Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Хотын хөгжил ба орхигдсон иргэдийн тухай ярилцав
Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй нийгэм форумтай хамтран зохион байгуулдаг “Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалт  “Хотын хөгжил ба орхигдсон иргэд” сэдвээр өрнөлөө. Уулзалтад “Дахин төлөвлөлт-Иргэдийн оролцоо” ТББ-уудын нэгдсэн холбооны тэргүүн Б.Нямжав мэдээлэл хийж, дараа нь хэлэлцүүлэгт оролцсон төрийн бус байгууллагын төлөөлөгчид, хүний эрхийг хамгаалагчид үгээ хэллээ. Энэ удаагийн өглөөний уулзалтаар хот дахин төлөвлөлт, газар чөлөөлөлтөөс үүдэлтэй хүний эрхийн тулгамдсан асуудлыг хэлэлцсэн. Дахин төлөвлөлтөд орж, нүүлгэн шилжүүлж байгаа иргэдийн амьжиргааг дордуулахгүй байх зарчим, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын “Хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчим, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянадаг механизм, төр иргэнээ хүндэтгэж, хамгаалах үүргийн талаар хэлэлцүүлэгт ирсэн иргэд хөндөж байлаа.  
 
“Дахин төлөвлөлт-Иргэдийн оролцоо” ТББ-уудын нэгдсэн холбооны тэргүүн Б.Нямжав ярихдаа ”АХБ-ны санхүүжилтээр таван газар дэд бүтэц бий болгож байгаа. Төр сайхан ажил эхлүүлсэн. Гэхдээ бодлогын ямар алдаа байна гэхээр Сэлбэ дэд бүтэц дээр 352  нэгж талбар буюу хашаа  эхний ээлжинд хамрагдаж байгаа. Баянхошуу дэд бүтцэд 350 хашаа  хамрагдаж байна. Гэтэл яг өрхөөр нь тоолбол 880 айл байна. Анх энэ төслийг эхлүүлэхэд иргэдийг хохироосон, эрхийг нь зөрчсөн асуудал байсан. Иргэдийн эрх ашгийг хамгаалсан хүн энд сууж байна, юу болсныг энэ хүн мэдээлэх байх. Үүний цаана орхигдоод байгаа 3960 өрх буюу 17820 орчим хүний асуудал хаана шийдэгдэх вэ. Тэр тусмаа АХБ-ны санхүүжилтээр хийгдэж байгаа дэд төслүүдэд. Одоо болтол газрыг нь шийднэ гээд шийдээгүй. Маш олон асуудлууд байгаа. Хүний эрхийг хамгаалж байгаа иргэдийн нөхцөл байдал хэцүү байна. Тэр тусмаа Гэр хорооллын дахин төлөвлөлт, хотын хөгжлийн  асуудлаар явж байгаа иргэд амаргүй нөхцөлд байна. Тогтвортой хөгжлийн зорилтыг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна” гэж ярилаа.

Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банкнаас Монголын Засгийн газар, Хотын захиргаатай хамтран хэрэгжүүлж байгаа 320 сая орчим долларын зээл буюу 850 орчим тэрбум төгрөгийн төсөл хэрэгжих явцдаа иргэдийн эрхийг зөрчсөн байна. Газар чөлөөлөлтөд өртсөн иргэд эрхээ хамгаалахын тулд “Газар чөлөөлөлт ба иргэдийн эрх ашиг”, “Зургаан буудал” нэртэй төрийн бус байгууллага байгуулжээ. Энэ байгууллагад нэгдсэн 31 айл гомдлоо Азийн хөгжлийн банкинд гаргаж, түүнээс хойш гомдол гаргах айлын тоо нэмэгдсээр дахиад 100 гаруй айл гомдлоо гаргасан байна. Гомдол гаргахад техникийн гол туслалцааг “Оюу толгой-хяналт” ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Сүхгэрэл үзүүлж, зохион байгуулж, асуудлыг АХБ-нд тавьсан ажээ. Гомдлоо оновчтой зөв гаргасны дүнд АХБ-ны төв оффис дахь захирлууд иргэдийн амьжиргааг нь нөхөх, сэргээх бодитой хөтөлбөр хэрэгжүүлэхээ  амласан байна.

