Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
ТӨРИЙН ӨМЧИЙН ИХ СУРГУУЛИУДЫГ НЭГТГЭХ үлгэр ярихын учир юу вэ?

Баавгайн Насанбаяр
Ph.D /Боловсрол судлал/

Монгол Улсад дээд боловсрол судлал хөгжөөгүй, улс төрөөс бүрэн хараат, сургалтын төлбөрөөс бараг 100 хувь санхүүждэг тогтолцоо нь чанар түүнтэй холбогдох үр дүнг бүтээх боломжийг булаасаар өдийг хүрлээ. Өнөөгийн УИХ, Засгийн газрын дээд боловсролын бодлогыг тодорхойлох эрх мэдэл бүхий хүмүүс төрийн өмчийн найман их сургуулийг нэгтгэх нь дээд боловсролын чанар, үр өгөөжийг нэмэгдүүлэх арга зам, “мэргэн шийдэл” гэж тодорхойлоод, хүчээр нэгтгэсний үр дүнд дэлхийд тэргүүлэх их сургуулиудтай эн зэрэгцсэн судалгааны их сургуультай болно гэж мэдэгдэж байна. 2010 онд МУИС-тай Улаанбаатар их сургууль, Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг нэгтгэсэн хэдий ч удаа дараа хэл ам, тэмцэл болсоор буцаад өрх тусгаарласан түүхтэй.

УЛС ТӨРИЙН “ХҮЧ ЧАДАЛ” БА ЧАНАРГҮЙДЛИЙН ТОЙРОГ…

Ардчилсан улс төрийн системтэй улс оронд бусдаас ялгарах бодлого, мөрийн хөтөлбөр дэвшүүлэн, сонгогчдын олонхын дэмжлэгийг авсан улс төрийн нам төрийн эрхийг барьж, “онцгой” мөрийн хөтөлбөрөө төрийн бодлого болгон хэрэгжүүлэхийг эрмэлзсээр ирсэн. Энэ эрмэлзэл нь дээд боловсролын бодлого эрх баригч нам, салбарын сайд солигдох бүрт өөрчлөгдөн хувирч, урт хугацааны, тууштай, тогтвортой бодлого үгүй болж, хөгжлийн залгамж чанар алдагдахад хүргэдэг. Энэ удаагийн төрийн өмчийн найман их сургуулийг нэгтгэх шийдэл нь хэрэгжсэн тохиолдолд улс төрийн тоглоомын сонгодог жишээ болно.
Дээд боловсролын байгууллага, их сургуулийн засаглалын бие даасан байдлыг бэхжүүлэх, эрдмийн эрх чөлөөг хангах нь сургалт, судалгааны чанар, мэдлэгт суурилсан эдийн засаг, нийгмийн мэдлэгийн үр өгөөжтэй шууд холбогдох тул улс орон бүр тэргүүлэх ач холбогдол өгч байна.

Төрийн өмчийн их, дээд сургуулиудын Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн, захирлыг салбарын сайд томилж байгаа нь их, дээд сургуулийн удирдлага бүхэлдээ улс төрөөс шууд хараат, улс төрийн нам, хүчний эрх ашигт, зорилгод захирагддаг байсныг эрс өөрчилсөн Дээд боловсролын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг 2016 оны дөрөвдүгээр сард тухайн үеийн УИХ, Засгийн газрын шийдвэрээр хийсэн байдаг. Тус шийдэл нь Удирдах зөвлөлд төрийн төлөөлөл 51-60 хувийг бүрдүүлдэг байсныг 30 хувь болгож, хоёр дахин буулган, олон нийтийг төлөөлсөн хараат бус итгэмжлэгдсэн гишүүдээр 40 хувийг бүрдүүлэх, захирлыг Удирдах зөвлөлөөс томилж байхаар заасан нь их, дээд сургуулийг улс төрийн ашиг сонирхлоос тусгаарлах, хөгжлийн тогтвортой тууштай бодлого баримтлах, баталгаа болох юм. Хараат бус итгэмжлэгдсэн гишүүд улс төрийн албан тушаал хашдаггүй, эдийн болоод оюуны хувьд тухайн сургуульд хөрөнгө оруулалт, дэмжлэг хийх чадвартай, хөгжлийн төлөө зүтгэх сонирхолтой, бизнес, хууль, санхүү, эдийн засгийн өндөр боловсрол, туршлагатай бүхий л салбарын чадварлаг зүтгэлтнүүд зургаан жилийн хугацаатай ажиллахаар тусгасан байсан.

