ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Д.Сэржмядагтай ярилцлаа. Уг хүрээлэн гамшгийн эрсдэлийг судалдаг юм байна.
-Гамшиг судлалын хүрээлэнгийн тухай өмнө нь сонсч байгаагүй юм байна?
-Манай хүрээлэн 2005 онд байгуулагдсан. Ирэх жил 15 жилийн ой болох гэж байна. Би байгуулагдсан цагаас нь эхэлж ажиллаж байгаа л даа. Манай хүрээлэнд гал түймэр, газар хөдлөлт, байгалийн гамшиг зуд, салхи, шуурга, үерийн эрсдэлийн судалгааг хийдэг. Бид 2012 онд Монгол Улсын хэмжээнд эрсдэлийн тойм үнэлгээ судалгааг хийсэн. Мөн 2011 онд Улаанбаатар хотын хэмжээнд эрсдэлийг гамшгийн аюулын төрлөөр үнэлж гаргасан анхны судалгаануудыг хийж байлаа. Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчлэл, нийгмийн өөрчлөлттэй холбоотойгоор эрсдэлийн судалгаануудаа шинэчлэх шаардлагатай болсон. Ирэх жилээс бид Онцгой байдлын ерөнхий газартай хамтраад эрсдэлийн судалгаануудаа шинэчлэхээр ажиллаж байна.
-Гамшгийн эрсдэл гэхээр хүмүүс айдастай хүлээж авдаг. Ялангуяа сүүлийн үед газар хөдлөлтийн эрсдэл нэмэгдэж байгаа талаар их яригдах боллоо. Тэр тусмаа нийслэлийн байшин барилгууд шаардлага хангахгүй байгаа талаар их мэдээлдэг. Гамшгийн эрсдэл хэр бодитой вэ?
-Монгол Улсын түүхэнд том том газар хөдлөлтүүд болж байсан шүү дээ. Азаар хүн ам сийрэг, өнөөдрийн Улаанбаатар шиг хотжоогүй байсан учраас бага хэмжээний хохирол учраад өнгөрсөн байдаг. Одоо бол нөхцөл байдал өөр болоод байна л даа. Улаанбаатарт нөлөөлж болохоор зургаан төрлийн хагарал байдаг гэж Одон орон, геофизикийн хүрээлэнгээс гаргасан байдаг. Эдгээр хагарлуудад хэрэв газар хөдлөх юм бол Улаанбаатар хотод эрсдэл нүүрлэнэ гэдэг. Энэ дагуу судалгаанууд хийгээд, ЖАЙКА-гийн төслийн хүрээнд 2013 онд хэрэв Эмээлтэд газар хөдлөлт болбол, Хустайн хагарал дээр газар хөдөлбөл гээд тооцоо гарсан. Газар хөдлөлтийн эрсдэл бодитой юм даа. Онцгой байдлын байгууллага, манай байгууллагаас ямар арга хэмжээ авч байна гэхээр иргэдээ яаж бэлтгэх вэ. Яаж бэлэн байдлаа хангах вэ гэдэг чиглэлээр ажиллаж байна. Иргэн бүр өөрсдөө бэлэн байдлаа хангах учиртай. Онцгой байдлын байгууллагын бүрэлдэхүүний дөрөвний нэг орчим нь Улаанбаатар хотод байна. Газар хөдлөлт болоход онцгойнхон ч бас гамшигт нэрвэгдэнэ шүү дээ. Бүгд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах боломжгүй болж болно. Тийм учраас иргэн бүр анхан шатны тусламж үзүүлэхээс эхлээд мэдлэгтэй болж, орон байраа ч зөв сонгох учиртай. Барилга баригдах явцад хяналт тавихаас авхуулаад иргэддээ мэдлэг олгохоор ажиллаж байна. Мэдээж барилгын норм дүрмийг сайжруулахаар мэргэжлийн хяналттай онцгой байдлынхан хамтарч ажилладаг. Улаанбаатар хотын хувьд бодитой эрсдэл бий. Тийм учраас иргэн бүр аюулгүй байдал, амь насаа яаж хамгаалахаа мэддэг байх учиртай. Гамшиг болоход эхний ээлжинд иргэн иргэндээ л тусална. Дэлхий нийтийн судалгаа байдаг л даа. Гамшгийн үед эхний 24 цагийн дотор аврагдсан хүмүүсийн 80 хувьд нь иргэн иргэндээ тусалсан байдаг гэж. Түүнээс хойш онцгой байдлынхан, аврагч нар тусалдаг юм байна. Тэр утгаараа хүмүүсээ мэдлэгтэй болгоё, бэлэн байдлыг нь хангуулъя гээд ажиллаж байна.
