Барилга хот байгуулалтын яамны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Гүнболдтой хот дахин төлөвлөлт, шударга нөхөн олговор, иргэдийн оролцооны талаар ярилцлаа.
-Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдэд шударга нөхөн олговор олгох асуудал их яригдах юм. Холбогдох дүрэм журамд өөрчлөлт оруулж байгаа юм байна. Энэ асуудлыг яаж тусгасан бэ?
-Гэр хорооллыг дахин төлөвлөх хүрээнд хамгийн тулгамдсан асуудал бол нөхөх төлбөр юм. Хот суурин газрыг дахин хөгжүүлэх хуульд нөхөх олговрын тухай журмыг Засгийн газар батлахаар заасан байдаг. Энэ журмыг Барилга хот байгуулалтын яамнаас боловсруулаад, ажлын хэсэгт нь олон талын оролцоог хангасан. Энэ журам батлагдахад маш хүнд байсан. Яагаад гэвэл мэдээж газраа чөлөөлж байгаа хүн аль болох их мөнгө авахыг хүснэ. Нөгөө талаас мөнгө өгч байгаа компани, бизнесийн ашгаа хангахын тулд багыг өгөхийг бодно. Гэхдээ хамгийн гол нь бодитой байх ёстой. Энэ журам батлагдахын өмнө 1997 оноос хойш батлагдаагүй байсан газрын үнэлгээний тойрог, зэрэглэлийн асуудлыг эхлээд баталсан. Тэр нь Засгийн газрын 182 дугаар тогтоолоор батлагдсан. Үндсэндээ 21 жилийн турш шинэчлэгдээгүй байсан газрын суурь үнийг шинэчилсэн. Ганцхан жишээ хэлэхэд Улаанбаатар хотын газрын үнэ 1 га нь 449 сая төгрөг л байсан. Хотын төвд, захад ч адилхан. Үүнийг 16 бүс 17 зориулалтаар ангилсан. Тэгэхээр хотын төвд ШТС ажиллуулах нь хамгийн үнэтэй.
Хотын захад өөрийнхөө газар дээр амины орон сууцтай бол газар нь хямд болсон. Гэхдээ дэд бүтцэд ойр, зам, эрчим хүчинд холбогдсон байдлаас хамаараад үнийн хэлбэлзэлтэй. Өөрөөр хэлбэл энэ үнэлгээг бий болгохдоо одоо зах зээлд үйлчилж байгаа үнэтэй аль болох дөхүү болгосон. Түүнийг суурь үнээр тогтоож байгаа юм. Суурь үнэд үндэслээд орон нутаг нь дуудлага худалдааны анхны үнийг тогтоох боломжтой. Орон нутаг хөрөнгө оруулалт татах гэж байгаа бол үнээ бага тогтоох боломжтой. Хэт их төвлөрөөд байна, замбараагүй болоод байна гэвэл үнээ өндөр тогтоогоод, газрынхаа эдийн засгийн эргэлтийг зохицуулах боломжтой. Энэ үнэ тогтсоноор гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хийгдэх гэж байгаа газрын үнэлгээний бүсүүд нь тодорхой болсон гэсэн үг. Хамгийн том маргаан газрын үнэ цэн дээр л үүсдэг. Газар дээр байгаа үл хөдлөх хөрөнгийг Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний хуулийн дагуу мэргэжлийн үнэлгээний байгууллага үнэлэх боломжтой. Энэ журамд заасан байгаа. Өмчилсөн газрыг зах зээлийнх нь үнээр, эзэмших газрыг суурь үнээр, ашиглах газрынх хугацаанаасаа хамаарна. Хоёр тал уулзаад харилцан ярилцаад, үнэ тогтох нөхцөлийг тодорхой болгосон.
-Нээлттэй нийгэм форумд болсон хэлэлцүүлгийн үеэр иргэний нийгмийнхэн 20\80 зарчмыг хүлээн зөвшөөрч болохгүй гэцгээж байсан. Дахин төлөвлөлтөд орсон айлуудын 80 хувь нь зөвшөөрсөн бол 20 хувийг албадан нүүлгэж болно гэдэг. Аль болохоор албадан нүүлгэж болохгүй гэж олон улсын байгууллагууд зөвлөдөг. Гэтэл бас бүтээн байгуулалт явах ёстой болдог. Яаж зохицуулах вэ?
