Дашдоржийн Наранжаргал нь “Оном” сангийн гүйцэтгэх захирал. 2005 онд Бээжингийн их сургуулийн Анагаах ухааны салбарыг хүний их эмчээр тѳгссѳн. Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Ноттингхамын их сургуулийн Анагаах ухааны салбарт 2010 онд докторын зэргээ хамгаалжээ.
Ноттингхамын Их Сургуульд докторантад суралцаж байхдаа ЮНЕСКО-гийн шилдэг залуу эмэгтэй эрдэмтдэд зориулсан шагналыг хүртсэн анхны монгол эмэгтэй болсон. Ноттингхамын их сургуульд 2014 он хүртэл эрдэм шинжилгээний ажилтан, багшаар ажиллаж, хүний тархины үйл ажиллагааг соронзон резонанст томографыг ашиглан судалжээ. 2012 онд Канад улсын Гранд Чалленжес байгууллагын Stars in Global Health хэмээх том, нѳлѳѳтѳй ѳвѳрмѳц санааг дэмжих хѳтѳлбѳрийн хүрээнд Вирүст хепатитын эсрэг авах арга хэмжээ сэдэвт тѳсѳл дэвшүүлж санхүүжилт авсан нь “Элэг бүтэн Монгол” хѳтѳлбѳрийн эхлэлийг тавьсан байна.
-Та бүхэн сүүлийн үед даралт ихсэх өвчинтэй тэмцэж байгаа. Өрхийн эмнэлгүүдэд даралтны аппарат өгч, эмч нарыг сургаж олон ажил өрнүүллээ. Хамтарч ажиллахад өрхийн эмнэлгүүдийн асуудал, шийдэл харагдах юм уу?
-Өрхийн эмнэлэгт сүүлийн хоёр жилд өөрчлөлт гарч байна. Өрх даатгалаас санхүүжилт авч болохоор болсон. Энэ жилийн төсөвт өрхийн эмнэлгийн төсвийг нэмж байгаа юм билээ. Тэгэхээр арай л гайгүй болно. Гэхдээ мөнгө өгсөн ч ажлаа сайн хийж байгааг нь урамшуулж, муу хийж байгааг нь яаж сайжруулах гэдэг бодлогоор зохицуулагдах хэрэгтэй. Даралт ихсэлт гэхэд хүмүүсийнхээ 80 хувийг эрт илрүүлэгт хамруулна гэдэг. Тэгэнгүүт баахан хүн үзээд орхичихдог. Манай статискт гарч ирж байгаа тоог харахаар 1-2 хувь нь л оношлогдож байгаа юм. Уг нь судалгаануудаас харахад хамгийн багадаа 30 хувь нь даралт ихсэлттэй байх ёстой. 30 хувь нь биш юмаа гэхэд үзлэгт оруулсан хүмүүсийнхээ ядаж 10-20 хувийг илрүүлж байж ажлаа зөв хийж байна гэсэн үг. Манай эрүүл мэндийн системд баахан хөтөлбөр, төсөл явдаг. Тоогоо эргэж хардаггүй нь базаахгүй хэрэг. Эрүүл мэндийн үзүүлэлтүүд гээд гоё ном жил болгон гаргана. Эрүүл мэндийн яамны бодлого хариуцаж байгаа хүмүүс тэр хэдэн тоонуудаа сайн мэдэж байх ёстой.
-Танайд элэгний вирустэй хүмүүсийн маш их мэдээлэл цугласан байх. Тодорхой хэсэг нь эрүүл боллоо гэж байна. Удаан хугацаагаар вирустэй байсан хүмүүс эм уугаад эдгэсэн ч үргэлжлүүлээд ажиллах шаардлагатай юм байна. Энэ хүмүүстэй хэн яаж ажиллах вэ. Энэ бүхнийг зөвхөн төрийн бус байгууллагад даатгаад орхиж болохгүй байх?
