НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагаас Европын холбооны 1.5 сая еврогийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр “Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төсөл хэрэгжиж байна. Энэ төслийн зохицуулагч Г.Мөнхболор тус төслийн хүрээнд мал аж ахуйн салбарт ажлын байр нэмэгдэхээс гадна хөдөлмөрийн бүтээмж, түүхий эд бэлтгэлийн чанар дээшилнэ. Ингэснээр малчдын орлого нэмэгдэж, боловсруулах үйлдвэрүүд чанартай түүхий эдээр хангагдах боломж бүрдэнэ хэмээн тайлбарлав.
Мал аж ахуйн нэмүү өртгийн сүлжээ үүснэ
-НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага Монголд хэзээнээс үйл ажиллагаа явуулж эхэлсэн бэ?
-Манай байгууллага Монголд 1968 онд үйл ажиллагаагаа эхэлсэн гэдэг.
-Анх ямар үйл ажиллагаа явуулж байсан бэ?
-Анх үнэт металлын судалгаагаар үйл ажиллагаагаа эхэлсэн байдаг. 1970-аад онд хөнгөн үйлдвэрийн арьс, шир боловсруулах салбарт судалгаа, шинжилгээний зорилгоор “Армона” корпорацыг байгуулсан. Энэ корпорац арьс шир, нэхий боловсруулах том салбар Монголд үүсгэсэн. Гэхдээ зөвхөн корпорац байгуулаад орхиогүй. Олон улсын туршлага, техник, технолгийг нэвтрүүлж, техникийн туслалцаа үзүүлж байсан. Мөн байгаль орчныг хамгаалах, сэргээгдэх эрчим хүчний салбарын чиглэлээр томоохон төслүүд амжилттай хэрэгжүүлсэн.
-Өнөөдөр ямар төслүүд хэрэгжүүлж байна?
-Өнөөдөр байгаль орчны салбарт бүс нутгийн хэмжээнд нэлээд хэдэн төсөл хэрэгжиж байна. Том төслийг дурдвал 2018 оны гуравдугаар сараас хэрэгжиж байгаа “Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төсөл.
-Ямар хэмжээний санхүүжилттэй вэ?
-Энэ төслийг Европын холбоо 1.5 сая еврогоор санхүүжүүлж байгаа. Төслийн эхний шат 2020 оны нэгдүгээр сарын 31-нд дуусна. Үргэлжлүүлээд нэг жил сунгахаар төлөвлөсөн.
-Энэ төсөл хэрэгжсэнээр ямар ахиц гарах вэ?
-Өнөөдөр манай улсад хөдөө аж ахуйгаас маш их орлого олох боломж байна. Тэр тусмаа мах, сүү ,арьс шир, ноос ноолуураас. Гэтэл боловсруулалтаас шалтгаалж, малчид их хэмээний орлого алдаж, боловсруулах үйлдвэрүүд чанартай түүхий эдээр дутагдаж байна. Малчид, үйлдвэрүүд их хэмжээний ашиг олох боломж байхад яагаад энэ ашгаа хүртэж чадахгүй байна, нэмүү өртөг шингээх ямар зам байна гэдгийг судалгаагаар гаргасан.
-Тэгээд юу бодож олов?
-Бид шинээр ямар нэгэн зүйл бодож олоогүй. Хөгжилтэй орнуудын бэлэн туршлагыг нэвтрүүлэх шаардлагатай гэж үзсэн. Мал аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг бий болгох хэрэгтэй. Мал аж ахуйн түүхий эдийн боловсруулалт сайжрах тусам малчдын орлого, үйлдвэрүүдийн ашиг нэмэгдэнэ.
-Төслийн хүрээнд ямар ажил хийх вэ?
-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд мал аж ахуйн түүхий эд боловсруулах чиглэлээр сургалтууд зохион байгуулна. Олон улсын туршлагыг танилцуулна. Гадагшаа явуулж, туршлага судлуулна. Мал аж ахуйн түүхий эдийн боловсруулалтыг сайжруулснаар зөвхөн дотоодын боловсруулах үйлдвэрүүдийн нөхцөл сайжраад зогсохгүй, экспортын боломж нэмэгдэнэ.
-Гадныхан манай түүхий эдийг авах уу?
-Авна. Гэхдээ манайх муу, гадных сайн гэдэг хуучирсан сэтгэлгээнээс дээр, дооргүй салах хэрэгтэй. Хэрэв малчид маань түүхий эдээ олон улсын жишигт нийцүүлж, боловсруулж чадвал монгол малын түүхий эд хаана ч гологдохгүй. Натурал гэдэг утгаараа дэлхийд өрсөлдөх чадвартай. Өнөөдөр боловсруулалт л дутагдаад байгаа юм. Манай төслийн зорилго мал аж ахуйн түүхий эдийн нэмүү өртгийн сүлжээг үүсгэнэ.
