Америкт зорчсон тэмдэглэл нэг
Монголчууд дэлхийн талыг эзэлсэн. Харин өнөө цагт бас л дэлхийг хэрэн тэнэж явна. Энэ удаа би алс хол Америк орныг зорьж буй минь энэ. Суусан цэцнээс явсан тэнэг дээр гэдэг дээ. Америк орноор аялсан аян замын тэмдэглэлээ долоон хэсэгт хувааж бичихээр шийдсэн юм. Учир юу гэвэл олон зүйл үзэж харж тэмдэглэл хөтөлж явсан тул нэг удаагийн бичлэгээр бүгдийг цогцоор нь хүргэх боломжгүй тул ийн шийдэв. Ингээд эхний хэсгээ уншигч авхай танд толилуулж байна. Энэ хэсгээ оршил хэсэг хэмээн нэрлэв.
Монгол Улс 2019 оны аравдугаар сарын 16. Энэ өдрийн өглөөний наран мандахыг хүлээн шөнө нойр хулжин хонов. Учир гэвэл шууд хүн буудаж хөнөөдөг, бараг хүн бүр л буу хэрэглэдэг газарт очно гэхээр тэр байх. Нээрээ тэнд очоод явж байтал нэг солиотой нөхөр гэнэт гарч ирж буудвал яана. Миний муу хэдэн үрс, тэр дундаа бяцхан үр минь, хайрын элч охин минь надгүй яах билээ гэж бодон хоносон нь тэр. Ийм элдэв зүйлс бодон шинэ өглөөтэй золгож буй минь энэ.
Уг нь би мөрөөдлийн газартаа анх удаа очиж үзэх гэж байгаа хүн. Энэ боломж хүн бүрт ховор тул олдсон боломжийг алдахыг хүссэнгүй. Хамгийн түрүүнд ханьдаа хэллээ, тэгсэн яв сайхан юм үзэж тархиа цэнэглээд ир гэв. Би ч бөөн баяр. Намайг байхгүйд энэ хэд минь яана даа гэж бодон банш, бууз, мах, гурилаа ирэх өдрөө хүртэл бэлдэж орхив. Ингээд явах өдрийн өглөөгөө босоод иртэл ширээн дээр бүтэн нэг нүүр ар өвөргүй надад зориулж бичсэн зөвлөмж байв. Үнэхээр гайхалтай. Миний хань 18 зөвлөгөө надад бичиж үлдээжээ. Уншаад уйлав.
За ингээд Буянт-Ухаа нисэх буудлын зүг хөдөллөө. Бас болоогүй томоос том хоосон шахуу хоёр чемодан чирчихсэн машиндаа суув. Уг нь сурахаар явж байгаа хүн. Магадгүй энэ нь эмэгтэй хүний зан байх. Ингээд нисэх цагаас хоёр цагийн өмнө очдог бичигдээгүй хуультай тул цагтаа ирлээ. Явах багийн хүмүүс эхнээсээ ирж байна. Хоорондоо мэндлэн, зарим нэг чемоданаа нэг болгож, багтахгүй зарим нэг зүйлсийг өөр хоорондоо солилцох зуураа бид ирэхдээ ачаа ихтэй ирэх гэж олон чемодан аваа юу гэж бие биенээ найрсгаар шоолонгуй инээцгээнэ.
Уг нь бид ачаа багатай хэдэн солих ээлжийн хувцастай явж буй ч тэнд байдаг зарим нэг Монголчууд бидэнд ойр зуурын зүйлс захисан юм. Мэдээж үгүй гэж татгалзалгүй очоод бас тэд тус болж юу магад хэмээн авч явж буй нь энэ. Нисэх цаг болж бид дотогш орлоо. Ачаа бараагаа хиллүүлэн бүгд болж өгвөл нэг дор суучих санаатай ойролцоо суудал найрсгаар асууж, хариуд нь нисэхийн ажилтан за одоохон хараад өгье гэв. Ингэж бид ойролцоо суудал аван алс хол Америк орныг зорьж буй минь энэ.
