Дэлхийн жорлонгийн өдөр Нацагдоржийн нэрэмжит номын санд “Жорлонгоо өөрчилье” багийнхны тайланг сонсохоор очихдоо бизнес, мэдээллийн технологи, блокчейн, бас ЖДҮ-гийн асуудал яригдана гэж төсөөлсөнгүй. Эхний илтгэл нь “Жорлон ба ЖДҮ хөгжүүлэлт” байлаа. Дараагийн удаа “Захиалагч борлуулагч, бэлтгэн нийлүүлэлтийг холбох платформ”-ын талаар жорлонгоо өөрчлөгчдийн “Мини шийдэл” аппликейшнийг хөгжүүлэгч Ю Эн АЙ ТИ компанийн захирал Э.Цог-Эрдэнэ илтгэлээ. Оролцогчдоо блокчейн, биг дата ашиглан холбох, электрон гэрээ хийх боломж олгох талаар хийж байгаа ажлаа тэр тайлбарласан. Жорлонгийн хувьсгалчдын эгнээнд багтсан дата аналист Б.Халиунаа “Нийгмийн зардлыг хэрэглэгчдийн зан үйлийг үндэслэн тооцох нь” сэдвээр ярилаа. Фэйсбүүк орчныг ашиглан ахуйн зардлыг ирэх онд тооцох гэнэ дээ.
Цахим төлбөр, цахим зээл хөгжүүлэх талаар МУИС-ийн онолын математик, статистик, социологийн ангийн оюутан Д.Эсэн, Б.Мандуул нар тайлбарлаж байна. Оюутнуудад нийгмийн асуудлыг шийдвэрлэх төсөл том туршлага болно доо.
“Улаанбаатар ассет менежмент” компанийн захирал Н.Монсор “Жорлонгоо өөрчилье багийнхан санхүүгийн секторынхон холбож чаддаггүй өнцгүүдийг харуулж өгсөн” хэмээн үнэлсэн. Хөрөнгө оруулагчийн ашиг өгөөжийг нэмэгдүүлэх эрхэм зорилгоос гадна нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх чухал болжээ. Ашгийн бус ТББ, ашгийн төлөө ажилладаг компаниуд нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэхэд social enterprise (Нийгмийн инновацид чиглэсэн бизнес) тус болно гэлээ.
“Жорлонгоо өөрчилье” багийн ажлыг монгол сэтгүүлчдээс гадна NHK World сурвалжилж байсан шүү.
Б.Аригуун: Борлуулалтаа арав дахин нэмэх амбицтай байна
Финляндын биосимплет жорлонг Монголын зах зээлд нийлүүлж байгаа TJNR компанийн Б.Аригуунтай ярилцлаа. Тэд бас био жорлонгийн агуулгыг цуглуулах шинэ бизнес эхлүүлж байгаа юм.
-Финляндын био жорлонг хэдэн айл авсан бэ?
-Одоогоор 200-гаад жорлон борлуулаад байна. Хотод арван айлаас өтгөн ялгадас цуглуулж байгаа.
-Орон нутагт бас хүмүүс био жорлон авсан уу?
-Биожорлонгийн талаас илүү хувь нь орон нутагт зарагдсан.
-Одоо цуглуулж байгаа жорлонгийн түүхий эдээрээ бордоо үйлдвэрлэхэд багадах байх аа?
-3000-10 000 тонн болгож байж үйлдвэрлэлээ явуулахгүй бол бага багаар үйлдвэрлэвэл өртөг өндөртэй болно. Эргээд бүтээгдэхүүнээ эдийн засгийн эргэлтэд оруулах нь чухал.
-Биосимплет жорлонг 800 мянгад багтааж авахад модон жорлон босгох зардлаас хямд тусах байлгүй дээ. Гэхдээ үртэс, “Тамир” ариутгагч, гялгар уут авах ёстой. Ашиглалтын зардал нь хэр их гарах бол?
- Ашиглалтын зардал өндөр гэж бодохгүй байна. Энгийн модон жорлонгоос ашиглалтын зардал бага байна. Үүнээс гадна нүдэнд харагдахгүй бусад ахуйн зардал ч багасна. Өвөлдөө хүйтэн жорлонд суух шаардлагагүй болно. Тав тухтай орчинд амьдарч, эрүүл мэндээ хамгаална шүү дээ.
-Та өмнө нь “Тамир” био ариутгагч бодис зах зээлд нийлүүлж байсан. “Жорлонгоо өөрчилье” хөдөлгөөн өрнөсөн сүүлийн жилүүдэд зах зээл идэвхжсэн үү?