-Үр дүн хэр гарч байна?
-Эхний үр дүн бол байгаль орчны стандартыг нэвтрүүлэх нөхцөл бүрдсэн.
-Тэр нь юу гэсэн үг вэ?
-Олон улсын арьс ширний зөвлөл гэж байдаг. Энэ байгууллагын протоколын дагуу арьс ширийг байгаль орчинд ээлтэйгээр боловсруулах технологийг Дарханы арьс шир боловсруулах үйлдвэрт нэвтрүүлж эхэлсэн.
-Энэ технологи нэвтэрснээр ямар давуу нөхцөл үүсэх вэ?
-Үйлдвэрийн бүтээгдэхүүн олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөнө.
-Гэхдээ түүхий эд бэлтгэлийн чанараас хамаарах уу?
-Тийм. Түүхий эд муу бол сайн бүтээгдэхүүн гарахгүй. Тийм учраас малчдад чанартай түүхий эд бэлтгэх арга, техникийг танилцуулах төслийн бас нэг зорилго. Мөн үйлдвэрлэлийн салбарт хөдөлмөрийн аюулгүй байдлын стандарт нэвтрүүлж эхэлсэн.
-Үйлдвэрүүдэд энэ стандарт байдаггүй юм уу?
-Байдаг л даа. Гэхдээ олон улсын түвшинд хүрсэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт хангасан нь цөөхөн. Тэгээд ч стандарттай байх, мөрдөх гэдэг нь өөр асуудал. Ямар ч сайхан стандарт байгаад, мөрдөхгүй бол үйлдвэрлэлд үр ашгаа өгөхгүй. Энэ талын олон улсын удирдамж, зөвлөмж, гарын авлагуудыг тарааж өгдөг.
Арьс гэмтээхгүй мал өвчих мэргэжлийн хутга байдаг
-Манай мал аж ахуйн түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлт хамгийн том асуудал гэдэг?
-Тийм учраас энэ төсөл хэрэгжиж байгаа юм. Жишээлбэл арьс шир, мах бэлтгэн нийлүүлэхэд томоохон асуудал гарч байна. Арьс шир бэлтгэл гадаадад бүү хэл дотоодын үйлдвэрүүдэд гологдож байна.
-Гологдлыг чанартай түүхий эд болгох талаар төсөл ямар зүйлийг хэрэгжүүлэх вэ?
-Эхний ээлжинд гар аргаар арьс шир бэлтгэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийг нэвтрүүлж байгаа.
-Малыг гараар өвчсөнөөс болоод гологдол гараад байна уу?
-Үгүй. Гараар гэмтэлгүй өвчиж болно. Гэхдээ өвчихдөө хайхрамжгүй хандахаас гадна өвчигч хутга нь стандарттай байдаг гэдгийг малчид мэддэггүй юм байна. Малчны хотонд, хээрийн бойнд, мах боловсруулах үйлдвэрүүдэд ч зориулалтын багаж хэрэглэх шаардлагатай. Гэхдээ үйлдвэрүүдийн хувьд арьс шир бэлтгэл сайн байгаа.
-100 хувь чанартай байж чадах уу?
-Одоохондоо үйлдвэрээс гарсан арьс ширний арав орчим хувь нь гологдол байна. Цаашдаа буурна. Нийт гологдол арьс ширний арван хувь нь үйлдвэрээс, 20 хувь нь малчны хотноос, үлдсэн 70 хувь хээрийн бой гэж нэрлээд байгаа хяналтгүй бүсийн нядалгаанаас гарч байна.
-Яагаад хяналтгүй бүсээс тийм их гологдол гарч байна?
-Хяналтгүй бүсийн гол зорилго нь мах бэлтгэл болчхоод байгаа юм. Тийм учраас махаа л авч байвал арьс шир, дайвар бүтээгдэхүүн бэлтгэх талаар анхаарал хандуулдаггүй.
-Гологдол арьс ширний хэмжээ буурвал үйлдвэрүүд боловсруулах чадамжтай юу?
-Жил бүр нядалдаг арав гаруй сая толгой малын арьсны 70 шахам хувийг үйлдвэрүүд авдаг гэсэн мэдээ бий. Харамсалтай нь үйлдвэрүүдэд нийлүүлэгдсэн арьсны ихэнх нь гологдол болоод үйлдвэрүүдээ хүндрүүлээд байгаа юм. Гологдлын хэмжээ буурвал үйлдвэртээ ч, малчдадаа ч чамгүй ашиг авчрах тооцоо бий.