-Хот суурин газрыг дахин хөгжүүлэх хуульд олон хэлбэрүүд тусгасан. Зөвхөн нэг хэлбэр дээр нь л яриад байна л даа. Жишээлбэл газрыг газраар сольж болно. Эсвэл орон сууц, байраар сольж болно. Ийм хувилбар бас бий. Арван айл хамтраад, өөр өөрийн 0.07 га газраасаа бүгд 0.01-ийг өгөөд, бүгдээрээ 0.06 болоод арван газраас цугларсан 1000 метр квадратаа замаа сайжруулах, орц гарцаа гаргаж болно. Арай том хэлбэрт оруулбал 100 айл дундаасаа гаргаж ирсэн га газартаа сургууль, цэцэрлэгээ, дэд бүтцийнхээ төвүүдийг шийдэж болж байна. Өөрөөр хэлбэл газрынхаа үнэ цэнийг сайжруулах боломж гарч ирээд байгаа юм. Энэ тохиолдолд жишээ нь 80 хувь нь зөвшөөрчхөөд байхад үлдсэн 20 хувь нь зөвшөөрөхгүй бол бас хэцүү. Бүгдийнх нь сайн сайхны төлөө хийгдэж байгаа ажил шүү дээ. Хот суурин газрыг дахин хөгжүүлэх олон хувилбарыг задлаад ярих боломжтой. Зарим нь гарц байх ёстой газарт хашаагаа тулгаж барьчхаад цаана нь 100 айл хохироод байдаг. Тэр 100 айл ч энэ хүний эрх ашгийг хөндөхгүйн тулд өөр өөрийнхөө газраас зохион байгуулалт хийгээд зохицуулсан нөхцөлд нийтээрээ хожно. Төлөвлөлтөө зохион байгуулалттайгаар хийгээч. Том жишээ нь АХБ-ны санхүүжилтээр хийгдэж байгаа ажил. 100 га газарт 10 мянган айлын орон сууц барья гэж байгаа юм. 4500 өрхийг дахин хөгжүүлье гэж байгаа юм. Энд дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэхдээ яг энэ 4500 өрхийн шаардлага нь юу байгаа юм бэ. Орон сууцанд амьдармаар байгаа юм уу. Амины орон сууцанд амьдармаар байгаа юм уу, таун хаусанд амьдармаар байгаа юм уу? Хүн болгоны боломж өөр.Тийм учраас олон хувилбартай зураг төсөл гаргаад, түүнийхээ дагуу орох боломжийг нь бүрдүүлж байгаа юм. Иймэрхүү төсөл хөтөлбөр хэрэгжихэд олон улсын санхүүжилттэй банкнуудын хувьд гомдол барагдуулах механизм байдаг. Төсөлд хамрагдсан ч эрх ашиг нь зөрчигдсөн иргэдийн гомдлыг барагдуулахаар иргэний нийгмийн байгууллагууд ажиллаж чадсан нь монголчууд эрх чөлөөтэй нийгэмд дуу хоолойгоо хүргэх боломжоо ашиглаж чадаж байгаа нэг хэлбэр шүү дээ.
-Дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдийн амьжиргааг өмнөхөөс бууруулахгүй байх зарчим ярьдаг. Энэ зарчмыг яаж тусгаж байгаа вэ?
-Таны хэлсэн үгээр хуульд орсон байгаа.
-Олон хүн аргаа бараад, үгээ хэлээд явахыг бодоход энэ хуулийн заалт хэрэгждэггүй юм байна, тийм үү?
-Төсөл хэрэгжүүлэгч компаниудын үйл ажиллагаанд хоёр асуудал бий. Санхүүгийн чадваргүй компаниуд төслийг хэрэгжүүлснээс болоод маш олон иргэдийг хохироосон нэг асуудал бий. Нөгөө нэг хэсэг компаниуд нь 80 хувь нь бүрдчихлээ гээд үлдсэн хэсэгт жаахан дээрэнгүй байдлаар газар чөлөөлөлтийг хэрэгжүүлснээс үүдэлтэй иргэдийг хохироосон асуудал бий. Хөрөнгийн чадваргүй компаниуд орсноос болоод ихэнх ажил дутуу хийгдсэн.
-Одоо тэгээд дахин төлөвлөлтийн төсөлд оролцох компаниудад хөрөнгө хүчний шаардлага тавьж байгаа юу?
-Одоо бол тавьж байгаа. Дахин төлөвлөлтийн ажлыг эхэндээ маш олон газар зэрэг эхлээд, төлөвлөлтгүй хийсэн алдаа гарсан. Дараагийн удаа хөрөнгө мөнгө нь тодорхой болсон, АХБ-ных шиг эцсийн үр дүндээ хүртэл шаардлагатай санхүүжилтээ тооцсон байдлаар явбал ийм төслүүд амжилттай хэрэгжих юм байна. Иргэдийг хохироогоод байгаа, гэр оронгүй болгочхоод түрээсийн мөнгийг нь ч өгөхгүй, ганцхан сар өгсөн гээд энэ улсуудыг шар махтай нь хатааж байгаа тохиолдлууд байна.
