Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
С.Мөнхчулуун: Дубайд хийж чадаагүй “Skyway”-г манайх зургаан сарын дотор хийнэ гэж байхгүй

НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуунтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-МАН-аас нийслэлд “Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилго тавьж байсан. Түүнээс хойш гурван жил өнгөрлөө. Иргэдийн хурлын төлөөлөгч хүний хувьд хөтөлбөрийн биелэлтийг хэрхэн дүгнэж байна вэ?

-2016 онд МАН “Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөрийг дэвшүүлж, “Бид зүтгэнэ, хамтдаа хөгжинө” уриатайгаар сонгуульд нэр дэвшсэн. Ингээд УИХ-д ч, нийслэлд ч МАН олонх болж эрх барьж байна. Нийслэлийн ИТХ-д 34 төлөөлөгч сонгогдоод намын мөрийн хөтөлбөрөө Засаг даргын мөрийн хөтөлбөр болгож, иргэдийн хурлаар баталгаажуулаад хэрэгжүүлээд явж байгаа. Энэ мөрийн хөтөлбөр бол зөвхөн С.Батболд даргын мөрийн  хөтөлбөр биш. Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр байсан. Үүнийг бүгд хүлээн зөвшөөрөөд, бүгд ярьж явж байгаад сонгогдсон. Мөрийн хөтөлбөрөө дөрвөн жилд хуваагаад нийгэм эдийн засгийн зорилт болгоод алхам алхмаар хэрэгжүүлж яваа. Иргэдийн хурал жил бүр дүнгээ тавьдаг. Өнгөрсөн сарын хуралдаанаар энэ онд дэвшүүлсэн нийгэм  эдийн засгийн зорилтын биелэлтийг хэлэлцсэн. Олонхоороо “бүрэн хангалттай” гэдэг үнэлгээ өгсөн. Жил бүр ингэж үнэлдэг. Үнэхээр бүрэн хангалттай эсэхийг иргэд дүгнэж байгаа болов уу. Миний хувьд энэ хурал дээр хэлэх үгээ хэлсэн. Энэ онд нийслэлийн төсвөөр 460 орчим төсөл, бүтээн байгуулалтад 280 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр баталсан. Төлөвлөгөөний биелэлтийг дүгнэхэд 50-55 хувьтай байсан.

-Та үүнийгээ жаахан тодруулахгүй юу. Яагаад ийм нөхцөлд “Бүрэн хангалттай” гэдэг үнэлгээ өгсөн юм бол?

-Нийслэлээс хийж байгаа шинэ бүтээн байгуулалт маш цөөхөн. Өнөөдрийг хүртэл тендер нь зарлагдаагүй ажлууд ч байна. Тэгэхээр энэ ажлууд явахгүй гэсэн үг. Ес, арван сард тендер нь зарлагдсан ажлууд мөнгөө татуулахгүйн тулд хугацаанд шахагдаад ямар нэг байдлаар хийж таарна. Гэхдээ тэр нь чанарын хувьд ямар байх вэ гэдэг асуудалтай. Энэ жил Яармагийн гүүрний ажил дууссан, Замын цагдаагийн гүүр, Налайхын зам ашиглалтад орлоо гэж байна. Энэ ажлууд бол Э.Бат-Үүл даргын үед зураг төсвүүд нь хийгдээд, С.Батболд даргын үед гэрээнүүд нь хийгдээд, С.Амарсайхан даргын үед гүйцэтгэл нь дуусах тал руугаа орж байна. Гэхдээ бүрэн дуусаагүй. Энэ зам, гүүрэн дээр гэрэлтүүлэг, явган хүний зам алга байна гэдэг шүүмжлэлийг иргэдээс тавьж байгаа. Налайхын замд зорчих хэсгийг нээсэн болохоос засварын ажил бүрэн дуусаагүй. Тохижилтын ажлаас өнөөдрийг хүртэл тендер нь зарлагдаагүй ажлууд ч байна.

-Иргэдийн төлөөлөгчдөөс Хотын даргыг огцруулах тухай санал гаргасан шүү дээ. Энэ ямар асуудлаас болсон бэ?