Гэвч сонгуулийн үр дүнгээр бүрдсэн МАН-ын УИХ, Засгийн газар тус өөрчлөлтийг 2016 оны арваннэгдүгээр сард яаран сандран буцаасан. Аливаа нэг улс төрийн, бүлэглэл хяналтаа тогтоохын тулд боловсролын байгууллагыг өөрсдийн үзэл суртлын индэр, “улаан булан” болгон хувиргаж зөвхөн өөрсдийн эрх ашиг, сонирхолд нийцсэн, үзэл бодол нэгтэй хүмүүсээр удирдуулахыг зорьдог жишгээр МАН-ын УИХ, Засгийн газар хөгжлийн шийдлээс ухарсан ч “төрийн өмчийн их сургуулиудыг нэгтгэн судалгааны их сургууль байгуулна” гэж үлгэр ярихын учир юу вэ?

ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА

Өнөөгийн УИХ, Засгийн газрын төрийн өмчийн их сургуулийг нэгтгэх саналтай ижилхэн шийдлийг ОХУ-ын Засгийн газар тэргүүлэх их сургуулиуддаа зориулан (2005 онд Federal University program, 2006 онд Innovative University program, 2009 онд National Research University program, 2013 онд Russian Academic Excellence Project 5-100) тусгай хөтөлбөрүүдийн хүрээнд хэрэгжүүлжээ. Гэтэл “Холбооны их сургуулиудыг нийлүүлсний дараах үр дүн өмнөхөөс алдагдсан, орон нутаг, бүс нутгийн шинжтэй байсан сургуулиуд глобал болж чадсангүй. Эдгээр их сургууль өөрчлөлтийг бүрэн хариуцаж хэрэгжүүлэхийн тулд түүний удирдлага болон төрийн зүгээс энэхүү шийдлийн глобал зорилго, тодорхой үр дүнг холбогдох талуудад таниулан, бүрэн дэмжлэг авах нөхцөл бүрдүүлэх шаардлагатай” гэсэн судлаачдын дүгнэлт гарсан байна. (Tatiana Jean, IFRI expert on Russian universities)

АНУ-ын 4000 гаруй дээд боловсролын байгууллагын 220, Их Британийн 300 дээд сургуулийн 25, БНХАУ 3000 гаруй сургуулийнхаа 100 орчмыг дэлхийн түвшний судалгааны их сургууль болгон хөгжүүлэх зорилттой ажиллаж байна.

2013 онд Судалгааны их сургуулийг хөгжүүлэх талаар гарсан “Хэфэйн тунхаглал”- д “судалгааны их сургуулийг үр ашигтай институц болгоход чиглэгдсэн үйл ажиллагааг бүх талаар дэмжсэн бодлого, эрх зүйн орчин бүрдсэнээр их сургуулийн өрсөлдөх чадварыг сайжруулан, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх боломж нээгдэнэ. Ийм орчин бүрдээгүй нөхцөлд судалгааны их сургуулийн өрсөлдөх давуу талыг бий болгох, төлөвшин хөгжүүлэх, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх боломжгүй” гэж үзжээ. Хэфэйн тунхаглалд орчин үеийн судалгаанд суурилсан их сургуулийн үндсэн шинжийг дараах байдлаар тодорхойлжээ. (www.leru.org/files/Hefei-Statement-Full-paper.pdf)

1. Нээлттэй засаглалын тогтолцоотой, олон улсын хэмжээнд чадварлаг мэргэжилтнийг татах чадвартай шилдэг хүний нөөцийг бүрдүүлсэн байх;
2. Өнөөгийн болон ирээдүйн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн шинжлэх ухааны үндэслэлтэй эрхэм зорилгоо тодорхойлж, стратегийн төлөвлөгөө хэрэгжүүлдэг, судалгаа, сургалтын тэргүүлэх чиглэлээ бие даан тодорхойлох эрхтэй байх;
3. Судалгааны ёс зүй, түүнтэй холбоотой хэм хэмжээний стандартыг мөрддөг, эрдмийн эрх чөлөөг хариуцлагатайгаар хэрэгжүүлдэг байх;
4. Судлаачдыг тасралтгүй бэлтгэж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны үр дүнг түгээн дэлгэрүүлдэг байх;
5. Тэргүүлэх салбарт бакалаврын болон ахисан түвшний сургалтаар үндэсний болон олон улсын түвшинд инновацыг бий болгох, нэвтрүүлэх чадамжийг бүрдүүлсэн байх.