-Сая ДЭМБ-ын үнэлгээн дээр юу гарч ирсэн гэхээр датагаа муу цуглуулсан байна гэж байгаа юм. Бидний хамгийн муу тал нь тэр. Сүүлийн жил хагасын хугацаанд нэлээд сайжирсан. Эрүүл мэндийн даатгалынхан цахим системтэй болоод даатгалаар илрүүлэгт орж байгаа хүмүүсийг бүгдийг бүртгээд эхэлсэн. Монголд байгаа хамгийн сайн дата тэнд байна. Гэхдээ тэр бүртгэл дээр зөвхөн энэ хүн В-тэй, энэ хүн С-тэй гарсан байна. Тэр хүмүүсийг тоолох шинжилгээ хийгээд оношийг нь баталгаажуулаад, эмч нь эмээ бичиж өгөөд эмчлүүлээд, эмчлүүлснийх нь дараа яг эдгэж үү үгүй юу гэдгийг нь үзээд явах ёстой. Тэнд маш цөөхөн хүний эмчилгээний баримт бичиг орсон. Дорж гэдэг хүн илрүүлэгт тэдэн оны төдөн сард ороод, тэгж эмчлүүлээд эдгээд гарчээ гэдгийг 50 гаруй мянган хүн тус бүртээ гаргаж чадахгүй байгаа. Энэ мэдээллийг цуглуулах боломж бий. Эм олгосон газрууд Эрүүл мэндийн даатгалаас мөнгөө авсан юм чинь тэр хүний мэдээлэл байгаа. Лабораториуд тоолох шинжилгээ хийгээд, мөнгөө авч байгаа. Тэнд бас мэдээлэл бий. Тэнд би ч бас ажлын хэсгийн нарийн бичиг гээд явж байгаа л даа. Ажлын хэсэг болоод явахаар яг л яамны албан тушаалтан хэлэхгүй бол хэдийгээр ажлын хэсэгт багтсан ч төрийн бус байгууллагын хүн төрийн бус байгууллагын хүн л байдаг. Ийм асуудал бий. Гэхдээ одоо явж байгаа хөтөлбөрүүдээс ядахдаа л хэн хэнийг илрүүлэгт оруулав гэдгийг мэдэж байгаа ганц хөтөлбөр бол “Элэг бүтэн Монгол”. Ямар ч байсан эм уусан хүний тоог хэн хэнд аль аймагт хэчнээн хүнд очив гэдгээр нь маш сайн гаргаж чадна. Харин тэр хүмүүсээс яг хэн нь эдгэрснийг одоохондоо вирус тоолсон лабораториуд нь хариугаа сайн оруулахгүй учраас учир дутагдалтай байна.
-С болон В вирустэй хүн байлаа гэхэд С вирус нь арилсан бол В-г нь яах вэ гээд цааш нь хүнтэйгээ тасралтгүй ажиллах ёстой юм байна?
-С вирус нь эмчлэгдэхгүй хүн бас гарч ирнэ шүү дээ. 100 хүн эмчилгээнд орууллаа гэхэд 95 орчим хувь нь эдгэж байгаа юм. Тэр эдгээгүй таван хүнд зориулж дараагийн шатны эмийг эмчилгээнд оруулж ирэх ёстой. Энэ таван хүнд илүү санаа тавих учиртай. Одоохондоо хөгжлийнхөө хувьд тийм түвшинд хүрэхэд бас хугацаа хэрэгтэй юм шиг байна. Уг нь миний бодлоор үүнийг хийх боломж байгаа. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хувьд сүүлийн тоогоор 70 гаруй мянган В вирустэй хүн оношилсон. 90 гаруй мянган С-тэй хүн оношилсон. 90 гаруй мянган хүнийхээ 50 гаруй хувийг нь эмчилсэн. Улаанбаатарт эмчилгээ гайгүй сайн явж байгаа. Цаашдаа хөдөөгөө яах вэ гээд том асуудал бий. Энэ талаар янз бүрийн арга хайгаад, жижиг хөтөлбөрүүд хэрэгжүүлж үзээд явж байна.
