Монгол Улс хоёр дахь удаагаа дэлхийн хар данс буюу ФАТФ-ын саарал жагсаалтад орлоо. ФАТФ-ыг энгийнээр тайлбарлавал, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын байгууллага гэж ойлгож болно. Тэгэхээр товчхондоо, манай эрх баригчид мөнгө угаах, авлига албан тушаалын гэмт хэрэгт хариуцлага тооцож чадаагүй болохоор л саарал жагсаалтад орсон гэсэн үг. Үүнээс өмнө 2012 онд мөн энэ шалтгаанаар саарал жагсаалтад орсон байдаг. Дээрх явдлаас сургамж авч эрх баригчид “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай” хуулийг баталсан. Гэвч монголын хууль гурав хоног гэгчээр хуулийг хэрэгжүүлж, хариуцлага хүлээлгэсэн тохиолдол тун цөөхөн. Энэ талаар ШЕЗ-ийн ахлах референт Э.Ганцэцэгээс тодруулахад, “Он гарсаар мөнгө угаах гэсэн зүйл ангиар шийдвэрлэгдсэн хэрэг байхгүй байна. Харин өнгөрөгч оны тухайд хорин хүнд холбогдох таван хэргийг шүүх хянан шийдвэрлэсэн. Тэдний гурав нь хорих ял, хоёр нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн, 15 хүн нь тэнсэн харгалзах ял авсан” гэв. Өөрөөр хэлбэл, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гурван этгээд гурваас таван жилийн хорих ял авсан байна. Түүнчлэн, мөнгө угаах гэмт хэргийн улмаас 2018 онд 663 тэрбум төгрөг, энэ онд 11.9 их наядын хохирол манай улсад учирсан талаар АТГ-аас мэдээлж байгаа юм.
Үүний хариуцлагыг хэн хүлээх талаар дээр дооргүй ярьж байна. Чухамдаа, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний зөвлөлийг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж ахалдаг. Тэгэхээр манай улс саарал жагсаалтад орсон явдал Ц.Нямдорж сайдын ажилд нэг ёсондоо дүн тавьсан явдал боллоо. Энэ талаар АН-ын дарга С.Эрдэнэ мэдэгдэл хийхдээ “Монгол Улсын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийг Ц.Нямдорж даргалдаг, тав дахь удаагаа ХЗДХ-ийн сайдаар томилогдон ажиллаж байгаа. FATF байгууллагын 2017 оны сануулга ч гэсэн түүнийг сайд болсноос хойш ирсэн. Гэтэл ажлаа хийж чадахгүй байж буруугаа бусдад тохдог зуршлаараа саарал жагсаалтад оруулсан алдаагаа АН руу чихэж байна. МАН 2008-2012 онд эрх барьж байхдаа мөн л FATF -ын шалгалтад унаж саарал жагсаалтад оруулж байсан хар үйл явдал дахин давтагдлаа. Олон улсын байгууллагаас муу үнэлгээ авч Монгол Улсын нэр хүндийг дэлхийн тавцанд унагасан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц. Нямдорж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монгол банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нар нь ажил үүрэгтээ хайнга хандсан, энэ албан тушаалыг эрхлэх чадамжгүй тул улс төрийн болон мэргэжлийн хариуцлага хүлээлгэж, холбогдох хуульд заасны дагуу огцруулах ёстой” гэсэн юм.
Үүнээс гадна МАН мөнгө угаах гэмт хэргийн сонгодог жишээ болсон ЖДҮ-чин гишүүддээ өнөөдрийг хүртэл хариуцлага тооцоогүй байна. Тодруулбал, ЖДҮХС-аас гурван хувийн хүүтэй зээл авч, 30 хувийн хүүтэй банк бус, санхүүгийн байгууллагаар дамжуулан иргэдэд өгч, мөнгө угааж байсан нэр бүхий УИХ-ын гишүүд өнөөдөр юу ч болсон шинжгүй, дараагийн сонгуулиа бодоод явж байгаа юм. УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн жиргэснээр, “УЕП-ын газар ийм найман тохиолдлыг олж тогтоосон” гэх мэдээлэл ч бий. Ямартаа ч, улсын бүртгэлийн ерөнхий газрын нээлттэй эх сурвалжид буй мэдээллээр, манай улсад нийт 595 ББСБ бүртгэлтэй буйгаас УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Ж.Энхбаяр, Б.Ундармаа, Я.Содбаатар, Д.Ганбат, Д.Бат-Эрдэнэ нар хувьдаа ББСБ эзэмшдэг нь тодорхой болоод байна. Энэ мэтээр ядарсан ард иргэдээ мөнгө угаах хэрэгсэл болгосон УИХ-ын гишүүд, эрх баригч МАН өөрсдийнхөө амьдрах арга хэрэгсэл болсон мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэж чадах эсэх нь эргэлзээтэй юм.
Д.Соёмбо