Улаанбаатар анализ хөгжлийн судалгааны хүрээлэнгийн эдийн засагч Б.Дөлгөөнтэй ярилцсанаа хүргэе.
-Таны хувьд олон улсын сайжруулсан шахмал түлш, угаарын хийн асуудлаар олон улсын хэмжээнд ажиллаж байсан туршлагатай гэж сонссон. Сүүлийн үед шахмал түлштэй холбоотой асуудлаар судалгаа хийж байгаа. Энэ талаар ярилцлагаа эхлүүлэх үү?
-Миний хувьд олон улсын зөвлөхүүдтэй 2007-2010 онд агаарын бохирдолтой холбоотой төсөл хөтөлбөр дээр ажиллаж байсан. Миний хувьд математик, эдийн засгийн бакалавр зэргийг АНУ-ын Коннектикат коллежид хамгаалсан. Үүний дараагаар олон улсын хөгжлийн эдийн засгийн чиглэлээр Харвардын их сургуульд магистрын зэрэг хамгаалаад эх орондоо ирээд байна. Ингээд энэ жил Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах зорилт тавин шинээр хэрэглээнд нэвтрүүлсэн сайжруулсан шахмал түлшний талаар багагүй судалсан. Судалгаан дээрээ үндэслээд зарим нэг туршилтыг хийх талаар ярилцаж байх зуур өнгөрсөн аравдугаар сарын эхээр олон иргэн угаарын хийнд хордож амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Энэ асуудлаар өмнө нь хамтарч ажиллаж байсан гадны зөвлөхүүд, мэргэжилтнүүдтэй холбогдож зөвлөгөө авсан. Тэд зуух, түлшний асуудлаар мэргэшсэн физик, химийн доктор профессор хүмүүс л дээ. Зарим нь зуухны зохион байгуулалт хөгжүүлэлтийн ажлаар Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк болон бусад олон улсын байгууллагуудад зөвлөх үйлчилгээ үзүүлдэг хүмүүс байгаа юм. Тэднийг олон улсын хуралд оролцохоор Бээжинд байх үед нь өөрийн биеэр очиж уулзсан. Ингээд тэднээс нарийн заавар, зөвлөгөө авсан. Түүнийгээ орчуулж, иргэдэд түгээх тал дээр ажиллаж байна.
-Тэдний өгч байгаа зөвлөгөөгөөр манай улсын иргэд шахмал түлшний хэрэглээн дээрээ юуг анхаарах ёстой юм бол?
-Хэрэв одоогийн хэрэглэж байгаа сайжруулсан түлшээ өөрчлөхгүй гэвэл хэмжээг нь багасгах хэрэгтэй хэмээн зөвлөсөн. Одоо хэрэглэгчдийн гарт хүрч байгаа шахмал түлшний хувьд 50 мм орчим байна. Энэ хэмжээг буруулах тусам дутуу шаталтын эрсдэл нь буурна гэж үзэж байна. Хоёрдугаарт, яндангийн таталт сайн байхын хэрээр гэрт алдагдах угаарын хэмжээ багасна. Тиймээс яндангаа сайн хөөлөхийг сануулж байна. Мөн ханан пийншинтэй, энгийн зуухтай бол аль болох ханан пийншингээ нурааж шууд гардаг яндан тавих талаар зөвлөсөн. Одоогоор манай улсын гэр хорооллын айл өрхүүдийн хэрэглэж байгаа яндангийн дундаж өндөр нь ихэвчлэн 3-3.30 метр орчим байгаа. Энэ өндрийн хэмжээг ядаж 4-4.1 метр байхаар өндөрлөхийг зөвлөсөн. Учир нь яндан өндөр байх тусам салхилах нь илүү учраас таталт нь нэмэгдэнэ гэх мэтчилэн хэд хэдэн зөвлөгөө өгсөн. Харин нүүрсээ өөрчлөх юм бол зайлшгүй хэд хэдэн туршилт хийж үзэх ёстой. Тухайлбал, Тавантолгой түлш компаниас гаргасан нүүрсний агаарын бохирдол үүсгэж байгаа хэмжээ нь ямар байна вэ гэдгийг иргэдийн хэрэглэж байгаа зуух бүр дээр турших ёстой. Өөрөөр хэлбэл өнөөдөр Улаанбаатар хотын иргэдийн хэрэглэж байгаа 18 төрлийн зуухан дээр хэрэглэж турших юм. Туршилтаас гарсан үр дүнг бусад Багануур, Налайх, Шарын гол гэх мэт уурхайн нүүрсүүдтэй харьцуулж үзэх ёстой. Ингээд эцсийн байдлаар шахмал түлшинд ямар түүхий эд ашиглах вэ гэдгээ эцсийн байдлаар шийдэх нь хамгийн зөв гаргалгаа байх гэдгийг хэлсэн.
