Гахайн “африкийн тахал” дэлхий дахины гахайн тоо толгой 25 хувиар буурч магадгүй байна хэмээн Дэлхийн мал амьтны эрүүл мэндийг хамгаалах байгууллагын дэд ерөнхийлөгч Марк Шипп мэдэгдсэн байна. Тэрбээр дэлхий даяар эрдэмтэд энэ тахлаас сэргийлэх вакцин бүтээхээр оролдсоор байгаа ч хараахан амжилтад хүрээгүй гэдгийг бас хэлжээ.
Гахайн тахлын энэ удаагийн дэгдэлт нь хүн төрөлхтөнд урьд тохиож байгаагүй ноцтой аюул учруулж байгааг Шипп тэмдэглэсэн байна. “Гэрийн тэжээмэл гахай төрөл зүйлээ алдчихна гэж би бодохгүй байна, гэхдээ энэ удаа бол үнэхээр том аюул гамшиг тохиолоо. Энэ бол бидний энэ үед тохиож байгаа гэрийн тэжээмэл амьтны том гамшиг” гэжээ.
Тус байгууллагын тэргүүн Моник Элуа ч аравдугаар сарын 30-нд Reuters агентлагт өгсөн ярилцлагадаа гахайн африкийн тахал дэлгэрсэн тухайд “энэ бол газарзүйн хувьд хаана оршиж байгаагаас үл хамаараад бүхий л оронд учирч байгаа аюул гамшиг” гэсэн юм. Тэр энэ үеэрээ “ойрын үед нөхцөл байдал сайжрах төлөвгүй байна” гэжээ. “Гахайн тахал дэлгэрсэн орнуудад ч шинэ шинэ дэгдэлт гарч байгаа нь хөрш орнуудад нь ч гарч болзошгүй нь цаг хугацааны асуудал” гэж Дэлхийн мал амьтны эрүүл мэндийг хамгаалах байгууллагын ерөнхийлөгч тэмдэглэсэн байна.
Гахайн африкийн тахал ХХ зууны туршид Африкийн орнуудад голдуу илэрсээр байсан ч 2010 оны эхнээс энэ өвчин газар зүйн байрлал хамаарахгүй дэлгэрч тархсан юм. Энэ өвчин өнөөдөр Хятад, Вьетнам болон бусад орнуудад өргөнөөр тархаж олон зуун сая гахайг устгахад хүрээд байгаа юм. Өмнөд Солонгос гэхэд л энэ өвчний улмаас 380 мянган гахайгаа устгаад байгаа нь нийт гахайных нь гурван хувь юм.
Гахайн тахлаас болж Хятадын гахайн аж ахуйд 118 тэрбум ам.долларын хохирол учирлаа
Африкийн тахал нэртэй гахайн энэ өвчин манай гаргийн гахайн мах үйлдвэрлэлийн бараг талыг үйлдвэрлэдэг Хятадад хамгийн их хор уршиг учруулж байна. 2017 онд 670 сая гахайтай байж 57.6 сая тонн гахайн мах үйлдвэрлэж байсан энэ улс энэ оны эцэст гахайн тоо толгой нь энэ өвчний улмаас 40 хувь хорогдож 275 сая болно гэж АНУ-ын Хөдөө аж ахуйн яам тооцоолсон байна.
Гахайн тоо толгой ингэж хорогдсоор байгаагаас дотоодын зах зээлд нь гахайн махны хомсдол үүсэн үнэ нь тэнгэрт тулаад байгаа юм. Хятад улс гахайн махны экспортоор дэлхийд мөн л тэргүүлдэг болохоор энэ өвчнөөс болоод дэлхийн зах зээл дээр гахайн махны үнэ өссөнөөс үүдээд гадаадад гаргадаг гахайн махаа өнгөрөгч 2018 оныхоос 70 хувь өсгөөд байгаа нь бас дотоодын зах зээлд нь хомсдол үүсэхэд нөлөөлж байгаа юм.
