Газар хөдлөлтийн үед засаг захиргааныхан ч гамшигт нэрвэгдэж, үйл ажиллагаа нь саатдаг
“Газар хөдлөлтийг урьдчилан мэдэх боломжгүй. Хаана хамгийн их хохирол учирсныг шууд тогтоох аргагүй. Гамшгийн шуурхай арга хэмжээ хариуцан хэрэгжүүлэх учиртай засаг захиргааны байгууллага мөн адил гамшигт нэрвэгдэж, үйл ажиллагаа нь саатдаг. Тиймээс гамшгийн өмнөх арга хэмжээнүүдээ сайтар төлөвлөх хэрэгтэй гэнэ. ”ЖАЙКА мэргэжилтний багийн О.Ниший газар хөдлөлт ямар онцлогтой гамшиг болохыг танхимд суугаа хүмүүст ийнхүү тайлбарласан юм. “Иргэд том цар хүрээтэй гамшигт өртөж байсан туршлага байхгүй. Тиймээс эрсдэлийн үнэлгээгээр хохирлыг тооцоолж, газар хөдлөлтийн өмнө хойно ямар байдал үүсэхийг төсөөлөхөд гамшгийн эрсдэлийн үнэлгээ чухал” хэмээн О.Ниший ярьж байлаа. Энэ танхимд гамшгийн эрсдэлийн үнэлгээ гэдэг өгүүлбэр олонтоо дурдагдсан. Онцгой байдлын ерөнхий газраас Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл” хэрэгжүүлжээ. 2017-2019 онд үргэлжилсэн уг төслийн үр дүнг өчигдөр “Туушин” зочид буудалд хэлэлцсэн нь энэ.
ЖАЙКА-гийн мэргэжилтний багийн ахлагч К.Овада уг төслийн үр дүнг ийнхүү тодорхойллоо. “Гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлын төлөвлөлт сайжирсан. Ялангуяа гамшгийн эрсдэлийг бууруулах урьдчилсан байдлаар авах арга хэмжээний төлөвлөлтийг Японы сайн жишигт тулгуурлан төлөвлөгөө боловсруулах заавар боловсруулсан. Тийм учраас гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд маш том хувь нэмэр оруулна гэж найдаж байна. Төсөл гурван чиглэлээр хэрэгжсэн. Төслийн хоёр дахь үр дүн гэвэл Барилгын газар хөдлөлтийн тэсвэрлэлтийн аргачлалыг Монголд анх удаа боловсруулсан. Шууд үр дүн нь цаашид Монголд газар хөдлөлтийн тэсвэрлэлтийн үнэлгээг хийх боломжтой болох юм. Тухайн барилга ямар эрсдэлтэй байгааг үнэлж дүгнээд, дахин төлөвлөх юм уу, хүчитгэх шаардлагатай эсэхийг нарийвчлан тогтоох боломжтой. Үнэлгээ хийх аргачлалыг боловсруулаад холбогдох норм дүрмийг батлуулсан. Гуравдугаар үр дүн гамшгаас сэргийлэх боловсрол олгох хүрээнд Аюулгүй амьдрах ухаан сургалтын хөтөлбөр батлагдаж, энэ хичээлийг дунд сургуульд энэ оны хоёрдугаар улирлаас заахаар болсон” гэв.
Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв гэж байдаг. Энэ төвд газар хөдлөлтийг биеэр мэдрүүлэх төхөөрөмж нийлүүлсэн. Газар хөдлөлтийн үед ямар хэмжээний чичирхийлэл үүсдэгийг биеэр мэдэрч, бүрэн мэдээлэл авах боломжтой. Мөн төслийн хүрээнд барилга байгууламжийн газар хөдлөлтийн тэсвэржилтийг гаднаас нь хэмжих таван төрлийн багаж, тоног төхөөрөмжийг нийлүүлсэн байна.
Найман аймгийн эрсдэлийн үнэлгээ хийгджээ
ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийг удирдах газрын дарга Д.Баасансүрэн энэ үеэр Гамшгийн орон зайн мэдээллийн системийг хэрхэн ашиглах талаар танилцуулсан юм.
