Монгол улс чөлөөт зах зээлийн нийгэмд шилжсэнээр хүн бүр чөлөөтэй аж ахуй эрхлэн явуулах боломжтой болж зар сурталчилгааны харилцааг зохицуулах хэрэгцээ, шаардлага бий болсон. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчийг худал мэдээллээр төөрөгдүүлэх замаар хохироохоос хамгаалах шаардлага үүссэн юм.
Гэтэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл олон нийтийн сүлжээгээр нийтэлж нэвтрүүлж байгаа зарим сурталчилгаа хүнд тус болохоосоо тэднийг төөрөгдүүлэн зарим тохиолдолд хор болох явдал гарсаар байна. Тухайлбал "Таны өвчнийг хоромхон зуур анагаана", "Өвдөлтийг нам дарна", “Үр дүнтэй тураана” гэсэн эм бэлдмэлийн сурталчилгаа хэрэглэгчдийг төөрөгдүүлэхээс гадна Зар сурталчилгааны хуулийг зөрчиж байгааг иргэд төдийлөн мэддэггүй. Зохисгүй, хэрэглэгчийг төөрөгдүүлсэн, бодит байдал, ёс зүйд үл нийцэх буюу хууль бус сурталчилгаанаас болж манай оронд нийгмийн эрүүл мэнд, гэмт хэрэг, эдийн засгийн хор хохирол, бусад тооцоолоогүй олон сөрөг үр дагавар үүсч байгааг анзаарах хүн цөөн.
Аливаа бараа, бүтээгдэхүүн олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглан сурталчлах нь тухай бүтээгдэхүүний хэрэглэх, худалдан авах сэдлийг төрүүлж, цаашид тогтох хандлагыг тодорхойлдог. Мэдээллийн технологи хурдацтай хөгжихийн хэрээр зар сурталчилгаа түгээх хэлбэр нь өдөр ирэх тусам боловсронгуй, хялбар болж байгаа нь сайшаалтай боловч нөгөө талаас хяналтгүй урсч буй зар сурталчилгааны урсгалаас үүдэн гэмт хэрэг, зөрчил нэмэгдэх, зүй бус хэрэглээг өсгөх зэрэг сөрөг үр дагаврыг бий болгосоор.
Зар сурталчилгааны хуулийг зөвхөн архи, тамхи, мансууруулах бодис сурталчлахтай холбоотой төдийхнөөр ойлгох нь учир дутагдалтай бөгөөд нийгмийн амьдралын хөгжлийг дагаад хууль бус зар сурталчилгааг өргөн хүрээнд ойлгох шаардлагатай. Зар сурталчилгааны эрх зүйн орчны талаарх байгууллага, иргэдийн мэдлэг муу байгаагаас хууль бус зар сурталчилгааг түгээх, бүтээх үйл ажиллагаа нь хяналтгүй байгаа төдийгүй хуулийн хэрэгжилт, хариуцлагын үр нөлөө сул байгаа нь аливаа гэмт хэрэг, зөрчил гарах шалтгаан нөхцөл болжээ.
Үүнтэй холбоотой харилцааг зохицуулах, хяналт тавих үүднээс “Зар сурталчилгааны тухай” хуулийг 2002 онд батлан гаргасан. Тус хуулийг батлан гаргахаас өмнө Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай, Тамхины хор хөнөөлтэй тэмцэх тухай, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай, Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудаар зохицуулдаг байв. Эдгээр хуулийн хэсэг бусад заалт нь ерөнхий шинжтэй, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавих нэгдсэн тогтолцоо, субьект байгаагүй учир дутагдалтай байсан.
17 жилийн өмнө батлагдсан хууль нь өнөөдөр цаг үеийн нөхцөл шаардлагад нийцүүлэн өөрчлөх шаардлагатай болжээ. Тухайлбал, хүнсний бүтээгдэхүүний тухай, цахим орчинтой холбоотой зохицуулалтууд үгүйлэгдэж байна.
