Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийг ялгаварлах, хүчирхийлэх явдлыг арилгахад чиглэсэн олон нийтийн санаачилгууд энд тэнд хүчээ авч, дэлхий нийтийн хөдөлгөөн болон хувирсан.
Фэйсбүүкийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Шэрил Сандбергийн 2013 онд эхлүүлсэн Lean In хөдөлгөөн, 2017 онд хамтран ажиллаж байсан олон эмэгтэй жүжигчдэд бэлгийн дарамт үзүүлж байсан нь илэрсэн Харви Вэйнштэйний хэргээс үүдсэн бэлгийн хүчирхийллийн эсрэг “Me Too” хөдөлгөөн, эмэгтэйчүүдийг жендерийн тэгш бус байдлын эсрэг арга хэмжээ авч эхлэхийг уриалсан “Time’s Up” хөдөлгөөнүүд нь жендерийн асуудлыг олон нийтийн анхааралд хэзээ хэзээнээс илүүтэй авчирч, бодит үр дүнгүүдийг хэдийн гаргаж эхэлсэн. Олны танил, нөлөөтэй хүмүүс энэ асуудлыг Оскар гэх мэт томоохон арга хэмжээнүүд дээр хүчтэй хөндөж, нөлөөллийг үзүүлсэн байдаг. Саяхны жишээ гэхэд, 2019 оны Оскарын шагналыг 15 эмэгтэй хүртсэн нь 2018 оны Оскараас даруй есөөр илүү байсан.
Түүнчлэн мэргэжлийн болон олон улсын байгууллагуудаас томоохон хөдөлгөөнүүдийг олон нийтийн ажил болгон санаачлан хэрэгжүүлж буй.
Тухайлбал НҮБ-ын Эмэгтэйчүүдийн Байгууллагаас эрчүүд, хөвгүүдэд эмэгтэйчүүдийг ялгарлан гадуурхах, сөрөг хандлага гаргахын эсрэг, жендерийн тэгш эрх бүхий нийгмийн төлөө эвлэлдэн нэгдэхийг уриалсан “HeForShe” хөдөлгөөнийг эхлүүлсэн нь 2018 онд Монгол Улсад нээлтээ хийсэн. Үүнээс харахад дэлхий даяар бэлгийн хүчирхийллийн эсрэг хүчтэй тэмцэж байна.
Хүний наймааны золиос болсон дөрвөн охин тутмын гурав нь бэлгийн мөлжлөгийн зорилгоор худалдаалагдаж байна
Дэлхий даяар эмэгтэйчүүдийн 35 хувь нь амьдралдаа бие махбодын болон сэтгэл санааны байдлаар бэлгийн хүчирхийлэл, дарамтад өртсөн байдаг аж. Харин НҮБ-ийн жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн төлөөх “UNWOMEN” байгууллагын хийсэн судалгаанд эмэгтэйчүүдийн 70 хувь нь насан туршдаа хэн нэгнээс бэлгийн хүчирхийллийг олон янз хэлбэрээр мэдэрч байгааг дурджээ.
Мөн судалгаагаар хүчирхийлэлд өртсөн, хүсээгүй бэлгийн харьцаанд орсон эмэгтэйчүүд үр хөндөлт хийлгэж, ХДХВ-ийн халдвар авсан эмэгтэйчүүдтэй харьцуулахад сэтгэл гутралын түвшин өндөр байгааг харуулсан юм.
Дэлхий даяар хүн худалдаалах гэмт хэргийн нийт хохирогчдын тал нь насанд хүрсэн эмэгтэйчүүд эзэлж байна. Хохирогчдын 72 хувийг эмэгтэйчүүд, охид эзэлж байгаа бөгөөд тэд хүний наймааны золиос болсон таван эмэгтэй тутмын дөрөв нь, худалдаалагдсан дөрвөн охин тутмын гурав нь бэлгийн мөлжлөгийн зорилгоор худалдаалагдаж байна.
