Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
П.Очирбат: Газрын тосоор мялаасан дээлээ 100 мянган долларын үнэд хүргэсэн

Анхны Ерөнхийлөгч асан Пунсалмаагийн Очирбаттай Үндсэн хуулийн өөрчлөлт хийгээд Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үеийн гол шийдвэрүүдийн талаар ярилцлаа.


Үндсэн хуулийн чадамж асар их. Алсыг харж хийсэн Үндсэн хууль

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар таны байр суурь ямар байна вэ. Цаг үе нь мөн үү?

-Үндсэн хуулийг зөрчихгүй хэрэгжүүлэх юм бол Үндсэн хуулийн чадамж асар их. Алсыг харж хийсэн Үндсэн хууль. Өнөөдөр УИХ-ын гишүүдийн тоо нь цөөдөөд байгаа зүйл байхгүй. Тэр битгий хэл 1992 оны Үндсэн хуулинд хагас жил тутамд 150 ажлын өдөр хуралдана гэж байхад, 2000 оны өөрчлөлтөөр талыг нь хассан. 75 хоног хуралдана гэж оруулсан. Ирцийг 2/3-оос доошгүй байж хуралдах. Дийлэнх олонх гэдэг үг өмнө нь бий, дийлэнх олонх гэдэг чинь 2/3-оос доошгүй нь чуулган болоод байнгын хороодын хуралд ирж байх ёстой. Гэтэл талыг нь аваад хаячихлаар 36 хүн хуралдах болж байгаа юм. 36 хүнийг олонх гэж байгаа. 36 хүний олонх гэдэг нь 18 хүн. Энэ дээр ганц хоёр хүн нэмээд нөгөө давхар дээлтэй хүмүүс чинь засгийн газрын гишүүдийн 90 хувь нь Их хурлын гишүүн давхар хийж байлаа шүү дээ. Нэг тийм үе байсан. Ингээд төсөл оруулж Их хурлын 18-20 хүн дээр Засгийн газрын гишүүд өөрсдөө нэмэгдээд хууль баталдаг байв. Тал хуралддаг, тал ирц бүрдүүлдэг,76 -ын бусад нь хаачих юм бэ. АНУ-д тэнэж явах уу. Ийм байдалтай байсан. Би үүнийг хоёр Үндсэн хуультай Монгол 20-иод жил явлаа гэж хэлсэн, бичсэн, ярьсан.
-Үндсэн хуулийг хэлэлцэж байсан зарчим одоо байна уу. Харьцуулбал?
-1990-ээд оны эхээр үндсэн хууль хэлэлцэж байсан зарчим, ажил хэрэгч хандлага байхгүй болчхож. Төрийн хууль хэлэлцэж байхад намын тухай ярьж суудаг зүйл их ажиглагдах юм. Ингээд зогсохгүй нам дотроо фракц яриад сууж байдаг төртэй боллоо. Уг нь улс орон, үндэсний эрх ашиг нэгд, дараа нь нам улс төр, фракц байх ёстой. Ингээд буруу явчихаар хуулийн гол үндэслэл чиг шугамаасаа халиад, гол шугамаа барихгүй, хэлэлцүүлэг нь цэц булаацалдсан сонин хэлбэр лүү шилжсэн.
-Дордохын долоо гэдэг тоо үндсэн хуульд ямар хамаатай юм бол?
-Яагаад гэвэл 1992 оны үндсэн хуульд оруулсан 2000 оны нэмэлт, дордохын долоо гэдэг чинь тэр байхгүй юу. Тэр дордохын долоо чинь ирцгүй, хурлын үргэлжлэх хоног цөөхөн хачин болгочихсон. Өөрсдөө ажилтай, ажилгүй хоёрын хооронд ажилласан шүү дээ.
-УИХ-ыг дөрвөн жил биш таван жилээр болгох асуудал яригдаад авсан. Газар аваагүй хасагдсан. Одоо гуравдугаар хэлэлцүүлгээр энэ асуудал орохгүй нь тодорхой болсон?
-Тэр таван жил, дөрвөн жил бол яах вэ дээ зарчмын сүйдтэй ялгаа байхгүй. Хуучин таван жилийн төлөвлөгөө гээд ярьдаг тэр зүйлийг бодсон байх. Цикл бол дөрвөн жилээр явдаг байдлыг сонгоод авчихсан. Нэг их удах бол сайн зүйл биш. Зарим юмыг жаахан өөдгүй байвал түрэгхэн сольж байх шаардлагатай байдаг юм. Бүтэлгүй хүн тавьчхаад дөрөв, таван жилийг нь гүйцээх гээд мунгинуулаад байх шаардлага байхгүй. Энэ дөрвөн жил чинь ротаци хийх байдлыг харгалзаж гаргасан юм.
-Засгийн газрыг огцруулах эрх үндсэн хуулинд хэр зааж өгсөн байдаг вэ?
-Засгийн газарт эрх олгоно, эрхийг нь нэмэгдүүлнэ ухааны юм ярьдаг. Засгийн газарт эрх дутсан юм ерөөсөө байхгүй. Засгийн газар огцрууллаа гээд л асуудал болдог. Энэ хугацаанд хэчнээн ч Засгийн газрыг унагаав. Засгийн газрыг огцруулах процедурыг Үндсэн хуульд маш нарийн зааж өгсөн. Тэнд намын саналаар огцруулна гэсэн үг байхгүй. Өгүүлбэр ч байхгүй. Одоо тэр огцруулсан гээд байгаа засгийн газрууд чинь цөмөөрөө намын санаачилгаар огцорсон гэж би хардаг.
-Засгийн газрыг огцруулах асуудлыг Үндсэн хуулийн цэцэд хандах ёстой юу?
-Үндсэн хуулийн цэцээс дүгнэлт гаргуулах ёстой. Засгийн газрыг огцруулах гэж байгаа шалтаг шалтгаан. Ямар учраас огцруулах гэж байгааг цэцэд мэдээлэх ёстой. Гэтэл тийм зүйл байхгүй. Ганцхан Ц.Нямдоржийг огцруулахад л Их хурлын даргаас Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гаргаж өгөөч гэж санал тавьсан. Түүнийг цэц авч үзээд Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргаж өгсөн. Түүнээс огцруул гэсэн үг биш. Үндсэн хууль зөрчсөн байна, эсвэл зөрчөөгүй байна гэдэг дээр дүгнэлт гаргах ёстой. Түүнээс огцруулах асуудал огт биш.