Харилцаа холбооны зохицуулах хорооноос телевизийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгож байгаагийн хувиар улирал тутам телевиз, радиогоор нэвтрүүлж буй зар сурталчилгаанд мониторинг хийдэг боловч ийнхүү хяналт нь зөвхөн эрх зүйн баримт бичгээр тогтоосон цагийн хязгаарыг баримталж буй эсэхийг хянана. Харин зар сурталчилгааны агуулгыг хянадаггүй.
Гэтэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нитийн сүлжээгээр түгээж байгаа зар сурталчилгаанд холбогдох мэргэжлийн байгууллагууд нь ийм хяналт мониторинг хийх явдал хангалтгүй байна. Өөрөөр хэлбэл эм бэлдмэлийн сурталчилгаанд эрүүл мэндийн, хүнсний бэлдмэлүүдэд хүнс хөдөө аж ахуйн салбараас ямар ч хяналт тавихгүй байгаа.
Зар сурталчилгаанд хүүхдийн эрхийг хамгаалахтай холбоотой зохицуулалтууд бодит амьдрал дээр байнга зөрчигдөж, хүүхдэд ээлгүй, чихэр, давс, тосны агууламж бүхий бүтээгдэхүүний зар сурталчилгаа хүүхдэд зориулсан зар сурталчилгааны дийлэнх хувийг эзэлж байна. Энэ нь эрүүл бус хүнсийг хэрэглэх дадал, зуршлыг өдөөдөг.
Энэ талаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга, Улсын ахлах байцаагч Ц.Тэрбишээс тодрууллаа.
“Тус хуультай холбогдуулан жилд 15-20 хэрэг шийдэж байна. Жишээлбэл, Америкаас оруулж ирдэг Alivemax нэрийн “СакураМакс” компанийн худалдан борлуулж буй хэлэн дор түрхлэг хэлбэрээр хэрэглэх жимсний охь бүтээгдэхүүнийг гомдлын дагуу шалган тус компанид таван сая төгрөгийн торгууль ногдуулсан. Уг хэргийг компани хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд хандсан ч шүүх улсын байцаагчийн шийдвэр үндэслэлтэй хэмээн үзсэн. Тухайн бүтээгдэхүүн нь хүсний бүтээгдэхүүн гэж тодорхойлогдсоор байхад эрүүл мэндийг анагаана хэмээн сурталчилсан нь хэрэглэгчийг төөрөгдүүлсэн. Түүнчлэн уг бүтээгдэхүүн нь хүний биеийг тэтгэх зориулалттай болохоос даралт бууруулж, саажилтыг зогсоох, эмчлэх зэрэг нөлөөлөл байхгүй. Гэтэл ийм үр дүнг үзүүлнэ гэж сурталчилснаас болоод хэрэглэгчид бодитойгоор хохирсон. Тухайлбал, өвчтэй байсан хүн эмчилгээгээ зогсоон тухайн бүтээгдэхүүнийг сарын хугацаанд хэрэглэх заавар өгснөөр хэрэглэх явцад хэрэглэгчийн биеийн байдал муудсан. Учир нь үндсэн эмчилгээгээ зогсоосон байж тус бэлдмэлийг хэрэглэсэн. Төөрөгдөл нь цаанаа ийм хор хөнөөлтэй. Тиймээс иргэд сайн мэдлэг, мэдээлэлтэй байх нь чухал” гэв.
“Тураах бүтээгдэхүүн хэрэглэвэл гуалиг болно” гэх сурталчилгаанд жингийн илүүдэлтэй, турах хүсэл эрмэлзэлтэй хүмүүс их өртдөг. Иргэд тураана гэхээр л нэмж дэлгэрүүлэн мэдээлэл авахыг бодохгүй, дахин боловсруулахгүйгээр тураана гэсэн л бол шууд хэрэглэдэг. Тиймээс хэрэглэгч өөрөө бүх бараа бүтээгдэхүүн чанартай, сайн үр дүнтэй биш гэдгийг ойлгох нь чухал.
