Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
С.Цэрэнпүрэв: Эмнэлгүүд шилэн дансны мэдээллээ бүрэн байршуулдаггүй
С.Цэрэнпүрэвийг шилэн дансанд хяналт тавьдаг гэдгээр нь зарим хүн андахгүй. Энэ эмэгтэй бас Орон нутгийн хөгжлийн санг ч анхаарлын гадна үлдээдэггүй идэвхтэй иргэн.  Тэрбээр  “Захиргааны шинэ санаачилга” ТББ-ын гүйцэтгэх захирал юм. Түүнтэй ярилцлаа.
 
-Ингэхэд Захиргааны шинэ санаачилга гэдэг нь юу гэсэн үг вэ?
-Манай байгууллага 2008 онд  төрийн болон орон нутгийн өөрийн удирдлагын байгууллагуудтай хамтарч ажиллаж,  шинэтгэлийг төрд сануулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр нөлөөлөхөөр байгуулагдсан.  Энэ цагаас хойш гуч, дөчөөд төсөл хэрэгжүүллээ. Үүн дотроо Цэвэр агаар сан, Орон нутгийн хөгжлийн сан болон төсөвт хяналт тавих чиглэлээр нэлээд ажилласан.  Орон нутгийн хөгжлийн сангийн асуудалд  иргэдийг оролцуулах чиглэлээр ажиллаж байгаа. Хороодод иргэдийн хяналтын бүлэг байгуулахад дэмжлэг үзүүлдэг. 2013 оноос уул уурхайн гэрээнүүдийн ил тод байдал, иргэдэд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний талаар мэдээлэл өгөх, усны бохирдлын асуудлаар бас иргэдийн хяналтын бүлэг байгуулж ажиллаж байгаа.
-Хамгийн сүүлд та бүхэн эрүүл мэндийн төсөвт хяналт тавьсан гэж ойлголоо?
-Тийм. Бид 2019 оны нэгдүгээр сараас есдүгээр сарыг дуустал   21 аймгийн нэгдсэн эмнэлэг, нийслэлийн есөн дүүргийн Эрүүл мэндийн газар, нэгдсэн нэг, хоёр, гуравдугаар эмнэлэг, Гэмтэл согогийн үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, амаржих газрууд, бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдэд Шилэн дансны тухай хуулийн 6.4 ийн хүрээнд  мониторинг хийсэн юм.
-Шилэн дансны тухай хуулийн 6.4 гэдэг нь ямар заалт вэ?
-Энэ хуулийн 6.4.4 гэсэн заалтад “таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авсан бараа, ажил үйлчилгээний нэр, санхүүжилтийн хэмжээ, нийлүүлэгчийн нэр, хаяг”-ийг мэдээлнэ гэсэн заалт байдаг.  Шилэн дансны журамд долоо хоногийн дотор мэдээлнэ гэж хугацаа заасан. Эмнэлэг эм худалдаж авлаа гэхэд эмийн тендер зарлаад, ханган нийлүүлэгч ялсан тохиолдолд гэрээ хийж, долоо хоногийн дотор мэдээлэх ёстой. Мөнгө гарангуут санхүүжилтээ тавиад явдаг л даа.
-Шилэн дансны хуулийг эмнэлгүүд хэр хэрэгжүүлж байна вэ?
-Мэдээллээ  байршуулж байгаа юм. Иргэд  урд сард тэдэн эм авчээ, энэ сард төдөн эм авчээ, ийм компаниудтай харьцсан байна гэж харж болно. Гэхдээ мэдээллээ бүрэн байршуулдаггүй.  Гэрээгээ тэр бүр тавьдаггүй.  21 аймгийн нэгдсэн эмнэлгүүд тэр чигээрээ гэрээгээ тавихгүй байна. Гуравдугаар эмнэлэг ерөөсөө тавихгүй байна.
Уг нь энэ Шилэн дансыг эерэг талаас нь харах чухал.  Аймаг, сум, дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч, багийн иргэдийн нийтийн хурлынхан шилэн дансанд  хяналт тавих эрх өгсөн шүү дээ.  Төсвөө хянах явцдаа энэ жил манай сумын эмнэлэгт  хүнс эм, бусад  бага үнэтэй түргэн элэгдэх зүйлст төдөн төгрөг зарцуулдаг юм байна.  Ийм компаниуд ханган нийлүүлж байгаа юм байна гэж харчхаад,  дараа жил нь сумынхаа иргэдийг оролцуулж болно шүү дээ. Заавал Улаанбаатараас бараа татахгүйгээр хүнсний төрлийн зүйлийг сумын компаниуд нийлүүлэх боломжтой. Сум иргэддээ орлого олох боломж бүрдүүлэх талаас нь шилэн дансыг харах боломжтой.