-Гэр хороололд амьдарч байгаа 220 орчим мянган айл өрхүүдийн хэдэн хувь нь угаарын хийнд хордох өндөр эрсдэл бүхий уламжлалт зуух хэрэглэж байгаа талаар судалгааны дүн бий юү?
-Хамгийн сүүлийн судалгаагаар гэр хороололд амьдарч байгаа 216 мянган айл өрхийн 155 мянган айлын зуухны хэрэглээг судалсан байгаа юм. Энэ дүнгээс харахад 53 мянган айл өрх нь төслийн буюу сайжруулсан зуухтай, 100 гаруй мянган өрх нь энгийн зуухтай, үлдсэн 50 орчим мянган өрх нь ямар зуух хэрэглэж байгаа нь тодорхойгүй гэсэн дүн гарсан байсан. Уг нь Зуух хөтөлбөрийн хүрээнд 2012-2015 оны хооронд 171 мянган төслийн зуухыг айл өрхүүдэд тараахад агаарын бохирдлыг бүрдүүлж байгаа 2,5 микромиллиметр нарийн ширхэгт тоосонцорын хэмжээ 40 хувь хүртэл буурсан байдаг. Ингээд 2016 онд эргээд өссөн. Энэ өсөлтийг зарим тараасан төслийн зуухуудыг гадагш нь зарах нь зарж, эвдрэх нь эвдэрсэнтэй холбож тайлбарласан. Мөн 2016 оны өвөл салхи багатай жил байсан учраас өмнөх онтой харьцуулахад агаарын бохирдол их байсан учраас иргэд талбай дээр жагсах хүртэл эсэргүүцлээ илэрхийлсэн байдаг.
- Тэгэхэээр энгийн зуух хэрэглэж байгаа 100 гаруй мянган өрхийн дунд угаарын хийн талаарх нарийн ойлголт муутайгаас эрсдэлд ороод байна уу?
-Угаарын хий гэж юу вэ гэхээр шаталт дутуу явагдах үед гардаг CO гэх химийн нэршил юм. Бүрэн шаталт явагдсан үед CO2 болох ёстой. Угтаа бол цаас шатаасан ч түүхий нүүрс, сайжруулсан шахмал түлш шатаасан ч угаарын хий ялгардаг. Гол нь ямар зүйл шатаахаар хэдий хэмжээний угаарын хий ялгаруулж байна вэ гэдэг нь ашиглаж байгаа зуухнаасаа шалтгаалж байгаа. Тиймээс сайжруулсан шахмал түлшний хувьд энгийн зуухан дээр дутуу шаталт явагдах үзэгдэл их байна. Дутуу шаталт их байгаа болохоор угаарын хий ихээр ялгарч байгаа юм. Мөн энгийн зуухтай болон хана пийншин хэрэглэж байгаа айл өрхүүдэд угаарын хийнд хордох эрсдэл өндөр байгаа юм. Ханан пийншингийн зохион байгуулалт нүсэр учраас олон худагтай байх тусам таталт муу байна. Хэрэв энгийн зуухтай, олон худагтай ханан пийшин хэрэглэж байгаа айл өрхийн яндангийн таталт муу явагдаж байгаа учраас зууханд шатаж байгаа түлшнээс ялгарах бодисууд гэр дотор тархах, алдагдах явдал гарч байна. Ихэнх айлуудад бага хэмжээгээр алдагдаж байгаа боловч зарим нэг айл өрхийн галлагаанаас үүдэж эрсдэл үүсч байгаа. Тухайлбал, яндангийнхаа хаалтыг хагас хаалттай хэвээр галлагааг үргэлжлүүлсэн тохиолдолд угаарын хийнд хордох эрсдэлийн хэмжээ хэд дахин нэмэгдэж байгаа гэдгийг судалгааны үндсэн дээр олж мэдсэн.
