“Caffe Bene” Шангри-ла салбарын менежер Э.Цолмонтой ярилцлаа. Тэрбээр Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг герман хэлний орчуулагчаар төгсчээ. Герман, бас Австрид оюутан солилцоогоор явж байсан. Түүнийг найзууд нь Jenny гэж дууддаг гэнэ. Тэрбээр 27 настай. 2016 оны тавдугаар сараас “Caffe Bene”-д бариста (кофе бэлтгэдэг хүн)-гаар ажиллаж эхэлжээ.
-Багадаа ямар мэргэжилтэй болно гэж мөрөөддөг байсан бэ?
-Дуучин, жүжигчин, бүжигчин болохыг хүсдэг байсан. Одоо ч бүжиглэх дуртай. Чөлөөт хэв маягаар амьдрахыг хүсдэг. Баригдмал амьдрах дургүй.
-Мэргэжлээрээ ажиллах боломж гарсан уу?
-Гарсан л даа. Яагаад ч юм “Caffe Bene”, үйлчилгээний ажил таалагдаад байсан. Ээж, дүү бид гурав “Caffe Bene”-гээр их үйлчлүүлдэг байсан. Өөрсдөө үйлчлүүлэгч байснаа дотор нь яагаад ажиллаж болохгүй гэж бодоод. Дунд сургуульд байхад дүрэмт хувцас их таалагддаг байлаа. Энд ажиллаж өөрийгөө сорьж үзье гэж бодсон юм.
-Ээж тань энэ сонголтыг чинь яаж хүлээж авсан бэ?
-Ээж маань чөлөөт сэтгэлгээтэй. Хүүхэд нь юу хүсч байна, түүнийг нь дэмждэг хүн болохоор “Тэг тэг, миний охин чадна. Хүмүүстэй харилцах дуртай, эелдэг зантай юм чинь” гээд дэмжсэн.
-Мэргэжлээ өөрөө сонгосон уу, бусдын зөвлөгөөг дагав уу?
-Би англи хэлний ангид суралцъя гэтэл анги нь дүүрчихсэн. Герман аль эсвэл солонгос хэлээр суралцах боломж байна гэсэн.
-Герман хэл чинь хэрэг болдог уу?
-Болдог. Үйлчлүүлэгчтэй ярих хэрэг гардаг. Ажлын хувьд хэрэг болдог юм аа.
-Хэлний мэдлэгээ илүү сайжруулъя гэж боддог уу?
-Англи хэлээ сайжруулъя гэж боддог.
-Яг ажиллаад эхлэхээр мөрөөдсөн шиг чинь байж чадсан уу. Харамсах үе гарсан уу?
-Миний сонгосон ажил, амьдрал болохоор харамсч байгаагүй. Менежер болсны дараа олон хүн удирдах болсон. Шинэ хүмүүсийг баристагаар сургаад, кофегоо яаж хийх вэ гээд заадаг. Түүнээсээ кайф авдаг.
-“Caffe Bene”-гийн үнэт зүйл, сэтгэл татдаг чанар юу вэ?
-Залуусаа дэмждэг, шинэ соёлыг түгээдэг, хариуцлагатай байдал нь таалагддаг. Олон сүлжээтэй шүү дээ. Бүгд кофены соёлыг түгээх нэг зорилготой яваа. Үйлчлүүлэгчдэдээ гурав дахь гэр орон нь байхыг хичээдэг.
-Тав тухыг бүрдүүлэхэд юу чухал вэ?
-Үйлчилгээ маш чухал. Бухимдалтай яваа хүнийг ч инээмсэглээд угтахад тайвширдаг, инээмсэглэдэг. Захиалсан кофег нь сэтгэл шингээгээд арт хийгээд өгөхөд “Ямар гоё юм бэ” гээд баярлахад сайхан байдаг.
-Монголчууд цайны соёлтой хүмүүс. Магадгүй хөрш айлын хүүхнүүд дундаа данхтай цай тавиад сэтгэлээ онгойтол ярилцдаг байсан болов уу. Одоо бол монголчуудын амьдралд шинэ хэв маяг орж иржээ. Тэр бүхэн танд илүү мэдрэгддэг байх?
-Оффисст завгүй ажилладаг хүмүүс орж ирээд “Кофегүй бол явахгүй нь ээ. Та нарыгаа харахгүй бол ажил бүтэхгүй нь” гэсээр орж ирдэг. Тэр бүхэн бидэнд урам зориг өгч байдаг. Гадаад хүмүүс байнга орж ирдэг. Ажлын өдрийн өглөө найман цагаас үүдээ нээдэг. Амралтын өдрүүдэд есөн цагаас онгойдог. Тэгэхэд л зарим үйлчлүүлэгч аль хэдийнэ ирчихсэн хүлээгээд зогсч байдаг. Байнгын үйлчлүүлэгчдэдээ нэмэлт хүргэлтээр кофегоо аваачаад өгдөг. Гэр бүлээрээ байнга орж ирдэг хүмүүс ч бий.
-Ингэхэд өөрөө кофе хэр их уудаг вэ?
-Яг үнэнийг хэлэхэд кофе нэг их уудаггүй, цайсаг хүн л дээ.
-Харин хүмүүс ямар кофе их авдаг вэ?