Зөрчсөн хүнийг яах ёстойг тэр байгууллага өөрөө мэднэ. Тэгээд шийдвэрээ гаргадаг. Бусад асуудал дээр ерөөсөө ороогүй. Үндсэн хуулийг зөрчөөд яваад байгаа юм энэ бүгд. Энэ бол Үндсэн хуулийн алдаа биш, зөрчиж байгаа Их хурлын алдаа байхгүй юу. Тэгээд Засгийн газрын эрх багадсан гээд, өөрсдөө огцруулчхаад, ямар ч үндэслэлгүй, нам огцруулах санал гаргана, намын саналыг үндэслэж огцруулах асуудлыг шийдвэрлэнэ гэсэн юм 1992 оны Үндсэн хуульд байхгүй.
-Өнөөдрийн У.Хүрэлсүхийн Засгийн газарт ямар үнэлэлт, дүгнэлт өгөх вэ?
-Би бол энгийн иргэн. Үнэлэлт дүгнэлт өгч, энэ нь сайн, энэ нь муу, тэр Засгийн газар сайн, муу гэж ярьж суух шаардлага байхгүй. Би ийм зүйлд дургүй.


Ард түмэнд хүсч байгаа зүйлийг нь өг

-Ард түмэн төрөөс юу хүсдэг, төр нь ард түмэнд юуг өгөх ёстой гэж та боддог вэ? Ядаж гудамжиндаа тайван, амгалан амьдармаар байна шүү дээ. Тайван амгалан амьдардаг нөхцөл нь байхгүй болох гээд байна?
-Ард түмний хүсч байгаа зүйлийг л өгөх хэрэгтэй. Засаг бол хамгааллын байгууллага. Иргэний аюулгүй байдлын асуудлаар зохион байгуулалтаа хийгээд байх шиг байгаа юм. Тэгэхдээ үр дүн муутай. Ер нь төр чинь засаг захиргаа, хороо хорин гээд тэд иргэдтэйгээ маш сайн ажиллах хэрэгтэй.
-Бид иргэний нийгмийг байгуулж чадаж байна уу?
-Чадаж байна гэж хэлж болно, чадахгүй байна ч гэж хэлж болно. Чадаж байна гэдэг нь иргэд өөрсдөө сонгох, сонгогдох эрхээ бүрэн эдлээд явж байна. Тэр утгаараа иргэний нийгмийн ардчиллын зарчмаа хангаж байна гэж хэлж болно.
-Монгол Улсад ерөнхийлөгчийн засаглал зохихгүй гэж та үзэж байна уу?
-Түүнийг чинь ярьсаар байгаад зохихгүй юм байна гэж үзсэн шүү дээ. Энэ дээр 60:40 гэдэг сонин тоо байгаад байдаг юм. 60 хувь бол парламентын засаглал, 40 хувь бол Ерөнхийлөгчийн засаглал гэсэн Үндсэн хууль хэлэлцэж байхад гарч ирсэн тоо.Тэгээд олонхоороо Парлемент гэж шийдсэн. Ерөнхийлөгчийн засаглалтай байх нь зүйтэй гэсэн санал бодолтой хүмүүс одоо ч бий, тэгэхэд ч байсан. Чухам нэмэгдсэн хорогдсон эсэхийг мэдэхгүй.
-Ер нь таны хууль батлалцаж байх үед ямар процедураар явдаг байв?
-Бага хурал бол онцгой ажил хэрэгч байсан. Сайн ч ажилладаг байв. Яах вэ дээ хүмүүс хоёр танхимтай байх нь зөв гэж ярьдаг. Ер нь дээд танхим ажил хийдэггүй, ямар ч нөхцөлд. Дээр үеийн системээр Улсын бага хурлын үүргийг Улс төрийн товчоо гүйцэтгэдэг байсан. Улс төрийн товчооны есөн гишүүн асуудлаа ярьчхаад эрх баригч намыг хуралдуулдаг байв. Энэ нь 120 хүнтэй байсан. Тэгээд дараа нь Ардын Их хурлын чуулган зарлачихдаг байв. Энэ нь 368 депутаттай байсан. Тэд дөрвөн хоног Улаанбаатарт ирж хуралд сууж нөгөөдүүлийн хэлсэн юмыг зүгээр гар өргөөд баталчихдаг байсан. Ингээд хуралд сууж хууль баталсан нэртэй их дэлгүүр орж ойр зуурын тамхи ороодог нимгэн цааснаас эхлүүлээд, дээлийн хоргой, эмжээр, боов чихэр олж авчхаад явдаг байсан байхгүй юу. Ардын Их хурал гэдэг жилд хоёр удаа дөрвөөс тав хоног чуулдаг байсан. Тийм Их хурал бол огт хэрэггүй гэж зөндөө ярьж ярьж шийдсэн юм.
-Хамгийн чухал нь бид шинэ Үндсэн хуулийг бий болгож, дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөж чадсан. Ерөнхийлөгчтэй болъё, Ерөнхий сайдтай болъё, Их хуралтай болъё, Ерөнхий сайд нь Засгийн газартай болъё, олон намын системтэй болъё гэх мэт?
-Хоёр төрд гэх үү дээ, аль алинд нь ажиллажээ, би. Хуучин засагт Засгийн газрын гишүүн, яамны сайдыг олон жил хийсэн. Бид чинь нэг л намын тогтолцоотой, тэр нь бүхнийг удирддаг, чиглүүлдэг. Тэр эрхийг хуучин 1960 оны Үндсэн хуульд заасан. Ийм л нийгэмд ажиллаж байсан. Дэлхий даяар ардчиллын үйл явц хурдан өрнөсөн. Европын социалист гэгдэж байсан орнууд, ЗХУ-ын гишүүн орнууд ардчиллын тогтолцоонд шилжих тийм үйл явц өрнөсөн. Монголын залуучууд энэ ардчиллын тогтолцоонд шилжих өөрчлөлт, шинэчлэлтийн талаар олон шаардлага тавьж, хэрхэн яаж шинэчлэх талаар өөрсдийн үзэл бодлыг тавьж, хуучнаасаа юуг нь үлдээх вэ, юуг нь шинэчлэх вэ, юунаас нь татгалзах вэ гэдэг талаар тодорхой санал, санаачилгуудыг гаргаж байсан. Тэр зүйлийг хараад байхад би чинь хуучин засгийн хүн. Гэхдээ энэ ардчилал, шинэчлэлтэй хөл нийлүүлж явахгүй бол өөр зам байхгүй болсон байсан үе. Социализм бол зүгээр өөрийн нөөц бололцоог үндсэндээ шавхжээ гэдгийг хаа хаагүй мэдэж байсан. Хуучин нийгмийн тухай Монголын ард түмэн мэддэг учраас би түүнийг илүү тайлбарлаад байх шаардлага байхгүй.
-Шинэ нийгмийн хамгийн чухал зүйл нь юу байсан бэ?
-Шинэ нийгэмд Ардчилсан холбооны хийсэн том зүйл гэвэл хуучин Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ, Засгийн газар, хуучин их хурал тарах ийм шийдвэрүүд гарч шинэ тогтолцоог бүрдүүлэх шинэ шатанд шилжсэн. 1990 оны тавдугаар сард бид хуучин 1960 оны Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Үндсэн хуулийн гуравдугаар бүлэг тэр чигтээ намын байгуулал, улс төрийн байгууллын бүлэг л дээ. Тэр бүлэгт ямар өөрчлөлт, нэмэлт оруулсан бэ гэхээр ямар ч байсан МАХН бол Монголын нийгмийг удирдан зохион байгуулагч гэсэн хатуу заалтыг хүчингүй болгох, их хурал, бага хуралтай болгох, ерөнхийлөгчтэй болох ийм л чиглэлийг энэ төрийн байгууллага өөрчиллөө гэсэн өөрчлөлт оруулж байсан юм
-Тэгээд анхны ардчилсан сонгууль болсон уу?
-Тэгсэн. Ингээд 430-аад депутат сонгогдлоо. Бид эндээс бага хурлаа байгуулсан. Ардчилсан хүчин цөөнх болсон л доо. Бага хурлаа байгуулахдаа депутатуудаасаа бага хурлаа байгуулъя гэсэн ерөнхий зарчим барьсан. Сонгуулийн үр дүнг харахаар бага хурлын бүтэц доголдолтой, Ардчилсан хүчин хэт цөөнх болчих нөхцөл хандлага үүсч ирсэн. Тэгэхээр бид ярьж байгаад зөвхөн депутатуудаасаа бага хурлаа бүрдүүлнэ гэдэг өрөөсгөл болох нь ээ. Тэгэхээр депутатаар сонгогдоогүй ч гэсэн Ардчилсан хүчнээс төлөөлөл оруулъя гээд 60:40 харьцаатай бага хурлаа байгуулъя гэсэн шийдэлд хүрээд байгуулсан. Энэ байнгын ажиллагаатай бага хурал хагас жил ажиллах хугацаандаа асар их үр дүнтэй, нийтлэг, МАХН-ын талтай хэл амаа ололцох, маргаантай зөрөөтэй санал бодлоо ярилцаж, зөвшилцөх ажил хэрэгч хандлагатай байсан.


