Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Манай нийгэм Өөрөө “Хөгжлийн бэрхшээлтэй”
Монгол Улсын иргэн та эрүүл аюулгүй орчинд амьдарч чадаж байна уу гэж асуувал тийм гэж хариулах хүн олдохгүй л байх. Монгол Улсад одоогоор 105,690 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. Тэдний эрх ашиг гэрээсээ гараад дэлгүүр ороход л зөрчигдөж эхэлдэг. Явган хүний замгүй, эсвэл байгаа зам нь харааны бэрхшээлтэй хүмүүс зорчиж болохооргүй саад ихтэй, тэргэнцэртэй хүнд зориулсан налуу зам, бариул байдаггүй. Тиймээс заавал хэн нэгнээр өргүүлж, түшүүлэн явах шаардлага тулгардаг. Хэд алхаад л онгорхой траншейны нүх, рекламны самбар зам хааж таарна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн байтугай хөгшин хүн, хүүхэд хүртэл явахад хэцүү энэ барилга байгууламжуудын орц, гарц, зам талбайг хэн нэгний хувийн эрх ашгийн төлөө хийсэн болов уу гэмээр олон нийтэд хүртээмжтэй бус харагдах юм.
 
Монголын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн телевизийн “Тулга Тав” студийн захирал Б.Оргодол:
 -Би XI хорооллын “Номин” супермаркет орсон юм. Эхнэр маань дэлгүүрт тооцоогоо хийж байхад нь би гарах гэж яваад хэт өгсүүр замтай байсны улмаас тэргэнцэртэйгээ арагшаагаа савж унасан. Энэ үед хэн ч надад туслаагүй. Дэлгүүрийн ажилчдад эхнэр маань намайг унасныг хэлтэл “Бидний буруу биш, барилга барьсан хүмүүсийн алдаа. Харин та мэдрэл муутай, өвчтэй хүнээ асран хамгаалагчгүй явуулж болохгүй” гэж хэлсэн. Тэд намайг гаднаас нь хараад мэдрэл муутай, мангар гэж дүгнэсэн. Гэтэл би МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн мэдлэг, боловсролтой хүн. Мэргэжлээрээ 20 жил ажиллаж байна. Үүнээс харахад Монголын нийгмийн сэтгэхүй хөгжөөгүй байна. Бид эхлээд хандлагаа өөрчилж, сэтгэлгээгээ хөгжүүлэх хэрэгтэй. Үүний дараа л хөгжинө гэж тэр хэлэв.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд сэтгэл санааны хувьд эмзэг байдаг. Гэтэл энэ мэт амьдрах орчны асуудал бүр л тэднийг стресстүүлж, санаа сэтгэлийг нь хэмлэдэг байх нь. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амьдрах орчин хангалтгүй, мөн тэдэнд хандах хүмүүсийн хандлага ямар түвшинд байгааг харахад манай нийгэм өөрөө хөгжлийн бэрхшээлтэй байна гэж дүгнэж болно. Тэд үүнээс үүдэн сурч боловсрох, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамрагдах, нийтийн тээврийн хэрэгслээр чөлөөтэй зорчих боломж муу байдаг. Уг нь дэд бүтцийг сайжруулахын тулд Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Хөгжлийн бэрхшээлтэй хүний ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, хүртээмжтэй орчин бүрдүүлэх” талаар тусгасан ч өнөөг хүртэл дорвитой хийсэн зүйл алга. Барилгын тухай хуулийг 2016 онд шинэчлэн найруулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан стандарт бүхий 10 гаруй дүрмийг тодорхойлжээ. Тухайлбал, шатны өргөн 1.2 метр, ганцаараа явж болохоор налуу бариултай, гадаргуу нь арзгар байх ёстой гэх мэт. Гэтэл уг дүрэм мөрдөгдөхгүй байгаа нь гол асуудал болоод буй.
 