-Латте. Сүүтэй кофе. Сүүгээ үгүйлээд байдаг шиг байгаа юм. (инээв)
-Зарим хүмүүс кофечдыг гаднын соёлд автлаа, мөнгө төгрөг өөрсдөө олдоггүй оюутнууд байнга үйлчлүүлж байгааг шүүмжилдэг. Үүнийг яаж хүлээж авдаг вэ?
-Манайх монгол хуурагч, баристатай. Монгол залуусаа сургаж авдаг. Шүүмжлээд байх сөрөг тал байхгүй шүү дээ.
-Таны нэг өдөр яаж өнгөрдөг вэ?
-Өглөө ажилдаа 7:30-д ирэхийн тулд цагийн өмнө босдог. Ажилдаа алхаад ирдэг. Өдрийн хоолоо дөрвөн давхартаа ажилчдын өрөөндөө иддэг. Ихэвчлэн гэрээсээ хоолоо бэлтгээд ирдэг. Яг үнэндээ зав чөлөө бага гардаг. Үдэш 23 цаг хүртэл ажилладаг. Хоёр ээлжтэй л дээ. Үйлчилгээний салбарт ажилладаг хүмүүс цаг наргүй ажилладаг. Ажил тараад хааяа бүжигт явна. Амралтаараа унтаж амрах дуртай. Өөрийгөө хөгжүүлэхэд цаг гаргахыг хичээдэг. Миний хувьд ажлаа хариуцлагатай хийж, хуримтлал үүсгэж байгаа. Монгол бадарчин Амай шиг аялахыг хүсдэг. Аялахад зориулаад мөнгөө хуримтлуулж байгаа.
-Цаашдаа юу мөрөөдөж байна?
-Өөрийн гэсэн кофе шофтой болохыг мөрөөддөг. Өрсөлдөгч олонтой учраас нэг салбар нээхэд багагүй мөнгө орно л доо. Гоё эвентүүд зохиодог, өвөрмөц үйлчилгээтэй кофе шофтой болмоор байна.
-Юу урам зориг өгдөг вэ?
-Хөгжим. Бүжиглэхэд бүх стресс тайлагддаг.
-Өнөөгийн Э.Цолмон төлөвшихөд хамгийн их нөлөөлсөн хүн хэн бэ?
-Би дунд сургуульд байхдаа их даруухан, өөрийгөө чөлөөтэй илэрхийлж чаддаггүй хүүхэд байсан. Ээж Англид суралцаж, эмээ маань намайг өсгөж өндийлгөсөн. Яг арваннэгдүгээр ангиа төгсөхөд ээж маань Англиас ирсэн дээ. Бүх үзэж харах ёстой юмнуудыг ээж маань бий болгож өгсөн. Ээж маань цоглог, хүчирхэг эмэгтэй. Ээжтэйгээ найзууд шиг л байдаг. Эмээ маань дүү бид хоёрыг аав, ээжийн хайраар дутаахгүй өсгөсөн. Эмээ маань хүүхэд насны минь бүх л ертөнц байсан. Бүхнийг өөрийнхөө хүчээр бий болгосон, зоригтой хүн байсан санагддаг. Хатуу үедээ хатуу, зөөлөн үедээ зөөлөн хүн байлаа. Тэтгэврийн мөнгөө буухаар их хөөрхөн. Дагуулж гараад дуртай юм болгоныг маань авч өгдөг байсан даа. Эмээгээ ярьсан чинь уйлмаар санагдчихлаа.
-Хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?
-Үйлчилгээний салбарт ажилладаг болохоор ядраад ном уншиж амждаггүй юм аа. Киног бол ядарсан ч хамаагүй үздэг. Хамгийн сүүлд Анжелина Жолигийн тоглосон “Maleficent” киног үзсэн. Иймэрхүү төрлийн кинонд дуртай.
-Идэх дуртай, хийх дуртай хоол юу вэ?
-Бүх төрлийн хоолонд дуртай. Будаатай хоол хийх дуртай.
-Ингэхэд улс орны байдлыг хэр анзаардаг вэ. Ерөнхий сайд хэн билээ?
-У.Хүрэлсүх билүү? Ер нь манайд сонин ирдэг болохоор сонин хальт гарчигладаг. Улс төр гүн гүнзгий сонирхвол ажлын хажуугаар аймаар стресстэх байх аа.
-Улаанбаатарын хамгийн таалагддаггүй зүйлс юу байна?
-Түгжрэл, өвөлдөө хүйтэн утаатай байдаг нь.
-Хүмүүнлэгийн ажилд оролцдог уу?
-Ажлынхаа шугамаар “Өгөх өдөрт” оролцдог. Өөрт хэрэг болохгүй байгаа ч бусдад хэрэг болохоор юмнуудаа хандивладаг.
-Зарим залуус Монголоос дүрвэж байна гэдэг. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Монголоос зайлмаар байна гэсэн залуус их байдаг. Багаас нь эхлээд ажиллавал Монголд ажиллаж амьдрах боломж байгаа. Ажлыг голох хэрэггүй гэж боддог. Хөдөлмөрлөж гарч ирсэн хүмүүст хүндэтгэлтэй ханддаг. Монголд яагаад бүх юм удаашралтай явдгийг ойлгохгүй л байна.