“Сайжруулсан шахмал түлшний хэрэглээ, анхаарах зарим асуудлууд” нийтийн сонсгол өчигдөр боллоо. Нийтийн сонсголыг сурвалжлахаар үүдээр ортол хотын мэр С.Амарсайхан нэгэн өвгөнтэй аминчхан яриа өрнүүлж харагдав. Хэдхэн хоногийн өмнө дөрвөн настай зээ охиноо угаараар алдсан Л.Галбадрах гуай хотын даргатай уулзаж байсан бөгөөд С.Амарсайхан дарга “Хохирогчдын ар гэртэй уулзах график гаргасан. Уулзана.
Амьдрал ахуйд тань дэмжлэг үзүүлж, харж хандана” гэх утгатай зүйлс хэлээд хурлын танхим руу орлоо. Түүнд тохиолдсон эмгэнэлт явдлыг эргэн сануулахад, өнгөрөгч сарын 18-19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд нийтийн байранд амьдардаг түүний бага охин, дөрвөн настай охиныхоо хамт угаартсан билээ.
Үүнээс болж, зээ охин нь нас барж, Л.Галдбадрах гуайн бага охин У өдгөө Хордлогын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсээр байгаа юм. Өнөөдрийн байдлаар “Охиных нь биеийн байдал олигтой сайжраагүй, нэг хөл нь мэдээгүй, ухаан санаа нь орон гаран, хүндхэн байгаа” гэв.
Л.Галбадрах гуай нийтийн сонсголд оролцох хүсэлтээ өнгөрөгч пүрэв гарагт мэдүүлсэн ч өнөөдрийг хүртэл түүнд албан ёсоор мандат олгоогүй аж. Учир байдлаа хотын даргад хэлж аман зөвшөөрөл аваад Л.Галбадрах гуай нийтийн сонсголд оролцсон юм. Түүнээс гадна нийтийн сонсголд оролцож, үг хэлж, асуулт асуухаар 60 гаруй хүн хүрэлцэн ирсэн байлаа.
С.Амарсайхан: Эрдэнэт хүний амь нас дахиж эрсдэхгүй байхад анхаарч ажиллах ёстой
Нийтийн сонсголыг нээж хотын мэр С.Амарсайхан үг хэлэхдээ, “Засгийн газраас 62 дугаар тогтоол баталж, 2019 оны тавдугаар сарын 15-аас Улаанбаатар хотын хэмжээнд түүхий нүүрс хэрэглэхийг зогсоож, “Тавантолгой түлш” компанийн сайжруулсан түлш хэрэглэхийг шат дараатай зохион байгуулж байна. Хэрэгжүүлэх явцад иргэдийн амь нас хохирч, угаарын хийнд хордсон цөөнгүй тохиолдол гарсан. Алдаа, оноогоо аль болох богино хугацаанд засч, аливаа эрсдэл гаргахгүй байх тал дээр хамтран ажиллах ёстой. Эрдэнэт хүний амь насыг дахиж эрсдүүлэхгүй байх, хохирсон иргэдэд шаардлагатай арга хэмжээг авах зорилгоор ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Энэ чиглэлээр үүрэн холбооны оператор компаниудтай хамтран ажиллаж, сэрэмжлүүлэг хүргэх, нийслэлийн төр захиргааны 90 гаруй агентлагийн 3000 гаруй ажилтан албан хаагч гэр хорооллуудаар явж, иргэдэд зөвлөмж өгч ажиллаж байна” гэсэн юм.
Ц.Баатархүү: Энгийн зуухтай 100 гаруй мянган айл ямар түлш хэрэглэх вэ?
Энэ үеэр НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ц.Баатархүү ярихдаа, “Шийдвэр гаргагчдын зүгээс асууж байгаа нэг зүйл бол “Өвлийн идэр есийн хүйтэнд сайжруулсан түлшний чинь хүрэлцээ хангалттай байж чадах уу, доод шатандаа зохион байгуулалтаа сайжруулаач, түлш борлуулах цэгүүдээ нэмэгдүүлээч” гэж байгаа. Түүхий нүүрсийг хориглох тухай Засгийн газрын 62 дугаар тогтоол 2018 оны хоёрдугаар сард гарсан. Тогтоолыг хэрэгжүүлэх шатанд тодорхой алдаа завхрал гарч, хангалтгүй хэрэгжүүлснээс болоод эрдэнэт хүний амь нас эрсэдсэн. Өнөөдөр иргэдийн зүгээс хариулт нэхэж буй хамгийн гол асуулт бол төслийн биш энгийн зуухтай айлууд нийт өрхийн 62.7 хувь байна гэж үзэж байгаа. Шахмал түлш төслийн зууханд тохирч байна. Харин энгийн зуухтай 100 гаруй мянган айлд түлшийг хэрхэн тохируулах вэ? гэдэг асуулт тулгарч байна” гэсэн юм.