-Хотын даргыг огцруулах тухай яриа долоон сард гарсан ч тэгсхийгээд намжсан. Барилгын ажил буюу хөрөнгө оруулалтын ажлуудыг хийх улирал нь хаврын сүүл, зун, намрын эхэн сар байдаг. Гэтэл энэ хугацаанд тендерийн ажлуудаа эхлээгүй, замын засвар, өргөтгөл шинэчлэлийн ажлуудын захирамж нь ч гараагүй, үнэлгээний хороогоо байгуулж , тендерээ зарлаагүй байсан. Тийм учраас нэр бүхий төлөөлөгчид энэ асуудлыг хөндөж, “Ажлууд явахгүй байна. Хангалтгүй байна. Зөвхөн томилгоотой холбоотой асуудал явж байна” гэдэг асуудал яригдсан.

-Хотын дарга ирэх онд агаарын дүүжин зам ашиглалтад оруулах тухай ярьж байна. Энэ асуудал иргэдийн хурлаар орсон уу. Биелэгдэх боломжтой эсэх тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-2020 оны үндсэн чиглэлд орсон болохоор ирэх жилийн төсөв дээр орж ирэх байх. Манай Засаг даргын ярьж байгаа “skyway”, дүүжин замын тээвэр гэдэг хоёр зүйл бол өнөө маргаашдаа хэрэгжих боломжгүй зүйл байхгүй юу. “skyway” гэдэг нэрээрээ хайх юм бол тролейбус, трамвей, метро гэдэг шиг тусдаа зүйл байхгүй юу. Энэ бол 1980 хэдэн оноос хойш Беларусийн эрдэмтэн яриад явж байгаа, өнөөдрийг хүртэл нэг ч газар хэрэгжээгүй зүйл. Дубайд хийнэ гэж арваад жил ярьж байгаа. Тэнд нэг польгон байдаг юм билээ. Дөнгөж багана босгож, цутгачихсан. Түүнийгээ дэлгэц дээр үзүүлдэг тийм төсөл байхгүй юу. Мөрөөдлийн зүйл гэхэд болно. Бусад улсуудад байгаа дээгүүр явж байгаа, өөр түвшинд огтлолцож байгаа баганатай төмөр замуудаас өөр зүйл. Дубай хийж чадаагүй зүйлийг манайх зургаан сарын дотор хэрэгжүүлнэ гэж байхгүй ш дээ. Зардал мөнгө хэр байх вэ. Газар чөлөөлөлтөөс эхлээд нийслэлийн төв замаар хийхэд ачаалал ямар байх юм гэдэг тооцоо судалгаа ТЭЗҮ хийгдэх ёстой. Тийм зүйл хийгдээгүй. Нөгөөх нь дүүжин замын тээвэр гэж байгаа. Түүнийг би “Скайресорт” дээр байдаг зүйлтэй адил юм байна гэж ойлгосон. Баянхошуу, Зайсангаас хотын төв рүү хийх гээд байх шиг байгаа юм. Тэр манай нөхцөлд таарах уу. Нийтийн тээврийн зориулалтаар хийх юм биш. Аялал жуулчлалын зориулалтаар хийдэг зүйл шүү дээ. Гэхдээ бид өнөөдөр юм болгоныг бүтэхгүй гэж болохгүй л дээ. Үнэхээр бас тийм юм хийх гээд, тооцоо нь байгаад, нүдэнд нь харагдаад байгаа бол яах вэ. Манай сонгогчид хүртэл өнөөдөр УИХ-ыг тараана гээд гудамжинд гардаг болж. Ардчилсан нийгэм, эрхзүйт төрд дөрвөн жилээр сонгочихсон, хийх ажлыг нь батлаад өгчихсөн бол тэр хугацаанд шахаж ажиллуулах ёстой. Эцэст нь хариуцлагаа тооцож дүгнэх ёстой. Дундуур нь ингээд байх буруу л даа.

