Монголчууд бараг нийтээрээ сэтгэлзүйн ямар нэг асуудалтай болсныг захын жишээнээс харж болно. Өрөвч нинжин, уужуу тайван, холч гэгддэг монгол хүний үндсэн зан бараг устаж үгүй болохын даваан дээр ирчхээд байна гэхэд хилсдэхгүй. Араатан шинжиндээ ойртсон хүмүүсийг үйлдсэн гэмт хэргээс нь сонсон цочирдож, агуу ихийн дэмийрэл, их мэдэгчийн элийрэл, од болохын солиоролд автчихсан хүмүүсийг олноор нь сошиал медиагаар харах боллоо. Тиймээс дөрвөн хүний нэг нь сэтгэцийн асуудалтай гэх судалгаанд цочирдох нь үгүй.
Сэтгэцийн асуудал гэдэг агуулгын цаана сэтгэлзүйн гаралтай олон төрлийн эмгэг нуугдаж байдаг аж. Тэр болгон нь хүний харилцаанд төрөл бүрийн хэлбэрээр шахагдан гарч ирэн бусдыг тавгүйтүүлдэг гэдгийг сэтгэл судлаачид тэмдэглэсэн байна. Өнөө цагт өнгөлөг хувцаслах, нүүрээ хэрхэн будах үй түмэн зөвлөгөө бус сэтгэлээ тэнвэржүүлэх арга засал л хамгийн хэрэгтэй мэдээ мэдээлэлд тооцогдох учиртай. Тиймээс эрж хайсны хүчинд урлагаар хүний сэтгэлийг засан тэнцвэржүүлдэг сэтгэл засалч Д.Өлзийсайхантай уулзлаа. Түүнийг Монголын уран зургийн галарейд хүүхдэд сэтгэл заслын сургалт орж байхад нь уулзсан юм. Тэрээр бүлгийн сэтгэл заслын чиглэлээр 2009 оноос хойш тасралтгүй ажиллаж буй мэргэжилтэн. Урлагаар дамжуулж бүлгийн сэтгэл заслыг хийх уг төслийг манай улсад НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй сургагч багш нь Д.Өлзийсайхан. Д.Өлзийсайхан нийгмийн ажилтан мэргэжилтэй бөгөөд урлагт сонирхолтой, зураг зурдаг сонирхлоороо дамжуулан олон улсад дэлгэрсэн хандлагаар анагаах арга технологид суралцжээ. Урлагаар дамжуулан тохиромжтой орчинд, тодорхой арга техникүүдээр шаталсан сургалтаар сэтгэл заслын үйлчилгээг үзүүлдэг байна.
Урлагаар дамжуулж ирээдүйн үзэгчдийг бэлтгэх нь үр нөлөөтэй тул энэхүү заслын аргыг хүүхдэд хэрэглэхэд үр дүнгээ богино хугацаанд өгдөг талаар тэр ярьсан юм. Нийгэм болоод эцэг эхийн нөлөөнөөс хүүхдүүд их хэмжээгээр стресстдэг бөгөөд түүнийг урлагаар дамжуулж засах нь шинжлэх ухаанч арга юм. Энэхүү төслөөс хүүхдүүд урлагийг ойлгох, зүүн тархиа хөгжүүлж мэдрэмжтэй үзэгч болохын зэрэгцээ уран бүтээлч ч төрдөг гэдгийг тэр онцоллоо.
Тэрээр энэ тухайгаа “Хүн аз жаргалтай, хайраар бялхаж байгаа үедээ л бүтээлч сэтгэлгээтэй болдог. Тэр аз жаргалын мэдрэмж, хайрыг гадагшлуулах хэрэгцээ хүнд байдаг бөгөөд энэ улбаанаас л суут бүтээлүүд төрдөг” гэсэн юм. Харин эсрэгээрээ уур цухал, үзэн ядалт, атаархлаар сэтгэлээ дүүргэсэн хүмүүс дотроосоо тэсэрч хараал, хэл ам, хов живээр гадагшилдаг юм болов уу гэсэн бодол төрж байв. Хүн сэтгэл санааны хувьд эрүүл оршин тогтнохын тулд хамгийн эхлээд сэтгэлзүйн тэнцвэрт байдлыг олж авах хэрэгтэй гэнэ. Түүнийг бат бөх байшин барихын тулд бат бөх суурь цутгаж хийдэгтэй адилтгаж болно. Мөн уран бүтээлч байхын тулд ийм суурь ч хэрэгтэй. Ер нь хүн байхын тулд сэтгэлзүйн тэнцвэрт байдал заавал хэрэгтэй. Үүнийг Д.Өлзийсайхан “Тэнцвэр ба хэмнэл” гэж товчхон нэрлэсэн юм. Хүн бүр сэтгэлийн тэнцвэрээ олж авбал аз жаргал, хайр энэрэл гэх хоёр зүйл түүн дээр суурилагддаг. Сайн сайхнаар дүүрсэн сэтгэл хальж асгарахдаа бусадтай түүнийгээ л хуваалцдаг байна.