-Үйлдвэрүүд юу хийж ашиг олох вэ?
-Манай арьс дэлхийд гологддоггүй л дээ. Ямар ч арьсан бүтээгдэхүүн хийж болно. Сайн боловсруулчихвал дэлхийд өрсөлдөх чадвар өндөр. Бид арьс шир боловсруулах горимыг гарын авлага болгоод тарааж байгаа.
-Германаас хутга оруулж ирсэн нь ямар учиртай юм бэ?
-Зүгээр нэг хутга биш шүү дээ. Малын арьс өвчихөд зориулсан өндөр чанартай, мэргэжлийн хутга.
-Малчдын хэрэглэж байгаа хутганаас юугаараа ялгаатай вэ?
-Малчид хурц үзүүртэй хутга хэрэглэдэг учраас арьс их гэмтдэг. Энэ хутга үзүүргүй мохоо. Ер нь хэрэглэж үзсэн нь дээр гэж зөвлөмөөр байна.
-Үнэ хэд вэ?
-Хятадын ижил төстэй зориулалтын хутганаас арай үнэтэй. 40 орчим мянган төгрөг. Энэ хутганаас гадна малын арьс хуулдаг төхөөрөмжийг махны үйлдвэрүүдэд нийлүүлж байна. Цахилгаан болон механик ажиллагаатай тоног төхөөрөмжүүдийг туршиж байна.
-Үзэж болох уу?
-Арваннэгдүгээр сарын 7-нд Ховдод туршилт хийнэ. Хүсвэл малчид энэ төхөөрөмжийг гар аргаар боловсруулах зориулалтаар өөрсдөө үйлдвэрлээд ашиглаж болно. Зураг, төсөл бүгд бэлэн байгаа.
-Зарах уу?
-Үгүй. Хүсвэл өөрсдөө авч болно.
Нэг хонийг гурван минутад хяргах машин бий
-Ноос ноолуурын чиглэлээр ямар ажиллагаа зохион байгуулж байна?
-Шинэ Зеланд болон Автралиас мэргэжилтнүүд урьж сургалт зохион байгуулсан. Ховд аймгийн “Алтайн уулсын оргил” аж ахуйн нэгжтэй хамтарч хонины ноосыг машинаар хяргах сургалт зохион байгуулсан. Үсний машинтай төстэй. 220 вольтын цахилгаанаар ажиллана. Хөдөө орон нутагт цахилгаан мотороор ажиллуулсан ч болно.
-Нэг хонийг ямар хугацаанд хяргах бол?
-Малчид маань нэг хонийг хайчаар хяргахад дунджаар 15 минут зарцуулдаг бол машинаар ердөө гуравхан минутад хяргана. Энэ машиныг ашигласнаар ноосны урт жигдэрч, гарц нэмэгдэнэ. Арьс гэмтэхгүй, хонь зовохгүй.
-Сайн ноос бэлдээд л урагшаа гаргаад байх уу?
-Төсөл үүнд бас анхаарал хандуулж байгаа. Чанартай бэлдсэн ноосоороо утас болон даавуу хийх боломж бүрдүүлнэ.
-Сүүний чиглэлд ямар үйл ажиллагаа явуулах вэ?
-Эхний ээлжинд сав, баглаа боодолд судалгаа хийсэн. Олон улсын байгуулагаас зөвлөмж гаргасан удахгүй олон нийтэд танилцуулна. Сүүн бүтээгдэхүүний төрлийг олшруулж олон улсын түвшинд хүргэнэ. Бангладешт сүүг зардал багатай цуглуулах сайн туршлага байдаг. Энэ нь 350 км-т сүү цуглуулах боломжтой. Үүнээс том бүс бол алдагдалд орохоос гадна сүүний чанарт сөрөг нөлөөтэй болдог юм байна.
-Хөдөө орон нутгийн сүүг яах вэ?
-Сүү цуглуулах сүлжээний хувьд хоёр судалгаа яригдаж байгаа юм. Эхнийх нь Улаанбаатарын сая гаруй иргэнийг сүүгээр хангах, 350 км-ийн тойрогт байгуулах сүлжээ. Нөгөөх нь алслагдсан бүсийн иргэд сүүгээ боловсруулж орон нутгийн зах зээлээ хангах асуудал. 1000 гаруй км-ын алсаас Улаанбаатарын зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулах нь алдагдалтай. Нийслэлийн зах зээлд алслагдсан бүс оролцох ганц боломж бяслаг гэсэн тооцоо байгаа юм.
