Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Д.Үүрцайх: Сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх боломж байна. Ганцхан улс төрийн хүсэл зориг байна уу гэдэг эргэлзээтэй
Д.Үүрцайх хуульч мэргэжилтэй, өмгөөлөгчөөр ажилладаг. Хөдөлмөрийн үндэсний намын нарийн бичгийн дарга. Үндсэн хуулийн эрх зүй, сонгуулийн эрх зүй, улс төрийн намуудын эрх зүйг судалдаг. ХБНГУ-ын Бонн хотын их сургуульд сонгуулийн эрх зүйгээр магистрийн зэрэг хамгаалсан.  Өдгөө сонгуулийн эрх зүйн сэдвээр докторын зэрэг горилсон бүтээл бичиж байгаа гэнэ.

-Сонгуулийн гарааны тэгш бус байдал анхаарал татаад байгаа юм. Төрийн эрхийг барьж байгаа сайд дарга нар тойргоо “усалж” байгааг бүгд харж байна. Татвар төлөгчдийн мөнгөөр улстөрч өөрийгөө сурталчлах нь ёс зүйгүй хэрэг. Үүнийг яаж болиулах вэ.  Энэ хэвээр байвал бусад нэр дэвшигчид энэ хүмүүстэй яаж өрсөлдөх вэ?
-Энэ бүхэн сонгуулийн тогтолцоо, сүүлийн 30 жилд 2012 оныг эс тооцвол дандаа дийлэнх олонхын тогтолцоотой явж ирсэнтэй холбоотой. Энэ дийлэнх олонхын тогтолцоогоор явахаар “орон нутгийн феодалууд”  буюу тойргоо “усалдаг”, жижиг тойрогт  улс төрийн авлигын хэлбэрээр сонгогчдын санал авч, дахин дахин сонгогддог хүмүүсээс бүрдсэн улс төр, эдийн засгийн бүлэглэл, авлигын том сүлжээ үүсгэдэг дампуу төрийг бий болгоод байна. Одоо бид төсөв хэлэлцэхийг харж байна. Сонгуульд зориулсан төсөв баталж байна шүү дээ. Төсөв маш их тэлж байна. Тэлсэн төсвийг юунд зарцуулж байна гээд харахаар “тойргоо услах” гэж нэрлэгддэг байдлаар нам, Засгийн газартаа нэр нөлөө бүхий улстөрчид нь өөрийнхөө тойрогт их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Үр ашигтай эсэх нь маш эргэлзээтэй төсвийн төсөл оруулж ирж байна. Энэ бол өнөөгийн  сонгуулийн тогтолцооны  хор уршиг. Энэ хэрээр Монголын хөгжил саатаж, ирээдүй бүрхэг болж байна. Яг сонгуульд өрсөлдөх нөхцөлийн тухайд авч үзвэл төсвийн хөрөнгө оруулалтаар хийсэн ажлаа өөртөө нааж, сонгогчдын саналыг авахыг хичээдэг нөхцөл байдлыг хязгаарлах шаардлагатай. Дээр нь улс төрийн намуудын санхүүжилтийн асуудал байна. Зөвхөн парламентад суудалтай намуудад төсвийн дэмжлэг үзүүлж байгаа. Парламентад суудалгүй намууд өсч хөгжих нөхцөл бүрдэхгүй байгаа учраас “жижиг” гэгдээд байгаа намууд дийлэнх нь нэг хүний, халаасны  намууд байгаа. Бодитой улс төрийн бодлого, үйл ажиллагаа явуулдаг нь цөөн. Хөдөлмөрийн үндэсний намын хувьд бодлого гаргадаг, ярьдаг улс төрийн хүчин больё гэдэг үүднээс шинээр зохион байгуулагдаж байгаа. Мэдээж бидэнд төсвийн дэмжлэг байхгүй, санхүүгийн бэрхшээлтэй ч төрийн дампуурлыг засч залруулахыг хичээж  байна.

-“Үндэсний хэмжээнд ажиллана” гэх мэт шалгуур тавьчихаар шинэ нам бий болоход хэцүү юм биш үү?
-Эрх баригчид ардчиллыг дэмжих, олон ургальч үзлийг дэмжих, улс төрийн өрсөлдөөнийг бий болгох чиглэлд ямар ч алхам хийгээгүй. Сонгуулийн жилийн өмнө сонгуулийн хуулиа өөртөө тааруулж өөрчилдөг. Улс төрийн намын хуулийг ч ийм агуулгаар өөрчилж ирсэн. Гишүүний тэрбум, 250 сая төгрөг нь Үндсэн хуулийн цэцээр ороод явж байсан. Шинэ улстөрийн хүчнүүд энэ байдлыг гаднаас нь өөрчлөх ганцхан боломж сонгогчдод үнэн  байдлыг илэрхийлж, сонгогчид сонгуулиар хулгайч улстөрчдөөс салах сонголтыг л хийх учиртай.
 
