Сүүлийн жилүүдэд дээд боловсролын тогтолцоонд өөрчлөлт шинэчлэлтийг бий болгох шаардлага нэгэнт тулгарчихаад байхад яамны зүгээс нүүрээ бууруулаад сууж байгаа нь харамсалтай. Жил бүр гадаад улсыг зорин суралцах хүсэлтэй залуучууд нэмэгдэх болсон. Тэдгээр залуус өөрсдийн мэдлэг, чадвараараа олон улсын шилдэг сургуулиудад тэнцэн урилга хүлээн авах нь ч ихэссэн. Гэсэн ч улсаас дэмжиж байгаа зээл тусламж, тэтгэлэг нь өндөр албан тушаалтан, эрх мэдэлтэй хүмүүс, тэдний хүүхдүүдийн төлөө зориулагддаг нь нууц биш.
"Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр гадаадад магистрантур, докторантурт суралцах хүмүүсийг шалгаруулах журам" гэж бий. Үүний дагуу гадаадын нэр хүндтэй их сургуулийн магистрантур, докторантурт суралцах иргэдийг БСШУСЯ-аас сонгон шалгаруулдаг. Өөрөөр хэлбэл, тэтгэлгээр суралцагчдыг яамнаас сонгон шалгаруулдаг бол зээлийн сангаас санхүүжилтыг нь олгодог. Энэ сонгон шалгаруулах үйл явц хэрхэн явагддаг, өндөр албан тушаалтнууд орохгүй байх шалгуур байдаггүй бөгөөд үүнд хэн, ямар байгууллагаас хяналт тавьж байгаа нь тодорхойгүй. Хяналт тавьж, шалгуурыг бий болгох ёстой байгууллага нь өөрөө юу хийх ёстойгоо ч ойлгохгүй, мэдээлэл байхгүй, мэдэхгүй сууна. Түүнчлэн зээл авагчдын дундаас эргэн төлөөгүй хүмүүс олон. Учир нь ерээд оны сүүлээс өнөөдрийг хүртэл эргэн төлөх хугацаагаа журам болон гэрээнд тодорхой тусгаагүй хэрэг. Боловсролын зээлийн сангаас өндөр хөгжилтэй оронд болон их, дээд сургуулиудад зээлээр сурч байгаа суралцагчдын зээлийн төлөлтөд тавих хяналт болон дипломоо барьцаанд үлдээсэн суралцагчдын талаар тодорхой арга хэмжээ авч, асуудлыг ямар нэг байдлаар шийдвэрлүүлэх шаардлагатай болсон байгааг тус сангийн санхүүгийн үйл aжиллагаанд хийсэн шалгалтын тухай тэмдэглэлд дурджээ.
БСШУСЯ-ны “Боловсролын зээлийн сан” нь 1993 онд “Сургалтын төрийн сан” нэртэйгээр төрийн бодлого, шийдвэр, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд дотоод, гадаадын их дээд сургуулиудад суралцаж буй оюутан, залуучуудад санхүүгийн дэмжлэг үзүүлж, үндэсний болон урамшууллын тэтгэлэг, зээл болон буцалтгүй тусламж, замын зардлыг олгох үйлчилгээг зохион байгуулдаг газар.
Холбогдох журамд заасны дагуу сургалтын болон амьжиргааны зардалд улсын төсвөөс 2016 онд 149 оюутанд таван тэрбум 614 сая төгрөг, 2017 онд 151 оюутанд зургаан тэрбум 342 сая төгрөгийг олгожээ. Түүнчлэн нийт суралцагчдаас 111 суралцагчийн сургалтын төлбөрийн зээлийг чөлөөлсөн байна. Өнгөрсөн жил гэхэд л дэлхийн шилдэг 100 сургуульд 14.5 тэрбум төгрөгийн зээл, тэтгэлэг олгожээ.
Сургалтын болон амьжиргааны зардалд улсын төсвөөс 2016 онд 149 оюутанд таван тэрбум 614 сая төгрөг, 2017 онд 151 оюутанд зургаан тэрбум 342 сая төгрөгийг олгожээ. Түүнчлэн нийт суралцагчдаас 111 суралцагчийн сургалтын төлбөрийн зээлийг чөлөөлсөн байна.