Бага хурал өдөр шөнөгүй тасралтгүй ажиллаж байв

-Тэр үеийн бага хурал хэр ажиллаж байв. Өдөр шөнөгүй ажиллаж байсан гэж ярих юм билээ?
-Монгол Улс ардчилсан нийгэмд шилжиж орох гэж байна. Бид тэр шинэ нийгмийн замнал, үзэл бодлыг хуулиндаа маш зөв тодорхой тусгаж өгөх ёстой. Энд аливаа намын улс төрийн хүчний сонирхол гэхээсээ илүү үндэсний эрх ашиг агуулагдаж байсан. Тийм учраас бага хурал өдөр шөнөгүй тасралтгүй ажилласан. Шинэ зарчмаа нотлох, Үндсэн хуулийг боловсруулах, батлах эхний шатны гол зорилт байсан. Намайг Үндсэн хуулийг боловсруулах ажлыг удирдан зохион байгуулах коммиссын даргаар томилоод, бүтцэд нь том том хуульчид, эдийн засагчид, эрх зүйч нар, философичид гэх өргөн хүрээтэй комисс томилоод, ажиллуулсан. Би чинь Ардын их хурлын даргаар сонгогдчихсон. Гол ажил бол Бага хурлын зарчимтай адил Үндсэн хуулиа батлуулж авах, түүний дор бүх юмаа хийх зарчимтай.
-Энэ үед нийгэм улс төрийн нөхцөл байдал ямар байв?
-Нийгэм, улс төрийн байдал их сонин байсан. 1990-ээд оны эхэнд жагсаал цуглаан өдөр болгон болно. Олон өөр өөрийн үзэл бодолтой эвсэл холбоод байгуулагдана. Олон ургальч үзэл гэсэн зарчмыг баримтална гэсэн болохоор олон санал бодол ирнэ. Өргөх бичиг байнга ирнэ. Нөгөө төлөөллийг хүлээн авч уулзаж санал бодлыг нь сонсохгүй бол болохгүй. Нэгийг нь орхиод нөгөөтэй нь уулзаж болдоггүй. Уулзах, учрах, ярих, хэл амаа ололцох, тэдний тавьсан шаардлагаас юуг нь авч болмоор байна, юуг нь одоогийн нөхцөлд болмооргүй байна, ерөөсөө ийм зарчим байж болохгүй гэсээр байтал 24 цаг өнгөрдөг. Их хэцүү байсан.
-Мэдээж энэ бүгдийн дэргэд хамгийн чухал зүйл Үндсэн хуулийн өөрчлөлт байсан уу?
-Мэдээж Үндсэн хуулийн асуудал маш чухал байсан. Гол гол хуульчид ажиллаж байв. Б.Чимид Үндсэн хуулийн гол эхийг барьж авсан хүн л дээ. Тэгээд бусад хуульчид оролцсон. Хажуугаар нь Баабарын төсөл, Д.Лүндээжанцангийн төслүүд явж байсан. Энэ болгоноос авахыг нь авч, орхихыг нь орхиж Үндсэн хуулийн төслийг босгож ирсэн. Гурван удаа бага хурлаараа хэлэлцүүлсэн. Бага хурал Үндсэн хуулийн төсөл дээр чамбай, ажил хэрэгч ажиллаж, төсөл дээр хэлэлцэх болгондоо шинэ санаа хэлж өгдөг. Түүнийх нь дараа нөгөө төслөө сайжруулах, засвар оруулах байдлаар ажиллаад гуравдахь хэлэлцүүлгийн дараа бол бүх ард түмнээр хэлэлцүүлэхээр хот, албан газар, баг хороо, сум баг гээд яваагүй газаргүй 900-аад мянган хүний санал авсан. Бага хурал Үндсэн хуулийг боловсруулах, батлах ажлыг гайхамшигтай сайн удирдсан. Тийм ч учраас Их хурлаар нэлээд цэгцтэй хуулийн төсөл оруулах ажлыг Бага хурал хийсэн дээ. Энэ ажлуудыг зэрэг зэрэг хийгээд явсан.
-Энэ үед ЗХУ тарж манайд хүнд тусч байсан үе?
-Биднийг дэмжиж тусалдаг ЗХУ тарж бутраад, туслах нь битгий хэл өөрөө дотроо учраа олох гэж зүдэрч байсан үе. ЗХУ нь тараад үзүүлж байсан эдийн засгийн тусламж зогссон доо. Ингээд хаашаа хандах вэ гэхээр капитализм, империализм гэж өөрсдийн дайсан гэж үзэж байсан улс гүрэнтэй Ардчиллын замаар явж байгаа шинэ зорилтоо таниулах, учраа олох, тэдний тодорхой хэмжээний итгэл үнэмшлийг олж авах шаардлага байсан.
-Таныг хоёр том ажлыг гүйцэтгэсэн гэж үздэг юм билээ. Энэ талаар та тодруулаач?
-(инээв) Миний Ардын Их хурлын тэргүүлэгч болоод хийсэн хоёр том айлчлалын нэг нь БНХАУ. 30-аад жил төрийн дээд хэмжээний айлчлал тасарчихсан ийм том гүрэн энэ урд талд байгаад байдаг. Тэдэндээ өөрсдийн зорилго, зорилтыг, Ардчилал шинэчлэлийнхээ үйл явцыг ойлгуулах шаардлага байсан учраас Хятад улсад айлчилж байлаа. 1990 оны тавдугаар сард айлчилсны дараа 1991 онд АНУ-д айлчилсан. Тэнд Жорж Буштай уулзаж Америктай харилцах харилцаанд ямархуу зарчим барих бодолтой байгаагаа хэлсэн. Буш бол би танаас сонсъё гэж бодож байсан юмаа сонслоо, танай Ардчилсан үйл явцыг дэмжинэ гэдэг зүйл хэлсэн. Тэр хооронд Дэлхийн банк, Олон улсын валютын сан гэх мэт газруудын удирдлагуудтай уулзаж Монголыг гишүүн болгож аваач ээ, дэмжиж өгөөч ээ гэсэн. Цагаан сарын өмнө бол бүр сайн байна гэж хэлсэн. Үүнийгээ тайлбарлахдаа бид нэг орноос эдийн засгийн дэндүү их хараат байдалд орчихсон байжээ. Үүний сөрөг үр дагаврыг мах цусаараа амсч байна. Тиймээс бид дэлхийн эдийн засаг санхүүгийн байгууллагын эгнээнд орж, дэлхийн байгууллагаас дэмжлэг, тусламж авах нь манай үндэсний эрх ашиг, аюулгүй байдалтай холбогдоод байгаа юм аа. Тиймээс цаг алдалгүй биднийг онцгой харж үзэж, дэмжиж яваач ээ гэхэд тэд цагаан сарын чинь өмнө бид Монгол улсыг Дэлхийн банк, Олон Улсын Валютын сангийн гишүүнээр элсүүлэх чиглэлээр ажиллана гэсэн. Энэ мэтийн зүйлүүдийг АНУ-д хийсэн айлчлалаар ярьсан.
-Таны тэнд өгсөн ярилцлага тухайн үед дуулиан тарьсан гэдэг. Энэ тухай товчхон ярьж өгөөч?
-(инээв) Гэр бүлийг эдийн засгийн тооцоон дээр бүрдүүлдэг юм уу, хайр дурлал дээр бүрдүүлдэг юм уу? гэсэн асуулт тавихлаар нь наадах чинь ер нь явж явж эдийн засгийн зарчим дээр тулгуурладаг юм байна. Тиймээс ЗХУ-ын тусламжийг бодож үзэхэд 150 жил эсвэл 130 жил хөрөнгө оруулалтаа нөхөх тийм үйлдвэр, тухайлбал Тосонцэнгэлийн модны үйлдвэр бол Цугуйн нурууны модыг бүгдийг нь хяргаж дуусаад үр ашгаа нөхөж чадахгүй үйлдвэрүүд барих юм. Тэр чинь ЗХУ-ын ард түмний хөрөнгө явж байдаг. Бид энд эдийн засгаа хөгжүүлэх гээд асар их зээл аваад ажиллаж байна. Үр дүн ийм байдаг. Энэ бол аль ч нийгэмд байж болмооргүй эдийн засгийн харилцаа юм. Үүнийг өөрчлөх хэрэгтэй. ЗХУ-ын харилцаанд таатай биш, илэн далангүй хэлсэн. Эдийн засгийг үнэнээр нь хэлсэн нь намын эсрэг юм ярьсан гээд хэдэн мянгаар нь хэлмэгдүүлж байсан үе. Ц.Лоохууз гэх мэт. Би түүнийг мэднэ. Үнэн юм хэлэхгүй бол болохгүй нь ээ гээд л 1980-аад оны сүүлд хэлээд тавьчихсан. Ч.Содном дарга чи сайхан авдаг юм аа гэж хэлсэн. Өөрөөр намайг зэмлэсэн хүн байхгүй.


