Хэлтэй бол хөлтэй. Дэлхий өдрөөр, цаг, минутаар хувьсан өөрчлөгдөж байна. Үүнтэй зэрэгцээд бид ч мөн илүү боловсорч өөрийгөө байнга хөгжүүлэх нь чухал билээ. Ажилд орох ажлын анкет бөглөх бүрт хэлний түвшинг асуусан асуулт байдаг. Магадгүй зарим хүн үүнийг хараад шантарч эхэлдэг. Хүн болгонд “гадаад хэл сурмаар байна, хэлээ илүү сайжруулах юмсан” гэдэг нууцхан хүсэлтэй. Олон хүн гадаад хэл сурах хамгийн амархан арга юу байна гэж хайдаг. Зөвхөн хэлний авьястай хүн л гадаад хэлийг амархан сурдаг гэж зарим хүмүүс боддог. Гэхдээ энэ нь өрөөсгөл ойлголт юм. Зүгээр л сурах аргаа олох хэрэгтэй. Заавал олон цагаар үзэг цаас нүдэж, өөрийгөө зовоох шаардлагагүй. Өөрийн сонирхолтойгоо хослуулан, хөгжилтэй байдлаар чөлөөт цагаараа сурч болно. Тиймээс хамгийн эхлээд сурах мотивац олох нь чухал юм. Ямар зорилготой сурч байгаагаа мэдэхгүйгээр, сурч байгаа зүйлдээ дуртай болохгүйгээр хэл сурах маш хэцүү. Эцэстээ сурч буй хэлдээ дургүй болоход хүрдэг. Тиймээс яаж өөртөө сонирхолтойгоор тааламжтайгаар сурах вэ гэдгийг бод. Гадаад хэл сурах цор ганц зөв арга гэж байхгүй. Та ямар ч аргаар сурч болно.
Харвардын их сургууль, Стэнфордын их сургууль, Лондонгийн их сургууль гэх мэт дэлхийн шилдэг сургуулиудад суралцан төгсөж байгаа оюунлаг Монгол залуус олон бий. Тэд гадаад хэлийг төрөлх хэл шигээ эзэмшиж, тухайн улс оронд нь хүлээн зөвшөөрөгдөн өндөр цалинтай ажиллаж байна. Ганц залуус гэлтгүй 60 настай та ч хэл сурах боломжтой. Хэл сурахад хэзээ ч оройтоно гэж байдаггүй. Хүн бүрт боломж бий. Тиймээс өнөөдрөөс та өөртөө ядаж 30 минутыг зарцуулаад үз. Сурч байгаа хэлэндээ дурла. Хэсэг хугацааны дараа та шат ахисан байх болно.
Ингээд Франц улсад суралцаж, амьдардаг youtube-д 180 мянган дагагчтай Н.Түшигийн хэл сурах 10 зөвлөмжийг танилцуулж байна.
1. Цөм үгийг цээжлэх хэрэгтэй - Хүмүүс хэрэглэгдэх магадлал багатай үгнүүдийг цээжилж цаг алддаг. Ямар ч хэлэнд хамгийн их хэрэглэгддэг 1000 үгийг цээжилхэд тухайн хэлний 80 хувийг ойлгох боломжтой байдаг аж.
2. Хамгийн гол дүрмүүдийг цээжлэх хэрэгтэй – Хүмүүс тийм ч их ашиглагддаггүй дүрмүүд дээр толгойгоо гашилгадаг. Сүүлдээ шантарч эхэлдэг. Эхний ээлжинд хамгийн хэрэгтэй дүрмүүдийг цээжилэх нь чухал юм.
3. Ярьж байхдаа биеийн хэлээ ашигла - Сэтгэл хөдөллөө ашиглах хэрэгтэй гэсэн үг юм. Яагаад гэвэл харилцаж байхдаа алдаа хийсэн ч биеийн хэлээрээ ойлголцох боломжтой. Мөн цээжилэхэд ч дөхөм болдог байна.