Тус сангаас тэтгэлэгт хамрагдах хэд хэдэн шаардлагууд бий. Тухайлбал, гадаад улсад суралцах зээл авч байгаа бол авсан зээлтэйгээ дүйцэхүйц хэмжээний үл хөдлөх хөрөнгө барьцаална. Итгэмжлэлтэй бол эцэг, эх, ах, эгч, найз нөхдийн хэнийх нь ч үл хөдлөх хөрөнгө байж болно. Харин зээлээ төлөөгүй тохиолдолд Боловсролын зээлийн сангаас барьцаа хөрөнгийг борлуулж, зээлийг төлүүлэх эрхтэй болдог. Жил бүр дэлхийн шилдэг 100 сургуулийн жагсаалт гардаг. Тус жагсаалтад орсон сургуульд тэнцсэн хүмүүс бакалаврын зэргийн үндсэн ангид суралцах урилга авсан эсвэл суралцаж байгаа Монгол Улсын иргэн энэхүү сангийн зээлд хамрагдах хүсэлтийг гаргах эрхтэй. Харин магистр, докторт суралцагчид заавал шилдэг 100 сургуульд тэнцсэн байх шаардлагагүй. Түүнчлэн жилийн 16 мянган ам.долларын санхүүжилт олгодог гэдгээрээ ялгаатай. Магистрын сургалтад суралцах суралцагчид хоёр жил хүртэл, докторын сургалтад суралцах суралцагчдад гурван жил хүртэл хугацаагаар олгоно.
Дэлхийн шилдэг их, дээд сургуулийн бакалаврын сургалтад суралцах суралцагчид тухайн мэргэжлээр суралцах хугацаанаас хамааран 4-5 жил зөвхөн сургалтын төлбөрийг олгох бөгөөд амьжиргаа, байр, хоол болон бусад зардал ордоггүй.
Түүнчлэн сургуулиа амжилттай төгсч ирээд эх орондоо тав болон түүнээс дээш жил тогтвор суурьшилтай ажилласан иргэн зээлээс бүрэн чөлөөлөгдөнө. Харин заасан хугацаанд сургалтаа дуусгаж эх орондоо ирээгүй, гадаадад суурьшсан, сургалтын төрийн санд төгссөн эсэх мэдээллээ ирүүлээгүй иргэн зээлийг буцааж төлөх ёстой юм байна.
Энэ тухай БСШУСЯ-ны харьяа Боловсролын зээлийн сангийн захирал М.Ариунжаргалаас тодрууллаа. Тэрбээр,
“Боловсролын зээлийн сангаас гадаад улсад бакалавр, магистр, докторын түвшинд суралцах оюутнуудад сургалтын төлбөрийн зээл олгодог. Бакалаврын түвшинд дэлхийн шилдэг 100 сургуульд суралцсан тохиолдолд олгох бол магистр, докторын хувьд шилдэг сургууль эсэхийг харгалзахгүй. Магистр, докторын түвшний оюутнуудад 16000 ам.доллар өгнө. Хэрэв тэтгэлэгийн хэмжээ нь сургалтын төлбөрөөс илүү гарвал амьжиргааны зардал болгон шилжүүлэх тогтоол бий. Сонгон шалгаруулалтад орж тэнцсэн оюутнуудын шийдвэрийг сайдын тушаалаар яамнаас гаргана. Харин боловсролын зээлийн сан нь зөвхөн санхүүжилт өгөх үүрэгтэй байгууллага. Сургуульдаа тэнцээд, БСШУСЯ-аас зарлагдсан хугацаанд амжин материалаа бүрдүүлэн өгсөн хүүхдүүдэд энэхүү тэтгэлгийг өгдөг. Жил бүр улсын төсвөөс манай санд хөрөнгө мөнгө төсөвлөдөг. Энэ төсөвтөө багтааж л хүүхдүүддээ тэтгэлэг өгнө. Польш, Украйн, Куб, Румын, Казакстан, Вьетнам, Лаос, Унгар зэрэг олон оронд суралцуулахаар явуулдаг. Энэ жилийн хувьд 40 хүүхэд хамрагдаад барьцаа хөрөнгөө байршуулсан. Сургалтын төлбөрийн зээлээ эргэн төлөх үүргээ баталгаажуулахын тулд үл хөдлөх хөрөнгийн барьцаа авдаг” гэв.
Өндөр албан тушаалтнууд болон тэдний хүүхдүүд тэтгэлэг хүртэх нь олон. Харин тэтгэлгээр суралцахгүй л бол төлбөрөө дийлэхгүй иргэд бүр ч олон. Гэтэл тэтгэлгийн сонгон шалгаруулалтад албан тушаалаа ашиглан хүүхдээ тэтгэлэгт хамруулах боломжтой эсэх талаар БСШУСЯ-аас тодруулах гэхэд дарга нар нь нуугдаж, мэдээллээ нууж байгаа нь энэ сэдвийг дахин хөндөх шаардлагатай байгааг тод харуулна.
Б.Мөнхбайгаль