-Монгол бяслаг дэлхийд өрсөлдөх боломжтой тухай “Монголын бяслаг урлаачдын холбоо”-ныхон мэдээлж байсан.
-Үнэхээр манай бяслаг дэлхийд зогсохгүй, хоёр хөршийн маань анхаарлыг их татаж байгаа. Манай байгууллага энэ холбоог дэмжиж ажилладаг. Евро стандарт хангасан бяслагны үйлдвэр нийслэл болон орон нутагт байгуулагдчихсан. Хөршүүд маань авахад бэлэн байгаа гэдгээ мэдэгдсэн.
-Гурван жилийн өмнө яригдаж байсан бяслагны экспортын асуудал шийдэгдээгүй байгаа юм уу?
-Компаниас хамаарахгүй. Засгийн газрын хооронд протоколоор шийддэг асуудал гэсэн. Удахгүй БНХАУ-ын шинжээчид ирэх байх. Бяслагны экспорт өндөр ашигтай нь судалгаагаар тогтоогдсон. Цаашлаад сүүгээр витаминжуулсан болон хүүхдийн тэжээл үйлдвэрлэж экспортод гаргах боломж бий.
-Технологи нь манайд байгаа юу?
-Хэд хэдэн үйлдвэр олон улсын стандартад тохирсон бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
-Евро бүс рүү экспорт хийх боломжтой юу?
-Бараг боломжгүй. Евро бүс өөрөө их хэмжээний экспорт хийдэг. Харин хоёр хөрш болон Азийн бүсэд боломж байгаа болов уу.
-Махны чиглэлээр юу хийх вэ?
-Изриалаас мэргэжилтэн 20 хоногийн хугацаатай удахгүй ирнэ. Тэр хүн олон улсын махны стандартуудыг мэддэг мэргэжилтэн. Мах, сүүний үйлдвэрүүдийн олон улсын шинжээч. Улаанбаатар, Ховд, Баян-Өлгий аймгийн мах, сүүний үйлдвэрүүдэд аудит хийж зөвлөгөө өгнө.
-Яагаад манайхан мах бэлтгэх “халал” аргыг сонирхоод байна?
-Дубайд энэ талаар том үзэсгэлэн зохион байгуулагддаг. Энэ аргаар бэлдсэн малыг их хэмжээгээр авах орнууд олон байдаг юм байна. Энэ талаар бид мэдээлэл өгч болно. Арабын орнууд энэ аргаар бэлтгэсэн махнаас гадна сүүг ч сонирхдог.
-“Халал” арга гэдэг нь юу гэсэн үг вэ?
-Миний сонссоноор бол малын амийг таслангуут цусыг нь юүлнэ. Ингэснээр малын алуулах үеийн айдас маханд шингэхгүй. Өөрөөр хэлбэл айдас шингээгүй мах идэж байна гэсэн үг юм шиг байна. Манай зарим компаниуд энэ аргаар Иран руу мах экспортолж байгаа. Хэрэгцээ маш их байна гэсэн мэдээ бий.
-Энэ төсөлд малчид яаж хамрагдах вэ?
-Манайд хандаж болно. Бид 21 аймагт ажиллах сургагч багш нарыг бэлдсэн. Тэд хүсэлт гаргасан аймагт тоног төхөөрөмжтэйгээ очиж сургалт явуулна.
-Төрөөс хэр дэмжиж байна?
-ХХААХҮЯ, НХХЯ төслийн хамтран хэрэгжүүлэгч нар. Сайд нар хангалттай дэмжиж байгаа. Гэхдээ сайд нар солигдоход асуудал үүсдэг.
-Сайд нар төслөө аваад явчих уу?
-Үгүй л дээ. Багаа өөрчилнө. Өмнө нь ажиллаж байсан, төслөө гартаа оруулсан баг өөрчлөгдөхөөр манай зүгээс эхнээс нь тайлбарлах ажил нэмэгдэнэ.
-Цаашид танай байгууллагаас ямар төслийг илүү дэмжих вэ?
-НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагаас аж үйлдвэрийн салбарт боловсон хүчнийг дэмжих бодлогыг түлхүү дэмжинэ. Саяхан БНСУ-д очиход манай маш олон залуус бүх шатны ажлыг маш сайн хийж байна. Залуусыг гадаадад мэргэшүүлж эх орондоо ажиллах боломжийг хайна.
Х.Баттөгс