Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Гэр бүлийн асуудлууд хүүхдийг тэнэмэл болоход хүргэж байна

Хотын гудамжинд хоосон хайрцаг тавьчхаад, гуйлга гуйж суугаа тэнэмэл нэгнийг хараагүй хүн гэж үгүй. Боловсролын их сургууль, их дэлгүүр, 3,4-р хороолол гээд хотын захаас төв хүртэл олны хөлийн газруудаар хэдэн төгрөг гуйлгачлах 10 орчим насны хүүхдүүд энд тэндгүй таарна. Ажилдаа яаран явах завгүй их хотын урсгал хөдөлгөөнд хэн хүн тэднийг тоохоосоо тоохгүй нь их. Зарим хүмүүс “эвий дээ хөөрхий” гэжхалаас, цүнхнээсээ хэдэн задгай дэвсгэрт гаргаж ирнэ. Энэ бол бидний мэдэх өнөөгийн тэнэмэл хүүхдүүдийн дүр зураг.

Нийгэм өөрчлөгдөж байсан 1990-ээд оны эхэн дунд үед тэнэмэл хүүхэд олширч “траншейныхан” гэдэг нэр томьёо хүртэл бий болон, дулааны шугам сүлжээний цооногоос бяцхан хүүхдүүдийн толгой шоволзож байсан нь нэг хэсэгтээ гайгүй болж “Энэ тэнэмэл хүүхдүүд хаачив аа” арай “хүний наймаа, эд эрхтний донор болгоод хэн нэгэн нь зөөчихсөн юм биш биз” гэсэн яриа хүртэл гарч байв шүү дээ. Үнэхээр тэнэмэл хүүхэд эрс цөөрөөд байсан ч өдгөө дахиад л энд тэндгүй цаасан хайрцаг тавьчихсан гуйлга гуйж суугаа жаал, гуанз зоогийн газрын үүдээр эргэлдэн орж гарч байгаа хүнээс “Ах аа, 100 төгрөг өгчих” гэсэн цөхөрсөн дуу, царайчилсан нүд таарах болж. Эцэг эхгүй ч юм уу, тэд нь хайхарч тоодоггүй ч юм уу, эсвэл өөрсдөө хэсч тэнээд байх дуртайдаа ч юм уу ингэж яваа энэ хүүхдүүдийг хайхарч анзаардаг хүн, байгууллага байна уу хэмээн сурвалжиллаа.

 

Тэнэмэл хүүхэд илрүүлэх “Илрүүлэлт” арга хэмжээ

Энэ оны гуравдугаар сард Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар хамтран гудамжинд ажиллаж, амьдарч байгаа хүүхдийг илрүүлэх, тэдэнд тусламж үйлчилгээ үзүүлэх "Илрүүлэлт-2019" арга хэмжээг зохион байгуулсан. Ингэхдээ томоохон зах, худалдааны төв, олон нийтийн газар, хогийн цэгүүд, цахим тоглоомын газар зэрэг газруудаас эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналтгүй байж болзошгүй 20, хараа хяналт сул 159, хөдөлмөр эрхлэгч гурав, гар дээрээс худалдаа наймаа эрхэлдэг гурав, гуйлга гуйдаг зургаа, орон гэргүй, тэнэмэл нэг, нийт 192 хүүхдийг олж тогтоон, бүртгэжээ. Эдгээрээс 157 хүүхдийг ар гэрт нь эргүүлэн өгсөн бол 28 хүүхдийг хүүхэд хамгааллын хариу үйлчилгээний түр хамгаалах байранд, гурван хүүхдийг асрамж халамжийн төвд тус тус хүргэсэн байна.
Гуйлга гуйдаг, хог түүдэг, тэнэмэл хүүхдүүдийн явдаг гол газрууд нь сүм хийд, интернэт тоглоомын газар, зочид буудал, дэн буудал, саун, сүлжээ хоолны газрууд болон хотын төвийн хүн ихээр явдаг нүхэн гарцууд юм.
Эдгээр хүүхдүүдийн тухай Боловсролын их сургуулийн дэргэдэх нүхэн гарцад олон жилийн худалдаа эрхэлж буй иргэн Батсайханаас асуухад:
“Тэнэмэл хүүхэд, залуучууд, хөгшид бүгд л нүхэн гарцанд ирдэг дээ. Өглөө өдрийн цагаар нүхэн гарцны үүдэнд сууж зөрж өнгөрөх хүмүүсээс мөнгө гуйна. Тэгж байгаад орой болохоор нь нүхэн гарцныхаа доор худалдаа үйлчилгээ эрхэлдэг хүмүүсийн гаргаж хаясан хогон дээр өмссөн цамцаа өвдөг хүртлээ доош нь сунгачхаад хэвтээд өгнө. Зарим хөгшид нь энд бааж, шээчихнэ. Үнэр нь үүгээр нэг тархаад заваан болгочихно. Архинд орсон хэд нь нийлээд шүлс цэрээ хаяж, уусан архины шилээ хагалж шиднэ. Гэтэл нүхэн гарцаар явах хүмүүс нь энд худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа биднийг ийм л муухай, балиар суудаг гэж бодно. Бид тэсэлгүй тэднийг хөөнө. Тэгэхээр зарим нь ядарсан хүмүүсээ дорд үзлээ гэнэ. Цагдаа ирэхээр тэнэмэл хүүхдүүд нь ийш тийшээ зугтаад алга болно. Баригдах нь баригдаад удалгүй буцаад л ирж гуйлга гуйдаг. Тав зургаан жилийн өмнөхийг бодвол ийм хүүхдүүд цөөрсөн”