-Улаанбаатар хотын утаа буурсан эсэх талаар иргэд маргаантай байна. Энэ талаар хийсэн судалгаа байгаа юу?
-Утаа буурсан эсэх талаар Улаанбаатар хотын хэмжээнд ажиллаж байгаа орчны шинжилгээний төвөөс гаргаж байгаа хэмжилтийн дүнгээс харагдаж байгаа. Агаарын бохирдлыг үүсгэдэг зарим нэг үзүүлэлт болох нарийн ширхэгт тоосонцор 10 нэмэгдсэн бол РМ2.5 бага зэрэг буурсан үзүүлэлттэй байгаа. Агаарын бохирдол нь дотроо CO2 буюу хүхрийн хий, CO буюу угаарын хий, PM10 буюу нарийн ширхэгт тоосонцор 10, PM2.5 буюу нарийн ширхэгт тоосонцор 2.5, NO2 азотын хий гэх мэт олон төрлийн бодис агуулагддаг. Эдгээр олон төрлийн бодисуудын зарим нь өссөн зарим нь буурсан байгаа. Харин энэ бууралт нь шахмал түлш хэрэглэж эхэлсэнтэй холбоотой байна уу эсвэл айлууд энэ түлшийг түлэхгүйд байна уу, эсвэл түлсэн ч гэсэн энэ нүүрсний хүртээмж бага буюу долоо хоногт зургаан шуудайгаас илүү хэмжээгээр олгохгүй байгаатай холбоотой байна уу гэдэг дээр дүн шинжилгээ хийсэн судалгааны дүн одоогоор алга.Цаашид гэр хорооллын айл өрхүүд хэрэглэж байгаа 18 төрлийн зуухан дээр шахмал түлшний шаталт хэрхэн явагдаж байгаа туршилтын үр дүнг бодитоор гаргах ёстой. Эдгээр 18 зуухан дээр туршиж үзсэний дараа цаашид ийм гарц гаргалгаа байна гэсэн шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээлэлтэй болно. Түүнээс бус яг одоо ингэх ёстой, тэгэх ёстой гэсэн шийдвэр гаргах хэмжээний хангалттай туршилт, мэдээлэл алга байна. Өмнө нь энэ сайжруулсан нүүрсэнд хортой бодис байгаа эсэх талаар шинжилгээнүүд хийсэн. Гэхдээ нэг юм уу хоёр зуухан дээр л энэ сайжруулсан түлшийг туршиж үзсэн. Түүнээс биш 216 мянган айл өрхийн хэрэглээний дийлэнхийг бүрдүүлж байгаа 18 төрлийн зуухан дээр туршсан зүйл байхгүй. Хамгийн гол зорилго нь нарийн ширхэгт тоосонцрыг бууруулах байсан. Түүний төлөө явсан байх. Угаарын хийн эрсдэлийг тооцоолж үзээгүй. Гэтэл иргэдийн хэрэглэж байгаа зуухны тал хувь нь энгийн зуух, тэр дундаа угаарын хий алдах эрсдэлтэй өчнөөн асуудалтай байсныг мэдээгүйн улмаас гарч болох эрсдэлийг нарийн тооцоогүй л гэсэн үг л дээ.
-Саяхан болсон шахмал түлшний талаарх ерөнхий сонсголд та оролцож үзэл бодлоо хуваалцсан. Энд ямар асуудлыг хөндсөн бэ?
-Нэгдүгээрт, Одоогийн хэрэглээд байгаа 18 төрлийн зуухан дээр дээрх туршилтыг нэн яаралтай хийхийг шаардсан. Хоёрдугаарт, угаарын хийн хэмжээ 35ррм буюу нийт агаарын 0,0035 хувь болоход хүний толгой өвдөж эхэлдэг. Нийт агаарт байгаа угаарын хий 0.04 хувь болоход дөрвөн цагийн дотор хүний амь нас эрсдэх аюултай. Тийм учраас энэ угаарын хийн асуудал бидний өмнө тулгамдаж байгаа хамгийн том асуудал гэдгийг гаргаж тавьсан. Үнэндээ нарийн ширхэгт тоосонцрын хувьд хүний амь насанд дөрвөн цагийн хугацаанд аюул учруулах хэмжээнд хүргэдэггүй. Харин олон жилийн турш нарийн ширхэгт тоосонцроор амьсгалснаар хавдар тусна гэх мэт эрсдэл учирдаг учраас угаарын хийн асуудалд түлхүү анхаарах ёстой гэдгийг хэлсэн. Гуравдугаарт, энэ талаар олон улсын мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллах талаар холбон өгч, хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн.