-Гамшгаас хамгаалах хууль 2017 онд батлагдсанаас хойш Онцгой байдлын байгууллага олон эрсдэлийн үнэлгээ хийж, өөрсдөө очиж аймгийн мэргэжлийн албад, Онцгой комиссын гишүүдийг оролцуулаад, эрсдэлийн үнэлгээ хийж байгаа юм. Одоогийн байдлаар Хөвсгөлөөс эхлээд Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Говьсүмбэр зэрэг найман аймгийн эрсдлийн үнэлгээ хийгдсэн байна. Хөвсгөлийн эрсдэлийн мэдээлэл гэхэд газар хөдлөлтийн эрсдэл, ой хээрийн түймрийн эрсдэлийн мэдээлэл гарч ирнэ. Газар хөдлөлтийн эрсдэлийн түвшин дунд гэсэн мэдээлэл гарч ирж байна. Эрсдэлийн үнэлгээний тайлан энд харагдаж байгаа. Ой хээрийн түймрийн эрсдэлийн зураг байна. Хөвсгөлд байдаг бүх өвөлжөөг арван жилийн ой хээрийн түймрийн мэдээлэлтэй давхцуулж харвал Цагаан-Уул сум түймрийн эрсдэлтэй харагдаж байх жишээтэй. Эрсдэлийг бууруулах зөвлөмж гаргасан. Мөрөн сумын газар хөдлөлтийн зураг байна. 200 гаруй барилга орсон. ЖАЙКА-гаас боловсруулсан барилгын хамгийн сүүлийн үеийн норм, дүрмийн дагуу үнэлсэн. Сургуулийн барилгыг хүчитгэх ёстой гэсэн зөвлөмж өгсөн. Энэ мэт нарийн мэдээллийг нээлттэй мэдээллийн санд тавьсан. Нийслэлийн үнэлгээ, гал түймрийн эрсдэлийн зураг байна. Үүнийг цахим платформд байршуулсан давуу талтай. Онцгой байдлын байгууллагаас зорилт тавьсан. Бодлогын түвшинд 2020 онд эмнэлэг, сургуулийн барилгуудыг үнэлж дуусгая гэсэн чиглэлийг Шадар сайд, ОБЕГ-ын даргын зүгээс өгч байгаа. Манай эрсдэлийн үнэлгээний мэргэжилтнүүд бэлтгэгдэж, аймгуудад томилогдсон. Энэ мэргэжилтнүүдийг ЖАЙКА төслийн хүрээнд бэлтгэсэн. 2020 оны зорилт тодорхой. Төслийн хүрээнд бий болсон технологи, үнэлгээний аргачлалд үндэслээд, Аюулгүй эмнэлэг, сургууль гэдэг зорилтоо хэрэгжүүлнэ. 700 гаруй сургуулийн асуудал яригдаж байгаа. Эмнэлгийн тоо хараахан гараагүй байна. Энэ болгон дээр үнэлгээ хийнэ. ЖАЙКА-гийн аргачлалыг Шадар сайдаар батлуулна. Сая даргын зөвлөлийн хурлаар орсон. Батлуулаад, норм стандарт болгож мөрдүүлэн, хэрэгжүүлнэ. Бүх аж ахуйн нэгжүүд нарийвчилсан үнэлгээ хийнэ гэж байгаа юм. Тусгай зөвшөөрөлтэй компаниуд үнэлгээ хийгээд эхэлсэн. Үүн дээр манай эрсдэлийн мэргэжилтнүүд хяналт тавих ёстой. Байгууллага үйлдвэр, үйлчилгээнийхээ зардлын нэг хувиар эрсдэлийн сан үүсгэнэ гээд байгаа юм. Эрсдэлийн сан үүсгэсэн компаниуд бий. Эрсдэлийн үнэлгээнд нь үндэслээд юу хийхийг нь зөвлөж, эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг нь гаргаж өгч байгаа. Энэ төслийнхөө үр дүнг тогтвортой үргэлжлүүлнэ” гэсэн юм.
Сургууль, эмнэлгийн барилгуудыг хүчитгэх шаардлагатай байна
Онцгой байдлын ерөнхий газрын хэлтсийн дарга хурандаа Б.Баянмөнх Гамшгаас хамгаалах санамж бичгийн ач холбогдлын талаар тайлбарласан. Түүнээс энэ талаар тодрууллаа.
-Та сая гамшгийн үед хүнс ус, хоргодох байр, шатахуунаар хангах чиглэлээр 11 санамж бичиг байгуулсан тухай ярилаа. Санамж бичгийг ёс төдий байгуулаад орхиж байна уу, гамшгийн үед хүлээх үүргээ тухайн байгууллагууд ухамсарлаж байгаа юу?
