Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Нийгмийн даатгал бус нийгмийн татвар болсон уу

- 2020 оны нэгдүгээр сарын 01-нээс НДШ хоёр хувиар өснө -

Ирэх 2020 онд иргэн таны төлөх Нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ 26 хувьд хүрч өснө. Нийгмийн даатгалд хамрагддаг шимтгэлийн нэг төрөл болох тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэхээр 2017 онд хуульчилсан. Энэхүү бодлогын хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 онд хоёр хувь, 2019 онд нэг хувь, 2020 онд мөн хоёр хувь нийтдээ таван хувиар нэмэх шийдвэрийг гаргасан байдаг.

Уг өгсөх эрэмбээр ажил олгогч, ажилтны төлдөг нийт татварын хэмжээ 2017 онд 21 хувь, 2018 онд 23 хувь, 2019 онд 24 хувь, 2020 онд 26 хувь болж өсөх юм.

Үүнийг задалбал,
• 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс ажилтан 11 хувь, ажил олгогч 12-14 хувийн шимтгэл /ямар үйл ажиллагаа явуулж буйгаас хамаарч/ төлсөн
• 2019 оны нэгдүгээс сараас ажилтан 11.5, ажил олгогч 12.5-14.5 хувийн шимтгэлийг Нийгмийн даатгалын санд төлсөн
• 2020 оноос ажилтан 12.5, ажил олгогч 13.5-15.5 хувийн шимтгэлийг Нийгмийн даатгалын санд төлөх болж байна.

Ажилтан та тэтгэврийн даатгалдаа буюу өөрийн тэтгэврийн сандаа 2020 оноос нийт цалингийнхаа 19 хувийг хуримтлуулдаг болох нь. Нэмэгдэж буй шимтгэл нь зөвхөн Тэтгэврийн даатгалын санд нэмж хуримтлагдах юм. Манай улсын тэтгэвэр авагчийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 16 мянгаар, түүнд зарцуулах мөнгөн хөрөнгө сүүлийн хоёр жилд хоёр их наядаар тус тус өссөн ба цаашид эдгээр үзүүлэлт өсөх нь тодорхой учир тэтгэврийн санг зузаатгах шаардлагын үүднээс ийнхүү нийгмийн даатгалыг шимтгэлийг нэмсэн хэмээн эрх баригчид тайлбарлаж буй. “Ингэж байж энэ цаг үед тэтгэвэр авч байгаа иргэдэд олгох мөнгөний эх үүсвэрийг тасалчихгүй байна, цаашлаад ажилтны ирээдүйд тогтоолгох тэтгэврийн хэмжээ ч өндөр тогтоно” гэх сайхан үгээр хаалт тавьж байгаа.
Жишээ татъя. Өнөөдөр иргэн та сая төгрөгийн цалин авдаг гэж бодъё. Нийгмийн даатгалын санд ажил олгогч сая төгрөгийн цалингийн 12.5 хувь буюу 125.000 төгрөгийг, ажилтан өөрөө сая төгрөгийн цалингийн 11.5 хувь буюу 115.000 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлд төлж байгаа.


