Монгол Улс өнөөдрийн байдлаар 1.7 сая тээврийн хэрэгсэл бүртгэлтэйгээс 30 гаруй хувь нь 20 ба түүнээс дээш жилийн насжилттай байна. Харин БНСУ-д 10-15 жилийн насжилттай автомашиныг ашиглалтаас хасдаг юм байна. Улсын бүртгэлд бүртгэгдсэн тээврийн хэрэгслийн 65 орчим хувь нь жил тутам автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт хамрагддаг аж. Харин үзлэгт хамрагдаагүй үлдсэн 35 орчим хувь нь ашиглагдахаа больсон тээврийн хэрэгсэл гэж үздэг байна. Тэгэхээр манай улсад жилд дунджаар 3000 гаруй тээврийн хэрэгсэл ашиглалтаас хасагддаг аж.
Ингээд ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгсэл болон ашиглалтын улмаас үүсч буй хог хаягдлыг устгах, дахин боловсруулах тухай зохицуулалт, үйлдвэрлэл байхгүйн улмаас ашиглалтаас хасагдсан автомашины арам төмөр, дугуй, аккумулятор, ашиглагдсан тос, масло хөргөлтийн хийн шингэн зэрэг хог хаягдал нь агаар хөрсийг бохируудлагч нэг эх үүсвэр болж байна.
Гэтэл Япон улсын автомашин үйлдвэрлэгчийн холбооноос хийсэн судалгаанд дэлхийд 1,016 сая орчим автомашин хэрэглээнд байгаа. Үүнээс жилд ойролцоогоор 40,1 сая автомашин ашиглалтаас хасагдаж байна. Дэлхийн томоохон автомашин үйлдвэрлэгч орнууд ашиглалтаас хасагдсан автомашины 95 орчим хувийг эргүүлэн цуглуулж дахин боловсруулалт хийдэг гэдгийг дурджээ. Тухайлбал, БНХАУ-д 2017 онд 7,3 сая автомашин ашиглалтаас хасагдсан ба үүнээс 30 орчим хувийг дахин боловсруулжээ.
Манай улс ч дэлхийн улс орнуудаас туршлага судалж, өөрийн оронд автомашиныг дахин боловсруулах үйлдвэрлэл байгуулахаар болжээ. Өнгөрөгч баасан гарагт “Ашиглалтаас хасагдсан автотээврийн хэрэгслийг дахин боловсруулах үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх нь” сэдэвт олон улсын форум зохион болсон. Уг форумд БОАЖЯ, ЗТХЯ-ны төлөөлөл оролцож ашиглалтаас хасагдсан автотээврийн хэрэгслийн хог хаягдлыг дахин боловсруулах, эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлээр улс орнуудын туршлагыг судлах асуудлыг ярилцав.
Зам, тээврийн хөгжлийн яам, БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Монгол авто ресайкл парк” ХХК-тай ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгслийг дахин боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх санамж бичгийг өнгөрсон долдугаар сард байгуулсан байна. Ингэснээр БНСУ-ын КОЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр манай улсад ашиглалтаас хасагдсан авто тээврийн хэрэгслийг цуглуулах, задлах, ангилах, сэргээн ашиглах, дахин боловсруулах, устгах чиглэлийн үйл ажиллагаа явуулах боломж бүрдэж эхэллээ.
Ашиглалтаас гарсан автомашиныг дахин боловруулах төвийг Налайх дүүргийн “Барилгын материалын үйлдвэрлэл технологийн парк”-т барьж 2020 оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Энэ төв ашиглалтад орсноор жил бүр ашиглалтаас хасагдаж байгаа тээврийн хэрэгслийг техникийн бүрэн бүтэн байдлаас шалтгаалан тодорхой үнийн дүнгээр иргэдээс худалдан авч, тухайн тээврийн хэрэгслийг бүрэн устгаж, дахин боловсруулах үйл ажиллагаа явуулах аж.
