Монгол Улсын 2020 оны төсвийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа. Тэгвэл уг төсөлд тусгаснаар 2020 онд улсын төсвөөс 60 тэрбум төгрөгийг ипотекийн зээлд олгохоор төсөвт тусгаад байгаа юм. Энэ онд улсын төсвөөс 115 тэрбум төгрөгийн санхүүжилтийг ипотекийн зээлд зориулж олгохоор тусгасан бол 2018 онд 120 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож байсан. Өөрөөр хэлбэл, 2019 онд Монголбанкнаас 220 тэрбум төгрөг, Улсын төсвөөс 115 тэрбум төгрөг, арилжааны банкуудын өөрийн эх үүсвэрээс 115 тэрбум төгрөг гээд нийт 450 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөсөн байна.
Ипотекийн найман хувийн хүүтэй зээлд зориулж энэ оны эхний есөн сарын байдлаар Монголбанкнаас 147 тэрбум, улсын төсвөөс 82.5 тэрбум, арилжааны банкнаас 87.6 тэрбум төгрөг буюу нийт 313.1 тэрбум төгрөгийг 4,447 зээлдэгчид олгосон гэдгийг мэдээлсэн юм. Харин ирэх онд энэхүү зээлд зориулсан төсвийг 60 тэрбум болтол буурсан шалтгааныг “Улсын төсвөөс олгож байгаа эх үүсвэрийн хүүг бууруулах замаар арилжааны банкны эх үүсвэрийг татан оролцуулна.
Түүнчлэн ипотекийн зээлийн багцыг үнэт цаасжуулахтай холбоотой гарах зардлыг бууруулах чиглэлээр холбогдох хууль журамд шаардлагатай өөрчлөлт оруулж, одоогийн орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн схемийг боловсронгуй болгоно” хэмээн Сангийн яамнаас тайлбарлаад байгаа юм. Орон сууцны нөхцөл нь иргэдийн амьдралын чанарын гол чухал үзүүлэлт болдог тул Засгийн газрууд иргэдээ ядуурлаас гаргах бодлогодоо орон сууцжуулах асуудлыг чухалчилж үздэг. Гэтэл одоогийн Засгийн газар өмнөх жилүүдэд амжилттай эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлж чадсангүй.
Нэг талаас барилгын нийлүүлэлт, нөгөө талаас иргэдийн орон сууцтай болох хүсэл хэрэгцээ их байна. Гэтэл зээлийн эх үүсвэр, олдоц хүрэлцээгүй байгаа учраас ажилтай цалинтай иргэдэд хямд зээл нь олдохгүй байна. Энэ л хэрэгцээг Засгийн газар бодлогоороо хангаад өгөх бүрэн боломжтой боловч төсвийн болон бусад эх үүсвэрийг эрх баригчид хэрэгцээгээ эрэмбэлэхгүйгээр, ойрын зорилтодоо ашиглахаар төлөвлөж байгаа нь харамсалтай гэдгийг эдийн засагчид хэлж байна.
Тухайлбал, эдийн засагч Н.Туяа хэлэхдээ “Ипотекийн зээлд зориулж 2020 оны төсөвт суулгасан 60 тэрбум төгрөгийг дунджаар нэг өрхөд 60 сая төгрөгийн зээл олгоно хэмээн тооцоход 1000 орчим айлын орон сууцны санхүүжилт болох нь. Гэтэл зах зээл дээр 30 мянган орон сууц борлогдоогүй бэлэн байна. Өмнөх жилүүдэд дунджаар жилд 10 мянгаас 20 мянган айл ипотекийн зээлээр орон сууцтай болж байсан бол 2020 онд 1000 айл л орон сууцтай болох нь. Энэ үзүүлэлтээс харахад ипотекийн зээл үндсэндээ зогслоо гэж ойлгож болно” гэсэн юм.
БХБЯ-ны Бодлого төлөвлөлтийн газраас орон сууцны нийлүүлэлтийн талаар тодруулахад “Орон сууцны салбарт 2019 оны нэгдүгээр улирлын байдлаар 201 төслийн 31,230 айлын орон сууцны төсөл шинээр ашиглалтад орохоор хэрэгжиж байгаагаас хоёр хувь нь буюу 847 айлынх нь аминых, 98 хувь нь буюу 30,383 нь нийтийн зориулалттай орон сууц байна. Эдгээр орон сууцыг ашиглалтад орох хугацаагаар ангилбал 2019 онд 15,780, 2020 онд 7,783, 2021 онд 6,820 айлын орон сууц тус тус ашиглалтад орохоор байгаа юм. Ипотекийн зээл олгож эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар нийт 93.4 мянган иргэн уг хөтөлбөрт хамрагдаж, өөрийн эзэмшлийн орон сууцтай болсон бол, ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй 71,798 өрх байгаа гэсэн судалгаа байдаг. Эдгээр тоо нь орон сууцанд хамрагдах хүсэлт иргэдийн дунд ямар байгааг буюу эрэлт ямар байгааг илтгэж байгаа юм.