Үг хэлнэ гэдэг нь замбараагүй ярих зүйл биш

-Үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх гэдэг чухал шүү дээ?
-Олон ургальч үзэл, ардчилал гэдэг чинь хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй гэхээр манайхан замбараагүй ярьдаг болж эхэлсэн. Худал үнэн, баримт нотолгоогүй юм ярина, Эрдэнэтийг муу хэлнэ, хамаг баялгаа Орост зүгээр өгч байна гэж ярина.

Сэлэнгэд би нэг уулзалт хийхэд Сэлэнгийн н.Алтангэрэл гэж хүн Эрдэнэтийн талаар буруу ойлголттой байхаар нь чи ярьж буй зүйлээ баримттай үндэслэлтэй ярихгүй бол болохгүй, наадах чинь хуульд харш бид эрх зүйт төртэй шүү. Хуулийн өмнө бүгд эрх тэгш, хариуцлага хүлээнэ гээд тунхаглачихсан. Тэгэхээр төрийн төмөр нүүр гэж бий шүү гээд хэлчихсэн. Тэгсэн жагсаал болоод намайг танк дээр зогсоочихсон плакат бариад явсан л даа. Энэ нөхөр төрийн төмөр нүүр гаргаж сүйд хийх нь гэсэн юм шиг байгаа юм. Хаа хүрэхээ мэдэхгүй бол, хаа ч хүрдэггүй гэсэн үг байдаг. Тэгэхлээр бид хүмүүнлэг, ардчилсан нийгмийг цогцлооно гэсний эдийн засгийн үр дүн юу байна вэ гэвэл тодорхой хугацаанд манай эдийн засаг хөгжөөд Азийн бар болно гээд хэлчихсэн. Тэр бол манай эдийн засгийн хэтийн төлвийг томьёолж хэлсэн үг юм.
-Тухайн үед ерөнхий сайд хэн байсан бэ?
-Эхний үед Дашийн Бямбасүрэн байсан. Дараа нь М. Энхсайхан. Энэ хоёр бол маш чамбай эдийн засагчид. Хоёулаа өөрийн гэсэн хатуу байр суурьтай улсууд. Тэр нь тухайн цаг үедээ чухал байсан. Д.Бямбасүрэнг Ерөнхий сайд байхад МАХН-ыхан таатай ханддаггүй, дургүй. Д.Бямбасүрэн Ерөнхий сайд өөрөө ардчилсан үзэл баримтлалыг хатуу барьж байсан. Нөгөө 20 дугаар тогтоол, үнэ чөлөөлөх гээд том ажлуудыг зоригтой хийсэн.


