Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
“Сарьдагийн хийдийн нууцыг нээсэн нь” үзэсгэлэнг амжиж сонирхоорой

Монголын үндэсний музейн Их танхимд Сарьдагийн хийдийн гол сүмийн тухайн цаг үеийн байдлыг багасган бариулжээ. Гурван цагийн бурхан, Бурхан багшийн хоёр шавь Шаарийбуу, Монголжийбуу болон Бодьсадва нар, тахилын ширээ, багана зэргийг анх байсан хэв маягаар нь зохиомжилж, шинэ цагийнханд XVII зууны Монгол сүм хийдийг үзүүлэхээр зэхсэн байлаа. Уг үзэсгэлэн есдүгээр сарын 27-нд нээлтээ хийсэн агаад арванхоёрдугаар сарын 20-ныг хүртэл үргэлжлэх юм.

Үзэсгэлэнгийн танхимд Гол сүмийн хойморын тасалгаанаас малтлагаар илрүүлсэн олдворуудын хэсэг болон Өндөр гэгээн Занабазарын хосгүй үнэт Ногоон дарь эхийг байрлуулсан харагдана.
Сарьдагийн хийд үзэсгэлэнгээс хийдийн загвар макет, сэргээсэн зураг, танилцуулгыг харж болно. Мөн Сарьдагийн хийдийн бүтээн байгуулалтыг харуулсан 3D анимэйшн, малтлага судалгааг харуулсан баримтат кино, зураг дүрсний слайд шоуг үзээрэй. Баримтат кино, холограм зураг үзүүлэх зэргээр технологийн дэвшлүүдийг ашигласан нь содон шийдэл болжээ. Олон нийтэд зориулж “Өндөр гэгээн болон түүний өв” сэдэвт цуврал лекцийг эрдэмтэн судлаачид уншиж, хүүхэд багачууд үзэгчдэд зориулсан шашны урлагийн боловсролын хөтөлбөрийг хуваарийн дагуу явуулж буй.
Үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагч ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэн, хамтран зохион байгуулагчаар Монголын Үндэсний музей, Богд хааны ордон музей ажиллаж байна.

 

Сарьдагийн хийдийн малтлага дээр ажилласан судлаачдын нэг, ШУА-ийн Түүх угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Э.Уртнасангаас энэ талаар тодруулсан юм.

-2013 оноос ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, академич С.Чулууны санаачилгаар “XVII зууны Монголын хот суурин” төслийн хүрээнд 2013-2018 онд Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын баг зургаан жилийн турш цогц малтлага судалгаа явуулж, Өндөр гэгээн Занабазарын байгуулсан Сарьдагийн хийд буюу Номын их хүрээг нээн илрүүлсэн юм. Сарьдагийн хийдийг судалсан нь санаандгүй хэрэг биш. Өмнөх эх сурвалжийн мэдээ, Европ болон Оросын сан хөмрөгт байгаа архивын мэдээг судалж байж үүнийхээ үндсэн дээр Сарьдагийн хийдийг малтсан. Сарьдагийн хийдийг 1654 онд Өндөр гэгээн Занабазар анх шавыг нь тавиад, 32 жилийн турш байгуулсан юм билээ. 1686 онд бурхнаа аравнайлж, нээлтээ хийжээ. Хоёр жилийн дараа Халх, Ойрадын дайны үеэр Галдан бошигтийн цэргүүд ирж, Сарьдагийн хийдийг шатаасан гэдэг. Түүнээс хойш энэ хийдийг ахин сэргээж бариагүй. Тэр чигээрээ уулын тайгад дарагдаж үлдсэн байдаг. Судалгааны явцад ШУА-ийн тухайн үеийн нэрээр Түүхийн хүрээлэнгийн залуус голцуу ажилласан. Малтлага судалгаагаар илэрсэн олдворуудаар үзэсгэлэн гаргаж байгаа юм. Өндөр гэгээн Занабазар бол хөөмөл урлалаас гадна керамик буюу шавар баримлын сонгодог төлөөлөгч гэдэг нь энэ малтлагаар тодорхой болсон. Өндөр гэгээний өөрийн урлагийн гол бүтээлүүд болох Язгуурын таван бурхан, Гурван цагийн бурхан, мөн бусад эд зүйлс олдсон. Олдсон эд зүйлсийн дийлэнх нь шавар эдлэл байсан. Түүнээс гадна Өндөр гэгээн дэлхийн улс орнуудтай харилцаж байсныг гэрчлэх эд өлгийн зүйлс олдсон. XV-XVI зууны үед Европчуудын хэрэглэж байсан нарны цаг, Орос буу, Энэтхэгийн Моголын эзэнт гүрний үеийн зоос, Балба зоос, Хятадын Мин улсын ваар сав, шаазан аяга зэрэг сонирхолтой олдворууд их гарсан л даа. Үзэсгэлэнд тэр бүгдийг дэлгэн үзүүлж байгаа.