Харин ирэх 2020 онд та сая төгрөгийн цалин авдаг хэвээрээ гэж бодоход өөрөө болон компанитайгаа нийлээд цалингийнхаа 26 хувийг буюу сар бүр 260.000 төгрөгийг нийгмийн даатгалдаа хуримтлуулна. Үүнээс ажилтан өөрөө 12.5 хувийг буюу 125.000 төгрөг, ажил олгогч 13.5 хувийг буюу 135.000 төгрөг төлөх юм. Яг хувь хүн буюу ажилтан таны төлөх НДШ 2019 онд 125 мянган төгрөг байгаа бол 2020 онд 135 мянга төгрөг болж өснө.Өөрөөр хэлбэл, таны гар дээр авч байгаа цалингийн хэмжээ одоогийнхоос 10.000 төгрөгөөр багасна гэсэн үг юм.
Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2017 онд ОВУС-аас төсвийн зардлаа бууруул гэсэн чиглэл өгсөөр байхад МАН түүний гишүүдээс бүрдсэн Засгийн газар эсрэгээрээ төрийн зардлаа нэмэгдүүлсэн. Улмаар түүнийхээ зардлыг нөхөхийн тулд иргэдээс авах татварын хэмжээгээ нэмэгдүүлэхдээ НДШ-ийг үе шаттайгаар нэмэгдүүлэх дээрх шийдвэрийг гаргасан байдаг. Монголоос өөр улсад бол гол нэрийн экспортын бүтээгдэхүүний татвараа нэмэгдүүлж, төрийн зардлаа бууруулдаг байтал монголд бүх татварын дарамтыг нийт иргэдэд үүрүүлдэг гажиг тогтолцоо үүсээд байгаа билээ. Ийнхүү он гарсаар өсөх нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой шүүмжлэлүүд олон нийтийн дунд өрнөөд байна. “Энэ бол нэг төрлийн луйвар. Иргэдээс санал асуулга авахгүйгээр хуулийн нэрээр сүрдүүлэг хийж албан журмаар даатгал төлүүлж, түүнийхээ хэмжээг нэмж байгаа нь бусармаг үйлдэл. Нийгмийн даатгалын шимтгэл төлж төрийг тэтгэх үү, эсвэл даатгалд хамрагдахгүйгээр нийгмийн даатгалын нэрээр сар бүр суутгуулдаг мөнгөө банкинд хүүтэй хадгалуулах уу гэсэн эргэлзээ төрөх боллоо. Учир нь жил бүр нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ өсч, жирийн ажилчид, дундаж давхаргынхны хөдөл-мөрийн хөлснөөс сорох боллоо” гэх мэтчилэн цахим орчинд сэтгэгдлээ хуваалцаад байгаа юм. Зарим иргэд сонирхолтой тооцоолол хүртэл хийжээ.


Тухайлбал, "Ард Лайф" компанийн гүйцэтгэх захирал Б.Гантулга дараах тооцооллыг хийжээ. Хүн сар бүр 187 мянган төгрөг жилийн нийлмэл 13 хувийн өгөөжтэй хуримтлуулаад явахад 30 жилийн дараа 827 сая төгрөгийн хуримтлалтай болох гэнэ. Улмаар сард есөн сая төгрөгийн тэтгэврийг хүү хэлбэрээр авах боломжтой байна. Тэгээд "нас барлаа" гэхэд 827 сая төгрөг "үр хүүхдэд өвлөгдөнө". Сингапур, Хонгконг ингэж л хөгжиж байгаа тухай бичжээ. “Иргэн хуримтлал үүсгэж чадалгүй хүнд өвчин тусвал сар бүр ажилтан хоёр хувь, аж ахуй нэгж хоёр хувь нийтдээ дөрвөн хувь төлж буй эрүүл мэндийн даатгалын сан туслах ёстой. Өнөөдөр нийт ажил хийж буй хүмүүсийн 65 хувь нь сая төгрөг хүрэхгүй цалин, орлоготой. Хамгийн гайхалтай нь 1.1 сая төгрөгийн цалинтай хүн 30 жил тасралтгүй хөдөлмөрлөөд авах тэтгэвэр нь 660.000 төгрөг байгаа юм.


Хэрвээ та тэтгэвэрт гарахаасаа өмнө болон тэтгэвэр авч эхлээд удаагүй байхдаа нас барвал хохь нь болно. Таны 30 жил төлсөн НДШ үр хүүхдэд чинь хамаагүй. Тэгсэн мөртлөө таны өр зээл үр хүүхэд, гэр бүлд тань өвлөгдөн үлддэг. Миний бие "Ард Лайф" компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж эхлээд байна. 16 жил ажиллахдаа хувийн секторт ажиллаж үзээгүй салбар, санхүүгийн чиглэл гэж байхгүй. Энэ хугацаанд ажигласан нэг зүйл маань өдөр тутмын ажлаа хийгээд цалингаа аваад явдаг хүмүүст нэг дутагдаж буй зүйл нь үндэсний баялаг огт үүсдэггүй явдал болохыг олж харсан. Үндэсний баялаг гэдэг зүйл нь зүгээр нэг хөрөнгө мөнгө биш илүү баялаг гэдэг утгаараа. Энэ баялаг гээд байгаа нь Нийгмийн даатгалын сан, Тэтгэврийн сан дээр тогтдог юм байна.


