Мэдээ мэдээллийн энэ зуунд олон талаас танин мэдэхүйн мэдлэг өгч чадахуйц контентоор “цангадаг” Z үеийнхэн сонсдог контент буюу подкаст хэрэглэн өсч байна. Түүнчлэн энэ нь тогтсон форматтай, богино хугацаанд их мэдлэг мэдээллийг түгээж байгаагаараа алдаршиж буй бөгөөд цаг хэмнэх хамгийн сайн арга юм.
Подкаст хийхэд интернэт, бичих төхөөрөмж буюу микрофон байхад л хангалттай байдаг тул өөрийн санаа, хийж буй ажлаа бусдад хүргэхийг хүссэн хувь хүмүүс, байгууллагууд подкаст бүтээж цацах нь олширчээ.
Подкастын загалмайлсан эцгүүд, дэлхийн тэргүүлэгч хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болох “NPR”, “WNYC”, “BBC” зэрэг студийн уран бүтээлийг сонсоход үнэхээр урамтай.
Подкаст гэж юу вэ?
Подкаст бол хэрэгцээтэй үедээ хаанаас ч сонсох боломжтой аудио контент. Подкастууд дэлхийн өнцөг булан бүрээс гаргадаг олон төрлийн баялаг контентуудын сонголттой. Хаана ч, хэзээ ч сонсох боломжтой, цахим сүлжээг ашиглан бий болсон шийдэл.
Подкастыг ихэнх хүмүүс интернэт радио гэж ойлгодог. Гэхдээ энэ нь жирийн радио шиг биш. Тухайлбал, сонсогчдод цуврал анги, хэсгүүдээр дамжуулан тухайн сэдвээ үндэс суурь, баримт болон хэлэлцэж буй агуулгын тухай мэргэшсэн хүмүүстэй ярилцаж мэдээлэл боловсруулах зорилготой. Хэрэглэгчид өөрийн хэрэгцээт подкастаа утсандаа татаж, чөлөөт цагаараа зүгээр дуу сонсохын оронд танин мэдэхүйн яриа хэлэлцүүлэг сонсох нь хүмүүсийн сонирхлыг илүү татаж байна. Мөн шууд дамжуулж буй подкастуудад өөрийн сэтгэгдлээ үлдээн оролцож болох юм. Ихэнхдээ вэб хуудас, аппликэйшн болон блогуудад байршуулдаг.
Подкаст нь тодорхой сэдвийг дагнаж, тогтмол хэрэглэгчийг бүрдүүлдгээрээ олон нийтэд зориулсан радиогийн өргөн нэвтрүүлгээс ялгаатай. Мөн контентыг шууд дамжуулахгүйгээр өмнө нь бичиж, дуу, хөгжим оруулан янзлах боломжтойгоороо давуу талтай.
Аудио контентууд голдуу 2-4 минут, 15-25 минут, 30-45 минут, 1-2 цаг хүртэлх хугацаанд үргэлжилнэ. Түүнчлэн хугацаанаасаа хамаар өөр өөр зорилгуудтай. Тухайлбал, 2-4 минутын подкаст нэг зүйлийг товч тодорхой танилцуулах, 30-45 минутынх нь тухайн сэдвийн хүрээнд анализ хийн сэттгэгдлээ хэлэх, 1-2 цагийнх нь зочин урьж асуулт хариулт, хэлэлцүүлэг маягаар өрнөдөг.
Подкастыг сонсох маш олон шалтгаан болон давуу талуудтай. Үүнээс дурдвал, сонин, сэтгүүл эсвэл дэлгэц ширтэн урт нийтлэл, ярилцлагууд унших шаардлагагүй. Үнэгүй цэгцтэй мэдээ мэдээлэл болон ихэнхдээ академик мэдээлэл олж авна. Англи хэлний эсвэл ямар хэл судлан сонирхож, ямар хэл дээр подкаст сонсч байгаагаас шалтгаалан тухайн хэлний сонсох чадвар дээшилнэ. Хүссэн сэдвээрээ үндэслэл, баримт нотолгоотой мэдээ мэдээлэл болон сонирхолтой хүмүүсийн ярилцлагыг сонсох боломжтой.
Монголын сэхээтнүүд ч энэ шинэ хандлагыг даган подкаст хэлбэрээр ярилцлага өгөх, сэтгэгдлээ хэлэх дуртай болсон. Өөрөөр хэлбэл, энд хэн нэгнийг гаднах төрхөөр нь бус, мэдлэг оюунаар нь дүгнэж болохуйц оюунлаг талбар бий.
Сонсдог контентийн дийлэнхийг Америкаас бүтээдэг аж. 2011 оны байдлаар дэлхий даяар 150 мянга гаруй подкаст сонсогчдод хүрснээс 90 мянга гаруй нь Америкаас нэвтрүүлжээ. Харин энэ оны хоёрдугаар сарын АНУ-ын Edison Research Infinite Dial байгууллагын гаргасан судалгаагаар дэлхий даяар идэвхтэй, байнгын дугаар гаргадаг 660 мянган подкаст байгаа бөгөөд эдгээрээс нийт 28 сая орчим цуврал, анги гарсан хэмээн тооцжээ. Түүнчлэн 2018 онд гаргасан судалгаагаар Америкийн нийт хүн амын 44 хувь нь подкаст сонсдог ба эдгээрийн 49 хувь нь гэртээ, 22 хувь нь замын хөдөлгөөнд оролцож, автомашин, нийтийн тээвэрт явж байхдаа үлдсэн нь бусад газарт сонсдог гэжээ.