“Оюу толгой хяналт” ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Сүхгэрэл ярихдаа “Европын хөрөнгө оруулалтын банк, АХБ,  Уур амьсгалын ногоон сан, Олон улсын санхүүгийн корпораци нь хамгааллын  бодлоготой. Гэрийг гэрээр, орон сууцыг орон сууцаар, амьжиргааны түвшинг дордуулахгүй байх үүрэг хүлээдэг. АХБ-нд гомдол гаргасан 140-өөд хүн бий. Хотын захиргаатай ямар хэлцэлд хүрсэн гэхээр Сэлбэ, Баянхошуу дэд төв өөрөөр хэлбэл АХБ-ны санхүүжилттэй төслүүд дээр гомдол гаргасан, гаргаагүй иргэдийн амьжиргааг нь сэргээх, ажлын байраар хангах гэх мэт нөхцөлөөр тохирсон. Нэг хашаанд байсан бусад өрхийн эрхийг бас хамгаалах тохиролцоонд хүрсэн. Сая НҮБ-д манай байгууллага “Бодлогын уялдаагүй хөгжил, хүний эрх” сэдвээр тайлан явуулсан. Хүний эрхийн зөрчил шийдэгдээгүй тохиолдолд бүгдээрээ нэгдэж гомдол гаргаж, санхүүжилтийг зогсоох арга зам байж болно” гэсэн юм. 
“Хүний эрх-хөгжил” төвийн тэргүүн Г.Уранцоож “Дахин төлөвлөлттэй холбоотойгоор олон хэрэг шүүх дээр явж байгаа. Монгол Улс Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын нэмэлт хоёрдугаар протколоор  Эдийн засаг нийгэм соёлын эрхийн хороонд хувь хүн гомдол гаргах эрхтэй. Гол нөхцөл нь дотоодын бүх механизмыг туршиж үзээд амжилтгүй болсон тохиолдолд уг хороонд гомдол гаргах боломжтой байдаг. Төр яах аргагүй хариуцах ёстой. Хоёрдугаарт компани хариуцах ёстой. Нэг хэргийг өчнөөн задалж шүүхэд хандаж болдог. Тэгж энэ асуудлуудыг гаргаж ирэхгүй бол өөр арга байхгүй шүү. Хэчнээн олон хэрэг  шүүх дээр явна. Төдийчинээ энэ улс чинь ерөөсөө болохоо байж гэдгийг өөрсдөө ч ойлгоно. Дотооддоо шийдэхгүй байгаа бол гадагш нь гаргаж, олон улсын хүчээр төр засгийг шахаж шаардуулж байж энэ асуудлуудыг шийдэх боломжтой.  Энэ талаар дэмжлэг авахыг хүсвэл Хүний эрхийн форумын байгууллагууд энэ талаар мэдээлэлтэй байгаа. Та нар Тогтвортой хөгжлийн зорилтуудтай холбож ярьж байгаа нь зөв. Яагаад гэвэл Монгол Улс хэрэгжүүлнэ гээд олон улсын өмнө үүрэг амлалт аваад, долдугаар сард сайн дурын илтгэлээ гаргасан. Тогтвортой хөгжлийн зорилго ба иргэний нийгмийн байгууллага гэсэн сүлжээ байгуулаад ажиллаж байгаа. 20/ 80 гэж ерөөсөө байж болохгүй.  Яаж зохион байгуулахаа бүх талын оролцоотойгоор хэлэлцэх ёстой. Яаж тэр 20 хувийг байшиндаа байхад нь байшинг нь нураалгахгүй байх вэ. Тэр талаар ярих учиртай. Хашаандаа байхад нь  хашааны эзэнтэй нь зөвшилцөөд хашаанд амьдардаг бусад айлыг нүүлгэхгүй байх ямар арга зам байж болох вэ” хэмээн сануулав.