 

Гэр бүлийн маргаанаас хүүхэд л хохирдог

Хүүхдүүд гэрээсээ дайжихад архидалт, хүчирхийлэл, ажилгүйдэл, ядуурал, гэр бүл салалт зэрэг нийгмийн сөрөг асуудлууд шууд нөлөөлж байна. Мөн интернэт тоглоомонд донтох явдал ч цөөнгүй. Хүүхэд хараа хяналтгүй болох олон шалтгаан бий.Эцэг, эх нь архи уудаг, хойд аав ээжтэй хүүхдүүд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн тохиолдолд гэртээ байх хүсэлгүй болдог. Ялангуяа архи ууж согтоод олон хоногоор зодож дарамталсан үед хүүхэд гэрээсээ зугтдаг. Мөн зарим эцэг, эх хүүхдээ хичээлд суудаг, эсэхэд хяналт ч тавьдаггүй нь нөлөөлж байна. Гэрт нь очоод үнэлгээ хийхэд хүнд нөхцөлд амьдардаг хүүхдүүдийг халамж асрамжийн төв давахаас өөр арга байдаггүй. Гэтэл тэд тэнэмэл амьдралд дасч, ийм газраас зугтаан гэмт хэрэгт орооцолдох тохиолдол ч гардаг.
Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хүүхдийн хөгжил хамгааллын газрын эрсдэлт нөхцөл дэх хүүхдийн хамгааллын ажилтан Т.Мөнхцэцэг “2018 онд хараа хяналтгүй гудамжны нөхцөлд амьдарч байгаа 74 хүүхдийг бүртгэсэн. 2019 онд 57 хүүхэд болж буурсан. Энэ жилээс эхлэн хараа хяналтгүй, хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийг илрүүлэн нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлэх зорилготой “илрүүлэлт” арга хэмжээ гэж зохион байгуулж байна. дэг. Хэрэв гэр бүлд нь эргэн нэгтгэх боломжтой хүүхдүүдийг эргүүлж өгөн, боломжгүй хүүхдүүдийг асрамж халамжийн хувилбарт үйлчилгээнд нэгтгэж ажилладаг. 57 хүүхдээс 37 хүүхдийг асрамж халамжийн төвд шилжүүлж, одоо тэнд амьдарч байгаа. Үлдсэн 20 хүүхдийг ар гэрт нь хүлээлгэн өгсөн. Бид гэр бүлд нь хүлээлгэж өгөөд зүгээр орхичихдоггүй. Араас нь манай нийгмийн ажилтнууд очиж эргэн, үнэлгээ хийдэг. Дахин гадуур тэнэж явах, гэртээ хэр зэрэг дасан зохицож байгаа эсэхэд үнэлгээ хийнэ. 17 хүүхэд нь гэртээ байгаа харин гурван хүүхэд нь дахин гадуур тэнэх магадлалтайбайна. Гэхдээ энэ бүх хүүхэд нийгмийн ажилтнуудын хяналтад байгаа.