-Та хэлэлцүүлгийн үеэр ярьж байсан. Бүтэц, зохион байгуулалтын хувьд шинэлэг байна, хатуу гишүүнчлэлгүй байна гээд ярьсан. Ийм шинэ бүтцийг бий болгох  хууль эрх зүйн боломж байгаа юу?
-Одоогийн Улс төрийн намын хуулиар 801-ээс доошгүй гишүүнтэй байх ёстой гэж шаардаж байгаа. Бид энэ хуулийн болзлыг хангах үүрэгтэй. Тэр утгаараа манай намд  гишүүнээр бүртгэгдсэн 1000 орчим хүн байна. Тэднээсээ гадна дэмжигчид дээр суурилсан  улстөрийн бодлого явуулдаг. Орон нутагт засаг захиргааны нэгж болгонд салбар зөвлөл байгуулахгүй, бүсийн төвүүдэд дэмжигчдийн клубуудэд тулгуурласан байдлаар ажиллаж байна. Энэ нь улс төрийн үйл ажиллагааныхаа зардлыг бууруулахад дөхөм болно. Зардал буурна гэдэг бид хэн нэг мөнгөтэй хүн, аль нэг санхүүжилтээс хамааралгүй болно гэсэн үг. Сонгуулийн бусад цагт аль болох бага хөрөнгө зарж, өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулбал том бизнесүүдээс санхүүжилт авчхаад, эргээд зарцуулсан хөрөнгөө олж авахын тулд төсвөөс хулгай хийхийг шахдаг нөхцөл байдлаас бид өөрсдийгөө хамгаалж байгаа юм. Сонгуулийн зардлыг бууруулахаар ажиллаж байгаа. Сонгуулийн сурталчилгаандаа их мөнгө зарахгүйгээр аль болох гишүүд, дэмжигчдийнхээ дэмжлэг, сайн дурын үйл ажиллагаанд тулгуурлахыг хичээнэ.

-Гадаадын улс орнуудад ч намуудад олгож байгаа төсвийн дэмжлэгээр дамжуулаад,  намуудыг өдөр тутмын  зардлаа бууруулах, сонгуулийн зардлаа багасгах шаардлага тавигдах болсон юм биш үү. Монголд хэрэгжүүлж болохоор гадаадын сайн туршлагуудаас дурдаач?
-Тэгэлгүй яах вэ. Жишээлбэл Германд сонгуулийн сурталчилгаанд тухайн орон нутгийн захиргаа  бүх намуудад ижил боломж олгох ёстой. Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох боломжийн тэгш байдлыг хангадаг. Жишээ нь хотын гэрэлтүүлгийн шон дээр сурталчилгааныхаа самбарыг хадахад бүгдэд нь ижил боломж олгодог. Ийм нөхцөлийг орон нутгийн засаг захиргаанаас бүрдүүлэх үүрэг хүлээдэг. Японд сурталчилгааны нэг хэмжээтэй самбар гаргаад, бүх нэр дэвшигчдэд ижил зай талбай гаргадаг. Түүнээс биш мөнгөтэй нэр дэвшигч нь  байшингийн нэг хана дүүрэн самбар эзэгнээд, мөнгөгүй нь А4-ийн цаасан дээр  сурталчилгаагаа наадаггүй. Бүгдэд нь ижил хэмжээний зай өгөөд сонгогчдод сонголт хийх боломж олгодог. Тухайн тойрогт сонгуулийн сурталчилгааны сонин, сэтгүүлийг төсвөөс санхүүжилтийг нь гаргаад нэгдсэн байдлаар хэвлүүлээд тараадаг хувилбар бас бий. Түүнээс хэтрүүлээд,   сонгуулийн сурталчилгааны материалаар  иргэдийг цаасаар дарж алахаа шахдаг байдлыг хязгаарладаг  зохицуулалт бий.
 
