зүйл, заалтуудын талаарх ойлголт, байр сууриа нэгтгэхэд чухал ач холбогдолтой болсныг онцолжээ.
Мөн энэ удаад Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл нь парламентын ардчилллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах, гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах, түүнчлэн шүүх эрх мэдлийн хараат бус байдлыг хангах, нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох замаар өнгөрсөн 27 жилд хуримтлагдсан алдаа, гажуудлыг засч залруулахад чиглэж байгаа учраас нэмэлт, өөрчлөлтийг зарчмын хувьд дэмжиж байгаагаа намуудын удирдлагууд илэрхийлсэн байна.


Цаашид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар тодорхой сэдэв, асуудлуудаар хэлэлцүүлэг, мэтгэлцээн зохион байгуулж санал солилцох ажлыг цаашид ч үргэлжлүүлнэ гэдгээ УИХ-ын дарга хэлжээ. Мэдээж нэгдсэн ойлголт, байр суурьт хүрэх, мэдлэг, мэдээллээ нэгтгэх үүднээс төслийн зарим тодорхой асуудлаар МҮОНТ-ээр ярилцлага, мэтгэлцээн ч зохион байгуулах бөгөөд нийгмийн бүх талын төлөөллийг хамруулсан хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийхээр УИХ-ын дарга болон улс төрийн намуудын удирдлагууд санал нэгджээ.

 

Эргэлзээ ба хардах эрх

Албаны энэ мэдээнээс бүх зүйл сайхан болж, улс төрийн намууд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж буй мэт харагдаж байна. Гэхдээ олон нийтийн санаа бодол үнэхээр тусч чадаж байна уу, иргэд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар мэдээлэл, ойлголт тийм сайн байна уу гэдэгт эргэлзээ төрж байна.
Улс төрийн намуудын удирдлагуудын уулзалт дээрээ л гэхэд парламентад суудалтай бөгөөд хүчтэй сөрөг хүчин болох Ардчилсан намын удирдлагуудыг оролцуулаагүй нь дээрх эргэлзээг улам нэмэгдүүлнэ. Түүнчлэн Ардчилсан намын зөвлөл УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2019 оны долдугаар сарын 16-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг судалж, санал, дүгнэлт гаргах, үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатаар ахлуулан байгуулсан. Энэ ажлын хэсгийн дүгнэлт сөрөг хүчний гол байр суурийг илэрхийлэх учиртай. Гэтэл УИХ-ын дарга Ардчилсан намынхны байр суурийг сонссонгүй.


Түүнчлэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг эсэргүүцэж байсан 17 нам хэдхэн хоногийн дотор байр сууринаасаа буцаж, эрх баригчдын талд уухайлан дуугарч байгааг эгэл жирийн иргэд хардах эрхийнхээ дагуу эргэлзээ, тээнэгэлзээн дунд хүлээн авч байгаа нь нууц биш. Улс төрийн намуудын дарга, удирдлагууд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөө мэдэж, ойлгосон уу гэдэг асуулт ч эндээс гарна.
УИХ-д суудалгүй намуудын удирдлагууд, төлөөлөгчид оролцсон хэлэлцүүлэгт суусан нэгэн хуульч “Оролцогчдод (бүгдээрэнд нь биш ч олонход нь) нийтлэг нэг том дутагдал байна. Тэр нь ердөө л нөгөө Үндсэн хуулиа уншаагүй. Анхнаасаа үндсэн хуулиа уншаагүй юм чинь юуг нь яаж өөрчлөх гээд байгааг ойлгохгүй, тийм болохоороо нэг бол шал далий асуулт тавина, эсвэл мэдээжийн илэрхий юм асууна. Хариулт өгөхөөр бэлтгэгдсэн хүн (хуульч, улс төрч, ядаж л нөгөөхийг нь уншсан хүн) мэдээж тэдгээр асуултад нь торох ч үгүй. Асуулт хариулт тэгсхийгээд дуусна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байв.


Эндээс харахад улс төрийн намуудын удирдлагууд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар өнгөцхөн бөгөөд хөнгөхөн ойлголт, мэдээлэлтэй яваа юм биш байгаа гэсэн хар сэр төрнө. Тэд УИХ-ын даргатай уулзахдаа ч гэсэн газрын хөрсөн доорх баялаг ард түмний өмч байх ёстой гэх мэт нэг л ижил зүйлийг ярьцгаасан байна лээ. Эндээс улс төрийн намуудын хоорондох Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаарх зөвшилцөл гэгч юу болоод өнгөрсөн нь тодорхой харагдах шиг.
Монголын хувьд улс төр дэх зөвшилцөл нийгмийн илтгэлийг алдагдуулж орхисон гашуун түүх бий. “Зөвшилцөл бол шинэ фашизм” гэсэн Америкийн еврей зохиолч Айн Рэндийн хэлсэн үг бий. Үнэхээр л Монголын улс төрд зөвшилцөл гэгчийн халхавч дор МАНАН гэгч нам дамжсан бүлэглэл үүссэн. Тиймээс олон нийтийн олж авсан ойлголт бол зөвшилцөл, хуйвалдаан, зөвшилцөх нь наймаа, тохирооны засаглал юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт дээр ийм зөвшилцөл нэртэй наймаа тохироо бүү яваасай гэж олон нийт хүсч буй.

 

Г.УУГАНБАЯР

 Эх сурвалж: АРДЧИЛАЛ ТАЙМС СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
AESPA- Supernova
7 өдрийн өмнө
ВИДЕО: Trishna - ХООСОН
10 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]