Д.Батбилэг: Шахмал түлшний нөөц таван жилдээ айлтгүй
Нүүрсний хүрэлцээ хангамжийн асуудлаар “Тавантолгой түлш” компанийн ерөнхий инженер Д.Батбилэг ярихдаа, “Тавантолгой түлш” компанийн “Энержи ресурс” компанитай байгуулсан гэрээ нэг жилийн хугацаатай 600-800 мянган түлш нийлүүлэх гэрээтэйгээр анх байгуулагдсан. Дахин ярилцаад таван жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Нөөцийн хувьд таван жилдээ айхгүй болно. Шатсан түлшний тал нь хортой гээд байгаа. Хоргүй. Удаан шатахыг нь бодож, бид хийсэн. Өмнө нь Багануурын нүүрсийг иргэд өдөрт дөрвөн удаа хийдэг байсан бол өнөөдөр сайжруулсан түлш хоёр удаа хийхэд л хангалттай байгаа. Энэ бол ололт” гэв.
Утаа мэдрэгч амь насыг хамгаална гэсэн 100 хувийн баталгаа биш
Нийтийн сонсголын үеэр сэтгүүлчид хотын дарга С.Амарсайханаас утаа мэдрэгчийг айл өрхүүдэд хэзээ өгөх талаар тодруулахад, “Утаа мэдрэгч айл өрхийн амь насыг бүрэн хамгаална гэсэн 100 хувийн баталгаа биш. Эрсдэлээс урьдчилан сэргийлэх, дохио мэдээлэл авах төхөөрөмж. Хоёрт, дохиолол гэдэг зүйл олон үзүүлэлт, шалгуур, техникийн бүтэцтэй байдаг юм байна. Аль нь манайд тохирох вэ гэдгийг хөндлөнгийн болон мэргэжлийн байгууллага, олон улс оронтой харьцуулж судаллаа. Хамгийн найдвартай, аюулгүй, боломжийн, хямд, богино хугацаанд оруулж ирэх ажлыг холбогдох байгууллагууд зохион байгуулаад явж байна. Утаа мэдрэгчийг 200 мянган айлд өгөх хэмжээгээр бэлэн үйлдвэрлэчихсэн байдаггүй юм байна. Тийм болохоор бид захиалгаа өгнө. Арваннэгдүгээр сарын нэгнээс өмнө судалгаа хийж дууссан. Энэ сардаа багтаад айл өрхүүдэд тарааж өгнө. Үндэсний үйлдвэрлэгчидтэй хамтарч ажиллахад бэлэн байгаа” гэлээ.
Д.Ядамдорж: Найман хүн нас барсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна
“Тавантолгой түлш” компанийн сайжруулсан түлшийг хэрэглэх шатанд найман иргэн нас барж, 800 орчим иргэн угаартаж, эмнэлгийн үйлчилгээ аваад байгаа. Хяналтын сонсголд оролцож байгаа НИТХ-ын төлөөлөгчид мөн иргэдийн зүгээс энэ асуудалд хэн хариуцлага хүлээх вэ гэдэг асуудлыг тавилаа.Тэгвэл “Угаартсан” гэх дуудлагын мөрөөр хамгийн түрүүнд Нийслэлийн Цагдаагийн газрынхан очиж үзлэг шалгалт хийж, шалтгаан нөхцөлийг тодруулахаар ажилладаг Нийслэлийн Цагдаагийн газрын дарга Д.Ядамдорж дараах тайлбарыг өгсөн юм.
Тэрбээр “Сүүлийн 10 жилийн байдлаар 118 тохиолдолд 158 хүн угаарт хордож нас барсан. 2019 оны аравдугаар сарын 19-нөөс хойш иргэд угаартаж нас бараагүй, дуудлагын тоо буурч байна. Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн мэдээллээр угаартсан шалтгаан нөхцөлийг авч үзлээ. Гэрт 101, байшинд 202, энгийн зуух 203, төслийн зуух 86, нам даралтын зуух зургаа байсан. Ханан пийшинтэй нь 86, ханан пийшин, зуух эвдэрсэн 73, зуух, яндангийн холбоос завсартай 34, яндан хөө тортогтой 30, үнс дүүрсэн 44, түлшээ дүүргээд түлсэн 85, яндан намхан 35, яндангийн хаалтаа хаасан 69, тодорхойгүй 50 тохиолдол, усгүйгээс зуух нь дэлбэрсэн гурван тохиолдол дээр цагдаагийн албан хаагч нар очиж ажилласан. Долоон тохиолдолд найман хүн нас барсан. Энэ хэрэг дээр Мөрдөн шалгах газрынхан ажиллаж байгаа. Эцсийн шийдвэрийг прокурор гаргана. Ямар албан тушаалтан хариуцах вэ гэдэг мөн прокурорын хүрээний асуудал” гэлээ.