Би ээлтэй ерөнхийлөгч байсан болов уу

-Тэр үед тогтоосон Ардчиллын чиг баримжаа өнөөдөр ямар байна?
-Харамсалтай нь өнөөгийн Монголын нийгэм, хууль тогтоох байгууллагын шийдвэр гаргаж байгаа процесс, үйл ажиллагааны үр дүн маш чамлалттай байгаа. Бид цөөнгүй юмаар ардчиллын зарчмаас ухарч байгаа. Хуучин юмыг санагалзсан, хуучны байдалд шилжиж орох гэсэн хандлага асар их байна. Бид иргэдээ өмчтэй болгох, хувийн хэвшлийг хөгжүүлэх асуудал маш чухал гэдэг зарчим барьж Монголын эдийн засгийн гол тулгуур бол хувийн хэвшил гэж үзсэн. Тэгээд өмч хувьчлал хийж малаа малчдад, орон сууцаа эзэмшигчдэд, үйлдвэр аж ахуйн газруудыг тэнд ажиллаж байсан хүмүүст давуу эрх эдлүүлж хувьчлаад, иргэдээ өмчтэй болгох гэж их том зорилт тавьж ажилладаг байсан. Одоо хараад байхад хувийн хэвшлээ өөдтэй дэмжиж байгаа юм байхгүй.
Төрийн байгууллага, хувийн хэвшилтэй өрсөлдөгч болоод хувирчихсан, засгийн эрх ард түмний мэдэлд байна гэж байгаа боловч, шийдвэр гаргаж байгааг нь харахаар ард түмнийгээ дэмжсэн хандлага саарсан, нэг намын ашиг сонирхол нийгмийн ашиг сонирхлын дээр гараад ирэхээр болчихсон байна. Ингээд харахаар 1990 онд тавьсан ардчиллын зарчим Үндсэн хуульдаа заасан ардчиллын зарчмаас тодорхой хэмжээгээр ухарч байгаа. Энэ бол Монголын нийгэм, Монгол улсын хөгжилд хортой. Манай эдийн засгийн хөгжлийн гол зарчим бол өөрөө хуримтлал муутай учраас гадаадын хөрөнгө оруулалтыг түлхүү татаж, хөрөнгийн багтаамж ихтэй эдийн засгийн салбаруудыг хөгжүүлэхэд чухал анхаарах хэрэгтэй. Тэгэхэд бид гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах маягтай, гадаадын хөрөнгө оруулагчдыг бараг хөөж гаргах 1920 хэдэн оны маягийн хандлага үүсээд байна. Энэ бол ардчиллын зарчим, Үндсэн хуульд заасан холимог өмч, тэгш эрхтэй байлгах гэх мэт зарчмаасаа ухарч байна гэж үзэж болохоор. Энэ цагийн төрийн бодлого нэг их тууштай оновчтой, Үндсэн хуулийн зарчмыг хатуу дагасан байдлаасаа ухарсан, тааруухан байгаа гэж бодож байгаа. Тиймээс 1990 оны Ардчилсан зарчмаас ухрах юм бол Монголын ирээдүйг тааж хэлэхэд бэрх байна.
-Дахиад хувьсгал гарах болов уу?
-Бид түрүүчийнхээ хувьсгалыг их сайхан дайн дажингүй, маргаан тэмцэл, зөрчилдөөнийг дандаа зөвшилцөж ярьж хөөрч тайван замаар шийдсэн. Үүнийг дэлхий үнэлдэг, Монголын ард түмэн үнэлдэг, Монголын ард түмэн чинь тэсвэр тэвчээртэй, хүлээцтэй, ухаалаг ард түмэн шүү дээ. Тэр ард түмнийхээ дэмжлэгт тулгуурласан хувьсгал бол гайхамшигтай сайхан хувьсгал болсон гэж дэлхий ч тэгж үздэг, би ч тэгж үздэг, бид бүгдээрээ тэгж үздэг. Гэтэл тэр сайхан хувьсгалын ололтыг өөрсдөө тууштай хөгжүүлж, хэрэгжүүлэхгүй, ухарч буцах хандлага гаргаж байгаа нь нэн харамсалтай. Гэхдээ эв зүйгээр энэ асуудлаа шийдэх нь зөв л дөө.
-Бид яаж ажиллаж, амьдраад байна вэ?