Олон улсын Жайка байгууллагын “Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих” төслийн ахлах зөвлөх Чиба Хисао:

-Монгол Улсын хот байгуулалтын хуулинд хүртээмжтэй орчин буюу бэрхшээлгүй орчин бий болгох ёстой гэсэн заалт байдаг. Гэвч үүний хэрэгжилт маш дутмаг байна. Анхнаас нь барилгын зураг төсөлчид, барилга байгууламжийн зөвшөөрөл олгодог эрх бүхий байгууллага хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ямар хэрэгцээ шаардлага байгааг мэдэрч ойлгох нь чухал юм. Хүртээмжтэй орчныг бий болгоно гэдэг нь зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж байгаа хэрэг биш, нийгмийн бүхий л бүлгүүдэд чухал ач холбогдолтой. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн тэрхүү зам талбайгаар чөлөөтэй зорчиж чадаж байвал өндөр настан, жирэмсэн эхчүүд, тэрэгтэй хүүхдээ түрсэн ээжүүдэд таатай орчин бүрдэнэ гэсэн үг юм.
Дэлхийн улс орнуудын жишээнээс харахад 1970-аад онд Японы хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүртээмжтэй орчны тухай санал гаргаж Үүнийг Японы Засгийн газар 1990 оноос хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Түүнээс хойш 30 жилийн хугацаанд өдийг хүртэл сайжирч ирсэн байна. Орчны сайжруулалт гэдэг ганц сар эсвэл нэг жилийн дотор өөрчилж чадах зүйл биш. Удаан хугацааны турш сайжран шинэчлэгддэг ажил юм.
 
ШУТИС-ийн Архетиктурын салбарын эрхлэгч И.Гончигбат:
 
-Энэ бол маш олон талын оролцоотойгоор бүтдэг орчин юм. Үүн дээр сэтгэл л дутаад байна уу гэж би хардаг. Гол гогцоо нь мэргэжлийн хяналтын заалт, зураг төслийн хянадаг экспертүүдийн заалт, барилга хүлээж авдаг комиссын заалт гэх заалтууд байдаг. Энэ гурван түвшний байгууллагын заалтад орсон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэд бүтэц, аюулгүй орчныг бүрдүүлэх норм дүрмийн дагуу хийсэн заалтууд бүгд ижил орсон байх ёстой. Энэ л хамгийн эхний хэрэгжилт юм. Хэрэв дутуу байвал гүйцээсний дараа, Стандартын бус хийсэн бол засч залруулсны дараагаар хүлээж авдаг байх ёстой. Хэрэв стандартын шаардлагад нийцээгүй барилга байгууламж хүлээж авсан бол хариуцлага тооцох хэрэгтэй. Үүний тулд хариуцлагыг өндөржүүлэх нь чухал байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тусгай хүмүүс биш, тэд бидний нэгэн адил Монгол Улсын иргэд юм. Бид өнөөг хүртэл үл тоож ирсэн. Шаардлага хангаагүй барилга байгууламжид зөвшөөрлийг нь олгосоор байна. Уг нь барилга хүлээн авах комиссод хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг оруулж шалгуулдаг. Тэгсэн ч хүч хүрдэггүй гэнэ. “Болоогүй байна, бидний шаадлагыг хангаагүй байна” гэж хэлсэн ч “дараа нь засчихна” гэж хэлээд зөвшөөрлийг нь олгочихдог. Манайд яг шаардлага хангасан зам талбай барилга тоотой хэд л байдаг. Хүртээмжтэй байдлыг хэлбэр төдий бий болгох нь ямар ч утгагүй. Гурилдаж хийсэн ямар ч зүйл хэнд ч хэрэг болохгүй. Бидний бүтээн байгуулсан бүх зүйлээс иргэд, олон нийтийн төлөө гэсэн сэтгэл үнэртэх ёстой. Замын гарц, шат, орох гарах хаалга бүх зүйл хэн нэгний мөнгө угаах арга хэрэгсэл биш, иргэдийн эрх ашгийн төлөө ажил байх ёстой. Гэвч тэд үл тоосон хэвээр.
 
 
Э.БОЛОР
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com