Яагаад урлагаар хүний сэтгэлийг засч болдгийг түүнээс тодруулахад “Хүнийг хүн болох замд урлаг хүчлээгүй байдлаар, богино хугацаагаар хүрч чаддаг. Учир нь урлаг хүний сэтгэлд тархиар биш зүрхээр дамжиж байгаа учраас гэж тайлбарлая. Зүрхнээс зүрхэнд хүрч байгаа мэдрэмж гэж хэлж болно. Тиймээс хүний сэтгэлийг анагаахад, боловсруулахад урлаг илүү амар дөт зам” гэдгийг тайлбарласан юм. Хүүхэд бүр бүтээлч байдаг. Учир нь хүүхэд бүр зурж, дуулж, бүжиглэж “Би хийе, би хийе” гэдэг. Гэхдээ хүн нас ахих тусмаа үүнийгээ больдог нь нийгмээс маш их хориг хязгаарлалт ирж, айдас хүлээн авдагтай холбоотой. Тиймээс томчууд “Уран бүтээлч л бүтээл туурвина биз, надад хамаагүй” гэж хандаж эхэлдэг байна. Энэ нь зөн мэдрэмж, зүүн тархины ажиллагааг унтрааж байгаатай адил. Бүтээл заавал алдар суутай, олон нийт мэддэг байх албагүй гэдгийг түүний яриа илтгэнэ.
Харин тэр өнөө цагийн хүмүүсийн сэтгэлийн зовиурын шалтгаан нь хүүхдийн цэвэр ариун сэтгэлээ хадгалахгүй дарж байгаад гэв. Хүүхэд үеийнхээ цэвэр ариун сэтгэлийг хадгалж үлдэхэд хэцүү цаг. Гэвч тэрхүү ариун цагаан сэтгэл хүнээс устаж алга болдоггүй, амьдралаас цуглуулсан элдэв “хог новшин” доор дарагдчихсан байдаг байна. Тэрхүү хог новшийг цэвэрлэх нь сэтгэл засалчийн ажил бололтой.
Урлагаар хүний сэтгэлийг засдаг нь бүх хүнд урлагийг хүлээж авдаг ямар нэгэн мэдрэмж өгөгдсөн байдагтай холбоотой. Тухайлбал зарим хүмүүс өнгөөр аливааг түргэн хүлээж авдаг бол зарим нь аялгуу хөгжмийг маш ойр хүлээж авдаг байна. Хөгжилтэй орнуудад галарейнууд үзэсгэлэн дэлгэхээс гадна урлагийн боловсрол олгодог хөтөлбөрүүдтэй байдаг. Манайд НҮБ-ын санхүүжилтээр энэ төсөл хэрэгжиж сууриа тавьсан нь сайхан хэрэг болжээ.
Ихэнх хүн “Би урлаг ойлгодоггүй эсвэл илүү зүйлд мөнгө төлөхгүй” гэсэн байдлаар үзвэр үйлчилгээнд хойрго ханддаг нь урлагийн боловсрол олоогүйтэй нь холбоотой гэнэ. Ямар ч хүнд сэтгэлийн хэрэгцээ гэж байдаг. Түүн дээр гоозүй нэмэгдэж байж таашаал гэгч аз жаргалын мэдрэмжийг авчирдаг. Гоозүй бол хүн таван мэдрэмжээрээ авч болох энэ ертөнцийн сайхан бүхэнд шингээстэй байдаг. Зүрх сэтгэлийн хэрэгцээ нь хүний суурь хэрэгцээ бөгөөд энэ үндсэн хэрэгцээний боловсролыг багаас нь олгох хэрэгтэйг сэтгэл засалч онцоллоо.
Д.Өлзийсайхан “Хүн өөрийн мэдрэмжийг танин мэдэх, хөгжүүлэхээс нь эхэлнэ. Ер нь хийж үзэхээс өөр ямар ч арга байдаггүй. Шууд л хийгээд үз. Зураад үз, бүжигт яваад үз. Тэр нь таны сэтгэлд тайтгарал тайвшрал өгч байна уу гэдгээ ажиглахад болно. Орчин үеийн урлагийн нэг давуу тал бол үзэгч өөрөө уран бүтээлч болчихсон. Орчин үеийн урлагийн бүтээлүүдэд үзэгч өөрөө оролцож бүтээлцдэг боломжийг олгодог” гэв.