Тийм ашиг тустай мэдээллийг  шилэн данс хөтлөх үүрэгтэй төрийн санхүүгийн ажилтнууд хийхгүй байна. Татвар төлөгчид татварын мөнгөнд хяналт тавих эрхтэй. Таамаглал дэвшүүлж, тандалт хийж болно. Түүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй шүү дээ.
-Шилэн дансны мэдээллийг оруулах үүрэгтэй хүмүүс нь хэр мэдээлэлтэй байдаг вэ, танд анзаарагдсан уу?
-Мэдээлэл муутай байгаагаас хөдлөхгүй байна.
-Мэдээлэл муутай байгаагаас гадна хүмүүст мэдээлэл өгөхгүй байх нь өөрсдөд нь ашигтай байгаа юм биш үү?
-Тийм ч байж болно. Би бас энэ чиглэлээр ажиллаж байхдаа нэг ч гэсэн төсвийг хэмнэлттэй болгох юм сан гээд эмнэлгүүдийн хог хаягдал дээр анхаарал хандуулсан. Архангай аймгийн Тариат суманд гэхэд л шилэн дансаа ерөөсөө хөтлөөгүй байгаа юм.  Гэтэл хог хаягдалд жилдээ 2,5 сая төгрөгийн төсөвлөсөн. Эхний хагас жилийн тайландаа 600-гаад мянган төгрөг зарцуулсан байгаа юм. Би мэргэшсэн дотоод аудиторын зүгээс цахим мэдээлэл дотроос нь ухаж гаргаж ирсэн. Иргэд энэ талаар мэдээлэлгүй учраас энэ байдлыг ашиглаад зарим нь мэдээллээ оруулахгүй байна уу даа гэж санагдсан.  Энэ сум 5000-гаад иргэдтэй юм билээ.  Нэг ор хоногийг төсөвлөхдөө 330 хоногийг арав хоногоор тооцоход нэг орон дээр  33 хүн хэвтэнэ. Тэр сумын эмнэлэг төсвөө бүрэн дүүрэн ашиглана гэвэл 660-аад хүн хэвтэх шаардлагатай. Гэтэл нөгөө 5000 хүний 30 хувь нь хэвтэх болно. Иргэд нь дандаа л хот руу явж байгаа шүү дээ. Би ийм санал хэлмээр байна. Тэр сумаас хэдэн хүн дараагийн шатлалын эмнэлэгт хандсанаар нь том эмнэлгүүдэд төсвийг нь шилжүүлмээр байгаа юм. Үүнийг төсөв хийдэг Сангийн яам ч бодолцоосой.
-Эрүүл мэндийн байгууллагуудыг яагаад сонгов. Эмнэлэгүүд дандаа л мөнгө хүрэлцэхгүй байна гэдэг, мөнгөгүй газар юм биш үү?
-Төсөв хангалттай байдаг. Том эмнэлгүүд гэхэд жилдээ 23-24 тэрбум төгрөг эмэнд зарцуулдаг.  Аймгийн эмнэлгүүд 5-6 тэрбумыг зарцуулдаг.  Суманд  гэхэд нэг тэрбумын төсөв байдаг. Үүнийг иргэд мэддэггүй учраас мөнгөгүй газар гэж ойлгодог. Ил тод сайн засаглал эрүүл мэндийн салбарт байхгүй байна гэж харагддаг. Иргэд ядаж өрхийнхөө эмнэлгийн төсвийг харчих хэрэгтэй. Биднийг тав хоног үнэгүй эмчлээд байгаа шүү дээ.  Хамгийн гол нь иргэд төсөв байхгүй гэж айгаад урьдчилан сэргийлэх үзлэгт орохгүй монголчууд өвчлөл ихтэй байдаг.
-Таныг хянах явцад хамгийн ноцтой зөрчил хаана ажиглагдав?