-Манайх биотехнологийн компани. Өмнө нь ихэнхидээ технологийн хөгжүүлэлт хийдэг байсан. Манай бүтээгдэхүүнийг ариутгалын компаниуд худалдаж аваад ариутгал хийдэг байсан. Энэ жилээс эхэлж хэрэглэгчдийн зах зээлд хүчтэй суурь тавьсан. Өмнө нь борлуулж байгаагүй их бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулж чадсан.
-Өмнө нь жорлонгийн өтгөн ялгадсаар бордоо хийх туршилтууд явж байсан. Жорлонгийн түүхий эдээр бордоо хийгээд, хар шороо болгоод хотын цэцэрлэгжүүлэлтэд нийлүүлэх гэхээр стандарт байхгүй учраас амаргүй байдаг юм биш үү?
-Бордоогоо бид байнга шинжлүүлдэг. Бордоон дээр стандарт байхгүй. Тамир бэлдмэл стандарттай. Тамирын стандартыг төр бий болгоогүй. Цоо шинэ технологийн бүтээгдэхүүн учраас арван жилийн турш хөөцөлдөж зааж сургасаар байгаад 2014 онд стандарт батлуулж авсан. Бордооны стандартыг бий болгоход ч бид өөрсдөө л хөөцөлдөж байж батлуулах байх.
-Жорлонгоо өөрчлөгчид ирэх жилийн ажлаа төлөвлөж байна. Та бүхний 2020 оны зорилт юу вэ?
-Бид цэцэрлэгжүүлэлтийн ажлыг өөрсдөө хийх ёстой юм байна гэж харж байна. Одоогийн цэцэрлэгжилт хийж байгаа компаниуд компост бордоо ашиглах технологи байхгүй. Компост бордоо ашиглаач гэдэг шахалт үзүүллээ ч хүлээж авахад бэлэн компани байхгүй учраас ингэж хийж болдог юм байна гэдгийг өөрсдөө харуулах хэрэгтэй болсон. Бид хэрэглэгчийн зах зээл дэх сууриа тавьсан. 200 гаруй цэгээр “Тамир” бэлдмэлийг борлуулдаг боллоо. “Мини шийдэл” хоршоогоор дамжуулаад орон нутагт 21 аймагт хүрдэг болсон. Энэ сууриа бэхжүүлж борлуулалтаа арав дахин нэмэгдүүлэх амбицтай ажиллаж байна гэв.
М.Болд: Жорлонгийн бизнес том бизнес
Хас банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан М.Болд сонсогчдын дунд сууж байсан нь содон харагдлаа. Тэрбээр Project Management Institute олон улсын төрийн бус байгууллагын Монголын салбарын ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа гэнэ.
-Жорлонгоо өөрчилье багийнхны тайланг сонсоход ямар сэтгэгдэл төрөв. Та монголчуудын жорлонг өөрчлөх үйлсийг дэмжих үү. Яавал жорлонгийн хувьсгалыг хурдасгах вэ?
-XXI зуунд хүн төрлөхтөн сар, Марс руу нисч байхад монголчууд жорлонгийнхоо асуудлыг шийдээгүй дундад зууны үеийн ариун цэврийн шаардлага хангахгүй жорлонд гэрийнхээ гадна ялгадастайгаа холилдоод байж байгаа нь арчаагүй хэрэг. Үүнийг гамшиг гэж хэлж болно. Энэ гамшгийг нэн яаралтай шийдвэрлэх шаардлагатай байгаа. “Жорлонгоо өөрчилье” хөдөлгөөн өрнөөд хоёр гурван жил боллоо. Энэ бол монголчуудын нэн түрүүнд анхаарлаа хандуулах ёстой асуудал гэж би боддог. Арваад жилийн өмнө гэр хорооллоор айлын модон жорлонгийн үүд хаалгыг онгойлгож, био жорлонг нэвтрүүлэх гэж олон улсын байгууллагынхантай нэг хэсэг явсан юм. Тэгээд мухардалд орсон. Тэр үед био жорлонгийн шийдэл олдоогүй. Модон жорлонг био жорлон болгох оролдлогуудыг гадны мэргэжилтнүүд хийж, гэр хороололд туршиж байсан. Би банкинд ажиллаж байсны хувьд жорлонгийн бичил зээл гаргавал болох юм байна гэж бодож байсан ч жорлонгийн шийдлүүд нь болж өгөхгүй байсан юм. Ялангуяа өвөл хөлддөг учраас. Тэр санаагаа хаясан. “Жорлонгоо өөрчилье” хамт олны өнгөрсөн хугацаанд хийсэн ажил үр дүнгээ өгч байна гэж харж байна. Шийдэл талаасаа урагшилсан байна. Мэдээллийн технологийн давуу талыг ашиглаж, хэрэглэгч борлуулагч бүтээгдэхүүнийг холбож, жорлонг санхүүжүүлэх бүтээгдэхүүнүүдийг гар утасны апплекейшн, интернэт ашиглан хэрэглэгчдэд хүргэж байгаа нь маш зөв алхам. Энэ хамт олны ажлыг яаж дэмжье дээ гээд бодоод сууж байна.
