Гарааны бизнес гэхээр л хэдэн найзууд граш дотроо шинэ зүйл бүтээж, тэр нь дэлхийд алдаршсан тэрбум тэрбумын үнэлгээтэй томоохон компани болно гэсэн үг биш.
Гарааны бизнесийг эхлүүлэхэд ч бас өөрийн гэсэн дүрэм бий. Гарааны бизнес нь эрсдэлд өртөх магадлалтай орчинд шинэ бүтээгдэхүүн гаргаж ирэх үйл явц. Хэрэв бизнес эхлүүлэн нэгэнт жолоодохоор шийдсэн бол хаашаа явж буй хэтийн зорилгоо зах зээлийн ширүүн өрсөлдөөнд мартахгүй, бууж өгөхгүй урагшаа “дайрах” нь хамгийн чухал. Үүний тулд үргэлж суралцах шаардлагатай.
Гарааны бизнесүүдийн эхэн үедээ гаргадаг алдаа нь санаагаа хулгайд алдах вий хэмээн хэнээс ч зөвлөгөө авахгүй нууцалдаг. Аль эсвэл өөрийн санаагаа уулзсан хүн бүртээ хэт дэлгэрэнгүй бүхий л онцлог, давуу талаа хэлчихдэг. Тиймээс олон улсын зөвлөхүүд бизнесийн шинэ санаагаа алдахаас илүүтэй хэрэгжүүлэх, өөрөөр хэлбэл, санаагаа илүү боловсронгуй, бодитой хөгжүүлэхийн тулд мэргэжилтнүүдтэй уулзаж зөвлөгөө авч, санал бодлыг нь сонсохыг зөвлөдөг. Үүний тулд таамаг дэмшүүлж, үүнийгээ баталгаажуулан хэрэглэгч, зах зээлийн судалгаагаа оновчтой хийх нь чухал.
Манай улсын 400 орчин гарааны компанийн ихэнх нь технологийн салбарынх. Учир нь Монгол улс хүн ам цөөн, зах зээл багатай. Технологийн компаниуд бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хөгжүүлэхэд хамгийн их хөрөнгө шаардлагатай хэдий ч эхлэхэд хамгийн бага хөрөнгөөр үүсгэн байгуулагдах боломжтой юм.
Сүүлийн жилүүдэд манай улсад гарааны компаниуд идэвхжиж буйн жишээ бол co-working space буюу ийм бизнес эрхлэгчдэд хямд үнээр ажлын байр түрээслэх үйлчилгээний газрууд нэмэгдсэн. Гарааны бизнесүүдийг нэг газар ийнхүү цуглуулах нь олон талын давуу талтай бөгөөд байгууллагын соёлыг бий болгож, ажиллах бүтээмжийг сайжруулах дизайн шийдлүүд бүхий байдаг учир залуус ихэд сонирхох болсон.
Гарааны бизнесүүд хөгжиснөөр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид нэмэгдэж олон улсад Монголоо сурталчлах гайхалтай боломж үүсч байгаа хэрэг. Түүнчлэн мэдээллийн технологийн энэ зуунд эдийн засгийн томоохон хөшүүрэг болох технологийн салбарт боловсон хүчинээ чадваржуулж буй.
Монгол залуучуудын бүтээсэн дэлхийд танигдахаар зорьж буй нийгмийн асуудлуудыг шийдсэн, хүмүүсийн амьдралд шууд нөлөөлж буй сонирхолтой гарааны бизнесүүдийн танилцуулж байна.
IHotel зочид буудал захиалгын апп
Энэ нь зочид буудал захиалгын онлайн платформ болон буудлын удирдлагын систем хөгжүүлдэг апп юм. Сүүлийн хэдэн жилийн турш тууштай үйл ажиллагаа явуулж буй бөгөөд саяхан Сингапураас хөрөнгө оруулалт авч, дөрвөн тэрбум төгрөгийн үнэлгээтэй болсон юм. Ийнхүү iHotel.mn оюуны бизнесээр ихээхэн баялаг бүтээж буй сүүлийн үеийн монгол стартапуудыг буухиалж байна. Тус платформд Монголын 250 гаруй зочид буудал, амралтын газрын сонголт бий. Арванхоёр дугаар сараас 170 мянган гадаадын зочид буудал тус апп-д нэмэгдэхээр болжээ. iHotel нь зочид буудлын орлого болон зочдын тоог нэмэгдүүлж, үйлчлүүлэгчдийн зочид буудал болон амралтын газар хайх, захиалах үйл явцыг хялбарчилж өгч буй юм. Тэдний ойрын зорилго бол Филиппин, Вьетнам, Пакистан улсын зах зээлд гарах. 2028 он гэхэд Азийн орнуудын зэх зээл одоогийнхоос хоёр дахин томорч, Европынхоос өргөн болох төлөвтэй байна. Иймд бид Азийн найман орны зах зээлийг онилсон байгаа.