-Нийслэлээс гэр хорооллын 200 мянган өрхийг утаа мэдрэгчээр хангах, 6.6 тэрбум төгрөг зарцуулах тухай асуудал яригдаж байна. Үүн дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

- Энэ бол хамгийн бүдүүлэг шийдэл. Түүний оронд зуухыг нь сайжруулах, битүүмжлэлтэй болгох, утаа алддаггүй, газ гаргадагүй болгох тал дээр анхаарах ёстой. Нэгэнт гэр хорооллын иргэдийн 65 хувийнх нь зуух ашиглалтын шаардлага хангахгүй байхад утаа мэдрэгчийг оруулж ирж тавиад шийдэл гаргаж чадахгүй. Утаа мэдрэгч нь шөнөжингөө дуугарлаа гээд яах юм. Нөгөө айл дуугарах болгонд босч гарч гүйх үү. Үүнээс өмнө бид маш их утаагүй зуух тараасан. Гэтэл өнөөдөр гэр хорооллын иргэдийн 65 хувь нь буюу 100 мянга нь шаардлага хангахгүй зуухтай байна гэдэг асуудал яригдаж байна. Тэгэхээр бид иргэдээ хариуцлагажуулах ёстой. Иргэд маань өөрсдийнхөө гэрт түлж байгаа, ашиглаж байгаа, өөрсдийнх нь амь настай холбоотой болж байгаа асуудал дээр алхам хийх ёстой. Зуухаа сайжруулах, шинэчлэх тал дээр ажиллах ёстой.

-Утаа мэдрэгч юм уу, утаагүй зуух, түлшний асуудал бол утааны эсрэг богино хугацаанд хэрэгжүүлж буй бодлого. Хамгийн төгс шийдэл бол орон сууцжуулах байгаа шүү дээ. Энэ тал дээр нийслэлчүүд ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа вэ?

-Өчигдрөөс эхлээд яригдаж байгаа зүйл бол гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах асуудал. Зуу орчим айлын дөрвөн га газрыг чөлөөлөөд дээр нь орон сууц барих тухай ярьж байна. Тэдгээр айлуудыг бэлэн орон сууцанд оруулах юм. НОСК-ийн даргаас энэ тухай тодруулахад бидэнд 400 айлыг орон сууцанд оруулах боломж байгаа гэсэн. Тэгэхээр үүнийг хэрэгжүүлье гэвэл иргэд өөрсдөө хүсэх хэрэгтэй. 100 орчим айл нийлээд хүсэлтээ бариад ирэх юм бол бид газрынх нь оронд бэлэн орон сууц өгөх юм. Бид төвийн дулаанд холбогдох боломжтой 19 байршил сонгосон байгаа.

-Түгжрэлийг бууруулах зорилгоор долоо хоногийн хоёр өдөр дугаар хязгаарлах тухай яригдсан. Цахим орчинд нилээдгүй шүүмжлэлд өртөж байна л даа. Энэ талаар?

-Зорилго нь аргаа зөвтгөхгүй гэж үг бий. Зөв зүйлд зорьж байж болно. Гэхдээ эрхзүйт төрд амьдарч байгаа учраас хуулийн хүрээнд ямарваа ажлыг хийх ёстой. Түгжрэлийг бууруулах ёстой юу гэвэл ёстой. Нэн тулгамдсан асуудал мөн үү. Мөн. Гэхдээ хорьж боох хэлбэрээр явуулах ёсгүй. Урьд нь гаргасан нэг өдөр дугаарын хязгаарлалт хийх тухай НИТХ-ын тогтоол байгаа. Энэ тогтоол өөрөө үндсэн хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр өнөөдөр бараг хүчингүй болчихсон. Хууль эрхзүйн хүрээнд хүчинтэй биш гэсэн үг. Үндсэн хуулиар хүний өмчлөх эрхийг зааж өгсөн байдаг.  Тэгэхээр  хүний үндсэн эрхийг хуулиар л хязгаарлах боломжтой. Дугаар хязгаарлах асуудлыг Засаг даргын зөвлөлийн хурал дээр хэлэлцсэн. Дэмжигдээгүй гэж ойлгож байгаа. Одоогийн байдлаар тэргүүлэгчдийн хурлаар орж ирээгүй байна.

Хоёрт, татвараа 365 хоногоор төлж байгаа хүмүүс яагаад 112 хоногт нь машинаа унахгүй байх ёстой юм. Тэгвэл 200 хоногоор татвар төлөх ёстой гэх мэт асуудал яригдахаар байна.

-Таны харж буйгаар түгжрэлийг бууруулах тал дээр өөр ямар шийдэл байж болох вэ?