Гэтэл бид энэ асуудал дээр чимээгүй явсаар 30 жил боллоо. Өөрөөр хэлбэл, улс орны иргэдийн дундаж давхаргын дархлаа нь болсон Нийгмийн даатгал тэр дотроо Тэтгэврийн сан дээр ямар ч өөрчлөлт гарсангүй. Харин ч дордож, Энэ хугацаанд нийгмийн даатгалын сан нь хоосорч, ямар ч хараа хяналтгүй болсон байна. Иймд Нийгмийн даатгалын санг хувьчлах шаардлагатай. 100 хувь биш юм аа гэхэд Тэтгэврийн сан, Эрүүл мэндийн даатгалын сангаас эхлээд энэ төрлийн шинэчлэл хийгдэх ёстой. Өнөөдөр тэтгэвэрт гарч байгаа хүмүүс тэтгэвэрт гарсан өдрөөсөө эхлээд бага орлоготой, нийгмийн эмзэг бүлэг рүү орж байна. Тэгэхээр энэ шинэчлэл зайлшгүй хийгдэх шаардлагатай. Цаг үе нь болсон ба ирэх жилийн сонгуульд бэлдэж байгаа хүмүүсийн мөрийн хөтөлбөрт Нийгмийн даатгал, тэтгэврийн шинэчлэлийг заавал оруулж өгөх шаардлагатай” хэмээн ярьсан юм. Мөн Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны иргэн Б.Ариунаа хэлэхдээ “Миний хувьд Эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалыг битгий төлөөрэй гэж уриалдаг. Уг нь даатгал гэдэг чинь урьдчилж төлсөн зардал байдаг. Ямар нэг болзошгүй эрсдэлийг урьдчилж даатгуулаад эрсдэлээ бага ч гэсэн хаадаг. Гэтэл манайд ЭМД төлөхөөр өмнөх саруудад нь л үйлчилдэг. Ажил хийж байгаа бид эмнэлгээр явах зав гардаггүй юм аа. Чөлөө авахаар чөлөө өгөхгүй. Аргаа бараад хагас бүтэн сайнд хувийн эмнэлэгт төлбөртэй үзүүлдэг. Эм авсан ч даатгалын хөнгөлөлт эдэлдэггүй. Өрхийн эмч нар хөнгөлөлттэй цаасанд жор бичиж өгдөггүй тэр цаас нь тоотой хэмжээтэй байдаг юм гэсэн. Тэгээд түүндээ бичилт хийж өгөх дургүй. Ажлаас гарахаар ЭМД төлдөггүй гээд эмнэлгүүд нь үйлчилдэггүй. Ийм л байна. Өвдөөгүй байж заавал ЭМД-ын мөнгө төлдөг. Эмнэлэгт үзүүлбэл өмнөх он жилүүдэд ЭМД төлөөгүй байна түүнийгээ төлчхөөд ирж үзүүл гэдэг. Өвдөөгүй байж өмнөх жилүүдийн ЭМД даатгал заавал төлөх ёстой. Зүйрлэвэл, дэлгүүрээс талх даваа гарагт авчхаад тавдахь өдөр нь авах гээд очтол өмнөх гурван өдөр талх аваагүй байна. 2, 3, 4 дэх өдрийн талхны мөнгийг төлж байж өнөөдрийн талхаа ав гэж байгаа юм шиг, яг ийм тогтолцоотой. Нийгмийн даатгал төлж байгаа бид одоо тэтгэвэр авч байгаа эмээ, өвөө нарын тэтгэврийн мөнгөний төлөө л ажиллаж байгаа. Нийгмийн халамж авдаг хүмүүсийн төлөө л нийгмийн даатгал төлдөг. Манай улсад тэтгэврийн сан гэж байхгүй. Ингээд хэдэн хөгшчүүл хэдэн ядарсан хүмүүсийн тэтгэвэр, халамжийн мөнгөний төлөө зүтгэж, зүтгэж өөрсдөө тэтгэвэрт яг гардгийн даваан дээр ойчоод өгнө. Тэр насаараа төлсөн НД-ын мөнгө хэнд ч уламжлагдаж очихгүй. Үр хүүхдэд нь ч очихгүй. Тэгээд л улс өө ашгүй гээд л ажил явдалд нь хэрэглээрэй гэж нас барсны дараах сарын тэтгэврийн мөнгийг нь өгөөд л баяртай болдог. Ийм л өрөвдөлтэй, тамын тогоо шиг систем үйлчилж байгаа учраас би НДШ-ийг дэмждэггүй” гэв.