-Манай улсын Засгийн газраас сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлсэн нь агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд хэрэгжүүлж байгаа төсөл. Гэтэл агаарын бохирдлыг бууруулах нэг гарц болох орон сууцжуулах хөтөлбөрт зориулж 2020 оны төсөвт ипотекийн зээлийг 60 тэрбум төгрөг болгож бууруулсан. Энэ талаар эдийн засагч хүний хувьд ямар дүн шинжилгээ хийж байна?
-Ипотекийн зээлийн хэмжээг бууруулсныг миний хувьд буруу гэж үзэж байгаа. Учир нь ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй иргэдээс 500 орчим тэрбум төгрөгийн хүсэлт ирсэн байгаа юм. Жилдээ 200-300 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг олгож байснаа ирэх жил 60 тэрбум төгрөг хүртэл бууруулсан нь энэ төрлийн зээлд хамрагдах хүсэлтэй иргэдийн эрэлтийг нөхөж чадахгүй байгаагийн илрэл. Иргэд ипотекийн зээлд хамрагдсанаар байр орон сууцны байдлаа сайжруулахаас гадна өнөөдөр нийслэл хотын иргэдийн өмнө тулгамдаад байгаа агаар, хөрсний бохирдол гэх мэт олон асуудлыг шийдэхэд түлхэц болох юм. Цаашлаад ипотекийн зээлийн олгох хэмжээг бууруулснаар орон сууцанд орохоор урьдчилгаа 30 хувиа бүрдүүлж байсан иргэд ахуйн хэрэгцээндээ хэрэглэх магадлал өндөр. Өнөөдөр барилгын салбарт 30 орчим мянган борлуулагдаагүй орон сууц эзнээ хүлээж байгаа гэсэн судалгааны дүн байгаа юм билээ. Гэхдээ бодит тоо нь 15 мянган орчим байр байгаа гэж судалгааг дүгнэсэн. Нэгэнт хүн ороод амьдрахад бэлэн болчихсон байгаа эдгээр барилгуудыг ашиглахгүй алдагдал хүлээж байхаар эргэлтэд оруулах юм бол эдийн засагт эерэг нөлөөтэй гэж харж байгаа учраас ипотекийн зээлд зориулсан санхүүжилтийг 60 тэрбум болгож бууруулсныг хувьдаа дэмжихгүй байгаа.
-Олон улсад агаарын бохирдолтой тэмцэх сайн туршлага юу байсан талаар судалж байсан уу?
-Олон улсад туршигдсан хамгийн сайн арга туршлага бол иргэдээ орон сууцжуулах гэдгийг хэн бүхэн мэдэж байгаа. Яагаад өнөөдөр сайжруулсан түлш, зуухны асуудлыг яриад байгаа вэ гэхээр орон сууцжуулах ганцхан хөтөлбөрийг бариад явбал бүх иргэдээ орон сууцжуулахын тулд 20,30 жил зарцуулах болно. Тиймээс богино хугацаанд бүх иргэдээ орон сууцанд хамруулахад гарах зардалтай харьцуулахад маш бага зардлаар агаарын бохирдлын хэмжээг 50 хүртэл хувиар бууруулах гэдэг асуудалд судлаачид, эдийн засагчид болон шийдвэр гаргагчид толгойгоо ажиллуулах хэрэгтэй. Түүнээс бус өнөөдрийн сайжруулсан түлш, сайн шаталттай зуухыг хамгийн сайн шийдэл гээд байгаа юм биш. Хэрэв манай улсад эдийн засгийн боломж, нөөц байдаг бол нийслэл хотын хэмжээнд амьдарч байгаа 216 мянган айл өрхийг бүгдийг нь орон сууцанд амьдруулмаар л байна.