-Өөр олон шийдэл байж болно. Нэг жишээ татахад, сая хэд хоног сургууль амрахад түгжрэл илт багассан. Тэгэхээр гол түгжрэл үүсгээд байгаа асуудал нь хүүхдээ сургуульд зөөдгөөс болж байна. Эцэг эхчүүд хүүхдээ хамран сургах тойргийн сургуульд өгдөггүй.  Бүгдээрээ хотын төвийн сургуульд өгөх гэж зүтгэдэг. Тэгэхээр үүнд Засаг даргын харьяа газар, хэлтсүүд анхаарал хандуулах хэрэгтэй.

Мөн хотын төвийн зогсоолуудаа бүсчлээд төлбөртэй болгох хэрэгтэй. Хүмүүс төлбөр нь өндөр байх юм бол нийтийн унаагаараа яваад эхлэнэ. Төрийн албан хаагчид машинаас татгалзах хэрэгтэй. Эсвэл байгууллагууд ажилчдын унаатай байх гэх мэт хааж боохоос өөр олон шийдэл байж болно. Бид бүх боломжийг олгож өгөх ёстой. Нийтийн тээврээр хүссэн газар руугаа бухимдал, стрессгүй яваад очих боломжийг гаргаж өгмөөр байна. Сонголт байхгүй байхад хорьж бооно гэдэг утгагүй. Хорилоо гэхэд иргэд гараад суух автобус байхгүй шүү дээ. Удахгүй 300 автобус орж ирнэ гэж ярьж байгаа. Гэхдээ өнөөдөр төсөв санхүү хүрэлцэхгүйгээс болоод 300 автобус бааз дээрээ ашиглагдахгүй зогсож байна. Тэгэхээр шинээр 300 автобус оруулж ирлээ гээд ямар ч өөрчлөлт орохгүй.

-Хоёр жилийн өмнө С.Батболд дарга зогсоолын асуудлыг шийдвэрлэх тухай ярьж байсан. Хуучин грашуудыг буулгаж, газар дээр нь давхар зогсоол барина гэж байлаа. Энэ асуудал хаана, ямар шалтгаанаар гацсан бэ?

-С.Батболд дарга зогсоолын асуудлыг ярьж байсан ч шууд захирамжлагдаж ажил болж эхлээгүй. Төслийн сонгон шалгаруулалт явагдаагүй  учраас зогссон. Үүнийг уг нь явуулах ёстой. Нэгдүгээр хороололд очоод байшингуудын дээврээс харвал тойроод хэдэн га газар дээр нэг давхар дулаан граш нэртэй бетон болон төмөр граш, контейнэр байгаа. Үүнийг цэгцлээд газар чөлөөлөлт  хийгээд граштай болгоё гээд иргэдэд ярихаар айдастай байдаг юм билээ. Энэ газар дээр өндөр барилга баригдчихна гэж болгоомжлоод байсан. Тэгэхээр иргэдтэй ойлголцоод, зохион байгуулаад явбал боломжтой. Шаардлага хангасан компани, стандартын дагуу хийх ёстой. Шууд төрийн мөнгөөр биш иргэд өөрсдөө грашаа худалдаж авах ёстой учраас барьсан компани маань эргээд санхүүжилтээ олж авч чадах уу гэдэг дээр хүндрэлтэй байгаа юм.

Гол нь үүнийг гүйцэтгэх эрх мэдэл дээр байгаа хүмүүс зохион байгуулах ёстой. Засаг дарга нар хийх ёстой. Тэр чиглэлд ажиллахгүй байна. Миний хувьд граш эзэмшигчдийн гарын үсэгтэй бичгийг Засаг дарга болоод газрын албанд хүргүүлсэн. Өнөөдрийн байдлаар зарим грашуудыг нь аж ахуйн нэгжүүд худалдаж аваад шатахууны колонк барих тухай асуудал яригдаж байгаа юм билээ. Магнай трейд байсан шиг санагдана. Иргэдийн зүгээс орон сууц хорооллын дунд колонк бариулахгүй гээд эсэргүүцэж байгаа. Тэр хүсэлтийг мөн холбогдох хүмүүст танилцуулсан.

-Нийслэлийн жилийн төсөв хэдэн төгрөгт багтдаг вэ?