-2014 онд “Оном” сангийн залуус анхны хэвлэлийн хурлаа зарлахад би сууж байсан. Тухайн үедээ их гайхсан. Ямар нэг дарга сайд биш жирийн залуус гарч ирээд, 2020 онд виусгүй Монгол болно гэхэд итгэж ядаж билээ. Удалгүй С вирусийн эсрэг эмийг Монголд оруулж ирсэн. Зүтгэвэл болдог юм байна гэдгийг та бүхэн монголчуудад харуулсан. Арваад жил өмнө энэ бүхэн мөрөөдөл байсан шүү дээ?
-Бид зүтгэхдээ байр үнэгүй өгнө гэдэг шиг юм ярьж байгаа юм биш шүү дээ. Энэ чинь цаанаа тооцоо, судалгаатай. Бидний давуу тал олон улсын боловсролтой учраас мэдлэгтэй мэдээлэлтэй хүмүүстэй холбогдоод ажиллах боломж нь бий. В вирусийн тенефовир гэдэг эм 270 мянган төгрөгөөр зарагддаг байсан юм, 2014 оны үед. “Хил хязгааргүй эмч нар” гээд байгууллагын дэд захиралтай уулзахад “Монголд ийм байна. Манай асуудал их. В-гийн эм гэхэд ийм үнэтэй байдаг” гэхэд тэр хүн “Хөөх, яагаад тийм үнэтэй байгаа юм бэ. ДОХ-ын хөтөлбөрт бүтэн жилийн эмийг 50 доллароор авч байгаа” гэсэн юм. ДОХ-д бас хэрэглэдэг эм байхгүй юу. Тухайн үед 50 доллар 100 орчим мянган төгрөг л байсан. Эмийн компанийхантай нь уулзахдаа “Монголд танай эм ийм үнэтэй зарагддаг юм байна. Танайх бусад улсад ийм үнээр зардаг юм байна. Монголд В вирусийн асуудал ийм ноцтой, дарамт үзүүлж байна” гэхэд тэр хүмүүс өөрсдөө ч гайхсан. “Бид танайд тийм үнээр өгдөггүй шүү дээ” гэсэн. Энэ уулзалтын дараа эмийн компаниас хоёр хүн Монгол руу томилсон. Үүний дараа эм 270 мянган төгрөг байснаа 30 мянган төгрөг хүртлээ буурсан. Энэ бол мэдээллийн л асуудал. Зарим хүн мэдээлэлд ойр байгаа давуу талаа өөрөө ашиг олоход ашиглаж байна. Харин миний хувьд элэгний эмч болчхоод 270 мянган төгрөгөөр эм авч чаддаг аравхан хүнээ эмчлэх үү, эсвэл 27 мянган төгрөгөөр эмээ зараад, 100 хүнээ эмчлэх үү гэдэг эмч хүний сонголт гэж бодож байна.
-С вирусийн эсрэг эм, Монголд орж ирсэн нь том дэвшил байсан. Гэхдээ эхэндээ чамгүй үнэтэй байсан. С вирусийн эсрэг эмийг хямдруулж чадсан нь яриа хэлэлцээрийн үр дүн байсан уу, тохиол нь тэгж таарсан уу?