Beeco замын унааны апп
Beeco нь хэрэглэгчдэд болон хүрээлэн буй орчинд ээлтэй замын унааны апп. Тэд ердөө жил гаруйн хугацаанд 13 мянга гаруй хэрэглэгчтэй болж, өнгөрсөн өвөл л гэхэд сард 100 машиныг замын хөдөлгөөнд оруулалгүй ачааллыг бууруулж чаджээ. Нэгэнт хязгаартай нөөц болох цаг хугацаа, хөрөнгө шатахуун үрэн зам дээр түгжирч байгаа тул нэг машинд цуглан түгжрэлийг бууруулахад хувь нэмэр оруулах зорилгоор энэхүү апп-ийг санаачилжээ. Өөрөөр хэлбэл, ижил чиглэлд явж байгаа иргэдийг нэгнээ дайгаад, нэгэндээ дайгдаад явах боломжийг олгодог. Тэгснээр жолооч шатахууныхаа мөнгийг хялбархан олж, зорчигч хямд, тохилог, аюулгүй унаагаар зорьсон газраа очих боломжтой болж. Дэлхийн чиг хандлага хувийн машины хэрэглээ жил ирэх тусам буурч байна. Манайд ч энэ хувийн машины хэрэглээ ирээдүйд буурах болно. Харин тэр хүртэл Beeco хүмүүст нэмэлт сонголт гаргаж өгч байгаа юм.
Nomadic Bear тоглоом бүтээгчид
Аппликэйшний зах зээлд амжилттай ажиллаж, олон улсад өрсөлдөж буй Nomadic Bear компани нь тоглоомын зах зээлд нэвтэрч байгаагаараа онцлог. Тус компани нь 12 сая хандалт авч байсан тоглоомыг бүтээж чадсан. Тоглоомын зах зээл дотроо гар утасны тоглоом, тэр дундаа Hyper Casual буюу хэцүү биш хэдий ч тоглоход таатай мэдрэмж төрүүлдэг, хүнийг автуулдаг төрлийн тоглоом бүтээж байна.
Төлбөр тооцооны "Гэрэгэ Системс"
Технологи ашиглан бидний амьдралыг илүү хялбарчлах шийдлүүд өдөр бүр нэмэгдсээр байна. Санхүүгийн төлбөр тооцооны Гэрэгэ платформыг бий болгоод байгаа үндэсний "Гэрэгэ Системс" компани нь өнгөрсөн жил хагасын хугацаанд байнгын хөгжүүлэлт, судалгаа хийж Гэрэгэ Киоск машин, андройд үйлдэлтэй Гэрэгэ Пос машин, Гэрэгэ Пэй болон Гэрэгэ Агент буюу байгууллагад зориулсан анхны төлбөр тооцооны аппуудыг зах зээлд танилцуулаад байгаа юм. Ингээд 2019 Umoney-гоо утсаараа цэнэглэх, Гэрэгэ Киоск машин болон аппаар орон нутгийн автобусны билет худалдан авах, зам ашигласны албан татварыг төлөх гээд олон шийдлийг нэмж танилцуулахаар ажиллаж байна.
Түүнчлэн видео, комик, нийтлэл, подкаст зэрэг олон төрлийн хэлбэрээр сонирхолтой контент бүтээн хүргэдэг Oneminute.mn сайтын үүсгэн байгуулагч Б.Цацралтай гарааны бизнесүүдийн Монгол дахь нөхцөл байдлын тухай үзэл бодлоо хуваалцлаа. Тэрбээр өнгөрсөн жил “Шарктанк” нэвтрүүлгээс хөрөнгө оруулалт аван өөрийн бизнесээ амжилттай эхлүүлсэн юм. Тэрбээр,
“Сүүлийн жилүүдэд старт ап буюу гарааны бизнес гэх ойлголт нэлээд түгээмэл газар авч байна. Тэр байтугай арван жилийн сурагчид их сургуульд суралцах биш өөрсдийн гарааны бизнесээ хийж буйгаас хэр их тархаж байгааг харж болно. Харин хөгжлийн хувьд олон улстай харьцуулахад дөнгөж эхэлж байна. Хууль эрх зүйн хувьд ч “нялх” байгаа юм. Гэхдээ цаг хугацааны эрхээр хөгжиж төлөвшинө гэдэгт итгэлтэй байгаа. Гарааны бизнесийн давуу тал нь тухайн баг, хамт олон өөрсдөө ажиллах дүрмээ тодорхойлж, цоо шинэ уур амьсгал, орчинг бүрдүүлэх боломжтой байдаг.
Манай улсад бизнесийн тогтолцоо нь өөрөө маш их ярвигтай санагдсан. Энгийн жишээ гэхэд л жирийн компани байгуулахад л их бичиг баримт, наашаа цаашаа гүйх болдог. Гарааны бизнесийн хувьд татвар, санхүүгийн тайлан, нийгмийн даатгалын өндөр хувь тооцох гэх мэт татварын дарамтууд их байдаг. Ядаж жаахан хоцроход торгууль өндөр ирэх гэх мэт. Уг нь бид чинь бизнесээ хөл дээр нь босгох гэж хичээж байгаа шүү дээ. Мөн зээл авах зэрэг ямар нэг шалгуурт өрсөлдөхөд томоохон групп компаниудтай нэг ижил шалгуураар хэмжүүлдэг учраас боломж хязгаарлагддаг. Тиймээс хууль эрх зүйн хувьд бизнес эрхлэгчдэд ээлтэй бодлого боловсруулах нь маш чухал” гэв.
Гарааны бизнесүүдийг олон улсад хөл тавихад нөлөөлөх, энтрепренер залуучуудад шинэ боломжууд нээх үүд хаалгыг бий болгох үр өгөөжтэй бизнесийн таатай орчинг бүрдүүлэх нь чухал байгаа аж. Ингэснээр залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, цаашлаад гарааны бизнесүүдээ дэмжих бодлогоор дутаж байна.
Гэсэн ч залуус өөрсдөө бие даан мөрөөдөл, хүсэл сонирхлынхоо төлөө дэлхийн зах зээлд нэвтэрч, улсынхаа нэрийг гаргаж байгаа нь бахархууштай.
Б.Мөнхбайгаль