Өнөө үед дэлхий даяар 650 сая эмэгтэй, 18-аас доош насны охид гэрлэсэн гэсэн тооцоо гарчээ. Сүүлийн арван жилийн хугацаанд дэлхийн гэрлэлтийн түвшин буурсан байна. Энэ хугацаанд Өмнөд Ази хамгийн их уналт буюу 49 хувиас 30 хувь болжээ. Гэсэн хэдий ч жил бүр 18-аас доош насны 12 сая охид гэрлэж байна. Энэ нь Африкийн Сахар орчмын хэсэгт хамгийн түгээмэл тохиолддог. Эрт гэрлэсэн хүүхдүүдийн дийлэнх нь эрт жирэмслэн, нийгмээсээ тусгаарлагдаж сургуульд сурч боловсрох боломжоо хязгаарлуулан, гэр бүлийн хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй амьдардаг. Мөн хүн амын шилжих хөдөлгөөнөөс болж цагаач, дүрвэгч охид, эмэгтэйчүүд бэлгийн замын өвчлөлөөр өвчлөх нь нэмэгдсэн.
Дэлхий даяар ойролцоогоор 15-19 насны 15 сая өсвөр үеийн охид албадан бэлгийн харьцаанд орсон. Гурван сурагч тутмын нэг нь сургууль дээрээ дор хаяж нэг өдөр доромжлогдож бусад хүүхдүүдэд дээрэлхүүлэх тохиолдол гардаг байна. Ихэвчлэн хөвгүүд бие махбодын хүчирхийлэлд өртөн зодуулж, охид сэтгэл зүйн хэлбэрээр дээрэлхүүлэн, үл тоомсорлох, орхигдох, муухай цуу ярианд өртөх тохиолдол их. Ийнхүү жендерт суурилсан хүчирхийлэл нь сургуулийн боловсрол эзэмшихэд томоохон саад болжээ.
2015 онд АНУ-ын 27 их сургуулийн дунд явуулсан судалгаагаар бакалаврын их сургуулийн оюутнуудын хорин гурван хувь нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж мэдэгджээ. Европын Холбооны 10 эмэгтэй тутмын нэг нь 15 наснаас хойш хүсээгүй, доромжилсон бэлгийн харьцаатай цахим шуудан, мессеж авах, нийгмийн сүлжээн дэх доромжлол, зохисгүй сурталчилгаа гэх мэт кибер дарамт шахалтад орж байгаа юм.
Аюул дагуулсан олон нийтийн газарОлон нийтийн газар бэлгийн хүчирхийллийн янз бүрийн хэлбэрийг мэдэрч, айдастай явах охид, эмэгтэйчүүд цөөнгүй. Гудамж, нийтийн тээврийн хэрэгсэл, сургууль, цэцэрлэг, ажлын байрны эргэн тойронд, нийтийн ариун цэврийн газар, зоогийн газар, соёл амралтын хүрээлэн гээд тоочоод барахгүй аюул дагуулсан газрууд байсаар. Сүүлийн үед манай улсад такси үйлчилгээнд ийм хэргүүд гарах болсон. Энэ байдал нь бидний эрх чөлөөг хязгаарлаж байна. Түүнчлэн нийгмийн идэвхтэй амьдралд оролцох чадварыг бууруулж, сэтгэл зүй, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.
Гэтэл манайд нийтийн эзэмшлийн газарт бэлгийн дарамт үзүүлэх, үүнээс урьдчилан сэргийлэх, шийдвэрлэх тухай тодорхой хууль тогтоомжууд байхгүй. Авсан арга хэмжээ ч алга.
НҮБ-ын зүгээс 2010 онд янз бүрийн нөхцөлд охид бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, түүнд хариу арга хэмжээ авах арга хэрэгсэл, бодлого, цогц аргачлалыг боловсруулж, хэрэгжүүлж буй байдлаар нь үнэлэн охид, эмэгтэйчүүдэд ээлтэй буюу хүчирхийллээс ангид аюулгүй хотуудыг шалгаруулсан. Үүний дагуу олон улсад тодорхой захирамжуудыг гаргасан.
Жишээлбэл, Эквадор улсын Кито хотын захиргаа олон нийтийн газар бэлгийн дарамтын эсрэг үйл ажиллагааг явуулах орон нутгийн захирамжид өөрчлөлт оруулсан юм. Ингэснээр нийтийн орон зайг аюулгүй байдлыг хангаж, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход тусална.
Хүчирхийллийг таслан зогсоох гол арга зам нь урьдчилан сэргийлэх юмБэлгийн дарамтын хамгийн сүүлийн шатны буюу хүнд хэлбэр бол хүчин юм. Олон нийт бэлгийн дарамт, хүчин хоёрыг андуурах тохиолдол их байдаг. Хүчирхийллийн хохирогч нь зөвхөн эмэгтэйчүүд биш эрэгтэй хүн ч байж болдог.