Гэхдээ 2020 оноос нөхцөл байдал арай дээрдэнэ гэж эрх баригчид, гахайн аж ахуй эрхлэгчид үзэж байна. Тэд африкийн тахлын дэгдэлт ард хоцорч гахай, ялангуяа мэгжийн тоо толгой өснө гэж найдаж байна. Африкийн гахайн тахал дэлгэрэхээс өмнө Хятад улс 30 сая мэгжтэй байсан бол энэ өвчин дахиад дэлгэрэхгүй л бол 2020 оны эцэс, ядахдаа 2021 оны эх гэхэд энэ тоондоо хүрч гахайн мах үйлдвэрлэл хэвийн болно гэж тус улсын эрх баригчид үзэж байна. Гэхдээ энэ өвчин гарахгүй, дахин дэгдэхгүй гэсэн баталгаа байхгүй л дээ.
Жэнжоу мужид болсон гахайн аж ахуй эрхлэгчдийн бага хуралд оролцсон таван мянган хүн “Хятадад гахайн сүрэг өсч үржих, гахайн мах үйлдвэрлэлийн шинэ үе эхэлж байна. Африкийн тахлаас хамгаалах арга технологийг боловсронгуй болгосноор гахайн тоо толгой өсч эхэлнэ” гэж мэдэгдсэнийг Bloomberg агентлаг эш татжээ.
Гахайн мах, малын тэжээл үйлдвэрлэлийн томоохон компани Muyuan Foodstuff Co гэхэд л 2019 оны эцэс гэхэд өөрийн сүргийнхээ тоог 1.3 саяд хүрнэ гэж байна.
Гахайн жижиг аж ахуй Хятадад үлдэхгүй
Шинжилгээний Bric Agriculture Group-ийн ахлах шинжээчийн үзэж байгаагаар бол Хятадын томоохон компани аж ахуйн нэгжүүд гахайн тоо толгойгоо өсгөхөөр ажиллаж байгаа ч тун удахгүй зах зээл дээр энэ өвчин дэлгэрсэн гахайн жижиг аж ахуйн нэгжүүд үлдэхгүй гэж үзэж байна.
Казахстаны Зерно.kz хэвлэлийн мэдээлснээр бол Хятадад гахайн мах үйлдвэрлэгч 26 сая аж ахуйн нэгж байдгийн тал хувиас илүү нь 500-гаас доош гахайтай юм байна. Хятадын Хөдөө аж ахуйн яам 2017 онд гахайн аж ахуйнуудыг 500-гаас дээш гахайтай болгох бодлого баримталснаар 2014 онд нийт аж ахуйн 42 хувийг эзэлж байсан том аж ахуйн эзлэх хувь 2020 он гэхэд 52 хувьд хүрэх юм байна.
Хятадын мал амьтны тэжээл үйлдвэрлэлийн Twins Group Co концернийн шинжээчид гахайн тахалтай тэмцсэний дүнд гахайн тоо толгой ядах юмгүй хурдан сэргэнэ гэж тооцоолж байна. Хамгийн гол нь л гахайн тахлын шинэ дэгдэлтээс сүргээ хамгаалах явдал гэж байгаа юм. Нөгөө нэг зүйл нь үндсэн мэгжээ хамгаалах.
Гахайн махны гол үйлдвэрлэгч Wens Foodstooks Group Co. болон COFCO компаниуд үндсэн мэгжүүдээ нядалгаанд оруулалгүй авч үлдсэн гэж мэдээлж байна. Wens Foodstooks Group Co гэхэд л жилдээ 70 сая гахай нядалгаанд оруулж мах бэлтгэнэ гэж байна. Гэхдээ африкийн гахайн тахал дахин дэгдэхгүй гэсэн баталгаа хаана ч байхгүй, хэзээ ч хаанаас ч дэгдэн гарч болзошгүй. Тэгэхээр дэлхий дахины мал эмнэлгийн болон мах үйлдвэрлэгчдийн гол санаа зовж байгаа зүйл бол гахайн сүргийнхээ био хамгаалалтыг сайжруулах, үүнээс урьдчилан сэргийлэх вакцин эм гаргаж авах явдал л байна.