Үүнээс харахад өнөөдрийн манай улсын нийгмийн даатгалын тогтолцоонд өөрчлөлт хийх болсныг илтгэж байх шиг. Үнэндээ сарынхаа цалингаас яг хэдэн төгрөгийг яах гэж нийгмийн даатгалд төлдгөө мэддэг хүн ховор. Өнөөдрийн байдлаар Монголд нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр арилжааны болон ББСБ-аас зээл хүсэх, гаднын улс руу зорчихдоо виз хүсэх, эмэгтэйчүүдийн хувьд жирэмсний тэтгэмж авахаас өөрөөр ашигтай зүйл тун цөөхөн. Тиймээс иргэдийн хувьд ч гэсэн нийгмийн даатгал төлөх нь 20-30 жил ажилласны дараа тэтгэвэрт гарах үед сар бүр хэдэн төгрөг төрөөс авна, гадагшаа виз хүсэхдээ ашиглана, банкнаас зээл авах үед орлогын баталгаа болдог, жирэмсний тэтгэмж авахад хэрэгтэй гэсэн үндсэн хэдхэн ойлголттой байгаа нь нууц биш. Нэг ёсондоо хуульд захирагдаж буй болохоос яг хэзээ, юунд бүрэн ашиглах вэ, хэдэн төгрөгийн нийт хуримтлалыг нийгмийн даатгалын гэх дансанд төвлөрүүлснээ нарийн тооцож үздэг хүн бараг үгүй. Гэтэл төр болон хувийн хэвшлийн бүхий л салбарт насаараа ажиллаж, хөдөлмөрлөчхөөд, нийгмийн даатгалын шимтгэл нэрээр цалингийнхаа нэлээд хэсгийг хуулийн дагуу хураалгачхаад эцэст нь тэтгэврээ ч авч чадахгүй, татвар төлснийхөө үр шимийг ч үзэж чадахгүй насан өөд болж байгаа хүмүүс олон бий. Энэ бол гашуун боловч монголчууд бидний амьдралд тохиолддог бодит түүх.


