Засгийн газар гурван тулгуурт хөгжлийн бодлогод хүнс, ХАА, хөнгөн үйлдвэрийн салбарыг чухалчлан дэвшүүлсэн. Дээрх салбарыг хөгжүүлэх үүднээс “Монгол экспорт” хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлэхээр зорьж байна. Энэ зорилтын хүрээнд “Экспорт Монгол-2019” олон улсын анхдугаар бизнес чуулга уулзалт дээр ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан хэлэхдээ “Монгол экспорт” хөтөлбөр хэрэгжсэнээр уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортын үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчин бүрдэнэ. Үүний төлөө бид ажиллаж байна. Нэмүү өртөг шингэсэн экспортын бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэж, бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар дээшилснээр манай улсын нийт экспортод эзлэх ХАА-н гаралтай боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүний хувь хэмжээ нэмэгдэж, салбарын экспортын орлого өснө гэж тооцож байна” гэсэн юм.
Өнгөрсөн онд гадаад худалдааны нийт бараа эргэлт 12.9 тэрбум ам.долларт хүрчээ
Түүнчлэн манай улс 2018 онд нийт 156 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт өнгөрсөн онд 12.9 тэрбум ам.долларт хүрсэнээс экспорт 7.0 тэрбум, импорт 5.9 тэрбум ам.доллар болсныг дурдлаа. Тэр дундаа хүнс, ХАА, хөнгөн үйлдвэрийн салбарын оёмол, нэхмэл бүтээгдэхүүний экспорт өмнөх оныхоос 21.7 хувиар, мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн, үйлчилгээ 6.8 хувиар, хүнсний бэлэн бүтээгдэхүүний экспорт 5.5 хувиар тус тус өссөнийг энэ салбарт нэмүү өртгийг шингээн экспортыг нэмэгдүүлэх боломжтойг харуулж байна” гэв.Тэрээр цааш нь хэлэхдээ, УИХ ЖДҮ, үйлчилгээг дэмжих хуулийг баталж, Засгийн газар ЖДҮ-ийг хөгжүүлэх хөтөлбөр, баримтлах бодлого, тэргүүлэх чиглэлээ тодорхойлсон. Манай яам ЖДҮ-ийг Хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журмыг тус тус баталсан. Эдгээр бодлогын баримт бичигт экспортыг дэмжих чиглэлээр олон зохицуулалт оруулсан” гээд үүндээ, ЖДҮ, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 11-р зүйлийн 11.8-т “...үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч бүтээгдэхүүнээ экспортод гаргасан тохиолдолд банкнаас авсан зээлийн жилийн хүүгийн тав хүртэл хувийг сангаас олгож болох” зохицуулалттай болсныг жишээ татсан юм. “Цаашдаа жижиг, дунд бизнес эрхлэгчдэд санхүүгийн зээлийн үйлчилгээ үзүүлэхээс гадна санхүүгийн бус арга замаар дэмжих, экспортын чиглэлийн мэргэшлийн зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх, экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгоход онцгой анхаарах болно” гэдгээ тэрээр онцоллоо.
Энэ удаагийн “Экспорт Монгол-2019” олон улсын анхдугаар бизнес чуулган Засгийн газрын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, экспортод гадаад харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүн, үйлчилгээг дэлхийд гаргахад чиглэж “Нэг зорилго, Нэг гарц, Нэг хөгжил” уриан дор болж байгааг зохион байгуулагчдын нэг “Экспорт олон улсын худалдааны төв” ТББ-ын захирал Д.Оюунбилэг онцолсон юм. Тийм ч учраас энэхүү форумд хувийн хэвшлийн 350 гаруй үйлдвэрлэгч, гадаад, дотоодын байгууллагын 1000 гаруй төлөөлөгч оролцож хамтдаа гарц, боломж, бодлогоо нэг болгохыг зорьж байгааг хэлж байлаа. Тиймээс “Бид дэлхийн зах зээлийг олон цонхоор бус нэг цонхоор нэг бодлогоор харах нь зүйтэй хэмээн үзэж байна” гэв.