-Хүмүүс гамшгийн үед онцгойгийнхон ирээд аварна, төр засгаас түргэн шуурхай арга хэмжээ авна гэж найддаг. Гэтэл аврагчид төдийгүй гамшгийн үед удирдлагаар хангах үүрэг хүлээсэн хүмүүс нь бас гамшигт нэрвэгдэж таарах нь. Саяхан газар хөдлөлтийн сургуулилт нийслэлд болоход хүмүүс нэг юмыг ойлгосон. Гамшгийнхан бидэнд хүрэлцэхгүй юм байна, ирж амжихгүй юм байна гэдгийг?
-Яг зөв энэ хүмүүс чинь бас гэр оронтой. Гамшигт өөрсдөө ч бас нэрвэгдэнэ, дарагдана, янз бүр болно. Ийм дасгал сургуулилтыг бас хийж байх хэрэгтэй. Манайхан яг тэгж ойлгодог. Гамшгийн үед онцгойгийнхон ирээд аварна гэж боддог. Хүн өөрийгөө, гэр бүлээ хамгаална. Ялангуяа газар хөдлөлтийн үед 72 цагийн турш төрийн тусламж дэмжлэг ирж чаддаггүй гэж үздэг. Тийм учраас иргэдийг гэртээ ядаж 72 цагийн нөөцтэй. Ядаж усаа нөөцөлж сураач гээд байгаа юм. Орон сууцны хорооллуудад ус тасарлаа гэхэд 72 цаг байтугай долоон цаг ч тасрахад хэцүүддэг. Тийм нөхцөлд иргэд өөрсдөө аюулгүй байдлаа хангах учиртай. Дээр нь бас нэг муу мэдээ гэвэл манай хүрээлэнтэй хамтарч ажилладаг Японы Нагояа их сургуулийн эрдэмтэд Улаанбаатар хотод шинэ хагарал байж магадгүй тухай мэдээлсэн. Энэ талаар нарийвчилсан судалгаа хийгдэж байгаа. Энэ идэвхтэй хагарал биш шиг байгаа юм. Гэхдээ энэ хагарал идэвхжихийг бас үгүйсгэхгүй гэж япон эрдэмтэд хэлж байгаа. Хэрэв энэ батлагдвал нөхцөл байдал илүү дордоно гэсэн үг. Ийм учраас Онцгой байдлын байгууллагаас ерөнхий боловсролын сургуулиудад болон цэцэрлэгийн хүүхдүүдэд хичээл зааж эхлэхээр болсон.
-Нийслэлчүүд эрсдэлтэй нөхцөлд амьдарч байна. Газар хөдлөлтийн үед задгай талбай руу гүйж гарах ёстой юм билээ. Гамшгийн сургуулилтын үеэр иргэдийн бас нэг анзаарсан зүйл олонх нь битүү барилга байшин дунд, зарим хорооллын оршин суугчдын цугларах талбай нь шатахуун түгээх газрын дэргэд байсан?