-Гэтэл манайд  сонгуулийн сурталчилгааны хэдэн хоногт сонгогчид стресст орох шахдаг. Телевиз асаахаар хэн нэг нэр дэвшигч өөрийгөө магтана. Хаалга үүдийг нь байнга тогшоод,  хэн нэгнийг магтсан, өрсөлдөгчөө муулсан сурталчилгааны материалууд хөвөрнө. Бүх мэдээллийн хэрэгсэл, сошиалаар улстөрчид гардаг,  сонгогчдыг бодсон хязгаарлалт байх хэрэгтэй л байгаа юм?
-Хөгжингүй орнуудад олон нийтийн радио, телевиз нь хараат бус,  нарийн зохицуулалттай байдаг.  Манай олон нийтийн радио, телевиз шиг эрх баригчдаа сурталчилдаггүй.  Одоо бол Засгийн газрын үйл ажиллагааг сурталчилсан мэдээнүүд үндэсний олон нийтийн телевизээр гарч байна шүү дээ. Сонгуулиар бас л яг ийм байдлаараа  явна. Сонгогдсон тойргийнхоо хөгшчүүлд бэлэг тарааж байгаа УИХ-ын гишүүд, сайд нарын сурталчилгааны мэдээлэл  энэ телевизээр явна. Хараат бус байдал нь хангагдаагүй байна. Германд жишээ нь Үндэсний олон нийтийн телевиз нь сонгуулийн сурталчилгаанд зориулсан тодорхой цагтай. Тэр цагаараа  олон нийтийн ямар ч дэмжлэггүй Амьтан хамгаалах намын сурталчилгааг ч ижил цагаар явуулдаг. Гэх мэтчилэн энэ бүхэн сонгуулийн зардлыг бууруулах, ардчиллыг дэмжих, иргэдийг зөв мэдээллээр хангахад маш чухал.
 
-Сонгуулийн хуулийг өөрчлөх хэрэгтэй гэж судлаачид ч ярьж байна,  сөрөг хүчнийхэн ч ингэж  үзэж байна.  Гэсэн ч Сонгуулийн хууль, тогтолцоог өөрчлөх цаг хугацааны боломж байгаа юу?
-Хэрэв УИХ Үндсэн хуулийн өөрчлөлтөө гуравдугаар хэлэлцүүлгээр баталж, Ардчилсан намаас гаргасан, бас манай намаас санал болгосон  аль болох  пропорционал элемент оруулсан байдлаар сонгуулийн тогтолцоог өөрчилье. Үндсэн хуулийн цэцийн  2016 оны дөрөвдүгээр сард гаргасан  буруу шийдвэрийг залруулах  Үндсэн хуулийн гарцыг нээж өг гэдэг шаардлагын дагуу ийм өөрчлөлт хийвэл  сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх боломжтой.  Сонгуулийн хуульд сонгууль болохоос зургаан сарын өмнө өөрчлөлт оруулж болохгүй гэсэн заалтыг  2016 онд  аваад хаячихсан шүү дээ. Тийм учраас Сонгуулийн хуулийг өөрчлөх боломж байгаа. Хамгийн гол нь Үндсэн хуульдаа сонгуулийн тогтолцоо ямар ч хэлбэртэй байж болно, эсвэл  аль болох пропорциональ элемент, хувь тэнцүүлсэн сонгуулийн тогтолцооны элемент байхаар хуульчилж чадвал Монголын ардчилал, парламентын ардчилал энэ хэрээр бэхжих нөхцөл бүрдэх юм. Сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх боломж байна. Ганцхан улс төрийн хүсэл зориг байна уу гэдэг эргэлзээтэй.
 
-Пропорционал элемент ярихаар хүмүүсийг айлгадаг юм нь энэ олон нэр дэвшигчийн материал саналын хуудсан дээр багтахгүй, уншаад барахгүй гэдэг.  Сонгогчийн хувьд намуудын жагсаалтаас хүссэн нэр дэвшигчээ сонгох гэтэл өнөө  ёс зүйгүй, ЖДҮ-чид нь намуудын жагсаалтад дээгүүр жагсаад байвал яах вэ гээд асуудал бий?
-Хувь тэнцүүлсэн тогтолцооны сөрөг тал  нь таван хувийн ч гэх юм уу тодорхой хэмжээний квот тавьж өгөхгүй бол  хэт олон жижиг намууд орж ирээд, Засгийн газар бүрдэх боломж хомс болдог. Энэ байдлыг тав хүртэл хувийн квотоор хязгаарладаг. Нийт сонгогчдын таван хувийн саналыг авсан нам парламентад суудалтай болно гэж хязгаарладаг. Энэ тухай ярингуут эрх баричгид 7-10 хувийн квот тавина гэж зүтгэдэг. Пропорциональ тогтоцлоо  олон хувилбартай. Тэр дотроос намын жагсаалтаа яаж бүрдүүлэх вэ гэдэг хувилбарууд байна. Эрэгтэй эмэгтэй, залуу хөгшнөөр  нь сөөлжүүлэх гэх мэт техникийн зохицуулалт хийж болно. Эсвэл сонгогчид өөрсдөө намын жагсаалтыг эрэмбэлдэг хувилбар ч байдаг. Гэхдээ энэ сонгогчдын боловсрол өндөр газар хэрэгждэг. Намын жагсаалтын эхний арав дотор ЖДҮ-чин, 60 тэрбумчин, хулгайч оруулчихсан байвал тэр нам бүхэлдээ санал алдана гэсэн үг. Хэрэв тэр нам саналаа алдвал дараагийн удаа   нэр дэвшүүлэхдээ хариуцлагатай ханддаг болно.  Намууд аль болох сонгогчдын дэмжлэг авах зөв хүнээ жагсаалтынхаа эхний хэсэгт оруулаад, сонгогчдын санал авч, засаг барих хэмжээний олонх болохын тулд өрсөлдөнө шүү дээ.
 