Харин энэ хэмжээний эрэлт байсаар байтал ирэх онд 1000 өрхөд л ипотекийн зээлд хамрагдах боломж олгохоор төсөвлөсөн нь энэ Засгийн газар иргэдээрээ дайжигнаж байна уу гэлтэй. Ипотекийн зээлийн санхүүжилтийг хумсан талаар Чингэлтэй дүүргийн иргэн Б.Оюунчимэг хэлэхдээ “Би, Чингэлтэй дүүргийн есдүгээр хороонд нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Гурван жилийн өмнөөс нэгэн хувийн команид хүний нөөцөөр ажиллаж, нөхөр нь хувиараа бизнес эрхэлж эхэлсэн. Ингээд таван ханатай гэрээ хоёр өрөө байр болгохоор урьдчилгаа 30 хувиа бүрдүүлээд ипотекийн зээлд хамрагдах хүсэлтээ өгөөд зургаан сар болсон боловч одоо болтол хариу нь ирээгүй хүлээгдэж байна. Он гарахаас өмнө шийдвэрлэгдэхгүй бол ирэх жилийн санхүүжилтээр хамрагдах байх гэсэн горьдлого тээж байсан. Гэтэл ирэх оны төсөвт ипотекийн зээлийн санхүүжилтэд 60 тэрбум төгрөг төсөвлөсөн талаарх мэдээллийг сонсоод горьдлого тасраад байна. Манай гэр бүлийн хувьд ипотекийн зээлийн шалгуур үзүүлэлтэд тэнцэхийн тулд бүл нэмэхээ хүртэл хойшлуулж, нэг байгууллагадаа тогтвор суурьшилтай ажиллаж, нийгмийн даатгалын шалгуур үзүүлэлтээ хангасан. Үнэндээ гэр хороололд амьдардаг иргэдийн хувьд уг зээлд хамрагдах шалгуур үзүүлэлтийг хангана гэдэг тийм ч амаргүй даваа. Энэ давааг арай чүү хэмээн даваад сая л нэг зээлд хамрагдахаар хүсэлтээ өгөөд хүлээж байтал ипотекийн зээлийг бараг л зогсоох хэмжээний санхүүжилтийг Сангийн яамнаас баталсанд бухимдалтай байна” гэсэн юм. Энэ бол ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй мянга мянган иргэний бодит амьдралыг харуулсан ганцхан жишээ.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2018 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн 35 дугаар тогтоолоор банкинд олгодог ипотекийн зээлийн эх үүсвэрийн хүүг нэг хувь хүртэл бууруулж, банкуудын өөрийн эх үүсвэрийг хөтөлбөрийн санхүүжилтэд татан оролцуулах чиглэлийг Монголбанк, Засгийн газарт өгөөд байгаа юм. Үүний дагуу Засгийн газрын 2018 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн 369 дүгээр тогтоолоор “Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн журам” батлагдан, Засгийн газрын эх үүсвэрийг Монголбанк дамжуулан зээлдүүлэх “Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийн гэрээ”-г 2019 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр байгуулсан. Түүнчлэн Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайдын 2018 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн 285/А-334 дүгээр тушаалаар Монголбанкийг “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоо бүрдүүлэх хөтөлбөр”-өөс гаргах төлөвлөгөө батлагдсанаар Монголбанкны хөтөлбөр санхүүжүүлэх ажиллагаа 2019 оны эцсээр тасалбар болж байгааг Монголбанк мэдээлсэн. Өөрөөр хэлбэл, уг хөтөлбөр 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Засгийн газарт бүрэн шилжиж буй хэрэг юм.