-Хот төлөвлөлт ийм түвшинд очсон байна. Цугларах талбайгаа шинэчлэх шаардлага байна. Энэ бол гучин жилийн дараа болсон сургуулилт. Энэ гучин жилд ямар эрчимтэй хотожсон нь харагдаж байна. Онцгой байдлын байгууллагаас энэ чиглэлийн ажлуудаа санаачлаад хийнэ. Манай хүрээлэн иргэд юу гэж бодож байгааг судалж онцгой байдлын байгууллагад өгдөг. Бодлого боловсруулагчид үүнд үндэслээд шаардлагатай арга хэмжээг авдаг.
-Газар хөдлөлтийн сургуулилтын дараа иргэд ямар сэтгэгдэлтэй үлдсэн бэ?
-Иргэд сургуулилтын зорилгыг маш сайн ойлгосон байсан. Маш идэвхтэй оролцсон. Онцгой байдлын байгууллага ч тэр, засаг захиргааны нэгж ч тэр, иргэд ч бэлтгэлгүй байгаа юм байна. Тайван цагт зохион байгуулалтаа хийж чадахгүй байгаа юм чинь гамшгийн нөхцөл байдалд хүмүүс фаникт орсон үед үүнээс долоо дордох нөхцөл үүсэх юм байна гэдгийг харуулсан сургалт болсон. Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудлаар иргэн, онцгой байдлын байгууллагаас гадна хуулиар үүрэг хүлээсэн хүмүүс нь хорооныхон. Тэд ч бас энэ талаар ямар ч ойлголтгүй байснаа ойлгосон.
-Одоо тэгээд яах вэ, иргэдэд яаж мэдээлэл олгох вэ?
-Ийм сургуулилтыг дахин дахин хийх хэрэгтэй байгаа юм. Гэхдээ нийтийг хамарсан сургуулилт хийх нь эдийн засгийн хувьд зардал өндөртэй. Тийм учраас хороо, дүүрэгтээ жижгэрүүлсэн хэлбэрээр хийгээд иргэд төвөгшөөхгүйгээр оролцож, хаа хаанаа мэдлэгтэй болоод авбал цагийн байдал үүсвэл фаникт орох нь бага байх болов уу.
-Байрныхан, орцныхон, хорооллынхон бие биедээ туслах нь чухал юм байна. Одоо бол хөршүүд биенээ танихгүй. Иргэд хоорондын хамтын ажиллагааг яаж дэмжих вэ?
-ОБЕГ-аас 2015 онд Олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний хөтөлбөр гаргасан л даа. 2015-2025 оны хооронд хэрэгжүүлэх хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрийн зорилго хөдөөд малчны бүлэг нөхөрлөл үүсгэх, хөдөлмөрөө хоршиж, зудын эрсдэлийг даван туулдаг болъё. Хот суурин газар хороо, гудамжаараа хэсэг болж ажилладаг. Тэр хэсэгт хэдэн эмч байдаг, ямар боломж байна. Орон сууцны хорооллынхон бас СӨХ-өөрөө, орцоороо хамтрах боломжтой. Гамшгийн үед эмнэлгийн тусламж авч чадахгүй нөхцөлд манай орцонд хэдэн эмнэлгийн хүн байдаг гэх мэт нөхцөлүүдээ судалж, зохион байгуулалтад оруулах зорилгоор батлагдсан үндэсний хөтөлбөр байгаа юм. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь чухал.
-Иргэдийн оролцоог дэмжсэн бодлого байгаа юу?
-Байгаа. Гамшгаас хамгаалах тухай хуульд сайн дурын бүлэг нөхөрлөл байгуулах тухай заасан. Шаардлагатай үед дуудаад үүрэг гүйцэтгүүлэх нөхцөлөөр Онцгой байдлаас сургаад, бэлтгээд, багаж төхөөрөмжөөр ханган хамтарч ажиллах боломжтой. Сайн дурын бүлэгт нэгдсэн иргэн цэргийн албанаас чөлөөлөгдөнө. Галын аюулгүй байдлын тухай хууль 2015 онд батлагдсан. Одоо манайд гал унтраах ангийн хүрэлцээ муу байгаа шүү дээ. Замын түгжрэл ямар байгаа билээ. Гал унтраах ажиллагааны хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс гал унтраах сайн дурын хэсэг байгуулах хуулийн зохицуулалт бий. Эхнээсээ хөдөө орон нутагт байгуулагдаад, шаардлагатай тоног төхөөрөмжөө аваад ажиллаад эхэлсэн.
