“Хүйтэрлээ, халаалтаа яаж шийдэх вэ, яаж даарахгүй дулаан өвөлжих вэ” гээд иргэдийн санаа зовоосон бэрхшээлүүд эхэлчихлээ. Энэ жилийн хувьд утааг багасгах ажлын хүрээнд Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд шахмал түлш хэрэглэж эхэлсэн. Гэхдээ үүнээс гадна гал түлэхгүйгээр, шалны болон тавьдаг цахилгаан халаагуураар халаалтаа шийдсэн айл, өрх цөөнгүй бий. Төрөөс үүнийг дэмжин 2017 оноос хойш өвлийн улиралд шөнийн цагаар айл өрхүүдийн цахилгааны тарифыг тэглэх шийдвэр гаргасан байдаг. Энэ жил ч мөн арван нэдүгээр сарын 1-ээс эхлэн уг шийдвэр хэрэгжинэ. Ирэх оны дөрөвдүгээр сар хүртэл хэрэгжих энэ шийдвэрээр нийслэлийн 116 мянган өрх, хөдөө орон нутгийн 160 мянган өрх хамрагдана. Үүнд төрөөс энэ жил 20,4 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэсэн аж.
Оройны 21 цагаас өглөөний зургаан цагийн хооронд өдөр бүр есөн цагийн хугацаанд цахилгааныг Улаанбаатар хотын дээр хэлсэн өрхүүдэд 100 хувь, аймгийн төв болон 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын хэрэглэгчдийг 50 хувиар хөнгөлнө. Гэхдээ тогтоосон хязгаартай. Тухайлбал Нийслэлийн гэр хорооллын 220 В цахилгаан хэрэглэдэг нэг айлд сард 700 кВт.цаг харин 380 В-ын хүчдэлийн түвшинд хэрэглэдэг хэрэглэгчдэд 1500 кВт.цаг цахилгааныг 100 хувь хөнгөлнө. Харин үүнээс илүү гарах хэрэглээг 50 хувиар хөнгөлөх юм. Одоогоор манай гэр хорооллын сүлжээ 2,5 кВт дамжуулах хүчин чадалтай. Тиймээс түүнд тохируулан уг хэмжээг тогтоосон бөгөөд нэг айл өрхөд хангалттай хэмжээ гэж Эрчим хүчний хорооноос мэдээлж байна.
Манай нэг өрх сардаа дунджаар 220 кВт цахилгаан хэрэглэдэг. Зарим иргэд дур мэдэн цахилгааны хүчдэлээ нэмэх гэж оролддог. Ингэснээр тухайн дэд станцын чадал дийлэхгүйгээс үүдэн гэр хорооллын айл өрхийн цахилгааны хүчдэл унах тохиолдол гардаг. Тиймээс дур мэдэн цахилгааны хүчин чадлаа нэмж болохгүй. Үүнээс илүү болбол гал гарах аюултай байдгийг эрчим хүчний газраас сануулсан юм.
Цахилгаан эрчим хүчний хөнгөлөлтөд хамрагдах айл өрхийн бүсийг эрчим хүчний газраас тодруулахад “Нийслэлийн засаг дарга Байгаль орчны яам хамтарсан агаарын чанарын бүс гэж байгуулсан. Тэр бүсэд хамрагдсан иргэдэд зөвхөн цахилгааны хөнгөлөлт үзүүлдэг байсан. Одоо 2017 оны засгийн газрын 199-р тогтоолоор энэ бүс хамаарахгүйгээр гэр хорооллын бүх хэрэглэгчдэд хоёр тариф тоолууртай бол цахилгааны үнийн хөнгөлөлтөд хамрагдах журам батлагдсан. Үүнд төвийн шугаманд холбогдоогүй бүх бүсийн айл өрх хамаарах бөгөөд зуслангийн айл өрхүүд ч хамрагдаж байгаа” гэж байна.
Харин хэрэглэгчидтэй уулзаж санал сэтгэгдлийг нь сонсоход тэс өөр зүйл ярьдаг. Цахилгааны мөнгө их гарч байна, хөнгөлөлт бага байна, хэрэглээгүй байхад тогны мөнгө гарсан байна гэх зэргээр санал гомдлоо илэрхийлдэг.
Чингэлтэй дүүргийн 16-р хорооны иргэн Б.Цэцгээ “Утаанаас бага ч болтугай холдохын тулд энэ өвөл манайх цахилгаан халаагуур тавихаар шийдсэн. Манай байшин 36 м2, дулаан алдагдал бага. Тиймээс хоёр тень тавьсан. Гэтэл тогны мөнгө энэ сард 400 мянга гарсан. Бараг цалингаа цахилгаандаа өгөөд л дуусч байна. Одоо шөнийн тариф мөрдөөд эхлэхээр арай багасна гэж найдаж байна” гэж ярьсан юм.
Үүнтэй адил ярьж байгаа иргэн ч олон байна. Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны иргэн С.Жавзан “Манайх гурван халаагуур хэрэглэдэг. Түрүү өвөл шөнийн хөнгөлөлтөд орсон ч сарын төлбөр 350 мянга орчим гардаг байсан. Энэ жил тогны мөнгө нэмэгдчихсэн болохоор санаа зовж л сууна. Тогны мөнгөнөөс илүү гарахгүй хэцүүхэн л байна” гэж хэллээ.
Цалин багатай манай иргэдэд ийм хэмжээний цахилгааны төлбөр бол чанга шүү дээ. Тиймээс цахилгааны төлбөрөө багасгахын тулд дулааны алдагдлаа шийдэх хэрэгтэй гэж сануулдаг. Дулааны алдагдал ихтэй байвал байх тусам тогны мөнгө их гарна. Тиймээс хангалттай хэмжээнд гэр, байр сууцаа сайн дулаалаад хийгээд өдрийн цагаар бага, шөнийн цагаар их ажиллуулах хэрэгтэй гэж эрчим хүчний газраас зөвлөдөг. Гэхдээ бодит байдал ийм л байна.