-Аль аль нь нөлөөлсөн. Биднийг ярьж эхлэх үед энэ эм Америкт 95 мянган доллар байсан шүү дээ. Гэхдээ олон улсын түвшинд үнийн асуудал яригдаад эхэлсэн байлаа. Энэ эмийг Английн эрдэмтэд үзээд, эмэнд ордог гол бодисыг ялгаж авахад ийм үнэтэй болж байна гээд гаргаад ирсэн. Энэ эмийг хийхийн тулд ийм ийм химийн явцтай. Тэгэхээр ийм хэмжээний өртөгтэй болно. Нэг нь бүр цэг шиг хэмжээтэй, нөгөө нь 95000 байхгүй юу. Эм үйлдвэрлэх явц, эмийн үнэ огт өөр асуудлууд. Америкийн зах зээлд энэ эмийг өндөр үнээр худалдаад авчих чадалтай хүмүүс байгаа учраас эмийн компани үнэтэй зарж чадаж байна. Гэсэн ч тэр компани ийм өндөр үнээр дэлхий даяар худалдана гэвэл ядуу ч хүмүүс бий, баян нь ч бий. Гэтэл тэр эмийн компанийхан манайд ирээд тухайн үедээ 300 долларын үнэ өгч байсан. Том зах зээлээс ийм мөнгө олчихно, жижиг зах зээлээс бага хэмжээгээр ч мөнгө олох, сайн пи ар хийх хэрэгцээ тэр хүмүүст байсан. Бидний тооцоогоор Монгол 120- 150 мянга орчим С вирустэй хүнтэй. Эмийн компани Америк, Англи, Германаас маш их мөнгө олж байгаа, зөвхөн ганц компани бус олон компани оюуны өмчийг нь аваад үйлдвэрлээд эхлэхээр бас хямдарна. Химийн нийлэгжүүлэх, синтез хийх процесс нь хямд учраас бид зөв компани, зөв хүмүүстэй нь холбогдоод ярьж чадвал манайд эмний үнэ буурах нь тодорхой байсан. Эмийн үнийг цааш нь буулгах боломжтой. Монгол олон хүнтэй биш учраас буулгахад жаахан төвөгтэй болсон. Гэхдээ манай үнэ дэлхийн ихэнх орнуудад зарагдаж байгаагаас хямддаа орж байгаа. Пакистан гээд манайтай ойролцоо, асуудал ихтэй улсад 2000 доллароор худалдаж авч байгаа. Египтед гэхэд манайхаас хямд худалдаж авна. Тэнд өвчтөн олонтой учраас илүү хямдрах боломжтой байсан. Мэдээлэл чухал байгаа юм. Хаанаас зөв мэдээлэл авч, зөв зохион байгуулах нь чухал.
Даралтны эм байна. Яагаад дэлхий дээр даралтны эмний үнэ буучихаад байхад манайд буухгүй байгаа юм. Эмний үнийг буулгах зорилт тавиад, ажил болгоод явбал болохгүй юм бас байхгүй. Монголчууд даралт харвалтын нас баралтаар дэлхийд нэгдүгээрт орж байна шүү дээ. Тэгэхэд яагаад хүмүүсээ гаргаад ажиллахгүй байгаа юм бэ. Бидний ажлыг дэмжээд, хамтарч ажиллавал бас л боломжтой гэж харж байгаа.
-Төр, хувийн хэвшлийн түншлэл гэдэг сонсоход сайхан ч амьдрал дээр төдийлөн хэрэгждэггүй үг харин “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр дээр сайн жишиг тогтоож чадсан санагддаг?
-“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт сэтгэл хангалуун байдаг. Засгийн газрын хөтөлбөр болгохын тулд хоёр жил ажилласан. Нийтдээ 68 УИХ-ын гишүүнтэй уулзсан. Сонгуулийн өмнө бүх том намуудад хөтөлбөрөө санал болгосон. Хэлэлцүүлэг зохион байгуулаад, намуудын нарийн бичгийн дарга нарыг бүгдийг нь урьсан. Энэ олон өвчтөнүүдийг та нар хар. Энэ хүмүүсийн хэрэгцээ ийм байна. Засаг, төр иргэдийнхээ дуу хоолойг сонсох ёстой. Иргэдийнхээ асуудлыг шийдэхийн тулд бодитой, судалгаатай, төлөвлөгөөтэй бодлого гаргаад ажиллах ёстой гэсэн. Бид судалгааг нь хийгээд, асуудлыг нь тодорхойлоод, ингэж шийдэж болох юм байна гэдэг арга замыг нь санал болгосон. Бидэнд бол аль нам байх нь хамаагүй. Чухамдаа иргэдэд ч хамаагүй шүү дээ. Төр зөв шийдвэр гаргаж байвал хэн дарга байх нь хамаагүй. Хоёр том нам аль аль нь авч сонгуулийн мөрийн хөтөлбөртөө оруулсан. Ардын нам ялалт байгуулсан болохоор хөтөлбөр хэрэгжих боломж гарсан байх. Дараа нь гишүүдтэй ахиж уулзаж, “Элэг бүтэн Монгол” лобби бүлэг байгуулсан. Нэг талдаа том хөтөлбөр шиг ч нөгөө талдаа жижигхэн. Бид 15-аас дээш насны бүх хүмүүсийг В болон С вирусийн илрүүлэг үзлэгт хамруулъя гэсэн юм. Тэнд долоо орчим тэрбум төгрөг зарцуулж байгаа юм. Долоон тэрбум төгрөг гэдэг долоохон ЖДҮ-гийн мөнгө.