-Гуравдугаар эмнэлэг Мед монгол ХХК-тай өндөр өртөгтэй мэс заслын тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл худалдан авах  гурван тэрбумын гэрээ хийсэн байгаа юм.  Гэтэл гэрээг нь үзэх гэхээр харагдахгүй.  Нэгдүгээр эмнэлэг сардаа 3,2 сая төгрөгөөр хогоо тээвэрлэнэ гэж байгаа.  Араас нь харах хянах хүнгүй болохоор эзэнгүй болчхоод байгаа юм. Эмнэлгийн хог ийм зардалд хүрэх үү? Эмнэлгийн ажилтнууд өөрсдөө ч төсөвт хяналт тавибал цалин мөнгө нь нэмэгдэнэ шүү дээ. Үргүй зардлаа багасгаасай гэж хүсч байна. Аюултай хог хаягдал дээр “Элемент” гээд ганцхан компани л  ажиллаад байгаа юм.  Жижиг газар олон дахин яваад өртгөө өсгөөд мөнгө их аваад байгаа нь харагдаж байна. Хоёрдугаар эмнэлэг гэхэд жилдээ 100 рейсээр 6,5 сая төгрөгөөр хогоо хаяулж байна. Сард 1,6 саяар  зөвхөн эмнэлгийн хог хаяхад зарцуулж байгаа шүү.
-Та хяналт тавьж байна. Иргэний нийгмийнхэн хяналтаа тавиад, дүгнэлтээ гаргаад өгөхөөр тухайн байгууллагууд яаж хүлээж авдаг вэ?
-Шилэн дансны хуулийн хүрээнд  би зөвлөдөг.  Үндэсний аудитын газарт баримтаа аваачиж өгнө.
-Та ямар мэргэжилтэй хүн бэ?
-Инженер, эдийн засагч мэргэжилтэй. Мэргэшсэн дотоод аудитор. Би төсөв мөнгийг хэмнэх сонирхолтой. Хэмнэж чадвал улс орон маань хөгжинө.
-Орон нутгийн хөгжлийн сангийн чиглэлээр бас ажилладаг гэсэн. Иргэд орон нутгийн төсөв хэлэлцэхэд оролцож чадаж байна уу, эсвэл баг хороон дээр хамаатан саднуудаараа асуудлыг шийдээд байна уу?
-Тэр үзэгдэл бас бий. Түүнийг засах гээд бид иргэдийн хяналтын бүлгүүд байгуулж байгаа.  Анх Баянзүрх, Багануур, Баянгол дүүргүүдэд иргэдийн хяналтын бүлэг байгуулсан. Ноднингоос дахин эрчимжээд энэ жил Сүхбаатар дүүргийн таван хороонд хяналтын бүлэг байгуулаад, мэргэшүүлээд, тендерийн баримт бичгийг уншиж сургаж байгаа. Ноднин “Иргэд төсвөө хянана” гээд гарын авлага гаргасан. Иргэдийн хурлын төлөөлөгч нарт зориулсан төсвөө хянах гарын авлага гаргасан. Үүнийгээ сайтуудад тавьчихдаг.  Хүмүүс их үздэг юм. Өнөө маргаашдаа хороодод очиж, тендерийн баримт бичгийг иргэд уншиж хянах дадлага хийлгэнэ.
Орон нутгийн хөгжлийн сангийн журам өнгөрсөн жил батлагдсан. Журмаа хийчхээд батлагдахгүй  байсан юм. Сангийн яам орж явахдаа  Ч.Хүрэлбаатар сайдтай таараад “Хүүе, сайдаа та журмаа батлуулаач” гэсэн долоо хоногийн дараа журам батлагдсан.  Дуу хоолойгоо өргөсөөн.
-Та маш чухал ажил хийж байгаа юм байна. Иргэдийн хяналтын бүлгүүд хэр ажиллаж байгаа вэ?
-Багануурт иргэдийн хяналтын бүлэгт ажиллаж байсан хүн сүүлдээ мэргэшээд иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон тохиолдол бий.
-Иргэдэд мэдээлэл олгоход санхүүжилт хэрэгтэй шүү дээ. Яаж болгож байна?
-НҮБ, Нээлттэй нийгэм форум, Азийн санд  хандаж санхүүжилт авдаг л даа. Намайг шударга ажилладаг гээд мөнгө өгөх дуртай. Би номоор нь төсвөө гаргаад, тайлангаа тавьдаг даа.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com