Зорьж буй газраа шууд бичилгүй жаахан нуршиж байж одоо л хэлж буйд уншигч танаас хүлцэл өчье. Учир гэвэл аян замын тэмдэглэл бичих санаатай мунгинаж зарим нэг зүйлсийг дүрсэлж бичих гэж оролдож буй минь энэ. Ингээд явах багийн хоёр эрэгтэй, таван эмэгтэй нийт долоон хүн, долоон бурхан од шиг тэнгэрт дүүлэх нь тэр. Үүлс үүлсийн доогуур, дээгүүр дүүлсээр таван цаг орчим ниссээр Киргизийн нийслэл Бишкекийн нисэх буудалд нэг цаг орчим саатав. Нэг цаг заавал ингэж саатдаг бололтой. Энэ хооронд бид нисэх буудлыг сонжин пришки авч идэнгээ цайлав. Орос хэлээр ойлголцов.
Олны хэлж заншсанаар татваргүй барааны дэлгүүр (duty free) орж сонирхов. Бусад орны үнэ ханшийг бодвол архи энэ тэр нэлээн хямдхан санагдав. Цөөхөн хэдхэн Монгол иргэн явж байгаа харагдана. Ингээд бид эргэж онгоцондоо сууж Истанбул хотыг зорин нислээ. Бараг дахин дөрвөн цаг орчим нисч газардав. Энд бүтэн 21 цаг саатан зорьсон газар Америктаа хүрнэ, бид. Дөнгөж талдаа газардаж байгаа минь энэ. Turkish Airlines -р нисч буй тул бидний зам ингэж явж ирэв. Эдний нисэх багийнхан инээмсэглэн угтаж, хоол унд уух зүйлс боломжийн юм. Та ямар хоол сонгох уу гэх найрсаг хэлэх онгоцны үйлчлэгч бүсгүйн аашинд инээмсэглэн паста гэж хэлээд хоолоо авлаа. Идлээ хоолой давдаггүй дээ үнэнээ хэлэхэд. Ходоод хонхолзож явсан хүн чинь аргагүй эрхэнд идлээ цуг яваа хоёр бүсгүй муухай паста байна гээд голоод бараг идсэнгүй. Ингэж голох учир нь арай өөр хоол ирнэ гэж төсөөлж байснаас болсон байж магад. Ямар ч махгүй зүгээр л гойман байсан юм л даа. Бид дараа нь баахан инээлдэв.
Истанбулын шинэ нисэх буудал үнэхээр тансаг гайхалтай шийдэлтэйгээр биднийг угтав. За ингээд нисэх буудал дээр 22 цаг унтаж дэлгүүр хэсч нисэх цагаа хүлээх үү, эсвэл хэдүүлээ Истанбул ороод маргааш эндээ ирэх үү гэдгийг сонгох үлдэв. Мэдээж бүгд дуу нэгтэй нисэхийг орхисон. Гэхдээ ганц нэг хүн аюултай биш үү таних хүнгүй зүгээр үү гэх мэт үгс шидээд авав.
Бидэнд аз болж Монгол залуу таарч тэр залууг хоргоон үнэ тохирон буудал олуулж, бас газар үзэж танилцах, буцаад биднийг нисэх хүргэхээр тохиролцон унаанд нь суув. Нөгөө залууг бид ээлжлэн байцаан юу хийдэг, ирээд хэдэн жил болж байгаа, амьдрал ямар байна, нутгаа санаж байна уу гээд л урсгаж өгөв. Мэдээж бид хариуд нь нутгийн сонин сайхан зүйлсийг ярьж өгөв. Харин бидний таарсан залуу хаа очиж тусархуу, найрсаг хөгжилтэй элэг нэгтнээ гэх сэтгэлтэй сайн хүн байв. Энэ тухай Истанбулд өнгөрүүлсэн 22 цаг хэмээн нийтлэл дараа нь бичих тул энэ сэдвийг үүгээр хаая.