С.Цэрэнчимэд: Гаалийн байгууллага нүүрс болон барьцалдуулагчид тус тусад нь шалгалт хийсэн
Мөн иргэдийн зүгээс шахмал түлшийг хэрэглэх үед эвгүй үнэр гардаг, толгой өвддөг гэх асуудлыг хөндөж, түлшинд ордог барьцалдуулагч бодисын талаар тодруулж байв. Үүнд, Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Гаалийн төв лабораторийн дарга С.Цэрэнчимэд дараах тайлбарыг өгөв. Тэрбээр, “Өнгөрөгч оны есдүгээр сараас энэ оны аравдугаар сар хүртэл 28 гаалийн бүрдүүлэлтээр 6100 тонн барьцалдуулагч бодис орж ирсэн. “Тавантолгой түлш”, “Эм солер” компаниуд уг бодисыг импортоор оруулж ирсэн. Аюулгүйн ажиллагааны зааварчилгаатай. Гаалийн лабораторид барьцалдуулагч бодисыг шинжилж үзэхэд “Цавуулаг, цардуул, шаварлаг эрдсээс тогтсон байна” гэдгийг тодорхойлсон. Цэвэр химийн бодис биш. Цардуул шатахаараа аюулгүй, эрдэслэг шаварлаг нь шатахаараа өвс болоод үлдэнэ. Зөв тайлбарламаар байна. Цардуулыг барьцалдуулагч бодисоор хэрэглэдэг олон улсын туршлага байна.
Үүнээс гадна гаалийн төв лаборатори улсын хилээр импортолж байгаа бодис дээр шинжилгээ хийдэг. Нүүрсний хувьд “Энержи ресурс” компанийн баяжуулсан коксжих нүүрс хэрэглэдэг. Шинжлээд үзэхээр боловсруулаагүй нүүрс, баяжуулсан нүүрс хоёрын дунд дэгдэмхий бодисын хэмжээ хоёр дахин бага байгаа. Боловсруулаагүй нүүрс дээр 40-45 байхад шахмал түлш хийгээд байгаа түлшин дээр 18-23 байна. Шатаад гарах ёстой дэгдэмхий бодис хоёр дахин бага байна, хоёр дахин бага хордож байна” гэсэн үг. Гаалийн байгууллага нүүрс болон барьцалдуулагч бодис хоёр дээр тус тусад нь шалгалт хийж үзсэн. Гэхдээ эцсийн бүтээгдэхүүн болох шахмал түлшинд шинжилгээ хийгээгүй гэв.
Шахмал түлшний тухай хариултгүй асуултууд
Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны иргэн Ж.Энхбат:
-Агаарын хийнд хордож найман хүн нас барлаа. 800 гаруй хүн хордлоо. Яг энэ асуудал дээр Засгийн газрын зүгээс Нийслэлийн удирдлагуудын зүгээс ямар хүнд, яаж хариуцлага тооцсон бэ?
Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны иргэн:
-Манай хорооны 20 гаруй айлд түүхий нүүрс болон шахмал түлш алийг нь ч хэрэглэхгүй байх үүрэг өгсөн. Өнөөдрийг хүртэл энэ айлууд гал түлэхгүй, мод ч түлэхгүй амьдарч байна. Биднийг “газ цахилгаанаар дулаанаа шийд” гэдэг өндөр өртөгтэй шаардлага тавьсан. Үүнийг хүний эрхэд халдаж буй шийдвэр гэж ойлгож байна. Түүнчлэн, 2017 онд бидний цахилгааныг тасалсан, 2018 онд бидний газар дээр барилга барихыг хориглосон захирамж гаргасан. 2019 онд гал түлэх эрхийг минь хаслаа.
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны иргэн:
-Би шахмал түлшийг түлэх эрхгүй болсон хүн байна. Тойрог дээр очоод үндсэн хаягаараа картаа авъя гэхээр С.Амарсайхан дарга яндангийн тоогоор өгсөн. Миний яндан дахин төлөвлөлтөд орсон. 14 биш 12 дугаар хороон дээр байгаа учраас карт олдохгүй байна. Яагаад өгөхгүй байгааг хариулаад өгөөч гэмээр байна. Үнс их гардаг, дутуу шатдаг. Үнсээ унагаах гэж өчнөөн цаг болж байна. Их муухай үнэртэй юм билээ. Сэтгэл ханамжийн баталгааг 0 гэж өгнө.
НИТХ-ын төлөөлөгч Д.Тулгат:
-Сайжруулсан түлшний шаталтын туршилтын шинжилгээ хийгдсэн үү. Иргэд толгой өвдөөд байна гэдэг. Ердийн зууханд тохиромжгүй гэдэг дүгнэлт гарсан гэх зүйл яригдах боллоо. Ийм дүгнэлт гарсан бол яагаад арга хэмжээ аваагүй вэ?
НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг:
-Нүүрсний аюулгүй байдлын баталгааг гаргаж өгөөч. Бүх төрлийн зууханд түлэхэд аюулгүй гэсэн сурталчилгааг хийсний дараа стандарт дүгнэлт нь бүх төрлийн зууханд түлэх боломжгүй тухай яригдах боллоо. Зарим судлаач гаалийн лабораторид хийсэн шинжилгээгээр сайжруулсан түлш аюулгүй гэдэг дүгнэлт гарсан ч шаталт нь аюултай гээд байна. Аюултай юм уу, аюулгүй юм уу?
Нийтийн сонсголыг хожимдсон гэхийн учир
“Нийтийн сонсгол” гэх ойлголт бидний хувьд шинэхэн байгаа тул энэ талаар хууль журамд хэрхэн тодорхойлсон талаар товч ярья. Нийтийн сонсголыг НИТХ-ын төлөөлөгч нарын дөрөвний нэгээс доошгүй төлөөлөгч хүсэлт гаргаснаар зохион байгуулдаг бөгөөд энэ удаад НИТХ дэх Ардчилсан намын бүлгийн нэр бүхий 12 гишүүн санаачлан зохион байгуулж байгаа гэнэ. Түүнчлэн нийтийн сонсголыг төрийн байгууллага, албан тушаалтан хуульд заасан асуудлаар зохион байгуулж, төрийг удирдах хэрэгт иргэдийн оролцоог хангах зорилгоор зохион байгуулдаг юм байна. Тэгвэл, хурлын эхэнд нийтийн сонсголын дэгийг батлахдаа нэг иргэн гурван минут үг хэлэх санал оруулсан нь иргэдийн дургүйцлийг хүргэсэн юм. Улмаар иргэд 3 минут хангалтгүй 5 минутаар үг хэлэх ёстой гэсэн юм. Энэ асуултад НИТХ-ын дарга Р.Дагва “Нийт 58 иргэн үг хэлж, саналаа хэлнэ. Хэрэв таван минутаар үг хэлбэл 290 минут, таван цаг орчим үг хэлнэ. Дараа нь 58 хүн хариулт хэлнэ, дахиад таван цаг. Дахиад 58 хүн санал хэлнэ, дахиад таван цаг. Тэгэхээр бүү сандар. 15 цаг тэвчээртэй суугаад үгээ хэлнэ гэвэл үг хэлэх боломжийг олгоно. Тайван бай” гэсэн юм. Харин яг иргэдийн гарт микрофон очих үед, нэг хүнд хоёр минут л өгч байсан юм. Үүгээрээ иргэдийн оролцоог хангах зорилтоо бүрэн хангаагүй гэж үзэх боломжтой байлаа.
Хуулийн заалтаас анхаарал татсан нэг зүйл бол “Нийтийн сонсголын тухай” хуулийн 6.4-т: “...сонсголыг захиргааны хэм хэмжээний актыг батлах, нийтийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргахын өмнө зохион байгуулах...” гэжээ. Энэхүү заалтаас үзвэл эрх баригчид найман хүний амь нас эрсдэх нөхцөлийг үүсэхээс өмнө, түүхий нүүрс хэрэглэх тухай захирамжийг гаргахаас өмнө энэхүү сонсголыг явуулсан бол гэх бодол төрж байна. Нийтийн сонсгол гэж нийтийн эрх ашиг сонирхлыг хангадаг хууль, журам байдаг тухай ард нийт өнөөдөр л анх удаа мэдэж буй нь оройтсон борооны хойноос цув нөмрөхтэй адил мэт.
Мөн нийтийн сонсголын тухай хуулийн 8.7-д: “Хүний эрхийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулах бол Хүний эрхийн Үндэсний Комиссоор дүгнэлт гаргуулж болно” гэсэн заалт байв. Тэгэхээр шахмал түлшний хэрэглээнээс болж найман хүн амь насаа алдсан, 800 гаруй хүн угаартсан асуудал хүний амьд явах эрхтэй салшгүй холбоотой. Гэтэл нээлттэй сонсголд зочлон ирсэн ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж энэ асуудлаар дүгнэлт танилцуулах нь битгий хэл, тайлбар өгөхөөс татгалзсан юм.
Товчхондоо, энэ удаагийн нийтийн сонсгол цаг хугацааны хувьд хожимдсоноос гадна, ямар нэгэн гарц, шийдэлд хүрээгүй. Эрх баригчдын зүгээс нийтийн сонсголыг зохион байгуулсан нь, шахмал түлшийг албаны эх сурвалжуудаар өмгөөлүүлж, ард иргэдийг нэгдсэн нэг ойлголтод хүргэх гэсэн зорилготой байсан юм.