Чулууг дүрс болгон харах чадвар бол оюун сэтгэлгээний өндөр түвшин
Монголчуудад технологийн дэвшилтэй холбоотойгоор донтох эмгэгүүд их байдаг талаар тэр ярилаа. Нэгэнт л донтолт үүссэн бол архинаас гаргалаа гэхэд мөрийтэй тоглох гэх мэтээр хэлбэрээ сольдог. Албан тушаалын дон гэж хүртэл байдаг ажээ. Анхнаасаа ямар нэгэн донтолтод нэрвэгдэхгүй байх арга нь сэтгэлзүйн боловсролыг хүнд олгох. Нэгэнт донтоод түүнийгээ мэддэггүй хүмүүс манай нийгэмд олон. Тухайлбал, солонгос сериалыг тасралтгүй олон цагаар үзэж байгаа нь сэтгэлээ хуурч цаг нөхцөөж байгаа хэлбэр. Учир нь тэдний сэтгэлийг дүүргэх нийгэм соёлын арга хэмжээ үгүйлэгдэж байна. Солонгос сериалыг эмээ өвөө нар үзэхэд дэргэд нь байгаа ач зээ нь тэр донтолтод нэрвэгдэж байгаа гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Сэтгэлийн хоосон орон зайгаа солонгос сериалаар нөхөж байгаа нь харамсалтай. Компьютер, гар утас, зурагт нийлээд хоёр цагаас илүүгүй хугацааг авч байх ёстой. Донтолтоос сэргийлэхийн тулд хүн аль болох гар, биеэ оролцуулсан үйл хийх хэрэгтэйг тэр сануулав. Монголчууд чулуугаар гэр бариад тоглодог байсан нь их учиртай. Төсөөлөн бодох сэтгэлгээ бол хүний сэтгэлгээний дээд загвар. Чулууг хараад дүрс болгон харах чадвар бол оюун сэтгэлгээний маш өндөр түвшин. Угаасаа бидэнд өв нь бий. Хамгийн гол нь орчин үеийн хэлбэрээр гаргаж ирэх нь л чухал.
Уламжлал дээрээ шинэчлэл хийн суурилж байж гарч ирж байгаа урлагийг л орчин үеийн урлаг гэнэ. Урлагт заавал залгамж чанар хэрэгтэй. Ул сууриа өөрийн өв соёлоосоо л олж авна. Үндэсний урлаг бол тухайн үндэстний оршин тогтнохын нэгэн суурь нь болж байдаг. Боловсролыг хүн төрөлхтөн албан ёсны, албан бус, хэлбэржээгүй боловсрол гэж хувааж үздэг. Албан бус буюу урлагийн боловсролыг хүн зөнгөөрөө явж байгаад олоод авчихдаггүй. Тиймээс сургуулиуд дугуйлангуудаа сайн ажиллуулах хэрэгтэй хэмээн тэр ярьсан юм.
Орчин үеийн албан боловсрол хүний зөвхөн тархитай ажиллаж логикийг л хөгжүүлдэг. Харин хүний сэтгэлийн боловсрол буюу сэтгэлийн гэгээрэл гэх хэрэгцээг мартсан. Тархи оюун болон зүрх сэтгэлийн боловсролыг нь тэнцүү хөгжүүлэх хэрэгтэй. Хүн битүү мананд төөрчихвөл зөвхөн совиндоо л найдна. Монголчууд адуугаа олохгүй бол зүүдээ манаад олоод ирдэг байсан зөн бэлгэтэй ард түмэн шүү дээ хэмээн тэр яриагаа өндөрлөсөн юм. Зүрх сэтгэлийн боловсрол гэхээр хүүхдийнхээ авьяасыг хөгжүүлэх нэрээр эцэг эхчүүд хүүхдээ гоё бүжиглүүлж, дуулуулах гээд шахаад байдаг. Харин эдгээр зүйлс нь хүүхэд өөрийгөө танихад тусалж байна уу үгүй юу, түүнийг хийснээрээ сэтгэлийн аз жаргал амар амгаланг мэдэрч байна уу үгүй юу гэдэг л чухал. Хэнийг ч хайрлахгүй, хэнд ч хайрлагдахгүй амжилтыг олж аваад тэр амжилт сохор зоосны ч үнэгүй билээ.