Дүүрэг бүрт байдаггэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтэс, хүүхэд хамгааллын мэргэжилтнүүд болон нийгмийн ажилтнууд тухайн дүүргийн цагдаагийн газартай хамтран гудамжны нөхцөлд байгаа хүүхдүүдийн тухай мэдээлэл авч, тэдний явдаг газруудад очиж илрүүлдэг. Тэгээд бүгдийг нь бүртгэлжүүлнэ.
Хүчирхийлэлд өртсөн буюу гэл бүл нь үл хайхарсан, бүтэн эсвэл хагас өнчин, гэр бүлтэйгээ амьдрах боломж хомс болчихсон хүүхдийг асрамжид өгдөг. Тэнд хүүхдүүдийг сургаж, эрүүл мэндийн болон бусад анхдагч бүх төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Өнөөдрийн байдлаар асрамж халамжийн 31 төвд мянга гаруй хүүхэд байна” гэлээ.
Ийн олж илрүүлсэн хүүхдүүдийн эрүүл мэндийг үзэж усанд оруулан дулаан хувцас өгдөг. Ингэхэд хараа хяналтгүй хүүхдүүдийн дунд амьсгалын замын болон арьсны өвчлөл их байжээ.

 

Хайр халамжаар дутсан хүүхдийн зан ааш эвдэрдэг

Одоо тэнэмэл хүхдүүдийн толгой хоргодох байр нь компьютер тоглоомын газрууд болжээ. Нүхэн гарцны тэнд хоолны мөнгө гуйн суусан хүүхдээс асуухад “Гуйж олсон хэдэн төгрөгөөр өл залгуулж юм иднэ, үлдсэнээр нь интернэт тоглоомын дулаахан газар очиж, хөгжилтэй тоглодог” гэж хариулж байна.
Гэр бүлийн аливаа асуудал, хор хөнөөл нь хүүхдэд шууд тусдаг. Өнгөрсөн хугацаанд гэр бүлийн бат бэх байдлыг дэмжсэн дорвитой бодлого дутмаг байснаас гэр бүл салалт ихэсч, үр дагаврыг нь бяцхан үрс нь амсч байгаа нь нууц биш.
2016 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө үндэсний газрыг “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар” болгон өөрчилж, хүн амын бүлгүүдийн асуудлыг хариуцуулсан. Гэр бүл гэдэг томьёолол үндсэндээ анх удаа төрийн бүтцэд харьяалагдсан нь энэ. Хүүхдийн хөгжилд орчны нөлөө хамгийн чухал. Орчин гэдэгт гэр бүлээс эхлээд сургууль, анги, хороо дүүрэг, хот бүхэлдээ орно. Тэгээд ч хүүхдийг нийгмийн амьдралын толь гэдэг. Тэдний төлөвшил хүмүүжилд, цаашлаад ямар хүн болох ирээдүй нь гэр бүлээс шалтгаална. Гэр бүлийн хайр халамж дутсан хүүхэд зан чанарын хувьд доголдолтой, тэвчээргүй, хүний үгээр байдаг, өөрийн гэсэн үзэл бодолгүй, зориг муутай болдог. Бага насанд нь ямар амьдрал үзүүлнэ хүүхэд түүнийгээ бүтээж амьдардаг. Томчууд хүүхдийг ойлгохгүй гэж бодон зөвхөн өөрсдийнхөө шийдвэрээр хандах нь тэднийг зөрүүд, сэтгэлийн зовнилтой болгох нь бий.


Хараа хяналтгүй гэгдэх эдгээр хүүхдүүдэд эцэг эхийн хайр, халуун дулаан орчин үгүйлэгддэг нь мэдээж. Хүүхдийн төлөө гэх хэд хэдэн олон улсын, төрийн болон төрийн бус байгууллагууд ажиллаж байна. Гэтэл хүүхдийн төлөө гэж дуугарах гол институт нь гэр бүл. Яг үнэндээ, бодит байдал дээр хүүхдийн эрхийг эцэг эхчүүд өөрсдөө уландаа гишгэж байх юм.
Европын зарим оронд социализмын үеийн бэлэн амьдралаас тасарсандаа гутаж гуньсан, зах зээлийн үед өөрийгөө авч чадахгүй болсон ихэвчлэн ахимаг насныхан гуйлга гуйж суух нь өдрийн од шиг таардаг. Харин манайд эсрэгээрээ та бидний хойч үе болсон хүүхэд багачууд ийн яваа нь даанч харамсалтай.

 

Б.Мөнхбайгаль

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com