Зээл олгосон аж ахуйн нэгжүүдийн 10 орчим хувь нь бараа бүтээгдэхүүнээ экспортод гаргаж байна
Монгол Улсын Засгийн газрын дэвшүүлсэн гурван тулгуурт хөгжлийн бодлогод хамгийн гол, суурь салбар бол хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар гэж чухалчлан үзэж, Монгол-Экспорт хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлэх зорилго тавьж байна. Энэ бүхний үр дүнд уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортын үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчин бүрдэж, нэмүү өртөг шингэсэн экспортын бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэж, бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар дээшилж, Монгол Улсын нийт экспортод хөдөө аж ахуйн гаралтай боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүний эзлэх хувь хэмжээ нэмэгдэж, тус салбарын экспортын орлого өснө гэж тооцоолж байна. Тиймээс жижиг дунд үйлдэрлэл эрхлэгчдийг дэмжих талаар олон талаас нь анхаарч ажиллаж байгаа гэдгээ ЖДҮХС-ийн захирал Б.Батцэцэг хэлж байсан юм. Тэрээр “ХХААХҮЯ-ны ЖДҮХС-гаас сүүлийн 10 жилийн хугацаанд 930 гаруй тэрбум төгрөгийг 7700 гаруй аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй, урт хугацаатай нөхцөлөөр олгосон байдаг. Эдгээр аж ахуйн нэгжүүдээс бараа бүтээгдэхүүнээ гадаадын зах зээлд гаргаж бизнесээ амжилттай өргөжүүлж байгаа олон жишээ бий. Нийт зээл олгосон аж ахуйн нэгжүүдийн 10 орчим хувь нь бараа бүтээгдэхүүнээ экспортод гаргаж байна. Энэ онд манай сангаас 47 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилтийг 101 иргэн, аж ахуйн нэгжид олгосон. Үүний 20 орчим хувь нь экспортын чиг баримжаатай, экспортод дэмжлэг үзүүлэхүйц компани орж ирсэн нь экспортод өсөх хандлага байгааг илтгэж байна. Тиймээс цаашид бид, экспортын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр зөвхөн санхүүгийн арга замаар бус санхүүгийн бус бусад арга замаар дэмжлэг үзүүлэхэд анхаарч байна. Тиймээс цаашид гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын зах зээлд гарахад ямар стандарт хангаж байна тэр шалгуурт тэнцэхийн тулд бид бүхний зүгээс хэрхэн хамтарч ажиллаж болохоор байна гэх мэтчилэн олон арга замаар хамтран ажиллах боломж байна гэж харж байна. Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээний тухай хууль 2019 оны зургадугаар сард шинэчлэн баталсан. Энэ хуультай уялдуулан ЖДҮХС-аас урт хугацаатай хөнгөлттэй олгох зээлээ Засгийн газраар батлуулах ёстой. Засгийн газраар батлуулах энэхүү шинэ журмандаа гарааны бизнес, иновацыг дэмжсэн бүтээгдэхүүн үйлчилгээний санхүүжилтын механизыг хэрхэн яаж уялдуулах вэ, экспортын чиглэлээр бизнес эрхлэгчдээ яаж дэмжих вэ гэдэг асуудал дээр тодорхой хэмжээнд шалгуур шаардлагаа өөрчлөх, цаашид хөгжүүлэх чиглэлээр анхаарч ажиллахаар дүрэм журамдаа тусгана” гэв.
Нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүнийг гаргах нь нэн тэргүүн зорилт болж байна
Харин үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ гадаадын зах зээлд гаргадаг болохын тулд хэд хэдэн асуудлыг шийдвэрлэх шаардлага байгаа гэдгийг Үндэсний хөгжлийн газрын Хөрөнгө оруулалт бодлого зохицуулалтын газрын дарга Л.Мөнхбат онцолж байна. Тухайлбал,үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн гол хөдөлгөгч хүч болсон хүний нөөцийн хомсдол үүсээд байгаа гэдгийг форумд оролцогчид хэлж байна. Зарим аж ахуйн нэгжүүд сая төгрөгийн цалин амласан боловч ажиллах хүн олдохгүй байгаа гэдгийг хэлж байна. Тиймээс цаашид холбогдох яам, их дээд сургуулиудтай хамтарч ажиллах боловсон хүчний асуудалд бодлогын түвшинд анхаарч нийлүүлэлт нь илүүдсэн боловсон хүчин бэлдэх бус, шаардлагатай газар шаардлагатай боловсон хүчин нийлүүлэх шаардлагатай байгааг хэлж байна. Хүний нөөцийн асуудлаа шийдвэрлэсний дараа үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ гадаад дотоодын зах зээлд борлуулах асуудал үүснэ. Бид дотооддоо чамгүй олон бүтээгдэхүүнийг таниулж чадаж байгаа боловч гадаадын зах зээл дээр гаргах асуудал аль аль талдаа учир дутагдалтай байгаа. Эх орондоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг гадагшаа гаргахын тулд тухайн улсынхаа онцлог, нөхцөл байдлыг судлах асуудлыг тэд ярьж байна. Уул уурхайн бус бүтээгдэхүүн дотроо гол жин эзэлж байгаа ноолуур, мах, арьс ширээ экспортод гаргах тал дээр тодорхой алхмуудыг хийчихсэн байна. Гэхдээ дэлхийн банкны суурин төлөөлөгчийн хэлж байгаагаар нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж гаргах нь нэн тэргүүний асуудал болж байна. Тиймээс энэ тал руу чиглэсэн хууль, хөтөлбөрүүдэд бодлогын хэмжээнд анхаарал хандуулж, хэрэгжилтэд анхаарч байна” гэв.