Гэтэл 2018 оноос тэтгэвэрт гарах насыг жил бүр зургаан сараар нэмэхээр хуульчилсан юм. Тодруулбал, 2018 онд эрэгтэй 60 нас зургаан сар, эмэгтэй 55 нас зургаан сар гэхчилэн өсөх эрэмбээр явж байгаа юм. Ингэснээр 2027 он гэхэд эрэгтэй 65 нас, эмэгтэй 55-60 нас хүрч тэтгэвэрт гардаг тогтолцоонд бүрэн шилжсэн байх аж. Дөрвөн хүүхэд төрүүлж, алдарт эх болсон эмэгтэйчүүд одоогийн зохицуулалтаар 50 нас хүрээд тэтгэвэрт гарч буй. 2018 оноос хойш энэ тоо зургаан сараар өссөөр, 2027 онд алдарт ээжүүд 55 нас хүрч тэтгэвэрт гардаг тогтолцоонд бүрэн шилжихээр тооцоолсон юм. Гэтэл манай улсын иргэдийн дундаж наслалт 2015 оны байдлаар эмэгтэйчүүдийнх 75.8, эрэгтэйчүүдийнх нь 66.02 байна. 2005 онд жишээ нь, эрэгтэйчүүдийн дундаж наслалт 62.11 байжээ. Өөрөөр хэлбэл эрэгтэйчүүдийн дундаж наслалт 10 жилийн хугацаанд дөрөв орчим насаар нэмэгдсэн байна. Энэ тооцооллоор магадгүй эрэгтэйчүүдийн дундаж нас 2025 онд 70 болох нь гэж төсөөлье. Энэхүү дундаж насны хэмжээний насыг насалсан хүн ердөө тавхан жил тэтгэвэр авахаар байгаа юм. Ийм л харалган шийдвэрийг төр засгаас гарган хэрэгжүүлж байна. Дэлхийн улс орнууд тухайн иргэн тэтгэвэр тогтоолгоод арав гаруй жил амьдарна гэж тооцоолж тэтгэврийнхээ насыг тогтоодог байна. Гэтэл манайд эсрэгээрээ. Нийгмийн даатгалын сан нь мөнгөгүй болчих гээд байгаа болохоор дундаж наслалтад нь тулгаж ийнхүү тэтгэврийг нь тогтоох арга хэрэглэж байгаа нь иргэдийнхээ хөдөлмөрийг даатгал нэрээр дээрэмдэж байгааг илтгэж байна


Угтаа даатгал бол татвар биш. Даатгалын суурь философи бол та хэзээ нэгэн цагт эргүүлж авна гэсэн ойлголт юм. Хүн төрөлхтөн өнөөг хүртэл ингэж л ойлгож ирсэн. Гэтэл Монголд л өөр. Даатгал бол татвар байж болох нь. Учир юу вэ гэвэл, нэг сая төгрөгийн цалинтай хүн cap бүр 200 орчим мянган төгрөгийг нийгмийн даатгалд даатгал нэрийн дор төлж байна. Тооцоо хийж үзэхэд, хэрэв иргэн хүн энэ мөнгөө нийгмийн даатгалд биш хадгаламжид cap бүр хийгээд явбал тэтгэвэрт гарах үедээ нэг тэрбум гаруй төгрөгтэй болохоор байна. Ийм их мөнгө хураалгаад түүнийгээ авч болохоор байхад яагаад cap бүр ердөө 300 мянган төгрөгийн тэтгэвэр авч зарим нь тэтгэврээ авч чадахгүй нас эцэслэнэ вэ. Энэ бол угтаа Нийгмийн даатгалын тогтолцооны гажуудал юм.