Мөн Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хорооны иргэн Б.Баатар “Манайх гэр бүлээрээ нэг сарын хугацаагаар гадаад руу явсан. Гэрт хэн ч байхгүй учир тогоо огт хэрэглээгүй. Гэтэл биднийг ирсний дараа цахилгааны төлбөр 19 000 төгрөг гарсан байсан” гэж ярьсны дагуу эрчим хүчний зохицуулах хорооноос тодруулсан юм.
Эрчим хүчний зохицуулах хороо, Үнэ тариф, зах зээлийн зохицуулах газрын мэргэжилтэн Б.Уламбадрах “Эрчим хүчний зохицуулах хорооноос хэрэглэгчдэд энергийн тариф, чанарын тарифыг нэвтрүүлж байгаа. Үүнээс үүдэн хэрэглэгчдэд ахуйн суурь тариф гардаг. Тэгэхээр хэрэглэсэн ч хэрэглээгүй ч суурь хураамж гарна гэсэн үг. Хэрвээ тог, цахилгаан огт хэрэглэхгүй, удаан хугацаагаар эзгүй явахдаа тухайн цахилгаан түгээх газартаа мэдэгдэх ёстой. Тэгвэл ямар нэгэн суурь төлбөр гарахгүй байх боломжтой”гэж ярьсан юм.
Зарим өрхөөс халаалт аваад хэрэглэхээр “Цахилгааны хүчин чадал дийлдэггүй, халдаггүй, тэгсэн мөртлөө тогны мөнгө их гардаг” гэх гомдол байдаг. Хэчнээн үнэтэй халаагуур аваад цахилгааны хүчин чадал нь дийлэхгүй бол ямар ч хэрэгцээгүй. Тиймээс шугам сүлжээг өргөтгөж, чадлыг нэмэгдүүлэх арга хэмжээг авах төрөөс авах шаардлагатай байна. Энэ асуудлыг олон жил ярьсан ч жил бүр шавыг нь тавьдаг цахилгаан станц, под станцууд ашиглалтад ороогүй л байна.
Гэр хорооллын шөнийн тарифын хөнгөлөлтөд 2017 онд 101 мянган айл өрхөд 6,8 тэрбум төгрөг, харин 2018 онд 109, мянган айл өрхөд 9,4 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн юм. Тэгвэл энэ жил тоогоо нэмэгдүүлж 116 мянган айл өрхөд 20 гаруй тэрбум төгрөгийн цахилгааны хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэжээ. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд агаарын бохирдлыг бууруулах зорилгын хүрээнд гэр хорооллын өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифын хөнгөлөлтөд нийтдээ 36 тэрбум гаруй төгрөгийг зарцуулсан байна.
Төр засаг, эрчим хүчний зохицуулах хороо жил бүрийн намар өвлийн заагаар ард иргэдээ дулаан тохитой өвөлжүүлэхийн зэрэгцээ нийслэл хотын агаарын бохирдол, утааг багасгана хэмээн цахилгааны үнийг гэр хорооллын айл өрхүүдэд шөнийн цагаар хөнгөлнө хэмээн сүржин мэдэгддэг ч яг бодит амьдрал дээр айл өрхийн цахилгааны үнэ ердийн үеийнхээс буурахгүй байгаа нь иргэдийн ярианаас харагдаж байна.
Тэгэхээр ард иргэдээсээ цахилгааны төлбөрийг нь бүрэн, зарим тохиолдолд бүр илүү гаргаж авчхаад, хөнгөлөөд байгаа гэсэн тэр 20-30 тэрбум төгрөг хаашаа ороод байна аа гэсэн асуулт бас гарч ирж байна.
Энэ талаар холбогдох ажил мэргэжлийн хүмүүсээс асуухаар өдөр, шөнийн ялгавартай заадаг тоолуур тавих ёстой, суурь хураамж энэ тэр гэсэн шалтгаан тоочиж ард иргэдийн халааснаас өнөөх хөнгөлөлтийн мөнгөө авсаар л байгаа нь энэ. Чухам үнэндээ өмнөх жилүүдэд яг ингэж гэр хорооллын айл өрхийн тал хувь болох 100 гаруй мянган айлын цахилгааныг шөнө үнэгүй хэрэглүүлээд, тэд ньв халаагуур тавиад байсан бол нийслэл хотын агаарын бохирдол 50 хувь буурах байсан. Гэтэл агаарын бохирдол, утаа жилээс жилд улам ихэсч үүнийг дагаад амьсгалын замын болон хавдрын өвчлөл нэмэгдсээр байгааг энэ эрх баригчид, Эрчим хүчний зохицуулах хороо, ноён А.Тлейхан юу гэж тайлбарлах вэ.
Өвөл болдгоороо боллоо, айлууд дулаан өвөлжих л хэрэгтэй болно. Нэгэнт цалин орлого нь хязгаартай тэр хүмүүс мөнгөндөө захирагдаад л сонголтоо хийх нь мэдээж. Төр засаг цахилгааны үнийг үнэхээр хөнгөлж, ард иргэдээ ч дулаан тохитой, нийслэл хотоо ч утаа багатай өвөлжүүлж чадах эсэхийг харах л үлдлээ.
Шахмал түлшнээс болоод хүмүүс угаартаж байна, хүн амь насаа алдлаа хэмээн гомдоллож хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр гараад эхлэхээр хариуд нь “Утаа багасч байгаа биз дээ” хэмээн тохуу хийж байсан түүх нэг их холдоогүй л байна шүү.
Э.БОЛОР