БОДЛОГЫН ЗАЛГАМЖ ЧАНАР…

Төрийн өмчийн найман их сургуулийг нэгтгэнэ гэсэн муйхар шийдлээс илүү дээд боловсролын байгууллагын бие даасан байдал, засаглалыг бэхжүүлэх эрх зүйн орчин, эрдэм шинжилгээ судалгаа, сургалт, хөтөлбөрийн шинэчлэлийн хүрээнд 2012-2016 оноос эхлэн хэрэгжүүлсэн ажил, үйлсийг үргэлжлүүлэн хөгжүүлэх нь “судалгааны их сургууль”-ийн ирээдүйн хөгжилд илүү тустай. 

Тухайлбал дэлхийн шилдэг их сургуулийн жагсаалтыг тэргүүлдэг MIT буюу Массачусетсийн технологийн институттэй Монгол Улсын Засгийн газар 2015 онд гэрээ байгуулан “МIT-Монгол Улс санаачилга” төслийг ШУТИС дээр хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү төслийн хүрээнд MIT-ШУТИС-ийн багш оюутнууд хамтран хот судлал ба төлөвлөлт, байгаль орчин ба эрчим хүч, био-технологи, геологи зэрэг судалгааны чиглэлүүдээр өргөн хэмжээний хамтарсан судалгааны хөтөлбөр хэрэгжүүлсэн байх учиртай.

2014 онд эхлүүлсэн “Инженер, технологийн дээд боловсрол” буюу 1000 инженер бэлтгэх төслийн хүрээнд 1005 оюутан багш коосэн, бакалавр, магистр, доктор, зэргийн бус сургалтад хамрагдаж, 20 чиглэлээр судалгаа хийж үр дүнг үйлдвэрлэлд шилжүүлэх учиртай. Мөн тус төслийн хүрээнд МУИС, ШУТИС-ийн инженерийн хөтөлбөр нь Японы шилдэг их сургуулиудын түвшинд хүрч хүлээн зөвшөөрөгдөх үйл явц, үр дүн нь судалгааны их сургуулийн суурийг тавих боломжтой.

Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар барилга, тоног төхөөрөмж барьж байгуулах, хүний нөөцийг чадавхжуулах АШУҮИС-ийн “Их сургуулийн эмнэлэг”–ийн иж бүрэн төслийн хүрээнд эрүүл мэндийн салбарын судалгаа жинхэнэ утгаараа хөгжих учиртай.

Германы Засгийн газрын дэмжлэгтэй байгуулагдсан Монголдоо төдийгүй зүүн хойд Азийн бүс нутагтаа Олон Улсад хүлээн зөвшөөрөгдөх инженер бэлтгэх зорилготой “Монгол Германы хамтарсан Технологийн сургууль”-ийн сургалт, судалгааны хөгжил нь уул уурхай, ашигт малтмалын салбарт томоохон хувь нэмэр оруулна.

Багш бэлтгэдэг төрийн өмчийн их дээд сургуульд 650, 750-иас дээш оноо авсан элсэгчдэд 70, 100 хувийн сургалтын төлбөрийн тэтгэлэг, хөдөө орон нутагт багшлах дадлагын амьжиргааны зардлыг 100 хувь Сургалтын төрийн сангаас олгож, 2016 оны байдлаар 3000 гаруй оюутан суралцаж, 2017 онд анхны төгсөгчид ажлын талбар дээр гарсан.

Төр барьж буй нам, сайд хэн байхаас үл хамааран МУИС, ШУТИС, МУБИС, АШУҮИС, МГТИС зэрэг сургуулиудад хэрэгжиж буй сургалт, судалгааны Олон Улсын жишигт баримжаалсан ажлын залгамж чанарыг хадгалах нь судалгааны их сургуулийг хөгжүүлэх үйлсэд оруулах том гавьяа билээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com