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга, Улсын ахлах байцаагч Ш.Цэрэндулам,
“Энэ тухай хуулинд шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газар нь аж ахуй нэгж, хувь хүн, компаниудад хяналт тавьдаг. Нөгөө талаас агуулга, контентийн хувьд оюуны өмчийн газраас хяналт тавина. Хэрэглэгч бүтээгдэхүүний тухай үнэн бодит мэдээлэлтэй байх ёстой. Энэ мэдээлэлдээ тулгуурлан сонголтоо хийнэ. Аль болох торгууль ногдуулахаас илүү зөвлөгөө, мэдээлэл өгөх нь зүйтэй. Гэсэн ч хэрэв хуулийг зөрчсөн тохиолдолд аж ахуй нэгжийн хувьд таван сая төгрөгөөс, хувь хүнийг 500 мянган төгрөгөөс эхлэн торгоно. Сурталчилгааны үнэн бодит байдлын талаар 2018 онд 1843, энэ онд 1900 орчим иргэн гомдлоо мэдүүлсэн” гэлээ.
Зөрчлийн тухай хуульд зааснаар бүх зөрчилд хувь хүний 500 нэгжтэй тэмцэх төгрөгөөр, хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Хэдийгээр Зар сурталчилгааны тухай хуулиар зарим төрлийн зар сурталчилгаанд тусгай шаардлага тавигдсан боловч тэдгээрийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын хэм хэмжээ хууль тогтоомжид тодорхой тусгагдаагүй. Тухайлбал, тээврийн хэрэгсэл ашиглан түгээх зар сурталчилгааны хэм хэмжээг зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэх асуудал Зөрчлийн тухай хуульд тусгагдаагүй бөгөөд Зар сурталчилгааны тухай хуульд аюулгүйн ажиллагааны болон стандартын шаардлагыг нийслэл хот, Өвөрхангай аймгаас өөр орон нутаг тогтоогоогүй аж.
Бодит байдалд харилцуур утсаар маш их зар сурталчилгаа түгээж байгаа боловч энэ талаарх материаллаг хэм хэмжээ дутагдалтай, хариуцлага хүлээлгэх талаар зохицуулалт хууль тогтоомжид байхгүй. Эрүүл мэндийн салбарын зар сурталчилгаанаас зөвхөн “эм”-ийн зард хариуцлага ногдуулахаар зааж, бусад хэсгийг үлдээсэн зэрэг зөрчил үүссэн байна.
Ийнхүү хууль нь байвч хэрэгжилт, зохицуулалт нь явцгүй, тодорхой арга хэмжээ авахгүй байснаас хэдэн хүн хохирч байгааг мэдэх аргагүй болжээ. Ашгийн төлөөх байгууллагууд ард иргэдээ худал мэдээллээр мөлжсөөр. Тиймээс ард иргэд нь үүний эсрэг тархиа “угаалгах”-гүй, мэдээллээ боловсруулж сурах цаг нь ирээд байна.
Нөгөө талаар хүний эрүүл мэнд амь насанд нөлөөлөхүйц хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэл зэргийн сурталчилгааг тухайн холбогдох байгууллага, мэргэжлийн хяналтын салбар хариуцсан хэлтэс тасаг анхаарал тавьж, манайд сурталчилж болох эсэх, Эрүүл мэндийн сайдын жагсаалтад орсон эсэх зэрэгт хяналт тавьж байхгүй бол сурталчилж байгаа иргэд аж ахуйн нэгжүүд, тэр сурталчилгааг нэвтрүүлж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагууд нь ашгийн төлөө хамаа замбараагүй сурталчилж түгээдэг явдал гарсаар байна.
Өмнө өгүүлсэн зар сурталчилгаанаас авсан бүтээгдэхүүнээс болж хохирсон иргэд тухайн хариуцах байгууллагад хандаагүй өнгөрсөн бол тэр зөрчлийг илрүүлж торгож шийтгэлгүй л өнгөрчих байж.
Б.Мөнхбайгаль