-Нэгэнт хохирсон, өчнөөн жил явж байгаа иргэдийнхээ хохирлыг яаж барагдуулах вэ, ийм боломж байгаа юу?
-Өмнө нь хууль гараагүй байхад хийгдсэн асуудлууд байгаа юм. Хот суурин газрыг дахин хөгжүүлэх хуультай болсноороо хамгийн том давуу тал нь дахин төлөвлөлтөд иргэдийг оролцуулах ёстой юм байна, хоёрдугаарт иргэдийн хохирлыг барагдуулах ёстой юм байна гэсэн хуулийн зохицуулалтыг бий болгосон. Энэ хууль 2015 онд батлагдсан. Үүнээс өмнөх жишээнүүд яригдаад байгаа юм. Хууль батлагдахаас өмнө хохирол барагдуулах ойлголт байхгүй байсан. Энэ ойлголтыг бий болгосон. Хуулинд алдаа дутагдал байхыг үгүйсгэхгүй. Үүнийг хамтдаа сайжруулах ёстой юм байна.
-Бодитоор зөвшилцөх тогтолцооны тухай иргэний нийгмийн төлөөлөгчид яриад байгаа юм. Дахин төлөвлөлтийн үе шат бүрт иргэдийг сонсдог, дуу хоолойг нь шийдвэрт тусгадаг тогтолцоо бүрдсэн үү. Төрөөс юм уу компаниас ийм шийдвэр гарлаа, одоо нүү, тэдэн төгрөг өгнө гээд иргэнд тулгахаар асуудал үүсгээд байгаа?
-Хамгийн гол нь сонсох механизм байгаа. Иргэд сайн мэдээлэлтэй боловсролтой байж эрхээ хэрэгжүүлэх нь чухал. Бид хуулийг сурталчлан таниулахын тулд хууль, дагалдан гарсан дүрэм журмуудаар видео танилцуулга хийсэн. Иргэдэд, төсөл хэрэгжүүлэх нэгжид ч гарын авлага өгч байгаа юм. Тухайн орон нутгийнхан ч үүнийг хэрэглэх боломжтой. Энэ гурав нийлээд хяналтын хороогоо байгуулж байгаа юм. Хяналтын хороо ажиллахгүй байна гэдэг. Хуулийг яаж хэрэгжүүлэхээ мэдэхгүй байгаа юм. Ямар байдлаар хэзээ санал бодлоо өгөх ёстой юм бэ гэх мэтээр оролцогч талуудыг мэдлэгтэй болгохын тулд нарийвчилсан гарын авлага боловсруулаад хүмүүст үнэгүй тарааж байгаа.
-Иргэд НҮБ-д заргалддаг болох нь. Олон улсын байгууллагуудаар дамжуулаад төрд шахалт үзүүлэх аргуудыг хэрэглэж байна. Төрийн зүгээс олон улсын байгууллагуудын зөвлөмжүүдийг хэр анхаарч хэрэгжүүлдэг вэ?
-Мэдээж хэрэг анхаарч хэрэгжүүлж байгаа. Ялангуяа Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд манай салбарт 11 зорилт байдаг. Тийм учраас шинэ хотжилтын хөтөлбөрийг, ер нь НҮБ-аас манай Засгийн газарт ямар зөвлөмж өгсөн юм бэ гэдгийг зөвхөн төр бус иргэд бас мэдэж байх ёстой гээд яамны ажилтнууд өөрсдөө орчуулаад, төсөл хөтөлбөрүүдээс тусламж гуйгаад хэвлээд тарааж байгаа юм. Төрд иргэд гол хяналт тавьдаг. Засгийн газраа, та нарт ийм зөвлөмж өгсөн байхад яагаад үүнийг нь авч хэрэгжүүлэхгүй байгаа юм бэ гээд иргэд эх хэл дээрээ уншиж танилцаад, шаардах боломжийг нь бас олгож байгаа.
-Хэдэн зөвлөмжөөс хэдийг нь хэрэгжүүлж байгаа вэ?
-Энэ бол үе шаттай, цаг хугацаа шаардсан ажил. Энэ хөгжлийн төлөвлөлтийн том сэдэв болоод байна. Засгийн газарт хөгжлийн стратегиуд явж байгаа. Өмнөх нийгэмд том бүтээн байгуулалтуудыг төлөвлөж байж хийсэн байдаг. Одоо түүнээс ч нарийвчилсан төлөвлөгөөтэй хийх болтол бүтэцгүй болсон байна. Энэ алдаагаа засч, бүтцээ бий болгож, боловсон хүчнээ чадваржуулах хэрэгтэй байна. Маш олон асуудлуудыг шийдвэрлэхээр ажиллаж байна.