Гэтэл ирэх оноос Засгийн газрын мэдэлд шилжиж байгаа ипотекийн зээлийн санхүүжилт ийнхүү хоёр дахин буурсан нь олон иргэдийн бухимдлыг төрүүлж байна. 2020 оны төсвийн орлого өмнөх оныхоос 1,8 их наяд төгрөгөөр өсөхөөр тооцоолсон. Нөгөө талаас сонгуулийн жил гэх субьектив хандлагын нөлөөгөөр хөрөнгө оруулалтын зардал маш их өссөн, хөөсөрсөн байдалтай төлөвлөгдсөн байгаа гэдгийг эдийн засагч Н.Туяа хэлж байгаа юм. Тэрээр, Улсын хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогогүй байгаагийн уршгаар их хэмжээний хөрөнгө, үр ашиггүй зарцуулагдаж байгаа гэдгийг онцолсон. Тухайлбал, 2019 онд 1,7 их наядын хөрөнгө оруулалт төсөл арга хэмжээ төлөвлөсөн боловч одоогийн байдлаар 36,9 хувийн гүйцэтгэлтэй байна гэж төсвийн төслийн танилцуулгад дурдсан. Гэтэл өмнөх төлөвлөсөн ажлын хагас нь ч хийгдээгүй байхад 2020 онд дахиад 1,6 их наядын хөрөнгө оруулалт төлөвлөсөн байх жишээтэй. Жижиг 76 тойргоос сонгогдсон 76 гишүүний хүслийн жагсаалтаар манай улсын хөрөнгө оруулалтын бодлого тодорхойлогдож байна гэж хэлж болохоор байна. Маш үр ашиггүй тогтолцооноос гадна улсын төсвөөр хийх шаардлагагүй хөрөнгө оруулалт, арга хэмжээнүүд их байна. Ганцхан жишээ хэлэхэд орон сууцны дээвэр, дулаалга, засварт барилга хот байгуулалтын сайдын багцад 26,7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй ажилд 2020 онд 15,1 тэрбум төгрөг төсөвлөсөн байх жишээтэй. Орон сууц хувьчлагдсан, хувийн өмч шүү дээ. Гэтэл төсөв хүндрэлтэй, эх үүсвэр дутмаг, эн тэргүүнд шаардлагатай хөрөнгө оруулалтын хэрэгцээгээ хангаж дийлэхгүй байгаа нөхцөлд хувийн орон сууц дулаалах, орц засах гэх мэтэд төсвөөс хөрөнгө гаргах нь эрэмбэ, үр ашиг, зарчим талаасаа зохимжгүй гэдгийг хэлсэн юм. Тэр ч бүү хэл тодорхой гишүүний лоббигоор зөвхөн нэг аймгийн цөөн сумын оюутнуудад зориулсан дотуур байранд 6 тэрбум төгрөг төсөвлөсөн байгаа нь нийт иргэдийн эрх ашгаас нэг гишүүний эрх ашиг дээгүүр тавигдаж байгаагийн том илрэл гэдгийг ч хэлж байсан. Цаашид газрын сайжруулалт, дэд бүтэц, орон сууцжуулалт, хот байгуулалтын хөрөнгө оруулалтын бодлогыг үл хөдлөх хөрөнгийн татварын бодлоготой уялдуулбал манай улсын эдийн засагт тодорхой хэмжээний нөөц бий болно гэдгийг хэлж байсан. Засгийн газраас газар болон үл хөдлөх хөрөнгийн төлбөр татварын суурь үнэлгээг зохистой шийдэхгүй, системчлэхгүй орхигдуулсаар өнөөдрийг хүрсэн гэдгийг хэлж байсан юм. Үнэндээ иргэдээ урт хугацааны хөнгөлттэй зээлээр орон сууцжуулах хөтөлбөрт хамруулахын цаад үр дүн нь Улаанбаатар хотын хамгийн том асуудал болсон агаар, орчны бохирдлыг шийдэх.
Гэтэл энэ асуудлын хамгийн оновчтой шийдэл болсон ипотекийн зээлийн хөтөлбөрийн санхүүжилтийг танасан хэрнээ нөгөө талд агаарын бохирдлыг бууруулах төсвийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа нь хачирхалтай. Тодруулбал, ирэх онд агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний зардлыг энэ оныхоос 41.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 137.6 тэрбум төгрөгт хүргэхээр тооцжээ Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын тайлбарласнаар 41.4 тэрбум төгрөг нэмэгдүүлсэн зорилго нь сайжруулсан шахмал түлшийг иргэдэд түгээх, борлуулах ажлыг зохион байгуулах болон агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх бусад арга хэмжээнд зарцуулах гэнэ. Уг нь энэ мөнгийг ипотекийн зээлийн санхүүжилтэд зарцуулж, иргэдээ дэмжвэл утаагаа илүү бодитой бууруулах боломжтой бус уу сангийн сайд аа.
400 тэрбум төгрөгийн санхүүжилттэй байхдаа олдохгүй шахам байсан ипотекийн зээл ирэх оноос 60 тэрбумын санхүүжилттэй болсноор иргэдийн орон сууцтай болох горьдлого тасарна.
Иргэдээ орон сууцжуулж эрүүл тухтай амьдрах, утаанаасаа салах төрийн бодлогоосоо энэ засаг ийнхүү ухрав.