Сүүлийн үед подкаст гаргагч вэб хуудсууд ижил сонирхолтой сонсогчдыг нэгтгэх, санал бодлоо хуваалцах илүү жижиг бүлгэм болгон ажиллаж байна. Мөн BBC мэдээ болон Apple компанийн Itunes программ подкаст нэвтрүүлэх хамгийн том суваг болжээ. Харин Монгол подкастууд үүнээс гадна Soundcloud платформ дээр байрших нь түгээмэл.
Монголын олон дагагчтай таван подкаст
1. “UNLOCK” подкаст
Энэ бол номын тухай ярилцах аудио талбар. Сонирхол татахуйц, олны анхаарлын төвд байгаа, мэдлэг өгөхүйц номуудыг сонгон авч, тухайн номтой холбоотой ажил эрхэлдэг, нэмэлт мэдээлэл өгч чадах зочдыг урьж ярилцдаг. Энэхүү подкаст нь тухайн номоос авч болох ойлголтууд, гол санаануудыг хураангуйлан хамгийн товчоор мэдээлэл өгнө. Ингэснээр нэг цагийн дотор та хангалттай хэмжээний мэдлэгийг өөртөө хуримтлуулж, тухайн номыг өөрөө дэлгэрүүлж унших хэрэгтэй эсэхээ шийдэх боломжтой болох юм. Unlock-ийг үүсгэн байгуулагч, подкастын хөтлөгч Б.Тэгшбаяр нь дэлхийн тэргүүлэх компаниудын нэг Мицуйд зөвлөхөөр ажилладаг. Бямба гараг бүр шинэ дугаар тавигддаг ба дэлхийн шилмэл номнуудыг түүвэрлэн дугаар бүрээрээ хураангуйлан хүргэдэг. Хувь хүний хөгжил, түүх, шинжлэх ухаан гэх мэт олон төрлийн сэдвийг хамарсан номнуудыг хамардгаараа онцлог.
2. “Сэхээтэн” подкаст
“Сэхээтэн” подкастын нийт сонсогчдын бараг тэн хагас нь гадаад улс орнуудын сонсогчид байдаг. Нийт 600 мянга гаруй таталттай Монголын шилдэг подкастуудын нэг юм.
Ням гараг бүр өөр өөрийн гэсэн онцлог чанар, авьяас чадвартай амжилттай яваа хүмүүсийг урьж оролцуулан тэдгээр хүмүүсийн туршлага, амжилт бүтээл, алдаа, сургамж гэх мэт сонирхолтой сэдвээр ярилцдаг.
3. “Positive Mongolians” подкаст
Хөгжилтэй, сонирхолтой влогоороо цахим орчинд танигдсан Дөлгөөн,Төвшөө хосуудын явуулдаг подкаст юм. Тэд тус тусдаа дугаарууд хөтлөн явуулдаг бөгөөд лхагва, баасан гаргуудад шинэ дугаараа тавьдаг. Өөрсдийн туршлага, түүнээс сурсан сургамжууд, мөн алдаанаасаа суралцан дэвших гэх зэрэг урам зориг өгөх, шинэ зүйлс сурахуйц сэдвүүдээр подкастаа хөтөлдөг тул түүнээс суралцаж өөрийгөө ч мөн сайжруулах боломж олгодог.
4. “Tagtaa publishing” подкаст
Нэртэй зохиолч, орчуулагчидтай болон залуу үеийн зохиолч, орчуулагчидтай хийсэн яриа, тэдний дуу хоолойг аудио хэлбэрээр хүргэдэг подкаст. Номонд дурлагч залуус энэ подкастыг сонсож,тэднээс цоо шинэ харах өнцгийг олж авдаг. Хөтлөгчөөр орчуулагч Ж.Тэгшзаяа хөтлөн явуулдаг. Тэрбээр Милан Кундерагийн “Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй” роман, Франц Кафкагийн “Хувирал тэргүүт тууж, өгүүллэг” номыг эх хэлнээ буулгасан чадварлаг орчуулагч. Мөн тэрээр UB.LIFE цахим хуудасны кино тоймч, Tegshee’s Movie Corner хуудсыг хөтөлдөг.
5. “Ухаарлын долоон хоног” подкаст
Долоон хоног бүр сонсогчдодоо блог, подкаст, эсвэл видео хэлбэрээр ухаарал бэлэглэх зорилготойгоор өөрийн эргэцүүлэл, бодол, сурч ойлгосон зүйлсээ хуваалцдаг нэгэн эмэгтэйн хувийн орон зай. Ихэвчлэн байгаль орчин, эрүүл мэнд, аз жаргалтай нийгэм, ёс зүйн асуудлуудыг хөндөн ярилцдаг.
Б.Мөнхбайгаль