Хэргийг үйлдсэн болон эс үйлдсэн этгээдүүдэд хуулиар шийтгэдэг, зохих ёсны хариуцлага хүлээлгэдэг.
Анх АНУ бэлгийн дарамтыг хууль зөрчсөн үйлдэл болохыг тогтоож, бие даасан хууль гаргасан бөгөөд өдгөө дэлхийн ихэнх орнууд мөн адил хуульчилжээ. Гэхдээ хуультай байлаа гээд гэмт хэрэг арилна гэж үгүй. Давхар боловсролын асуудал хөндөгдөх учиртай. Учир нь зарим үед гэмт этгээд бусдад бэлгийн дарамт үзүүлж буйгаа өөрөө ч мэдээгүй тохиолдол их байдаг.
Мөн ажлын байрны бэлгийн дарамтад өртөгсдийн дийлэнх нь хэргийн талаар цагдаад мэдээлдэггүй, нуугаад өнгөрдөг. Гол шалтгаан нь тэд ажлаа, нэр төрөө алдахаас айдаг, хэргийг илчиллээ гээд юу ч өөрчлөгдөхгүй гэж боддог гэжээ. Учир нь дийлэнх бэлгийн дарамт үзүүлэгчид өндөр албан тушаалтан, ажил олгогч эсвэл илүү эрх мэдэлтэй нэгэн байдаг.
2016 онд АНУ-ын 138 төрийн өндөр албан тушаалтан эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлснийг тогтоожээ. Эдгээр ажилтны дөрөвний гурав нь албан тушаалаасаа огцорсон байна. Харин заримд нь өндөр торгууль ногдуулж, эрүүгийн хэрэг үүсгэн шүүх ажиллагаа явуулжээ. Гэхдээ энэ бол хохирогчид хууль хяналтын байгууллагад мэдээлж, ил тод болсон тоо. Үүний цанаа хэчнээн албан хаагч ажлын байран дээрээ болон албан тушаалаа ашиглаж бусдыг хүчирхийлж, бэлгийн дарамт үзүүлснийг таашгүй.
Мөн онд АНУ-ын Колорадо мужийн сенатч Рэнди Баумгарднер туслах эмэгтэйгээ тэврэх гэж оролдсон, өгзгийг нь алгадсан гэх хэрэгт холбогдсон. Тэрээр хэргийг үгүйсгэж байсан ч хууль хяналтын байгууллагаар нотлогдсон тул өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцорч, уг хэрэг хаагдсан. Хэрэв сенатч өөрийн хүсэлтээр огцроогүй нөхцөлд парламентийн гишүүд уг хэргийн талаар хэлэлцэн албан тушаалаас нь огцруулах байсан.
Нөгөөтэйгүүр бэлгийн хүчирхийлэл нь жендэрт суурилсан ялгаварлан гадуурхалт, нийгмийн хэм хэмжээ, ийм хүчирхийллийг бий болгодог жендерийн хэвшмэл ойлголттой холбоотой юм. Тиймээс эрх зүйн тогтолцоо ба төрийн бодлого нь нийгмийн хандлагыг өөрчлөхөд чиглэсэн арга хэмжээ авах шаардлагатай.
“Амьд үлдсэн” хүмүүсийн эрх, сайн сайхан байдлыг хамгаалж чадахгүй, хүчирхийлэгчдийг шийтгэж чадахгүй байх нь хүчирхийллийг тэвчиж буй нийгмийн хэвшмэл байдлыг илэрхийлнэ.
Харин манай улсад хүчирхийллийн эсрэг олон хууль тогтоомжууд байгаа ч хэрэгжилт нь хоцрогджээ. Үр дүнтэй хэрэгжилтийг бий болгохын тулд холбогдох албан тушаалтнуудыг сургах, цахим орчинд хяналт, нөлөөллийн механизмыг бий болгох, үүрэг хариуцлагын тухай нийгэмд сурталчлах шаардлагатай. Ингэснээр иргэдэд зөв хандлага, зан төлөвийг бий болгох юм. “Юу өмсчихсөн байсан юм” хэмээн хохирогчийг буруутгадаг тэр хандлага өөрчлөгдөх болно.
Түүнчлэн аливаа хүчирхийллийг тэвчилгүй, эмэгтэй хүн бүр хүчирхийлэлээс ангид амьдрах боломжтой нийгмийг цогцлооход хүн бүрийн оролцоо чухал.
Б.Мөнхбайгаль