Энэ тухай БНСУ-ын “Авто ресайкл парк” ХХК-ийн ерөнхий захирал У Шин Вон “Манай байгууллага БНСУ-ын Засгийн газар болон олон улсын байгууллага болох КОЙКА, Монгол Улсын Засгийн газрын хооронд хамтран үйл ажиллагаагаа явуулах юм. БНСУ-д 30 гаруй жил туршсан ашиглалтаас хасагдсан авто тээврийн хэрэгслийг дахин боловсруулах үйлдвэрлэлийг Монголд нэвтрүүлэх, үүнийг нэвтрүүлэхтэй холбоотойгоор хууль, эрхзүйн орчныг бүрдүүлэх цаашлаад энэ системийг, ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгслийг дахин боловсруулах задлах технологийг Монголд нутагшуулахыг зорьж байна. Манай улсын хувьд 10-аас дээш жил ашигласан суудлын автомашиныг ашиглалтаас хасдаг. Гэхдээ зарим автомашин нь цаашид дахин 10 жил ашиглах боломжтой байдаг учраас дэлхийн бусад орнуудад экспортолдог.
БНСУ-д ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгслийг дахин боловсруулах үйлдвэрлэлийг 95 хувьд хүргэх зорилт тавиад байгаа. Өнөөдрийн байдлаар ашиглалтаас хасагдсан автомашины нөөцийн эргэлтийн 520 орчим байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр үйлдвэрүүд ямар үйл ажиллагаа явуулдаг вэ гэхээр нэгдүгээрт ашиглалтаас хасагдсан автомашиныг дахин боловсруулснаар гарч ирж буй сэлбэгүүдийг тус бүрд нь баркодлон дахин ашиглах боломжтой байдлаар цэвэрлэнэ. Хоёрдугаарт, хөрсний бохирдолд хамгийн их нөлөө үзүүлдэг хаягдал автомашинаас гарч буй шингэн тос, хаягдлыг ангилна. Үүнийг ялгаад боловсруулах үйлдвэр лүү явуулдаг” гэв.
БНСУ-д нийт 23 сая 500 мянган автомашин бүртгэлтэй байдаг аж. Эдгээрээс жил тутамд 900 мянган автомашин ашиглалтаас хасагддаг байна. Харин энэ улсын ард иргэдийн 10 жил хэрэглээд ашиглалтаас хасдаг автомашиныг монголчууд “орж ирсэн” шинэ автомашин хэмээн худалдаж буй. Ингээд солонгосчуудаас монголчуудад ирсэн автомашины ашиглалтын хугацаа бүрэн дуусахад дэлхийн аль ч оронд дахин экспортлох боломж үлддэггүй. Үүний дараа уг автомашины хувь заяа хэрхэн дуусч, хаана шингэж үлддэг нь таавар хэвээр. Тэгвэл Монгол Улс 2020 онд ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгслийг дахин боловсруулах үйлдвэртэй болохоор талууд ажиллаж эхэллээ.
НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага, төслийн зохицуулахгч Б.Дэлгэрбаяр “Автомашин хэрэглээний явцад болон ашиглалтаас гарсны дараах хог хаягдалд хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө бүхий олон нэр төрлийн химийн аюултай хог хаягдал үүсдэг. Дэлхийн томоохон автомашин үйлдвэрлэгчид ашиглалтаас гарсан тээврийн хэрэгслийг цуглуулж дахин боловсруулалт хийж байгаа хэдий ч хөгжиж буй орнуудын дунд тийм ч их биш” гэв.
БОАЖЯ Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 2018 онд хэрэгжүүлсэн “Монгол Улсын аюултай хог хаягдлын үнэлгээ” төслөөр улсын хэмжээний нийт аюултай хог хаягдлын 99 хувийг уул уурхай, хүнд үйлдвэрийн салбараас үүсч байгааг тогтоожээ. Мөн нийт энгийн хог хаягдлын 50 хувийг дахин боловсруулах боломжтой хог хаягдал эзэлдэг боловч одоогоор 10 хүрэхгүй хувийг л ангилан ялгаж, боловсруулж байгаа аж.
Энэхүү төслийг хэрэгжүүлж, дахин боловсруулах үйлдвэр барьснаар авто тээврийн хэрэгслээс үүсдэг агаар, хөрсний бохирдлыг бууруулах, зам тээврийн осол аваар багасах, хог хаягдлын менежмэнтийг сайжруулах, орон нутагт шинээр 100 ажлын байр бий болно гэж төсөл санаачлагчид үзэж байна. Хамгийн гол нь, КОЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр манай улсад ашиглалтаас гарсан авто тээврийн хэрэгслийг нэг цэгт цуглуулах, задлах, ангилах, сэргээн ашиглах, дахин боловсруулах, устгах гэсэн чиглэлээр хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
Х.Ананд