-Сая тайланг сонсох үеэр зарим хүн том бизнесүүд ашиг багатай учраас жорлонгийн бизнесийг сонирхохгүй, жижиг дунд үйлдвэрлэгчид сонирхно гэж дүгнэж байна. Жорлонгийн бизнес бол дэлхийд ч шинэ бизнес. Шинээр бий болж байгаа жорлонгийн зах зээл том бизнесүүдийн сонирхлыг татах болов уу?
-Энэ маш том бизнес. Тухайн үед би судалгаа хийж байхад жорлонгийн бизнес, ялгадсын бизнес хийдэг гаднын хүн “Баас бол маш ноцтой бизнес юм шүү” гэсэн утгатай үг хэлсэн байсан. Өөрөөр хэлбэл маш том бизнес шүү гэсэн үг. Энэ бол үнэн. Яагаад гэхээр ялгадас хүнээс, ууж идэж байгаа хоолноос гардаг шүү дээ. Амаар орсон зүйл гарч байгаа. Оролт гаралт хоёр ижил. Оролт дээр нь хүмүүс маш том бизнес хийж байгаа. Тэр хэмжээний бизнес гаралт дээр нь бас байгаа гэж итгэдэг. Хамгийн гол нь энэ бизнесийг хийх аргаа зөв олох ёстой. Энэ бизнесийг хийхэд олон тооны оролцогч хэрэгтэй байдаг. Тэрнийг мэргэжлийн хэлээр экосистем гэж нэрлэдэг. Өтгөн, шингэн ялгадсыг зөв ялгахаас эхлээд, зөв боловсруулах, савлах, ялгадсыг цуглуулах, сортлох, дахин боловсруулах, бордоо болгоход бүхэл бүтэн экосистем шаардлагатай гэв.
“Жорлонгоо өөрчилье” төслийг санаачлагч, “Нутгийн шийдэл” ТББ-ын тэргүүн Ц.Оюунгэрэл тайлангийн төгсгөлд ийнхүү ярив. Монгол Улсын хэмжээнд 600 мянган жорлон өөрчлөх хэрэгтэй. Жилд мянган жорлон өөрчилбөл 600 жил шаардагдана. Тийм учраас ойрын арван жилийн дотор жорлонгоо өөрчлөхийн тулд жилд 60 мянган жорлонг өөрчлөх хэрэгтэй байна гэв. 50 мянган жижиг дунд үйлдвэрлэгч байж ийм хэмжээний жорлон өөрчлөх тооцоог тэрбээр хийлээ. Ийм учраас ажлаа хурдасгах шаардлага тулгарчээ. Жорлонгоо өөрчилье багт нэгдэхээр шийдсэн жижиг дунд үйлдвэрлэгчид шаардлагатай бүх мэдээлэл, бэлэн зураг төсөл, үнийн санал, худалдах бүтээгдэхүүнийг тус багийнхан санал болгож буй. Жорлонгоо өөрчлөгчид гурван Х-гийн зарчмыг тунхаглаж байна. Энэ нь нэгдүгээрт хуваалцъя гэсэн үг юм байна. Мэдлэгээ, мэдээллээ, ноу хаугаа, эрсдлээ, ажлаа, мөнгөө хуваалцъя гэнэ. Хуримтлуулъя гэдэг хоёрдугаар Х нь. Хуваалцсаны дүнд оролцогч жижиг дунд үйлдвэрлэгч бүр ашиг хуримтлуулах боломжтой болно. Жорлонгоо өөрчлөхөд монголчуудын амьдралын чанар сайжирч буй. Нийгэмдээ хурдасгуур болъё гэдэг “Жорлонгоо өөрчилье” багийнхны 2020 оны амбицтай зорилт. Энэ нь гурав дахь Х нь байлаа.