4. Сонирхолтой байдлаар сурах – Ихэнх хүмүүс өдөрт маш олон цагаар дүрмээ сурах гэж суудаг. Ингэж суух нь хүнд шийтгүүлсэнтэй адил сэтгэгдэл төрүүлдэг. Үүнээс үүдэн цээжлэх явц уддаг байна. Харин хөгжилтэй байдлаар хэлээ сурвал тархи цаанаасаа үүнийг шийтгэл биш шагнал хүлээж авдаг аж. Тиймээс дуртай дуугаа орчуул, дуртай киногоо үз. Ингэснээр сурах хүсэл илүү нэмэгдэх болно.
5. Ярьж байхдаа хэзээ ч битгий алдахаасаа санаа зов - Алдаа гаргахад бэлэн байна гэдэг бол ичгэвтэр байдалд ороход ч бэлэн байна гэсэн үг. Ялангуяа монгол хүмүүс үүн дээр их алддаг. “Би алдчихвал яах бол, энэ хүн намайг юу гэж бодох бол” гэх мэт бодлуудаар өөртөө хана босгодог. Тиймээс энэ бодлоо орхи. Алдах хэрэгтэй. Алдсан ч нүүр бардам алд. Дэлхийн бүх хүн суралцагч байдаг. Тиймээс бид ч хааяа эх хэл дээрээ ярихдаа алдах тохиолдол байдаг. Америк хүмүүс англиар ярихдаа, Франц хүмүүс францаар ярихдаа алддаг. Хэн ч хэлийг төгс эзэмшээгүй. Тиймээс алдаанаасаа хэзээ ч битгий ич.
Тархины нэг онцлог бол сэтгэл хөдлөл дээр тулгуурласан мэдээллийг хурдан цээжилдэг байна. Жишээ нь та ярьж байхдаа ямар нэгэн алдаа гаргалаа гэж бодьё. Таны гэмшсэн сэтгэл хөдлөл идэвхижиж алдсан үгээ дахин мартах магадлал багасдаг байна. Алдаан дээрээ суралцах нь хамгийн том давуу тал юм. Тиймээс алдсан ч ярь, ярь бас дахин ярь.
6. Тухайн хэлээр ярьдаг найзтай болох - Зөвхөн цаас, үзэг, номноос хэлийг сурна гэж байхгүй. Тиймээс хэн нэгэнтэй харилцах хэрэгтэй. Ингэснээр тухайн улсын соёл, хэлний онцлогийг суралцах давуу талтай байдаг.
7. Чангаар унших хэрэгтэй - Ингэснээр тухайн текстийг бүрэн өөрийн болгож дараа нь ашиглахдаа өөртөө итгэлтэйгээр хэрэглэнэ. Тольны өмнө зогсоод өөр хүнтэй ярьж байгаа мэт дасгал хий. Энэ нь хачин сонсогдох ч үнэхээр үр дүнтэй арга юм. Мөн анхлан сурч байгаа хүмүүс хүүхдийн ном уншвал өргөн хэрэглээний энгийн өгүүлбэрүүдээр бичигдсэн байдаг тул илүү амар байх болно.
8. Битгий шалтаг гарга – “Би ажил ихтэй, ямар ч завгүй” гэж битгий хэл. Үнэхээр хүсэх юм бол боломжгүй зүйл гэж үгүй. Мөн ямар ч насны хүн хэл сурах боломжтой. Тиймээс “Би хөгшиг” гэж та өөрийгөө битгий голоорой.
9. Удаан ярь – Ингэснээр дараагийн үгээ бодох боломж олдоно. Мөн ярилцагчид илүү ойлгомжтой байх болно. Хурдан ярьж алдсанаас, удаанаар зөв ярьсан дээр.
10. Тууштай бай – Өдөр бүр давт. Тухайн хэлийг боломжийн хэмжээнд эзэмшсэн ч гэсэн хэрэглэхгүй бол мартагддаг. Тиймээс үргэлж суралц.
Мөн сурч байгаа хэлээрэй тэмдэглэл хөтлөх, дуртай дуучныхаа дууг орчуулж дагаж дуулах, өөрийн яриаг бичиж сонсох зэрэг маш олон аргууд байдаг. Тэдгээр аргуудаас сонгоод өөртөө ашиглаарай. Хэлээ өөрийн хобби болго. Хамгийн гол нь өдөр бүр давтаж, турших хэрэгтэй.