-Бид пролетарийн интернационализм гэдэг зүйлд орчхоод байна. Пролетари гэдэг чинь үгээгүйчүүдийн нэгдэл, бид ядуу л байх юм шиг бодоод, өмч хөрөнгөтэй байсан улсаа феодал энэ тэр гэж хөрөнгийг нь хурааж өөрсдийг нь шоронд хийж, цаазалчихсан болохоор хөрөнгөтэй байж үзээгүй. Бидний сэтгэхүйд хөрөнгөтэй байх аюултай гэсэн ойлголт авчихсан байсан. Тиймээс өмчтэй хүмүүсээ ад үздэг. Бид иргэдээ ажил хөдөлмөртэй, орлоготой байлгах хэрэгтэй. Иргэн баян бол улс баян гэдэг шүү дээ. Хүн болгон ажил хийж, орлого олж, амьдралаа тэтгээд явах юм бол Монгол Улс хөгжинө. Монголын ирээдүй сайхан болно.
-Үзэл бодол, сонирхлоороо эвлэлдэн нэгдэж, Ардчиллын тулгуур зарчим дээр нэгдэж чадаж байна уу?
-Ардчиллыг Монголчууд өөрийн гараар, өөрийн ухаанаар бүтээсэн. Ардчиллыг эсэргүүцдэг иргэн байхгүй гэж хэлж болно. Яагаад гэвэл бүгд хүлээн зөвшөөрсөн, Үндсэн хуулиараа тунхагласан, Үндсэн хуулиа хүлээн зөвшөөрдөг. Тийм учраас энэ дээр ноцтой эсрэг тэсрэг Ардчиллын үзлийн хувьд бол байхгүй. Зүгээр Ардчиллын явцад нэг хэсэг нь идэвхтэй хөдөлмөрлөөд, хөрөнгөжөөд баян гэдэг ангилал гарч ирсэн. Нөгөө хэсэг ажил төрөл эрхлэхгүй, залхуу хэсэг нь өмч хөрөнгийн хувьд нөгөөдүүлээсээ доогуур байгаа. Тиймээс энд ядуу, баян гэдэг ялгаа яригдаад байгаа юм. Ардчилал нэгийг нь баяжуулаад нөгөөг нь ядууруулаад байгаа юм биш. Ардчилсан зарчим адилхан. Ямар ялгаа гараад байгаа юм гэхээр зарим нь хөдөлмөрлөж бүтээж байна, зарим нь залхуураад ажил төрөл эрхэлж байнгын орлоготой болохын төлөө тэмцэхгүй байна. Тэгэхээр үүнийг тэлэх хэрэгтэй. Гэхдээ баячуудын хөрөнгийг хурааж ядуучуудад өгөх биш, ядуучуудад ажлын байр бий болгож байнга орлоготой байх байдлаар бодлого барих ёстой. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг шиг амьдралын ялгааг арилгахад иргэн болгон хөдөлмөрлөж, орлоготой байж, түүнийг нь төрөөс дэмжих үүрэгтэй. Бүр хөгжлийн бэрхшээлтэй, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй хүмүүсийг төр харах хэрэгтэй.
-Ирээдүйд итгэл найдвар байна уу?
-Ардчилал байнга хувирч өөрчлөгдөж байдаг. Дэлхийн ардчиллын хөгжлийг хараад байхад нэг л татчихсан шугамаар явж байгаа юм алга. Шинэ шинэ хандлагууд бий болж байна. Нөгөө талаасаа залуучуудад хуучин нийгмийн тухай ойлголт байхгүй. Шинэ нийгмийг харахаар Англи, Америк, Япон, Солонгосоор сэтгээд явчихдаг. Тэдэнтэй зүйрлээд хаанаас гарч ирээд энэ зэрэгтэй яваа гэдгээ мэдэхгүй, тийм боломж тэдэнд байхгүй. Картын бараа гээд хоёр жил хэртэй гурил будаагаа хүртэл хэмжээ дамжаатай авч байлаа. Одоо бол хаана л очно дэлгүүр хоршоо, бүх л бараа таваар байна шүү дээ. Ийм л байсан юм шиг төсөөлөхөөр ардчиллын үнэ цэнийг сүүлийн залуучууд зохих ёсоор үнэлж чадахгүй байгаа юм. Тэднийг бас буруутгах аргагүй. Бид ардчиллын хичээлийг хэр сайн заасан юм бэ. Одоо бид юун дээр алдаад байна гэхээр сургалт дээр алдаад байна. Хойч, залуу үеэ сургах хэрэгтэй. Өчигдөргүй өнөөдөр байх боломжгүй. Өчигдөр өнөөдөр хоёрыг холбож байж цаашаа явах ёстой. Бид зовлон жаргал дундуур туулсан ард түмэн. Бид бэлэнчлээд байлгүй өөрсдөө үргэлжлүүлээд хийж бүтээх, хүсээд санаад байгаа юмандаа өөрсдийнхөө хүч хөдөлмөрөөр тэнд хүрнэ гэсэн сэтгэлгээг цэнэглэж өгөхгүй байна. Энэ бол бидний алдаж байгаа гол зүйл юм.