Экспортод бүтээгдэхүүнээ гаргахын тулд зөвлөх үйлчилгээ авах нь чухал
Бараа бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гарахаар зорьж байгаа бол тухайн зах зээлийн судалгаагаа сайн хийсэн байх ёстой гэдгийг ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дэд захирал Т.Батцэцэг хэлсэн. Тэрээр хэлэхдээ “Тухайлбал, БНХАУ руу бараа бүтээгдэхүүн экспортлоход хэрэглэгч ихтэй учраас сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадвал зарагдахгүй байхын зовлон байдаггүй. Гэтэл манай ААН-үүд хүссэн тоо ширхгийг нь дангаараа үйлдвэрлэх хангалттай хэмжээний нөөц боломж байдаггүй. Тиймээс ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг ААН-үүд хамтарч ажилладаг болох нь чухал байна. Ингээд хамтарсан байдлаар гадагшаа гарах нь хэн хэндээ олон давуу талыг бий болгох юм. Мөн гадагшаа бүтээгдэхүүнээ гаргахаар зорьж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүд тухайн орныхоо хууль эрх зүй, эдийн засаг, соёл, хэрэглэгчдийн сэтгэлзүйн чиглэлээр мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компаниудад хандах нь хамгийн чухал. Мөн сав баглаа боодол, өнгө үзэмж гэх мэт олон үнэтэй зөвлөгөөг зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компаниас авч болно. Энэ салбар манай улсад шинээр хөгжиж байгаа боловч энэ л үйлчилгээг авах хэрэгтэй. Манай улсын гадаадын компаниудтай гэрээ хийхэд бүтээгдэхүүнээ олноор үйлдвэрлэх шаардлага тавьдаг. Тухайлбал сар бүр 1000 ширхгийг нийлүүлэх гэрээ хийсэн бол, гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу нэг ширхгийг ч дутуу нийлүүлэх эрх байдаггүй. Манайхан бодохдоо, олон тоогоор нийлүүлэх гэрээ хийх нь ашигтай гэж бодоод өөрсдийн бодит нөөц бололцоог тооцож үзэлгүйгээр шийдвэр гаргаснаар эргээд өөрсдөө гэрээгээ үл биелүүлсэн нөхцөлөөр өр төлбөрт орох асуудал гардаг. Гэтэл зөвлөх үйлчилгээ авснаар бодит нөхцөл байдлаа тооцоолж, бүх зүйлд бодитоор хандах боломж олдох юм” гэв.
“Экспорт Монгол-2019” олон улсын анхдугаар бизнес форумд төр болон хувийн хэвшлийнхнийг идэвхтэй оролцуулж, цаашид экспортын баримжаатай бүтээгдэхүүнийг хөхиүлэн дэмжих, үйлдвэрлэгч бодлого боловсруулагч хөрөнгө оруулагчдын холбоог бататгаж өгөх юм. Өнгөрсөн жилүүдэд уул уурхайн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлтэй холбоотой олон улсын уулзалт, форум ихээхэн болдог байсан бол энэ удаа уул уурхайн бус бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг дэмжсэн “Экспорт Монгол-2019” олон улсын бизнес форум болж байгаагаараа онцлог байна гэдгийг оролцогчид хэлж байна. Монгол Улсын хувьд шавхагдмал нөөцөөс шавхагдашгүй нөөцөөр эдийн засгаа солонгоруулах нь ихээхэн хэрэгцээ шаардлагатай байгааг уг чуулга уулзалт тодотгож өглөө хэмээн оролцогчид дүгнэсэн юм.