Нэг сумаар хоёр газар үзэж байгаагаа азтай байна шүү бид хэмээн инээлдэн биесээ шоолон хөгжилдсөөр зорих газар руугаа нисэв. Бас л удаан нислэг шүү дахин есөн цаг гаран нисч Америк тивд очно гэхээс нуруу хөшиж, сайхан хэвтмээр санагдав. Багийн нөхөд дарс энэ тэрийг хэрэглэдэг хүн байхгүй байсан тул онгоцонд унтаж, кино үзэж, ном уншиж хааяа бие биенээ зүгээр биз хэмээн асуусаар газардлаа.
Энэ бол Америкийн нийсэл Washington хот юм. За одоо нэг жинхэнэ газартаа хүрээд ирлээ шүү дээ ядарсан уу гэсээр бууцгаав. Зарим нэг нь Америкид хоёр дахь удаагаа ирж байгаа тул бараг газарчилж байна шүү. Би гэдэг хүн анх удаа мөрөөдлийн газартаа хөл тавьж үзэж байгаа тул бүх зүйлсийг ажин ийш тийш харан, элдвийг сонжсоор эгээ л нөгөө хэдээсээ хоцрох нь гэж зүүгдэв. Нөгөө их танил царайнууд огт байхгүй, том хамартай, шар царайтай өндөр өндөр хүмүүс угтах нь тэр. Мэддэг ч хэлээр яриад байх шиг огт сонсоогүй ч хэлээр яриад байх шиг.
Гурван цаг хэртэй хилээр гарах гэж дугаарлан зогсов. Яагаад тэгж их удсанг бид таагаагүй. Шөнийн нислэг тул цөөн хэдэн цонхон дээр л гаалийн байцаагч нар харагдав. Бид тэсвэртэй дөрвөн цаг хүлээсэн дээ. Бараг Улаанбаатараас Бишкик хүрэх замыг дугаарлаж өнгөрөөв. Сонин шүү. Монголдоо байсан бол яасан удаан юм, хурдан үйлчлээч, яагаад хэдхэн хүн үйлчилж байгаа юм гээд л хашхирах байсан даа манай монголчууд гэж дотроо бодон инээд хүрэн чимээгүй зогсоно. Энд тэгэх ямар ч боломжгүй. Хэрэв эсэргүүцэл илэрхийлсэн бол шууд буцаад нутаг залагдах байлгүй.
Хүмүүс нь соёлтой юм аа. Яг л дугаарлан зогсох. Ашгүй нэг юм ахимаг насны болов уу гэмээр нөхөр (эр ) (ахалж яваа залуугаа бид урдаа оруулсан байсан юм) дуудав. Нөгөө залуу маань очлоо. Төд удалгүй биднийг дуудав. Тэнд байсан хүмүүс бараг гайхсан байх аа. Уул нь энэ хил. Нэг нэгээрээ үйлчлүүлж байцаалт өгөн орох ёстой газар. Гэтэл залхсан уу тэр этгээд, эсвэл биднийг өрөвдсөн үү асуулт ч асуулгүй шууд нэвтрэх эрх олгон улаан тамга даран оруулчхав.
Бид инээд алдан бөөн баяр дахиад удах байлаа гэтэл сайн хүн таарлаа виз яасан харамгүй дарж байна аа хэмээн инээлдсээр биднийг тосч авах хүнээ хайв. Нэгэн монгол бүсгүй инээмсэглэн мэнд мэдээд аян замдаа ядрав уу, яагаад ийм удаан гарч ирсэнгүй зүгээр үү, цуг тосч байгаа хүн маань бүүр арга бараад яваад өглөө май үүнийг ид хэмээн бэлэг өгөв. Энэ хүн бол бидний номын дуу сонсохоор ирсэн POTOMAC их сургуулийн багш бүсгүй юм.
