Аюултай хог хаягдлын бүсчилсэн олон улсын судалгаагаар Монгол Улс эрүүл гэж гарсан ч хамгийн эрсдэлтэй бүсэд тооцогддог аж.
Монголын Байгаль орчны иргэний зөвлөлөөс “Монгол улс аюултай хог хаягдал булшилдаг газар болох ёсгүй” хэмээн Монгол Улс бусад улс орны хуучин хог хаягдлыг импортлон булшилдаг, аюултай хог хаягдлын цэг болж байгааг шийдвэр гаргагчид анхааралдаа авч, шинэ хувьсгал эхлүүлэхийг уриалав.
Нийслэлд жилийн дотор зургаан мянган тонн аюултай тос, гурван мянга гаруй тонн хүхрийн хүчил хаягдаж байна
Аюултай хог хаягдал гэж тэсрэмтгий, шатамхай, идэмхий, урвалын идэвхтэй, исэлдүүлэгч, агаар болон устай харилцан үйлчилж хортой хий ялгаруулдаг, халдвартай, хүн амьтанд богино болон удаан хугацаанд хортой нөлөөлөл үзүүлдэг, байгаль орчинд хортой шинж чанартай, устгасны дараа ч аюултай шинж чанартай ялгарал үүсгэдэг хог хаягдлыг хэлдэг.
Монголын Байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн Б.Эрдэнэ “Зөвхөн өнгөрсөн оны байдлаар улсын хэмжээнд 970 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн. Үүнээс 502 мянган нь Улаанбаатар хотод бүртгэлтэй. Тэдгээр автомашин жилд нэг удаа тос шүүлтүүрээ сольж, хоёр жилд нэг удаа аккумулятороо сольдог гэж үзвэл Нийслэлд жилийн дотор ойролцоогоор зургаан мянган тонн аюултай тос, 500 мянга гаруй фильтр 300 мянга гаруй аккумулятор, гурван мянга гаруй тонн хүхрийн хүчил хаягдаж байна гэсэн тооцоо гарч байна.
Мөн “Жайка” олон улсын байгууллагаас 24 автобусанд тортгийг цуглуулах шүүлтүүр тавьж, арван сарын дотор 560 килограмм хорт бодис цуглуулжээ. Үүнийг лабораторийн шинжилгээнд оруулахад хүхэрт нэгдэл нь маш өндөр болох нь тодорхойлогдсон. Үүнээс гадна манай улсад барилгын бүтээн байгуулалт эрчимтэй хөгжиж байна. Гэтэл хуучин барилгуудын буулгалтаас гарч буй хог хаягдлын нэгдсэн менежмент гэх зүйл өнөөдрийг хүртэл алга.
Мөн сүүлийн үед хог хаягдлыг дахин боловсруулах “Ногоон” гэх тодотголтой үйлдвэр олноороо байгуулагдсан ч тэдний нэг нь ч бага оврын ус цэвэрлэх байгууламжаа шийдээгүй.
Хогны асуудлыг шинжлэх ухааны үүднээс шийдвэрлэх ёстой болохоос нүднээс далд газар хаячхад алга болох зүйл биш
Айл бүрт хөргөгч, телевиз угаалгын машин, тоос сорогч, компьютер түүний ямар нэг төхөөрөмж бий боловч “E” буюу цахилгаан хог хаягдлыг улсын хэмжээнд цуглуулж, дахин боловсруулж, устгадаг менежмент мөн байхгүйн улмаас ахуйн хог хаягдалтай хамт шууд газарт булагддаг.Түүнчлэн батарей, гэрлийн шил, мөнгөн ус агуулсан аюултай хог хаягдлууд, эм тариа, будаг уусгагч гэх мэтийг цуглуулдаг нэгдсэн систем байхгүй учраас айл өрхүүд өдөр тутам аюултай хог хаягдал гаргаж буйдаа хяналт тавьж чадахгүй байна.
Хог гэдэг бол шинжлэх ухааны үүднээс шийдвэрлэдэг асуудал болохоос нүднээс далд газар хаяж булдаг зүйл огтхон ч биш” гэв.
Дээр нь хурдны хайрцагны тос, хөлддөггүй шингэн, тормосны шингэнийг нэмж үзвэл энэ хорт хаягдал олон дахин нэмэгдэнэ. Түүнчлэн авто засварын газрууд, сэлбэг хэрэгсэл задалж зардаг ААН-үүдийн бүртгэлгүй хэдэн арван тн хогийг тооллогонд оруулж чадахгүй байна. 2018 онд гаалиар нийтдээ 64039 суудлын автомашин, орж ирсэн. Нийт тээврийн хэрэгслийн 78 хувь нь арваас дээш жилийн насжилттай хуучин машинууд бөгөөд Солонгос, Японоос дийлэнхийг нь импортолдог.