-Улстөрчдийн хариуцлага, ёс зүйн асуудлыг иргэд хамгийн их нэхэж байна. Хариуцлагын тогтолцоог яаж бий болгох вэ?
-Монголчууд хүчтэй гарыг хүсч байна гэж зарим нь тайлбарладаг. Үнэндээ монголчууд  хэн нэг дарангуйлагчийг хүсээгүй. Монголчууд хариуцлага, дэг журмыг хүсч байгаа. Хариуцлагын тогтолцоог зайлшгүй бүрдүүлэх учиртай. Үүний тулд төрийн эрх мэдлийн хуваарилалтаа зөв болгох хэрэгтэй. Төрийн эрх мэдлийн хуваарилалтыг зөв болгох оролдлого Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр явж байна. Миний хувьд энэ хангалттай биш гэж үзэж байна. Монголын төрийн эрх мэдлийн хуваарилалтад байгаа хамгийн том асуудал бол парламент хариуцлага хүлээдэггүй, тэгсэн хэрнээ бүх асуудлыг мэдэж шийддэг нөхцөл байдал юм.  Парламентыг хариуцлагатай болгоё гэхээр УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудал яриад байдаг юм. Энэ биш, парламент бүхлээрээ хариуцлага хүлээдэг болж байж  энэ байдал шийдэгдэнэ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслөөр бол Үндсэн хууль зөрчиж, тангаргаасаа няцсан бол Цэцийн шийдвэрт үндэслэн эгүүлэн татна гэж байгаа юм. Одоо тэгэхээр ямар нөхцөл байдал үүсэх вэ гэхээр сонгуулийн маргаашаас эхлээд УИХ-ын чуулган Үндсэн хуулийн цэцийн үүдэнд хуралддаг болно. Бүгдийг нь тангаргаасаа няцсан, Үндсэн хууль зөрчсөн гээд ямар нэг үндэслэл гаргаад, Цэцийн үүдэнд овоолно. Ийм эрсдэл бий. Эсвэл сонгогчдын саналаар эгүүлэн татдаг болъё гэдэг. Ингэвэл улс бүх хугацааны турш сонгуулийн нөхцөл байдалд байна. Ялагдсан нөхөр сонгуулийн маргаашнаас эхлээд тойргоороо яваад, гарын үсэг цуглуулаад эхэлнэ. Үгүйсгэхийн тулд дахиад  сонгуулийн сурталчилгаа маягийн юм явуулна. Гэхдээ өнөөдрийн УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг өөрчлөх ёстой. Халдашгүй байдлын зохицуулалтыг ял шийтгэл авахгүй байх зохицуулалт болгоод байгаа гэмт хэрэгтнүүд УИХ-ын гишүүний халдашгүй байдлын ард нуугддаг болоод байна. Үүнийг арилгах ёстой.  Хариуцлагын тогтолцоог бүрдүүлэхэд  хамгийн эхэнд УИХ бүхэлдээ хариуцлага хүлээдэг бодитой механизм шаардлагатай.  Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдэг. Одоо Үндсэн хуульд байгаа болон Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд байгаа зохицуулалтууд бодитой биш. Хэрэгжих боломжгүй. УИХ бүхэлдээ хариуцлага хүлээдэг болохгүй.
 
-Бүхэлд нь хариуцлага хүлээлгэнэ гэхээр яг яах ёстой юм бэ?
-УИХ-ыг Ерөнхий сайд тараадаг, өөрөөр хэлбэл Ерөнхий сайдыг дэмжих олонхгүй парламент  бүрдсэн байвал  Ерөнхийлөгчид хандаад УИХ-ыг тарааж шинэ сонгууль явуулаад, ард түмэн дахиад олонхтой парламент бүрдүүлэх боломжийг Үндсэн хуулиар  гаргаж өгөх ёстой юм. Тэгж байж гишүүд хариуцлагатай ханддаг болно. Засгийн газраараа дураараа оролдохгүй болно.  Камер харж худлаа популизм хийдэггүй болно. Улс төрийн намууд нь төлөвшинө. Ингэж байж доошоо хариуцлага тооцдог болно.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com