Бушуухан Америкийг харах хүсэлдээ автан гадаа гарав. Шөнийн Америк гялалзсан гэрэл л харагдав. Мэдээж монголын минь агаарыг яаж харьцуулах вэ гэхдээ л шинэ газар үзэж байгаа надад сайхан агаар үнэртэв. Тас хар бенз машин бидний дэргэд ирээд зогсов. Гялалзсан цагаан шүдтэй,томоо алаг нүдтэй, тас хар өндөөр бүдүүн жолооч бидэнтэй мэндлэн ачаа тээш зөөн машиндаа суухыг уриалав. Энэ хүн бол энэ хугацаанд бидэнд үйлчлэх жолооч байв.
Ингээд бид Washington Reagan National Airport-Crystal City гэх газраар давхисаар байрлах буудалдаа ирлээ. Дэлхийд сүлжээ буудлаараа алдартай нөгөө HILTON зочид будалд хүрэлцэн ирэв. Найрсаг зантай Америкчууд биднийг инээж угтав. Багийн ахлагч залуу жолоочид гарын бэлэг хэмээн тамхи бэлэглэв. Баярлаж байгаа гэж хачин. Би бас хөөр үү хүн чинь май хэмээн Монгол соёлыг таниулсан сувинер бэлэглэв тэнд байгаа буудлын ажилтнуудад. Ингээд өрөө өрөөндөө орж замын алжаалаа тайлан амарцгаав.
Шөнө нойр хулжив. Гэрээ санав. Дөнгөж буугаад нэг ч хоноогүй байж шүү дээ. За дахиад л нөгөө эхэнд бичсэн хачин бодол төрөв. Нээрээ ингээд унтаж байтал гэнэт буутай хүмүүс орж ирээд гээд л. Яагаад ч ийм бодол төрөөд байгаа юм бүү мэд. Америкид бууг хүлээн зөвшөөрдөг, чөлөөтэй хэрэглэдэг бараг айл бүрт байдаг. Тийм болохоор ч тэр үү үе үе гудамжинд буудалцаан болж байдаг тухай их сонсч байсан болоод тэр байх. Ингэж бодож байгаад нэг мэдсэн нам унтав. Ор бол гололтгүй их тухтай, яг л гэрийн ор шиг санагдав.
Хар нүдээ хуу татав уу үгүй юу хөшгөө нээн цонхоор Washington хотыг тольдов. Эрт сэрсэн хүн усанд орж хувцсаа өмсөөд доошоо буун өглөөний цайгаа зооглов. Тансаг юм аа хэчнээн ч их төрөл бүрийн жимс, янз бүрийн амттан, цай хоолнууд байна гээч янзтай. Монголчууд юу гэдэг билээ дээ юм үзээгүй юм шиг гэдэг шиг нээрээ л би яг тийм байдалтайгаар бүх төрлийн зүйлсээс идэв. Ходоод янзтай. Жимс нь амттай юм аа.
Энэ хооронд нөгөө хэд маань ч бууж ирж цайлав. Өглөөний 8:30 минутад яг цагтаа нөгөө хар машинтай хар жолооч маань инээмсэглэн ирэв. Бид суулаа хөдөллөө. Машины цонхоор Washington сайхан харагдана. Ер нь их намдуухан хот юм. Гудамж дүүрэн ногоон мод , зам талбай уудам, машины түгжрэл гэх зүйл алга. За ингээд зорьж ирсэн номын дуу сонсохоор ирсэн POTOMAC их сургуулийнхаа үүдэнд хүрэлцэн ирэв. Биднийг бас нэг сайхан Монгол бүсгүй болон тус сургуулийн захирал Tony D. Johnson болон бусад багш нар угтан авсан юм.
Үргэлжлэл бий...