Тээврийн хэрэгслээс хаягдаж буй утаа. тортогт агуулагдах хорт бодис зөвшөөрөгдөх хэмжээнээс хэт их байсаар байгааг шатахуун импортлогчдын нийлүүлж буй бүтээгдэхүүний чанартай шууд холбоотой гэж үздэг.
ЕБС-д чанарын шаардлага хангахгүй, хугацаа нь дууссан их хэмжээний химийн бодис хуримтлагддаг
2019 оны Дэлхийн банкнаас хийсэн судалгаагаар Монгол Улсын нэг иргэн өдөрт 2.6 килограмм хог үйлдвэрлэдэг бөгөөд үүгээрээ манайх дэлхийд 12 дугаар байрт жагсч байгаа аж.
Түүнчлэн манай улсын шийдвэр гаргагчдын хог, хаягдалтай холбоотой шинжлэх ухааны мэдлэг дутмаг. Тиймээс өдийд шийдвэрлэгдчихсэн байх ёстой ажлууд нь зогсонги хэвээр байна. Энд тэндгүй хэзээ хэн ирж цэвэрлэх нь тодорхойгүй дүүрэн хогтой хогийн савнуудыг энд тэнд байрлуулснаа хотын удирдлагууд хог хаягдлын менежмент гэж ярьдаг нь буруу.
Монголын хог хаягдлын асуудлаар гаднын олон байгууллага төсөл бичиж асар их мөнгө босгож авч байгаа. Харамсалтай нь хогтой холбоотой нэг ч зүйл хийдэггүй хүмүүсийг зугаалуулах, хэдхэн төрлийн тайлан гаргах чиглэлээр мөнгө угааж байна.
Монголын хогийг монголчууд өөрсдөө шийдвэрлэхээс биш гаднын ямар нэг төрийн бус байгууллага, өндөр үнэтэй зөвлөхүүд шийдэж чадахгүй.
2014 онд хийсэн устгах шаардлагатай химийн бодисын тооллогоор 21 аймгийн 137 сум, 228 ААН, байгууллагуудад 250 мянган тонн, 50 мянган литр, нийслэл хотод 118 тонн, 18 мянган литр бодис устгах шаардлагатайг тогтоосон. Устгах шаардлагатай химийн хорт болон аюултай бодис хадгалж байгаа байгууллагын 14.6 хувь нь зориулалтын агуулахтай, 55 хувь нь ажлын байрандаа, 24.5 хувь нь зориулалтын бус агуулахад, 2.6 хувь нь ил задгай, 1.7 хувь нь ажлын байрныхаа подвальд хадгалж байгаа ба хамгийн эрсдэлтэй нь ерөнхий боловсролын сургуулиудад байна гэсэн судлагааны дүгнэлт гарсан байдаг.
Их дээд сургуулиудын эрдэм шинжилгээний байгууллага, лабораториуд, ЕБС-уудад хугацаа нь дууссан, чанарын шаардлага хангахаа больсон их хэмжээний химийн бодис хуримтлагджээ.
Хууль бус туршилтаас гарсан хог хаягдал төрдөг эмэгтэй, төллөдөг малаа үгүй хийж байна
Энэхүү үүсээд байгаа аюултай хог хаягдлыг бүсчилж, орон нутгийн хэмжээнд үнэлгээ хийж тогтоох шаардлагатай. Ялангуяа уул уурхай хөгжсөн газруудад хэр хэмжээнээс хэтэрсэн аюултай хог хаягдлууд бий. Тухайлбал, 2010 онд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дэвсгэрт “Арева” гэх компани хууль бус туршилтын олдворууд хийсний улмаас бий болсон хог хаягдал тэндхийг мутаци хэлбэрт оруулж, гажиг үүсгэсэн. Тэр хавьд одоо төрдөг эмэгтэй, төллөдөг мал гэж байхгүй болсон нь олон улсад сенсац дэгдээж байгаа тухай тус байгууллагаас онцлов. Мөн Японы цунамид өртсөн машинууд Монгол руу импортлогдоход бэлэн болчихсон хүлээгдэж буй юм. Иргэдийн амьжиргааны түвшнээс шалтгаалан хуучин машин импортолж буйг ойлгож байгаа ч түүнээс үүдэх эрсдэлийг бодох хэрэгтэй юм.
Тиймээс тус зөвлөлөөс Монгол Улс аюултай хог хаягдлын хэмжээгээрээ үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх аюулд хүрсэн тул яаралтай бодлогын түвшинд шийдвэрлэхийг эрх баригчдаас хүссэн юм.
Нэгэнт энэ бүхнийг судалж тогтоочихсон байхад энэ асуудлыг тоолгүй үлдээж болохгүй. Хог хаягдлын тухай асуудлууд жилээс жилд мөнхийн яригддаг ч дорвитой арга хэмжээ авсан зүйлгүй, харин ч асуудал нь улам даамжирсан нь харамсалтай. Цаашлаад хурдан энэ асуудлыг шийдвэрлэхгүй бол Монголын газар нутаг “үхлүүт” болох нь.
Б.Мөнхбайгаль