Тиймээс хэсэг бүлэг залуус нийлж “Хариуцлагатай даатгал төлөгч клуб”-ыг байгуулж олон нийтийн дунд нийгмийн даатгалын талаарх ойлголтыг сайжруулах, хамтдаа нийгмийн даатгалын тогтолцоогоо өөрчлөхөд хувь нэмэр оруулахаар ажиллаж байгаа юм байна. Энэ талаар Залуус өөрчлөлтийн төлөө үндэсний хөдөлгөөний ахлах зохицуулагч, хуульч Э. ЭНХБОЛД хэлэхдээ “Нийгмийн даатгалын шимтгэлийг төлж буй залуус бид төрөөс шударга, ил тод байдал, өөрийн төлж буй нийгмийн даатгалын шимтгэлийг зөв хуваарилж байгаа эсэх, цаашдын чиг хандлагыг сайжруулах, залуусын дуу хоолойг хүргэх, зорилготойгоор “Хариуцлагатай даатгал төлөгчид” клубийг байгуулсан. Манай клубийн залуус өнөөгийн нийгмийн даатгалын байдал, олон улсын тогтолцоог судлах, цаашид хэрхэн сайжруулах, өөрсдийн дуу хоолойг бусдад түгээх, залуусын саналыг сонсох, харилцан мэдээлэл түгээх чиглэлээр ажиллаж байна. Ирээдүйд Монгол Улсад тэтгэвэрт гарах өндөр настны тоо нэмэгдэх учраас өнөөдрөөс эхлэн бэлтгэж эхлэх хэрэгтэй. Үүнтэй уялдуулан бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байна. Мөн Нийгмийн даатгал төлж буй иргэдийн дийлэнх нь залуус учраас нийгмийн даатгалын санд хуримтлалтай болох, нийгмийн даатгалаар дамжуулж дундаж давхаргын тоог нэмэгдүүлэх, улс орны хөгжилд хувь нэмэр оруулах хэрэгтэй. 2017 оноос нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр хуульчилсан.Ингэснээр ажилтан, ажил олгогчдын төлөх хэмжээ нь 26 хувьд хүрнэ. 1 хувиар нэмэгдээд ажилтанд үр ашгаа өгдөг, үр ашгаа хүртэх байсан бол зөв. Гэтэл ийнхүү өсгөх болсон шалтгаан нь дутаж буй сангийн хөрөнгийг нөхөх л зорилготой гэдэг нь харагдаж байна. Хэрэв энэ байдлаараа удаан үргэлжилбэл 2030 он гэхэд нийгмийн даатгалын ачаалал залуус бидний нуруун дээр ирэхээр байна. Тиймээс одооноос үүнийг засах, сайжруулах, шаардлагатай гэж үзэж байгаа. Тухайлбал, Норвеги улсын тэтгэврийн тогтолцоо нь нийтийн тэтгэврийн системтэй, заавал төлөх ажил эрхлэгчдийн тэтгэврийн систем, хувийн тэтгэврийн хадгаламжийн гэрээнээс бүрддэг. Тэтгэврийн сан нь 100 хувь цалинтай нь ижил хэмжээний тэтгэмжийг олгох, багадаа 70 хувиар олгодог. Харин Япон улсад нийгмийн хамгааллаар дамжуулж иргэдээс цугларсан шимтгэлийн мөнгөөр үйлдвэрлэлд хөрөнгө оруулсан байдаг. Бизнесийн байгууллагууд, аж үйлдвэрүүд, зам тээвэр, жижиг дунд үйлдвэрлэлүүд, эдийн засагт нөлөө үзүүлэх чухал салбаруудад хөрөнгө оруулалт хийж эдийн засгийн хөгжлийн суурийг тавьсан байдаг. Ингэснээр улс орны эдийн засагт төдийгүй нийгмийн даатгалын санд сайнаар нөлөөлсөн байна. Мөн төлж буй нийгмийн даатгалын шимтгэл нь өвлөгддөг, хуримтлалын санд цугларсан хадгаламжаа барьцаалан орон сууцны урьдчилгаанд төлөх, хуримтлалаа барьцаалах, хуримтлалын үр шимийг хүртэх зэрэг олон давуу талуудыг иргэддээ бүрдүүлсэн улс орнууд ч байдаг. Тэр сайн жишээнээс судалж, нэвтрүүлэх шаардлагатай гэсэн юм.


Өнөөдөр арван монгол хүн тутмын нэг нь тэтгэвэр авч, хөдөлмөр эрхэлж буй таван хүн тутамд нэг өндөр настан ногдож байна. Дэлхийн дунджаас хавьгүй доогуур манай өндөр настнуудын тоо биднийг залуусын орон болохыг батална. Гэвч манай улсын ахмад настны тоо 30 хүрэхгүй жилийн дотор одоогийнхоос 3-4 дахин нэмэгдэх тооцоог хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гаргаад байна. 2045 он гэхэд Монголын таван хүн тутмын нэг нь тэтгэврийн настан болно. Наанадаж л одоогоос 10 гаруйхан жилийн дараа манай өндөр настнууд хоёр дахин нэмэгдэж, 600 мянгад хүрэх төлөвтэй. Гэтэл өдгөө хүн амынх нь арван хувьд ч хүрдэггүй хөгшдийнхөө тэтгэврийг арай ядан тавьж буй төр арав гаруй жилийн дараа хагас саяас олон болох өндөр настнуудаа өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлж чадах эсэх нь эргэлзээтэй байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com