- Нийслэлийн төсөв 650-700 орчим тэрбумд багтдаг. Үүний 400 орчим нь урсгал зардалдаа явчихдаг. Тэгэхээр яг хөрөнгө оруулалтын төсөв бол 250 тэрбум хавьцаа байдаг. Улс ирэх жил хэрвээ манайхаас 300 тэрбумыг авна гэвэл бидэнд 100 орчим тэрбум л үлдэх байх. Тоогоор нь бодоход их мөнгө шиг сонсогдож байгаа боловч замын цагдаагийн гүүрэн гарц гэхэд дангаараа 100 тэрбум болсон. Нийслэлийн хотын захиргааны ордон дангаараа 100 тэрбумын хөрөнгө оруулалт шаардаж байна. Энэ онд бид Буянт-Ухаад 14 тэрбумаар хотын захиргааны эхний корпусыг ашиглалтад оруулсан. Цаашлаад дөрвөн корпус нэмж барих шаардлагатай. Үлдсэн төсвийг Хангарьд ордон, Улаанбаатар банкны шилэн барилгыг зарж олно гэж байгаа. Хотын захиргааг Буянт-Ухаа руу нүүлгэх шийдвэр бол төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах зорилготой. Тийм болохоор бид тэр барилга руу нүүж орох ёстой. Энэ ажлыг дэмжиж байгаа.

-Та саяхан Зариг.мн сайтад ярилцлага өгөхдөө хороо бүрт 100 сая төсөвлөсөн тухай ярьж байсан. Үүнийг илүү тодорхой тайлбарлаач?

- Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө гэж байдаг. Энэ хөрөнгөөр тухайн хороо, нутаг дэвсгэрүүдэд иргэдийн саналаар тохижилтын ажил хийх ёстой. 2017 онд 80 сая, 2018 онд 150 сая байснаа 2019 онд 400 сая болж өссөн. Тойрог бүрт 400 сая төгрөг гэсэн үг. Миний хувьд хуваарилалтын асуудлыг ярьсан. Та бодоод үз. Зарим төлөөлөгч хоёр хорооноос, зарим нь зургаан хорооноос сонгогддог. Би Сонгинохайрхан дүүргийн зургаан хорооноос сонгогдсон. Тэгэхээр энэ тэгш бус хуваарилалт иргэдийг хохироож байна гэсэн үг юм.

-Та өнгөрсөн жилүүдэд сонгогдсон дүүрэг, хороондоо ямар ажлуудыг хийж амжуулав?

-Тойрогтоо арав гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татаж, гэмтлийн эмнэлгээс СХД хүртэл явах 2 км засмал замыг тавиулсан. Анхны зургаараа 40 тэрбум хэрэгтэй, хийх боломжгүй гээд арваад жил болсон байлаа. Үүнийг хоёр тэрбумаар хийсэн. Байшин хорооллын 70 орчим айлын лифтийг сольж, дээврийг шинэчилсэн. Хороонуудын амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх талбайг засаж сайжруулсан. Гэр хорооллын дунд байгаа өрхийн эмнэлгүүдийг машинтай болгоод байна. Өөрийнхөө хувьд тойрог дээрээ хангалттай ажиллаж байна гэж үзэж байгаа. Иргэд хэрхэн дүгнэж буйг мэдэхгүй юм.

-Тэгвэл танай дүүрэг хороонд тулгамдаж байгаа асуудал юу байна?

-Манай  дүүрэгт монголын хамгийн анхны цогцолбор сургууль байдаг юм. “Ирээдүй цогцолбор” сургууль маань улсын хошой тэргүүний сургууль, Сонгинохайрхан дүүргийн алтан ЕШ-ийн эзэн болсон. Нийслэлд сүүлийн таван жилд эхний таван байрт орж байгаа юм. Гэтэл өнөөдөр “Ирээдүй” цогцолбор сургуулийг хуваагаад гурван энгийн сургууль болгох гэж байна. Хүмүүсийн ярьж буйгаар захирал нь улстөрчдийн буюу дарга нарын үгэнд орохгүй байна гэдэг асуудал яригдаж байгаа юм билээ. Тэр сургуулийн захирлыг солихын тулд 12 мянган хүүхдийн боловсролоор тоглож болохгүй шүү дээ. Үүнийг эсэргүүцээд 7000 хүн гарын үсэгтэй хүсэлтэй надад өгсөн. Шаардлагатай бол бид энэ асуудлаар Ерөнхий сайд дээр ороход бэлэн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com