Барилга хот байгуулалтын яамны газрын дарга Б.Гүнболд хэлэлцүүлэгт ирээд, иргэдийг сонсч суусанд олон хүн олзуурхсан. Тэрбээр хэлэлцүүлгийн төгсгөлд хэлэхдээ “Хамгийн гол нь бидний хийж байгаа ажил шинэ зүйл.  Өмнө нь Монгол Улсад ид бүтээн байгуулалтууд хийгдсэн 1960-1970-аад онуудад бид хөгжлөө төлөвлөдөг байсан юм. Тэр үед хөгжлийг маш олон талаас нь харж төлөвлөдөг байсан. Салбар бүрийн бодлого боловсруулдаг хүрээлэнгүүд байсан. Барилгын зургийн институт гээд 1000 орчим хүнтэй байгууллага байсан. Харамсалтай нь бид шилжилтийн үед тэр том бодлогын институтуудээ үгүй хийсэн. Бид одоо Монгол Улсыг хөгжүүлэх гээд зорьж байна. Бид зах зээлийн эдийн засагт шилжих сонголт хийсэн. Гэхдээ зах зээлийн эдийн засагтай хөгжихийн тулд бид бас төлөвлөх ёстой. Бидэнд өмнөх системээс илүү сайн төлөвлөлт хэрэгтэй байна. Хууль 2015 онд батлагдсан. Бүх журмуудыг иргэдэд танилцуулж байгаа. Хуультай холбоотой сайжруулах заалтуудыг сая ярьж байна.  62 дугаар тогтоол бас гарсан. Нэгэнт хүнийг нүүлгэн шилжүүлж байгаа бол орон байраар хангаж байж нүүлгэх ёстой гэдэг энэ гол зохицуулалт УИХ-ын тогтоолоор батлагдсан учраас энэ зохицуулалтууд дээр ажиллах ёстой. Бид юу ч хийхгүй байгаа юм биш. БХБЯ-наас Ногоон нуурт хэрэгжүүлж байгаа 1008 айлын орон сууц Улаанбаатарт дахин төлөвлөлтөөр нүүлгэн шилжүүлж байгаа өрхүүдэд зориулж байгаа юм. Өмнөх алдаанаасаа суралцаад, эхний ээлжинд хүмүүсийг орон байртай болгоё. Тэгж байж дараа дараагийн төслүүдийг явуулъя. Эхний үед гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүдэд маш олон байршилд олон  компаниуд оролцсон. Чадваргүй компаниуд оролцсоноос өнөөгийн асуудлуудыг бий болгосон.  Одоо бол хүчин чадал сайтай компаниудыг оролцуулах шаардлага тавьж байгаа. 80/20-ын асуудлыг судалгаатай хийхгүй бол бид дахин дахин алдаа гаргаад байж болохгүй. Манай улсад НҮБ-ээс ямар зөвлөмж өгсөн юм бэ, яавал тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх талаарх материалуудыг монгол хэл дээр орчуулаад, иргэдэд хүргэж байгаа. Гэр хороололд байгаа хүмүүсийн орон сууцны асуудлыг шийдэх гээд хотыг дахин төлөвлөж байгаа шүү дээ. Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төслийг бид боловсруулж байгаа. Уг нь Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль иргэдийн оролцоог хамгийн их хангах гэж оролдсон хууль. Механизмуудыг нь бүрэн дүүрэн ашиглах хэрэгтэй байна. Бүгд хамтдаа баг болж ажилламаар байна. Иргэд нь нэг тийшээ хараад, аж ахуйн нэгж нь өөр тийшээ хараад, төр засаг нь өөр тийшээ харчихаар гурван тийшээ чангаадаг үлгэр шиг болоод байна. Механизмаа бүрдүүлж, төлөвлөлт хийж байж хөгжилд хүрнэ гэж ойлгож байна” гэв.
Дахин төлөвлөлт тойрсон асуудлаар түүнтэй хийсэн ярилцлагыг дараагийн дугаартаа хүргэх болно.            
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com