-Сая миний дурдсан яам, агентлагууд гамшгаас хамгаалах төлөвлөгөөтэй ажилладаг. ХХААХҮЯ-нд бол Хүнс хөдөө аж ахуйн улсын алба гэж бий. Монгол Улсад төрийн захиргааны төв байгууллагыг түшиглэсэн Гамшгаас хамгаалах улсын алба Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан. Тэр байгууллагууд Гамшгаас хамгаалах төлөвлөгөөтэй ажилладаг. Энэ төлөвлөгөөнд гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр ХХААХҮЯ бэлтгэлээ хангасан. Гамшиг тохиолдсон үед улсын алба ийм ийм үүрэг гүйцэтгэнэ гээд үүрэг чиглэлээ тодорхойлсон төлөвлөгөөтэй байдаг. Гамшиг тохиолдсон үед богино хугацаанд зохион байгуулалтад орж, хэн юу хийхээ урьдчилж санамж бичгээр тодорхойлж, үүрэг хариуцлагаа нарийвчилж өгсөн гэсэн үг.
-Японы жишээг ярьсан. Гамшгийн үед дунд сургуулиудын байрыг түр хоргодох газар болгодог юм байна. Гэхдээ япон сургуулиудын чанар өөр. Манай сургуулиудын барилга газар хөдлөлтийг тэсвэрлэх үү?
-Ер нь манай сургуулиудын ихэнх нь 1970-1980-аад онд орос стандартаар байгуулагдсан. Сүүлийн үед шинээр баригдсан арваннэг, гуравдугаар дунд сургуулийг газар хөдлөлтөд тэсвэртэй байдлаар барьсан. Японд бүх ерөнхий боловсролын дунд сургуулиудынх барилгыг хүчитгэсэн. Монголд одоогоор хүчитгэсэн сургууль байхгүй. Гэхдээ гамшгийн үед сургууль, спорт заалуудыг түр хоргодох байраар ашиглахаас өөр арга байхгүй. Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах байнгын ажиллагаатай зөвлөлийн ажлын төлөвлөгөөнд ч барилга байшингуудыг хүчитгэх арга хэмжээ төлөвлөгдсөн. Хамгийн түрүүнд эмнэлэг, сургууль, үйлчилгээний байгууллагуудын аюулгүй байдлыг хангаж, хүчитгэх шаардлагатай байгаа юм гэв.
Газар хөдлөлтийн үеэр олон иргэд нүсэр тавилгандаа дарагдаж амиа алддаг
Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн сургагч багш, дэслэгч Б.Ням-Осор “Томоохон газар хөдлөлтийн дараах судалгаагаар амь насаа алдсан иргэдийн 60-70 хувь нь тавилгандаа дарагдаж амь насаа алдсан байдаг. Тэгэхээр бид тавилгаа зөв байрлуулах ёстой. Японы жишээгээр бол нэгдүгээрт аюулгүй амьдрахыг чухалчилдаг. Тавилга нь намхан, метр 50-60-аас хэтрэхгүй. Заавал ханатай нь бэхэлдэг. Манайд зарагдаж байгаа тавилганууд намдаа 2 метр 30 см байгаа. Сүүлийн үед баригдаж байгаа барилгуудын цонх шалнаасаа тааз хүртлээ үргэлжилдэг болсон. Энэ бүхэн гамшиг ослын үед маш том эрсдэл дагуулдаг юм шүү. Барилга байшингаа сонгохдоо бүрэн цутгамал орон сууцыг сонгооч. Нийслэлийн газар хөдлөлтийн идэвхтэй бүс гэж байдаг. Сонгино, Яармаг орчим, Туул голын сав дагуу газар 40, 50 мянгат газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд хамаардаг. Гол устай газар хөрс сийрэг байдаг. Стандарт орон сууц сонгооч. Дороо үйлчилгээний төвтэй барилгууд тулгуур багана багатай учраас газар хөдлөлтийн үед нуралт өгөх эрсдэл өндөрсдөг. Газар хөдлөлтийн үед хамгийн том эрсдэл барилга биш юм байна. Эргэн тойронд байдаг том тавилгууд хамгийн том аюул дагуулдаг юм байна” хэмээн зөвлөв.
Нийслэлчүүд уг төвд хэр их ханддагийг түүнээс лавлахад:
-Иргэд гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэл олж авъя, хүүхдүүдээ сургая гэсэн эрмэлзэл ихтэй болсон. Манай сургалтын төв 2016 онд байгуулагдсан. Гурван жилийн хугацаанд 75 мянган иргэнд гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэл олгосон гэлээ.