Эдийн засгийн эрх чөлөө бидний гарт биш хүний гарт байна гэсэн үг

-Улс төрийн нөхцөл байдлыг харахад хэлмэгдүүлэлт давтагдаж байгаа юм биш биз?
-Үүнийг бол өмнөх хатуу дэглэмтэй үеийн хэлмэгдүүлэлттэй зүйрлэж болохгүй. Энэ бол ямар нэг хэлбэрээр хэлмэгдүүлэлтийн агуулга байна уу гэвэл байна. Гэхдээ арга нь өөр. Учир холбогдол нь өөр янзтай байгаад байх шиг байна. Энэ дээр хаана хаанаа болгоомжтой хандах ёстой. Ялангуяа шийдвэр гаргаж байгаа түвшинд их болгоомжтой, бодитой асуудалд хандах шаардлага байгаа юм. Ялангуяа хууль, шүүхийн байгууллага дээр шүүхийн алдаа багагүй ажиглагдаад байх шиг. Хэрэв буруу шүүсэн бол хэлмэгдүүлэлтийн нэг эх сурвалж болно. Түүнээс биш Их хурал тогтоол гаргаад хүн хэлмэгдүүлээд байх бол хуулиар хязгаарлагдсан. Засгийн газар ч ялгаагүй. Гагцхүү буруу зөвийн асуудлыг их оновчтой гаргах асуудал байгаа юм. Хэлмэгдүүлэлт гаргахгүй байх. Дээр үед бол чи лам учраас, шашныг хаачихсан байхад шашны ном уншлаа гээд бууддаг ч юм уу, ингэж хэлмэгдүүлж байсан. Өмч хөрөнгөтэй хүнийг чи баян байна гээд өмчийг нь хураадаг. Хүний эрх зөрчсөн ноцтой, бүдүүлэг, зэрлэг хэлмэгдүүлэлт байсан. Одоогийн хэлмэгдүүлэлт бол шийдвэр гаргах байгууллагын алдаанаас үүссэн, түүний үр дагавар нь хэлмэгдүүлэлт болж хувирах гээд байх шиг. Энэ хоёрыг заагтай ялгаатай үзэх хэрэгтэй.
-Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажилласан хугацаандаа ямар дүн тавих вэ, та?
-Намайг янз бүрээр хэлдэг байсан та бүхэн мэдэж байгаа байх гэхдээ би ер нь ээлтэй тал руугаа түлхүү байсан болов уу. (инээв) Би ард түмэндээ хал балтай юм хийгээгүй тэр бол нэг үзүүлэлт, эдийн засаг болон амьдрал хэцүү байхад яаж энэ байдлаасаа гарах вэ гэдгийг хүссэн хүсээгүй амьдрал Ерөнхийлөгчид бодогдуулдаг байхгүй юу. Бодогдуулахаар барахгүй сэтгэл санааны шаналал байдаг.
-Монголын эдийн засагт “Алт” хөтөлбөр хэр үр дүнтэй байв?
-Хамгийн амархан мөнгө олж болох юу байж болох вэ гэхээр “Алт хөтөлбөр” алт бол байгальд унаган төрхөөр байдаг. Алт хөтөлбөрийг гаргаад иргэдийг мөнгөтэй болгох, банкнаас мөнгө зээлж авах боломжоор хангах. Хүмүүс чаддаг бол эрэл хайгуулаа хийж, олборлоод улс, банкинд тушаах. Үүгээр улс төлбөрийн чадвартай боллоо гэдгээ дэлхий нийтэд мэдэгдээд, гадаадаас зээл авахад тэр чинь нэг барьцаа болж, эднийх алтан фондтой, нөөцтэй гэсэн байдлыг бий болгодог. Тэгээд алт хөтөлбөрийг баахан явуулсан. Алт хөтөлбөрийг 1989-1990 оны үед жилд Монгол улс 600 кг алт олборлодог байсан юм. Алт хөтөлбөрийг хэрэгжүүлээд явах үед 20 тонн алт олборлодог болсон. Энэ нь 40-50 хувиар өсч байна гэсэн үг. Энэ нь эргээд Монгол Улсын эдийн засагт том нэмэр болж байгаа юм. Нөгөө нэг нь Монгол Улсын аюулгүй байдал гээд ярих гэхээр манайх 100 хувь гадаад улсаас шатахуун авдаг. Энэ бол эдийн засгаа ардчилж байгаа тусгаар улсын хувьд их эрсдэлтэй. Ардчилсан улс руу орж байгаа үед маш аюултай зүйл. Манай эдийн засгийн эрх чөлөө бол бидний гарт биш хүний гарт байна гэсэн үг.
-Тэгэхээр хойд хөрш бензин өгөхөө зогсооход бид яах бол?
-Цахилгаан шатахуун хэрэглэдэг бүх юм чинь, орчин үеийн техникжсэн энэ үед сүйд болно. Бензиний үнэ 20, 30 цаасаар нэмэгдэхлээр бид чинь яадаг билээ дээ. Бүхэл бүтэн улсаараа шатахуун нь хүний гарт байна гэдэг бол эдийн засгийн хувьд аюултай байдлыг агуулж байгаа эд. Ингэхлээр нефтийг хайх, нефтийн судалгааны асуудал маш чухал. Би 1986 онд Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн яамны сайд байхдаа Англид айлчилсан. Тэнд “Бритиш петролеум” гэдэг компанийн гадаад харилцаа хариуцсан орлогчтой уулзаж, ярилцсан. Тэр хүн надад дэлхийн газрын зураг үзүүлсэн. Та нар хүсвэл бид нефтийн судалгаанд хамтарч ажиллаж болно гэж хэлсэн. Би чинь тэр үед коммунист дэглэмтэй байсан болохоор толгой мэдэж тэгье гэж хэлэх боломжгүй байсан. Засгаас удирдамж байхгүй болохоор тийм эрхгүй. Гэхдээ би тэгье гэж хэлээд ерөөсөө та нар Монголд ир, судалгаа хий гэсэн. Монголдоо ирээд Ч.Содном даргад хэлэхэд бололгүй яах вэ чамд би Засгийн газрын протокол гаргаад өгье. Чи Д.Моломжамц даргад дуулгаарай гэсэн. Тэгээд би Д.Моломжамц даргад ярьсан. Болохгүй юмгүй гэв. Ингээд нам, засаг хоёроос чиглэл авсан.