Төрд шүүмжлэлтэй ханддаг зүйлс бий. Энэ ажлуудыг сайжруулах чиглэлд байнга ажиллах учиртай. Яаманд хүний нөөц дутагдалтай юм шиг байгаа юм. Эрт илрүүлэг гэхэд ямар урвалжаар, яаж стандартыг зөв дагаж мөрдөх вэ. Ингэхийн тулд илрүүлэг хийж байгаа хүн болгоныг сургалтад хамруулах хэрэгтэй. Энэ мэтээр санасан хэмжээнд хүртэл ажиллаж чадахгүй л байгаа юм. Бидний хувьд бүх юманд нь оролцоод шийдвэр гаргаж чаддаггүй учраас заримдаа харамсалтай л байдаг. Жишээлбэл эрт илрүүлэг яваад эхлэхэд А.Цогцэцэг сайдын үед хэлж сануулж байсан. Түргэн тестүүдийг янз бүрийн компаниуд оруулж ирдэг, янз бүрийн чанартай байдаг. Лаборатори дээр тестийн хариу зөв гарч байна уу буруу гарч байна уу гээд үзэхэд зарим нь буруу гардаг. Ядахдаа хамгийн гайгүйг нь сонгохгүй бол хүмүүсийг буруу оношлоод явуулчихна шүү дээ. Энэ талаар Эрүүл мэндийн яаманд хандаад бичиг өгөөд, очиж уулзахаар тоож авч үзээгүй. Зарим газар үнэхээр алдаатай шинжилгээнүүд хийгдчихсэн. Одоо та нар үүнийгээ яах юм бэ, дахиж хийх юм уу яах юм, үүнийгээ шийдээч гээд асуудлыг тавиад явж л байгаа. Юм болгоныг нийтэд яриад байх хэцүү. Нийтэд ярихгүй гэхээр яам тамгынхан удаан процедуртай, асуудал ихтэй байна. Яах вэ, чамлахаар чанга атга гээд явж байна.
Гэхдээ мэргэжлийн үүднээс харахаар амархан юмыг буруу шийдчихээд, асуудал үүсгээд явах юм. Бид судалгааг нь хийгээд өгсөн. Энэ тестүүд чинь ерөөсөө болохгүй байна шүү. Үүнийг битгий аваарай гэдэг. Зарим нэг хүн нь ашиг сонирхлын зөрчилтэй байдаг юм уу яадаг юм. Зарим газар олон хүн В, С-тэй гараад ирдэг. Тэр болгон 120-170 мянган төгрөгөөр вирус тоолох шинжилгээ хийнэ. Тоолох шинжилгээ хэр зэрэг сайн хийгдэж байгаагаас хамаараад, зөв оношлогдоод эмчлэгдэнэ. Эсвэл буруу оношлогдоод “Танд С вирус байхгүй байна” гээд өвчтэй хүн өвчингүй болоод явчих магадлалтай. “Стандарт ажиллагаа, зааврыг маш сайн дагах ёстой” гэдгийг оюутан байхад хамгийн их сургадаг байсан. Тэр тусмаа лабораторид. Манайхан хэнэггүй талдаа. Тиймэрхүү асуудал ярихаар “Энэ дандаа нэг юм үглэж байх юм” гэсэн маягаар хандах нь бий. Энэ нь төвөгтэй. Гэхдээ ганц хүнийг буруу оношлоход дэмий баахан мөнгө зарагдана. Түүнд бидэн шиг зовдог хүн тэр бүр байдаггүй юм байна лээ.