-Саяхан орон сууцны байранд гал гарахад иргэд гал сөнөөгчдийг хүлээгээд хүнд нөхцөлд байцгаасан. Өөрсдийгөө хамгаалах наад захын мэдлэгтэй л баймаар юм байна?
-Хүүхдүүдийг цэцэрлэгт байхаас нь гал гарсан үед яах вэ гээд сургаад эхэлж байгаа. Их дээд сургуульд хүртэл 2018 оноос зааж байна. Байдал харьцангуй дээрдэх байх. Сайн дурын бүлэг, нөхөрлөл, хэсэг, орон нутагт нэг байрныхан, орцныхон хамтраад суралцахыг хүсвэл онцгой байдлын албанаас дэмжлэг үзүүлэхэд бэлэн. Олон хүн сайн дураараа бүлэг, нөхөрлөлд хамрагдаж сургагч багш болж бэлтгэгдсэн.
-Гамшиг гэхээр өөр ямар ямар нөхцөлүүд багтах вэ. Сүүлийн үед юм болгоныг гамшгийн түвшинд хүрлээ гэдэг боллоо?
-2018 онд “Гамшгийн зэрэглэл тогтоох журам”-ыг Засгийн газрын тогтоолоор баталсан. Гамшгийн аюулаас хамаараад харилцан адилгүй. Гэхдээ нэрвэгдсэн хүний тоо арав хүртэл, хоёр буюу түүнээс дээш хүний амь нас үрэгдсэн, хоёр хүртэл аймаг, дүүргийн нутаг дэвсгэрийг хамарсан гэх мэтийг харгалзан гамшгийг орон нутгийн, бүсийн, улсын хэмжээний гэж зэрэглэл тогтоодог. Юм болгоныг гамшиг гээд байгаа нь үнэн л дээ. Монголын нөхцөлд зуд, ой хээрийн түймэр, том хэмжээний үер гамшгийн түвшинд хүрч, хор хохирол учруулж байна.
-Монголчууд эрсдэлээ хэр удирдаж, урьдчилан харж чадаж байгаа вэ?
-2017 оны Гамшгаас хамгаалах тухай хуулийн гол концепц нь гамшгийн эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэхэд чиглэсэн. Эрсдэлийн үнэлгээгээ урьдчилж хийгээд түүндээ тохирсон эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг хийнэ гээд зарчмаа тохирсон. ОБЕГ, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл хэрэгжүүлсэн. ЖАЙКА-гийн төслийн нэг том үр дүн газар хөдлөлтийн эрсдэлээ яаж үнэлэх юм, эрсдэлийн үнэлгээндээ тулгуурлаад, яаж эрсдэлийг бууруулах төлөвлөлтөө хийх юм, Японы туршлага, Монгол орны онцлогт тохирсон аргачлал заавруудыг гаргасан. Бүх түвшиндээ урьдчилж эрсдэлээ үнэлж байж, төлөвлөх юм байна гэдэг ойлголт сууж байгаа.
-Онцгойгийнхны дотоод хэрэгцээнд зориулсан зургийг харахад улаан өнгө голлоод бас л ноцтой харагдаж байна лээ. Үүнийг эрсдэлийн үнэлгээгээр гаргаж ирсэн үү?
-Эрсдэлийн үнэлгээ гэдэг магадлал юм л даа. Түүнээс яг ийм байна гэсэн үг биш.