-Та “Хөгжлийн шинэ эрин” гэж номоо эндээс сэдэвлэн бичсэн үү?
-Тэгсэн. Дээрх үйл явцын дараа Англи судлаачид Монголд ирсэн, судалсан. Тэгээд нефтьтэй байна гэж хэлсэн. Дараа нь би Джордж Герберт Уокер Буштай уулзахад Америкийн сонирхлыг яаж татах уу гээд хоёр юм хэлсэн. Манай улс газрын тосны тодорхой хэмжээний нөөцтэй, 1940-1960 төгсгөл хүртэл бага зэрэг нефть олборлож байсан. Танайхан нефтийн хайгуулд ороод явбал сонирхолтой хамтын ажиллагаа байж болох юм гэж хэлсэн. Нөгөө нь Ураны судалгаа нь дээр хамтарч ажиллах боломж байгаа шүү гэсэн. Тэгээд тэдний “Соко интернешнл” гэдэг компани ирж өрөмдлөгө хийсэн. 19, 22 дугаар цооног гэдэг чинь энэ компани өрөмдсөн цооног. 1997 онд нефть оргилж, цооног босгосноос нефть оргилдоггүй юм, хааяа өндөр даралттай орчин нь байвал оргилдог.
-Таны дээлээ мялаасан газар мөн үү?
-Тийм мөн. Би очиж дээлээ мялаасан байхгүй юу. Тэр мялаана гэдгийг чинь 1994 онд цагаан элсний нефтийн хайгуулд анхны өрөм тавихад та нар үүнийг өрөмдөөд нефть олгойдох юм бол гоёлын дээлээ үүгээр чинь мялаана гэж хэлсэн. Тэр яагаад тэгдэг юм гэхээр нефтийнхэнд өөрсдийн өвөрмөц баяр байдаг. Нефть олгойдвол хайгуулахынхан цөмөөрөө шүршүүлдэг. Усан онгоцныхон бол усан онгоцоо бүтээж байгаад шампанскийг олсонд уяж буудуулдаг. Би тэдэнд нефть олгойдвол Монголын ард түмэн наадахаар чинь гоёлын дээлээ шүршүүлнэ гэсэн. Тэгээд гурван жилийн дараа 1997 онд оргилоод эхлэхээр нь оргилсон нефтиэр ард түмнээ төлөөлж дээлийнхээ энгэрийг мялаасан юм. Тэгсэн намайг сонгуулийн шоу хийлээ гэж байсан.
-Та тэр дээлээ хадгалдаг уу?
-Тэр дээлээ хадгалж байгаа. Нефть чинь бүдгэрээд байдаг юм байна лээ. Гарын таван хурууны ором байгаа. Түүнээс хойш Монгол нэг сая тонн нефть олборлоод гаргаж байна. Сүүлд “Соко интернешнл” ХХК нь сүүлд лицензээ Хятадын Петро чайнад шилжүүлсэн. Тэгэхдээ бас тодорхой нөхцөлтэй юм гэсэн. Одоо хятадууд хийж байгаа их эрсдэлтэй. Хятадын төрийн компани, та нар Монголоос нефть олборлож байвал үнэ өртгөө зохицуулна биз. Битгий түүнээс гараа тат гэсэн чиглэлтэй юм шиг байна лээ. Хүнд л дээ манай нефть хүнд. Ялангуяа Зүүнбаянгийн нефть бол өтгөн, лааны тос шиг байдаг. 22-ын Дорнодын нефть бол шингэн. Өөрөөр хэлбэл сорох, гарах энэ тэр нь амар. Энэ өтгөн чинь зунгаараад гардаггүй юм. Их муу гарцтай байдаг.
-Яг тухайн үед тосоор мялаасан дээл хэдэн төгрөгийн үнэтэй байсан бол?
-Тэр үнэ яах вэ дээ. Нэг оёдолчин оёж өгдөг байв. Одоо ч байгаа болов уу. н.Цэнд дарга нарын дээлийг захиалгаар оёдог хүн байсан. Материалыг нь авч өгөөд, ур хийц, эмжээр энэ тэр бол оёдолчны ур мэддэг ажил. Би тэр дээлээ 100 мянган долларын үнээр үнэлсэн. Яагаад гэвэл “Сок интернешнл” ХХК-ийн захирал Роберт Стори гэж залуу байдаг юм. Тэр Монголд нефтийн хайгуул хийгээд, орлого олоод өөрийн үйл ажиллагааг харуулсан музей байгуулна гэж байсан юм. Тэр музейд нь энэ дээлээ чамд 100 мянган доллароор өгнө гэж хэлж байсан. Тэр 100 мянган доллароор зээ охиноо Америкид сургуульд явуулах төлбөрийг нь хийнэ гэж хэлсэн. Ийм л зүйл болж би дээлээ тэгж үнэ хүргэсэн байдаг. (инээв) Тэр 100 мянгын нефтиэр олно гэж байсан. Манайхан хавчсаар байгаад хувийн компани болохоор талбайн хураамж өндөр байна гээд. Нэг өдөр 1000 кв өрөмдөж чадахгүй шүү дээ. Тэгээд хэсэг хэсгээр нь, ажил явуулаагүй байсан хэсгээс нь хүртэл өндөр татвар аваад эдийн засгийн хувьд хүндрэлтэй болоод хятадуудад эрхээ шилжүүлсэн. Хятадад бол хамаагүй л дээ. Хувийн хүн, улсын компани хоёрын чинь ялгаа нь улс зөвшөөрвөл мөнгө зарна шүү дээ. Хувийнхан бол өөрсдөө гаргаж байгаа учраас хэмжээгээрээ л ажиллана. Тэр тэгээд явсан. Тийм түүхтэй юм тэр дээл чинь. Тэр 19-өөс одоо хүртэл нефть олборлож байгаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 1 сэтгэгдэл
122.201.31.244
Хүн ер нь хувийнхаа байшин, гэр, дээл хувцсаа зарна уу яана хэнд хамаатай вэ.
7 сарын өмнөөмнө
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com