-Сарьдагийн хийдийг анх олоход ямархуу байдалтай байсан бэ?
-Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байх Бага Хэнтийн нурууны салбар уулс болох Бух ян, Сонгино ян, Сарьдаг ян гэсэн чандмалсан гурван том уулын зүрхэн тушаа Сарьдагийн хийд наран ургах зүг рүү харсан байдалтайгаар оршин байжээ. Мөн Сарьдаг урсдаг уулынхаа хоёр сугаар том голууд урсч, Туул голд цутгадаг юм билээ. Биднийг анх очиход өвс хөвдөд дарагдсан чулуун овоолгууд байсан. Сарьдагийн хийд ян сарьдаг уулсын дунд оршдог болохоор цэвдэгтэй газарт байнга малтлага судалгаа хийсэн. Монгол эрдэмтэн судлаачид бие дааж анх удаагаа энэ том төслийг амжилттай хэрэгжүүлсэн юм.

-Үргэлжлүүлээд ямар төсөл дээр ажиллаж байгаа вэ?
-Одоо энэ төслийг өргөжүүлээд XVII зууны бусад хотуудад давхар ажиллаж байгаа. Жишээлбэл Завхан аймгийн Тэс сумын Сүм толгой, Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг дахь Хар бухын балгас, Цогтын цагаан балгас, Дундговийн Адаацаг сумын Сүм Хөх бүрдийн балгас, Дорноговь аймгийн Их хэт сумын Олон байшин, хэсэг байшин зэрэг газруудад цогц судалгаа хийгээд явж байгаа гэв.

Бурханч лам Г.Пүрэвбат ярихдаа “Өндөр гэгээн шавар керамикаар ямар гайхалтай бүтээл урласныг харуулсан баримтуудыг энэ үзэсгэлэнгээс харж болохоор байна. Бурхан багш өөрөө номлосон бурхдын хувь хэмжээний онол гэж байдаг. Дэлхийд маш олон бурхан бүтээгдсэн боловч Өндөр гэгээн шиг Бурхны айлдсан хувь хэмжээний онолын дагуу яг таг урлаж чадсан хүн ховор. Өндөр гэгээнийх ганцаараа тэгж таардаг. Бурхан дүрслэх 32 билгүүн, 80 шинж гэж бурхдыг бүтээх яруу тансаг зүйлс бий. Нүдний хар, цагаан тэгш гэх мэт. Хамгийн сонирхолтой нь энэ бурхны нүцгэн биеийг харъя гэхэд хувцас чимэг нь огт саад болохгүй байгаа биз. Чимгийг нь харъя гэхэд гайхамшигтай гоё ярайтал нь хээлсэн. Гадна дотноос нь яаж ч харсан бие биенийгээ халхлахгүй гэрлэн чанартай тунгалаг байх онцгой шинжийг харуулдаг. Өндөр гэгээний бүтээлийг харахад өөр ямар ч улс оронд байхгүй, онцлог дэг сургуультай байсан нь улам бүр тодорхой харагдаж байна.
Өнөөдөр хүртэл ямар ч урчууд Өндөр гэгээний хийцийг дуурайж хийхэд яг энэ хэмжээнд хийж чадах урлал огт үүссэнгүй. Бурхны гоо сайхан гэдэг өөр юм. Хүний дотоод сэтгэл ариусахаар гадна бие 32 билэг 88 шинжээр хувьсан өөрчлөгддөг. Энэ бүгдийг тодорхой харагдтал урлах хэцүү. Сэтгэлийн ариуслын гоо сайхан, бурхадын хувь хэмжээний онолын дагуу төгс урлаж чадсан хүн бол Өндөр гэгээн гэдгийг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрч байна. Олон судалгаагаар энэ бүхнийг баталсан хэмээн тодорхойлсон юм.

 

Б.Эгшиглэн

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com