-Манай улсад ийм хэмжээний эдийн засгийн чадамж байхгүй шүү дээ. Тэгэхээр ямар гаргалгаа байх боломжтой вэ?
-Өөрөөр хэлбэл сайжруулсан түлш, зуухны асуудал бол хамаагүй бага зардлаар дунд хугацаанд утааг бууруулах шийдэл. Газ бол дундаж хэмжээний зардлаар дунд хугацаанд шийдэх шийдэл. Нийслэл хотод амьдарч байгаа бүх иргэдийн хэрэглээг цахилгаанаар шийдэх гэхээр цахилгаан станцуудын хүчин чадал хүрэлцэхгүй учраас энэ мөн л дунд хугацааны өндөр өртөгтэй хувилбар болоод байгаа юм. Орон сууцжуулах хөтөлбөр бол урт хугацааны хамгийн өндөр өртөгтэй шийдэл. Бид агаарын бохирдлыг бууруулахаар зорьж байгаа бол эдгээр бүх шийдлийг бүгдийг нь ашиглах ёстой. Харин аль боломжийг нь хэдэн хувь хүртэл ашиглаж, хэдий хэмжээний мөнгө зарах вэ гэдгээрээ л ялгаатай. Гэр хороололд амьдарч байгаа айл өрхүүдийн хэдэн хувь нь ипотекийн зээлд хамрагдаад эргүүлэн төлөх боломж бололцоо нь ямар байна вэ гэдгийг л бодитоор тооцоолж үзэх хэрэгтэй. Ингээд ипотекийн зээлд хамрагдаад эргүүлэн төлөх боломжит айл өрхүүдээ бүгдийг нь хамруулах хүртэл ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгох хэрэгтэй. Үүний сацуу дээр дурдсан богино, дунд хугацаанд хэрэгжүүлэх боломжтой шийдлүүдээ давхар хэрэгжүүлээд явж болох юм.
- Манай улсын хувьд нийт хүн амын тал хувь нь нийслэл хотдоо төвлөрснөөс өнөөдрийн олон асуудлын эх ундарга боллоо гэж үздэг. Үүний шалтгааныг хөдөө орон нутагт ажлын байр байхгүй, амьдрах нөхцөл муу хэмээн тайлбарладаг.Таны хувьд энэ асуудалд ямар байр сууринаас ханддаг юм бол?
-Улс орны хөгжилд хүргэдэг эдийн засгийн олон онол бий. Тухайлбал, ямар хүчин зүйлүүд улс орныг хөгжилд хүргэх вэ гэх мэтчилэн. Энэ бүгдээс харахад иргэдийн мэдлэг, чадвар нь өссөнөөр улс орон нь хөгждөг. Тиймээс эдийн засгийн агуулгаараа улсын төвлөрөл нь хаана байгаагаас шалтгаалж тэнд хөгжил ирдэг. Тухайлбал, төвлөрөл ихтэй газар цэцэрлэг, сургууль барихад хүртэл нэг хүүхдэд зориулан гаргаж байгаа зардал хэд дахин буурсан үзүүлэлт гардаг. Төвлөрөл их байх тусам барьж байгаа бүтээн байгуулалт, оруулж байгаа хөрөнгө оруулалтын нэг хүнд ногдох зардал бага гардаг учраас төвлөрөл их байх нь тийм муу үзүүлэлт биш. Харин төвлөрлийг зөв тооцоолж нарийн зохион байгуулалтад оруулж, авто замын хөдөлгөөний ачаалал, агаар, хөрсний бохирдол, үйлчилгээний хүртээмжтэй байдал гэх мэт асуудлыг шийдвэрлэчих юм бол төвлөрлийг эсэргүүцэх хүн ховор. Тухайбал, олон улсад манай улсын нийт хүн амаас хэдэн арав дахин хүн амьтай хэрнээ тав тухтай амьдрах орчин нөхцөлтэй улс орон олон байгаа шүү дээ. Манай өнөөдрийн нийгэмд үүсээд байгаа асуудал бол ганцхан улс орны эдийн засгаас хамаараад байгаа ч юм биш л дээ. Улс төртэй холбоотой асуудал болоод байна.